Categories
мэдээ соёл-урлаг

Seventh Son

Монголын үзэгчдэд Чингис хааны тухай өгүүлсэн Монгол киногоороо танил болсон Оросын найруулагч Сергей Бодровын Холливуудад бү­тээ­сэн Seventh Son буюу Долоо дахь хүү кино үзэгчдийн хүр­тээл болж байна.

Киног The Spook’s Apprentice буюу Чөтгөрийн шавь зохиолоос сэдэвлэн хийсэн ч нэрийг нь өөрчилж Долоо дахь хүү болгосон нь учиртай аж. Учир нь өрнө, дорны домог болоод шашин шүтлэгт долоогийн тоо олон зүйлийг бэлгэддэгтэй холбоотой аж. Тиймээс кинонд гарч буй долоо дахь хүү Грэгори өөрийн шавиараа мөн л айлын долоо дахь хүү Томыг сонгож шулмын эсрэг тэмцэж буй талаар өгүүлдэг. Грэгори, Том хоёрын хэн хэн нь шулам ангуучлахаар төрсөн айлын долоо дахь хөвгүүд. Тэр хоёр шулмын ангууч төдийгүй нэг нь нөгөөдөө хэрхэн шуламтай тэмцэж, нутаг орон хүн ардаа аврахыг заан сургаж байгаа хүмүүс.

Грэгорийн дүрд Жэф Бри­жис, Томын дүрд Бэн Барнс тоглосон бол тэдний барихаар орол­дож буй шулам Малкины дурд энэ жилийн Оскарын шагналт жүжигчин Жулиан Мур, Алисын дурд Алисиа Викандэр нар тогложээ. Кино зохиолыг номоос сэдэвлэн бичсэн ч гэлээ үйл явдал дээр нэлээд өөрчлөлт орж зөвхөн зохиолын гол хэсэг л үлдэж гэдгийг олонх шүүмжлэгч он­цолжээ.

Зураг авалт 2012 оны 3 сард эхэлж 2013 онд дэлгэ­цэнд гаргахаар төлөвлөж байсан ч нээлтийн хугацаа хэд хэдэн удаа хойшлож, 2014 оны 12 сард Францад энэ оны 2 сард Хойд Америкт нээлтээ хийсэн билээ. 95 сая ам.долларын өртгөөр бүтэж 110 сая ам.долларын орлого олсон нь тус киног муугүй амжилттай байсныг илтгэнэ.

Жэф Брижис

Америкийн жүжигчин, дуу­чин, продюсер Жэф Бри­жис сайхан эр, үлгэр жишээ нөхөр гэдгээрээ алдартай. Жүжигчдийн гэр бүлээс га­рал­тай түүний ах мөн л жүжиг­чин. Аавыгаа даган аялан тоглолтоор явж жүжигчнээр суралцаж байсан Жэф 18 нас хүрч цэргийн алба хаан АНУ-ын Эр­гийн хамгаалалтын албанд хэдэн жил хүчин зүтгэжээ. Энд ажил­лаж байхдаа олж авсан туршлага нь хожим түүнийг эрэмгий зоригтой, шийдэмгий эр хүнийг харуулсан олон дүр бүтээхэд нь тус болсон гэж өөрөө ярьсан байдаг.

Жэф Оскарын шагналд хэд хэдэн удаа нэр дэвшсэнээс Галзуу зүрх киноныхоо дүрээр шагнал гардаж байсан тэрээр Жинхэнэ хатуужил, Трон, Орол­цогч, Төмөр хүн зэрэг олон арван кинонд тоглосон үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг билээ. Жүжиглэхийн хажуугаар дуу хөгжимд со­нир­холтой тэр гурван ч цомог гаргасан дуучин. Мөн Жэф Брижис хүмүүнлэгийн үйлсэд идэвхитэй оролцогч бөгөөд өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах End Hunger Network байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг юм.

Бэн Барнс

Английн жүжигчин Бэн Барнс Нарниагийн домог ки­ноны хунтайж, Дориан Грэй киноны Дориан Грэй болон Үгс, Хөлтэй хурим кинонуудын тус­лах дүрд тоглосноороо үзэгчдийн танил болсон. Сэт­гэл зүйч эцэг эхтэй тэрээр багаасаа урлагийн сургуульд суралцаж, жүжиглэх урлагийн зэрэгцээ Английн уран зохио­лоор мэргэшжээ. Өсвөр на­сан­даа Залуусын хөгжимт жүжгийн театрт Холливуудын одод болох Жүүд Лоов, Жэми Бэлл нартай хамт ажиллаж байв. Тэр 15 насандаа анхны­хаа том дүрийг авсан нь бөм­бөрчний дүр байв. Үүний да­раа­гаар Hyrise хэмээх хөвгүүдийн хамтлагт дуулж байхдаа 2004 оны Евровишн тэмцээнд улсаа төлөөлөн оролцох шалгаруулалтанд орж байжээ.

Түүний тоглосон анхны бүрэн хэмжээний кино нь Оддын тоосонцор байлаа. Дараагаар нь Нарниагийн домог үлгэрийн киноны Кас­пийн хунтайжийн дүрийг бү­тээхээр болж хоёр ч ан­гид тоглосон нь түүнийг Холливуудад таниулж өгөв. Энэ дүрийг төвөггүйхэн ав­сан нь тэр хүүхэд байхдаа зохиолыг нь унших дуртай байсантай холбоотой. 2008 онд тэр Жэссика Билтэй хамт­ран Хялбархан кинонд тоглосон нь Торонтогоос эх­лээд дэлхийн олон орны кино наадамд оролцсон амжилтыг гаргажээ. Бэний тоглосон удаах томоохон дүр нь Оскар Вайлдын Дориан Грэйн хө­рөг зохиолоос сэдэвлэсэн киноны гол дүр байв. Түүний тоглосон удаах кинонууд бо­лох Үгс, Хөлтэй хурим ашиг орлогоороо тэргүүлж байсан ч шүүмжлэгчдийн зүгээс тааруу үнэлгээ авсан юм. Бэн хамгийн сүүлд Долоо дахь хүү киноны Том Вордын дүрийг бүтээгээд байна.

Seventh Son Universal Pictures

Хүмүүсийг шулмын хор хөнөөлөөс хамгаалахын тулд хамгийн хүчтэй, аюултай шулам Mother Malkin-ыг хорьжээ. Үүнийг Master Gregory хийсэн бөгөөд олон жилийн хойно зуун жилд ганц тохиох үйл явдлын нөлөөгөөр Malkin-ы хүч чадал хэмжээлшгүй их болж тэр өөрийгөө суллажээ. Шулмыг дарахын тулд Gregory өөр нэгний тусламжийг авах хэрэгтэй болсон нь долоо дахь хүү Tom Ward байлаа.

I am Ali Universal Pictures

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга, 1960 оны Ромын олимпийн алтан медальт, боксын спортын домогт тамирчин Muhammad Ali. Спорт сонирхогчдын дунд алдарт тамирчин гэдгээрээ танигдсан тэрээр жирийн амьдрал дээр эцэг, эр нөхөр, найз нөхрийн хувьд ямар хүн бэ? Түүний хувийн архиваас гадна гэр бүл, найз нөхөд, боксын домогт тамирчидтай хийсэн сонирхолтой ярилцлагаар энэхүү баримтат киног баяжуулжээ.

All About Eve 20th Century Fox

Бродвэйн залуу од Eve шинэ дүрээрээ нэр хүндтэй шагнал гардан авахдаа өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн хүмүүст талархлын үгсээ харамгүй хэлэх аж. Үзэсгэлэнтэй, залуухан, авъяаслаг энэ бүсгүй чухам яаж энэ зэрэгт хүрсэн түүхийг хэн ч мэдэхгүй. Түүний нэр алдарт хүрсэн замнал бохир байсан ч тэр өөрийгөө зөв зүйл хийсэн гэж бодно. Харин хожмын нэг өдөр өөрийнх нь гаргасан аашийг өөр нэгэн гаргана гэдгийг бодсонгүй.

My Secret Partner Roxy Pictures

Цагтаа нэртэй зохиолч байсан Joon-Suk онгодоо оруулж зохиол бүтээлээ туурвихын тулд, харин хоол хүнсний шилдэг судлаач Hee-Sook шинэ хоолны санаа олохын тулд юу ч хийхэд бэлэн байв. Эргэн тойрныхон нь тэдэнд дотно харилцаа үүсгэхийг зөвлөсөн тул тэд насаар залуу өөрсдийн шавь нартайгаа дотносч эхлэн энэ нь ч үр дүнгээ өгч ажилдаа амжилт гаргацгаана. Хосуудын харилцаа улам лавшрах үед…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *