Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлзүйд жороолж сурахаар орж ирж байгаа хөгшин азаргануудын анхааралд:

Монголын сэтгүүлзүйн салбар гэх том айлын өндөр босгыг 50-60 нас гарсан хойноо буюу саяхнаас л алхан орж буй хэсэг нөхөд байна. Ийнхүү хэзээ хойно сэтгүүлч болон жороолох явдал хэвийн үзэгдэл болсон. Үнэндээ хувийн блог, фэйсбүүк хуудаснаас эхлээд интернэт сайт гэх мэтээр бичих талбар ч ихтэй болсон цаг.

Гэхдээ хүн төрөлхтний аливаа зүйлд суралцахдаа баримталдаг тогтсон, нийтлэг жишиг гэж бий. Жишээ нь их сургуулиуд аливаа нэг мэргэжлийг эзэмшүүлэхийн тулд үүх түүх, гарал үүслийг нь хамгийн эхлээд зааж, сургадаг нь учиртай. Нэн ялангуяа тухайн салбарын түүхэн ололт, нээлтээс эхлээд түүхэн хөгжлийг нь хэр сайн зааж, сургахаас суралцагчийн ямархан эрдэм мэдлэгтэй болж төлөвших, цаашид салбартаа хэр амжилттай өсч, дэвжиж явах вэ гэдэг нь ихээхэн хамаардаг. Харин эхнээсээ суралцаагүй, нас ахисан хойноо сэтгүүлч мэргэжлийг өөрийн хобби болгон орж ирж байгаа нөхөд сэтгүүлзүйн салбарын түүхэн хөгжлийг байтугай А үсгийг ч мэддэггүй гэвэл худлаа биш. Энэ салбарын, тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагын хөгжлийн төлөө хамаг амьдралаа зориулсан хүмүүсийн юуг, яаж бичиж нийтэлж байсныг ч огт мэдэхгүй байх нь бас л ойлгомжтой.

Гэтэл эхлэн бичигчид энэ тухай бодож тунгаах нь бүү хэл өөрсдөөс нь өмнө сэтгүүлзүйн салбар байгаагүй юм шигээр хэнхэлзэх юм. Энэ мэт дутагдлаас болоод 100 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн салбарыг, эхлэн бичигчид ихэд басамжлах болжээ. Бичсэн зүйлийг нь “өмнө нь хангалттай нийтэлсэн” гэдэг шалтгаанаар зарим редакци хүлээн аваагүй тохиолдолд тэд салбарыг тэр чигт нь гутаах, харлуулах оролдлого хийж байгааг хараад сэтгүүлч мэргэжлийг хобби болгосон нөхдийг шүүмжлэхээс өөр аргагүй. Тэднийг муу, муухай болгож харагдуулах бус бодит байдлыг тайлбарлах нь зүйн хэрэг биз.

Хөгширсөн хойноо сэтгүүлзүйд эхлэн суралцаж, энэ салбарт жороолж буй нөхдийн тод төлөөлөл бол Де Факто хэмээгдэх Д.Жаргалсайхан. Түүнийг 50 нас гартал нь сэтгүүлч бас нийтэлж, бичдэг гэдгийг хүмүүс мэддэггүй байлаа. Тэрээр сүүлийн үед сэтгүүлзүйн салбарын ганц, тод төлөөлөл мэт ёстой л ороо байна. Үүний нэг жишээ нь Де Фактогийн “Монголчууд бид загас болчихоогүй шүү” гэдэг нийтлэл. Үүнийгээ биччихээд бүхий л сонины редакци руу гаргаад өгөөч гээд барьж гүйсэн. Редакциуд түүнийг нь огтхон ч тоосонгүй. Яагаад гэвэл өмнө нь улиг, домог болтол нь биччихсэн асуудал учраас тэр. Гэтэл үүнд шаралхахдаа сошиал орчинд болон зарим телевизээр “Чөлөөт хэвлэл сөнөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хавчин гадуурхаж байна, худалдагдсан редакциуд, худалдагдсан сэтгүүлзүй, хаалтын гэрээ хийсэн байна” гэх мэтээр зүхэж, сэтгүүлзүйн салбар руу чадлынхаа хэрээр шороо цацан харлуулахыг хичээж, үүнийхээ төлөө хэдэн өдөр зууралдана билээ.

Бас Д.Жаргалсайханы энэ гомдлыг сошиал сүлжээнийхэн сүрхий дэвэргэх хандлагатай ажиглагдаж байсан. Фэйсбүүк болоод твиттер хөтлөгсөд Де Фактогийн барьж гүйгээд байгаа материалд дурдагдсан асуудал яаж эхэлсэн, яаж өрнөсөн, юу болсныг мэдэхгүй учраас арга ч үгүй биз. Фэйсбүүк, твиттер байтугай Монгол Улсад интернэт орж ирээгүй байхаас эхлэн сүүлийн 20-иод жил бид энэ тухай тасралтгүй бичиж, нийтэлж байсан юм. Сэтгүүлзүйн салбарынхан түүний энэ зохисгүй үйлдлийг үл тоон, зөнд нь орхиж байна. Яагаад гэвэл шинэ хүн гэдгийг нь мэдрээд, шинээр бичиж эхэлснийг нь харгалзаж үзээд энэ удаа чимээгүй байгаа хэрэг. Хүүхэд нялхдаа хөөрхөн гэгчээр Де Факто эхлэн бичигч учраас тэр.

Ер нь Д.Жаргалсайхан таны агуу зүйл олчихлоо гээд барьж гүйгээд байгааг сэтгүүлзүйн салбарынхан хараад хөх инээд нь хүрч байгаа. Яагаад гэвэл сэтгүүлчид М.Энхболдыг хотын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Ардын намын дарга болоход нь ч Улаанбаатар банк, Улаанбаатар сан, Улаанбаатар даатгалын тухай бичиж л байсан. Ц.Нямдорж гишүүний “Наад асуудал чинь сонгууль бүрийн өмнө сөхөгддөг юм” гэж Хятадын тагнуул гэдэгт хариулсан шигээр сонгууль бүрийн өмнө энэ тухай сэтгүүлчид бичсээр байгаад улиг болгочихсон сэдэв.

Тэгэхээр энэ бүхэн үнэн хэрэгтээ “Өдрийн сонин” болоод “Өнөөдөр” сонины хувьд улиг болсон зүйл байгаа юм. Энэ сэдвийг олонд нээж, бүр ил дол болтол нь бичсэн хүмүүсийг нэрлэ гэвэл “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн, төрийн шагналт Б.Цэнддоо, нэрт нийтлэлч Баабар, Шаабар, Б.Ганчимэг, Л.Мөнхбаясгалан, Ш.Цэрэнпил, “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Ц.Балдорж, Д.Цэдэн-Иш гуай гээд сэтгүүлзүйн салбарын ассууд, акулууд бүгд орно. Тэд “Эхлээд төрийн хөрөнгөний хажууд хувийн багахан хөрөнгө оруулаад дараа нь луйвар орсон” гээд ханатал бичсэн байдаг. Одоо энэ тухай бичнэ гэвэл манай сэтгүүлзүйн салбарт хэтэрхий хуучирчихаад байна. Ийм байхад дахиад эхнээс нь бичиж эхлэх нь хэр зохистой вэ. Бүх зүйл дууссан учраас хэтэрхий утга учиргүй байх нь ойлгомжтой баймаар. Юм бүхэн хөөн хэлэлцэх хугацаатай байдаг гэж ярьдаггүй бил үү. Зоригийн хэрэгт хүртэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд зарим гэрчийг оруулаагүй байдаг.

Шууд хэлбэл, бид дуугардгаа аль хэдийнэ дуугараад, ард түмэнд хэлж мэдээлээд, цөхөрчихөөд байхад “Монголчууд бид загас болчихоогүй шүү” гэж хэний ч мэдээгүйг олоод ирчихсэн юм шиг хэнхэлзэх нь хэр зохистой вэ. Дугуйг нэг л зохион бүтээдэг, шинээр зохиодоггүй гэсэн хэлц үг бий. Сэтгүүлзүйн салбарынхан асуудлаа, ажлаа мэдэж байгаа учраас л “үгүй” гэсэн хариу өгсөн байж таарна. Өнгөрсөн 20-иод жилийн турш энэ л тухай биччихээд дахиад л нөгөөхөө бичээд эхэлбэл юу болох билээ. Ер нь бол сэтгүүлзүйн ассууд, акулуудын бичсэнийг Де Факто давж бичсэн үү гэдэг асуулт тавигдаж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сэтгүүлзүйд жороолж сурахаар орж ирж байгаа хөгшин азаргануудын анхааралд“ нийтлэл хэвлэгджээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигч таны гарт очлоо.

“Улс төр” нүүрт М.Билэгт гишүүн “Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хувийн хэвшлийнхнийг дарамтлах хэрэггүй” гэж ярьжээ. Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж болно л доо. Гэхдээ өөрчлөлт оруулахдаа хувийн хэвшлийнхнийг торгоно, арга хэмжээ авна гэж дарамтлах хэрэггүй гэж тэр үзэж байна.

Сүхбаатар аймагт юу болоод байна вэ? хэмээн “Эсрэг тэсрэг байр суурь” булан онцолжээ. Тус аймагт жагсаал цуглаан суулт үргэлжилсээр сар гаруй болжээ. Тэнд чухам юу болоод байгаа талаар хүчний харьцаа тэнцүүхэн хоёр талаас тодруулжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт “Сэтгүүлзүйд жороолж сурахаар орж ирж байгаа хөгшин азаргануудын анхааралд” хэмээх нийтлэл хэвлэгджээ.

“Баримт, үйл явдал” нүүрт Хар тамхины эсрэг тэмцлийг “хар шилтэн”-үүдээс

эхэлье хэмээн бичжээ. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд хамгийн түрүүнд хүүхэн хараанд өөрчлөлт өгдөг байна. Үүнийгээ нуух гэж хар шил зүүдэг гэсэн ойлголт байдаг. Хүүхэд залуучуудын шүтээн болсон хар тамхитай холбогдсон урлагийн ододыг тоглолт хийх эрхгүй болгоё. Хүүхэд залуусыг уруу татсан урлагийнхнаас эхлээд хариуцлага тооцъё гэж энд өгүүлжээ.

Д.Хаянхярваа гишүүн: Концессуудыг ямар үндэслэлээр хийгдэв гэдгийг нягтлах ёстой хэмээв.

“Танин мэдэхүй” нүүрээс Бүх мессеж аппликейшнийг үнэ төлбөргүй, хязгааргүй ашиглах боломжтой chatsim-н тухай уншаарай.

Германы зохион бүтээгчид бүрэн цахилгаан хөдөлгүүртэй нисдэг машин туршсан нь амжилттай болжээ.

“Өдрийн сурвалжлага” Ноолуурын ханш унасан бурууг ченжүүд, биржийнхэн нэг нэгэн рүүгээ түлхэж байна хэмээн онцолжээ.

“Эмч” нүүрт Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийнх эрүүл мэндийн төв, БНСУ-ын “Асан” анагаах ухааны хамтарсан баг долоон настай охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг өнгөрсөн бямба гаригт амжилттай хийсэн билээ. Энэ нь хүүхдэд хийсэн гурав дахь хагалгаа болж байгаа юм. Мэс заслыг удирдсан гавьяат эмч О.Сэргэлэнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. “Монголын эмч нар хүүхдийн элэг шилжүүлэн суулгах хагалгааны эрсдлийг тооцох чадвартай болсон” гэж тэр ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *