Categories
мэдээ нийгэм

“Сэтгүүлчийг сулла” уулзалт боллоо

Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад сэтгүүлчийг баривчлан хорьсныг эсэргүүцсэн сэтгүүлчид өнөөдөр уулзалт хийлээ. Улсын баяр наадмын өмнө буюу 2015 оны долдугаар сарын 9-нд Эрүүгийн хэргийн I шүүхийн шүүгч info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гарган шүүхийн байрнаас Ганц худаг руу ачсан юм. Сэтгүүлч С.Баттулга нь “Ноёд” ХХК-ийн өмч хөрөнгийн маргааны асуудлаар тус компанийн захирал С.Билэгт гэгчийн тухай баримтад нийтлэл бичсэнийхээ төлөө шүүхээс ял сонсч, хоёр дахь удаагаа цагдан хоригдоод байна.

С.Билэгтийн өмгөөлөгчдийн “хорьж өг” гэсэн хүсэлтийн дагуу, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэдэг үндэслэлээр түүнийг хорьсон ба ингэхдээ шүүх хурлын процессын болон хуулийн хэрэглээний алдаа гарган баривчилсанд сэтгүүлчид дургүйцлээ илэрхийлж байна.

Уулзалтад оролцсон сэтгүүлчид Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд заасан “Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийсэн алхам” гэж дээрх үйлдлийг үзэж байгаа юм. Сэтгүүлч С.Баттулгын олон нийтэд бэлтгэж хүргэсэн “Ноёд” компанийн маргаан, захирал С.Билэгт гэгчийн тухай мэдээлэл нь бүгд эх сурвалжтай ба энэхүү ээдрээтэй хэргийг хуулийн байгууллага одоо ч эцэслэн шийдээгүй байгаа юм. Гэтэл ямар нэгэн үндэслэлгүйгээр сэтгүүлчийн эрхэнд халдан цагдан хориод байна.

INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг хууль бусаар цагдан хорьсон асуудлаар МСНЭ, “Глоб интернэшнл төв” ТББ, өмгөөлөгч Ц.Батбаяр нар 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа албан ёсоор мэдэгдсэн билээ.

“Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг сайтдаа байршуулсных нь төлөө С.Баттулгыг одоогоос нэг жилийн өмнө буюу 2014 оны долдугаар сард хууль бусаар 32 цаг хорьж байв.

Иргэдийн мэдэх эрхийг хангаж, аливаа мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх нь сэтгүүлчийн үндсэн үүрэг бөгөөд мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлч С.Баттулгын тухайд мэдээлэл авсан эх сурвалж нь тодорхой байсаар байтал гэмт хэрэгт буруутган хуульд заасан үндэслэл журмаас гадуур цагдан хорих шийдвэр гаргасан, шийтгэх тогтоол гараагүй байхад гэм буруутнаар тооцсон шүүгчийн асуудалд анхаарлаа хандуулж, яаралтай арга хэмжээ авахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс МСНЭ болон “Глоб интернэйшнл” ТББ, СЭТГҮҮЛЧИЙН ХУУЛЬД НИЙЦСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СААД ХИЙХЭЭ ЗОГСОО, СЭТГҮҮЛЧИЙГ СУЛЛА” хөдөлгөөнд оролцож буй нийт сэтгүүлчид хүсч байна.

Энэхүү хууль бус үйлдэлтэй тэмцэхийг мэргэжил нэгт нийт сэтгүүлчиддээ уулзалтанд оролцогсод уриал байна. Уулзалтаар сэтгүүлч С.Баттулгыг суллаж, хууль ёсны дагуу шударгаар шүүх хурлыг үргэлжлүүлэх нөхцөл бололцоог хангаж өгөхийг холбогдох байгууллагад сануулж, шаардах бичиг хүргүүлэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *