Categories
мэдээ цаг-үе

“Севилийн үсчин” шинэ тавилтаар үзэгчдэд хүрнэ

Италийн дуурийн найруулагч Стефано Монти

Севиль хотын нэгэн талбайд доктор Бартологийн байшин байх агаад ойр хавийн айлуудыг сэрээчихгүйг хичээн зарц Фиорелло хөлсний хэсэг хөгжимчдийг дагуулан сэмхэн гарч ирнэ. Гүн Альмавива хожимдуу ирж өвгөн докторын байшингийн тагтан доогуур дөхөж,

“Найман зүгийг гийгүүлсээр

Нарны туяа туслаа даа

Зүйргүй хонгор минь чи юундаа

Зүүд нойрондоо автагдав даа

Сайхан нойрноосоо сэрээч дээ

Саатаж наддаа гарч ирээч дээ… хэмээн дуулж буйгаар Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурь эхэлдэг.

Италийн хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурь энэ сарын 28, 29-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа цоо шинэ тавилтаар үзэгчдэд хүрэх гэж байна.

Дэлхийн хошин дуурийн бэлгэ тэмдэг гэгддэг Ж.Россинийн ”Севилийн үсчин” хошин дуурийг 1816 онд “Аржентина” театрт анх тоглож байсан бөгөөд 200 гаруй жилийн түүхтэй бүтээл. Харин манай улсын хувьд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1979 онд анх тоглож байжээ. Ж.Россини ”Севилийн үсчин” дуурь УДБЭТ-ын тайзнаа 38 жил тасралтгүй тоглогдохдоо гурван үеийн уран бүтээлчдийн тоглолтоор амилснаас нь үзвэл уг дуурь Монголын тайзнаа нутагшсан гэж хэлж болох юм.

Сүүлийн үед дэлхий дахинаа дууриудыг эх хэл дээр шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа учир манай Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан ч уг санаачилгыг дэмжиж “Севилийн үсчин” дуурийг итали хэл дээр бүрэн хэмжээгээр нь тавихдаа шинэ шийдэл, өвөрмөц тавилттай байхыг чухалчилсан байна. Ингэхдээ “Севилийн үсчин” дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох XIX зуунд болгон хөрвүүлэн авчирчээ. Шинээр найруулан тавьж буй Ж.Россини ”Севилийн үсчин” дуурийн найруулагчаар Итали улсын найруулагч С.Монти, УДБЭТ-ын удирдаачаар Ц.Гансүх, ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун, хормейстерээр Н.Дашбямба, туслах найруулагчаар Д.Энхбилэг, итали хэлний дасгалжуулагч багшаар гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Эрдэнэтуяа нар тус тус ажиллаж байна. Гол дүрүүдийг УДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга, соёлын тэргүүний ажилтан Г.Шижирболд, М.Даваадорж, О. Хүрэлбаатар, Б.Алтанхуяг, залуу гоцлол дуучин Л.Болдцэрэн, Э.Отгонбат, Б.Одонзаяа, С.Бат-эрдэнэ Э.Амарсайн нар амилуулах юм.

Өчигдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт очиж уг дуурийн бэлтгэлийг сонирхож сурвалжиллаа. Жүжигчид 1900-аад оны эхэн үеийн барууны хэв маяг тэр дундаа алдарт Коко Шанелийн алдартай загварын хувцаснуудаар ижилссэн байсан нь хэний ч нүдийг булаах аж.

Ингээд гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяагаар хэлмэрчлүүлээд Италийн дуурийн найруулагч Стефано Монтитой ярилцсан юм.

-Та Монголд өмнө нь ирж байсан уу?

-Өнгөрсөн зургадугаар сард “Севилийн үсчин” дуурьт тоглох дүрүүдээ сонгох гэж анх удаа ирсэн.

-Монголчуудтай хамтран ажиллах ямар байна вэ?

-Би Монгол Улстай танилцахыг маш их хүсч байсан. Тэгэх тэгэхдээ дотроос нь, сонгодог урлаг талаас нь сайн танилцъя гэж бодсон л доо. Надад олдсон энэ богинохон хугацаанд Монголыг таньж, мэдсэн гэж хэлж болохгүй. Саяхан танай дуурийн театрт “Учиртай гурав” дуурь, “Уран хас” бүжгэн жүжиг тавигдсан. Тэр бүгдийг үзсэн. Урлагаар нь дамжуулж улстай нь танилцдаг. Үүнээс гадна танай үндэсний урлагтай танилцах гэж “Түмэн эх” чуулгын тоглолтыг үзсэн нь миний сонирхлыг их татсан.

-“Севилийн үсчин” дуурийг шинэ тавилтаар тавьж байна гэх юм. Шинэ тавилт гэхээр ямар өөрчлөлт, шинэчлэл орсон бэ?

-XVII зууны хувцас хунар, тайз, орд харшийг бид Ази хүний сэтгэхүйд хийхэд бэрх. Тайзан дээр тэр үеийн хувцсыг ази хүнд өмсүүлээд тухайн үеийн орд харш дотор байлгана гэдэг хэцүү шүү дээ. Харин бид XX зууны тухайд яривал 1900-аад оны үе, хүмүүсийн мэддэг Коко Шанелийн тэр үе рүү хүмүүсийг авааччихаар хамаагүй амар байх болов уу гэж бодсон. Хоёрдугаарт, “Сонгодог урлаг бол музей байх ёсгүй”. Сонгодог урлаг дотроосоо шинэчлэгдэж, тухай дуурийн харах өнцөг, буланг нь л өөрчилж янзалж болж байгаа юм. XX зууны эхэн үед европ, ази, америк бүх дуурь Ази руу харж байсан, “Чио чио сан” дуурь ч гэдэг юм уу. Ази гэж шинэ ертөнцийг нээж байсан учраас Коко Шанель ч Азид ирж зарим нэг загварынхаа элементийг авч байсан. Тийм ч болохоор 1900-аад оны эхэн үе ази хүнд ойр, дөт байх болов уу гэж бодсон юм. Дуурь байхгүй байсан бол мюзикл хэзээ ч үүсэхгүй. Россини бол мелодрамын тод төлөөлөгч. Суурь үндэс нь, эцэг нь гэж хэлж болохоор. Тийм учраас эл дуурийг яг тэр үеийнх шиг нь шинэлэг цоглог чанарыг нь алдагдуулахгүйгээр тоглоно гэж бодоод тавьж байгаа юм.

-200 гаруй жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт тавигдаж байгаа энэ дуурийг юу нь ингэж амьд байлгаад байгаа юм бэ. Амин сүнс нь юу вэ?

-Өнө олон жил амьд хадгалагдаж байгаа тэр чанар бол ердөө л амьдрал, ухаан. Аз жаргалтай, хөгжимлөг, хөгжилтэй. Россини өөрөө бол хүнд өвчтэй, орноосоо босдоггүй, сэтгэл санааны хүнд дарамтад байдаг байсан ч хааяа сэтгэл нь тайвшраад амрахаараа зогсошгүй болж, маш хурдан ажиллаж толгойд нь нотнууд эргэлдэж хөгжмөө бичээд л байдаг байсан. Тийм ховор содон хүн байсан. Тэр амьд холбоос, аз жаргалтай амьдрал, амьд бүхэн энэ дуурьт байдаг учраас “Севилийн үсчин” дуурь энэ олон жил амьд байгаа болов уу гэж боддог.

-Та дуурьтай амьдралаа холбоод хэдэн жил болж байна вэ?

-Насан туршдаа. Миний амьдрал тэр чигтээ дуурь. Дуурийн театртай сургуулийн хүүхэд байхаасаа л холбогдсон. Насан туршдаа л театртай холбоотой явна. Их сургуулийг театрын хөгжмийн чиглэлээр төгсөөд олон олон дуурьт туслах найруулагчаар ажиллаж байгаад найруулагч болсон.

-Барууныхан Монголыг дуурийн театртай гэхээр гайхдаг гэдэг?

-Монгол орон дуурийн театртай, тэгээд тэр театр нь 55 дахь жилдээ нээлтээ хийж байна гэдгийг мэдээд би зүгээр л биширчихсэн. Биширсэн шүү.

-Тэр холоос ирж алдартай дуурийг найруулж байгаад баярлалаа?

-Би танай энэ авьяаслаг хүмүүсээс их юм сурсан. (Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяаг заав. сурв) Гэхдээ эд нар намайг маш их уурлуулсан (инээв). Гэвч тэрнийхээ хажуугаар эд нар надад их зүйлийг ойлгуулж өгсөн. Сүүлийн сар гаруй хугацаанд эд нартай ажиллалаа. Уран бүтээлчид маань хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй байгаа болохоор надад сайхан байна.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *