МҮОНРТ-ээс “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг эхлүүлж, энэхүү ажлын хүрээнд дөрвөн томоохон ажлыг зохион байгууллахаар болсон билээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд хүүхдийн цэцэрлэг байгуулах, хүүхдүүдийн сурах орчныг аюулгүй болгож, сургуулийн ойр орчимд гарц тэмдэглэгээг сайжруулах, боловсон бие засах газрын асуудлыг шийдвэрлэх, харанхуй гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгох зэрэг гол асуудлуудад анхаарлаа хандуулж, төрөөс ямар нэгэн татаасгүйгээр олон нийтийн дэмжлэгт тулгуурлан бүтээн байгуулалт хийхээр болсон юм. Тэрхүү бүтээн байгуулалтын ажлын эхлэл болж өнөөдөр БГД-ийн 21 дүгээр хорооны Горькийн 22 дугаар гудамжинд “Сэтгэлийн үндэс” цэцэрлэгийн шав тавих ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй давхцаж буй энэхүү бүтээн байгуулалт ирэх есдүгээр сарын 1-ний өдөр дуусч, цэцэрлэгт хамрагдах боломжгүй гэртээ цоожлуулан үлддэг бяцхан хүүхдүүд маань шинэхэн цэцэрлэгтэй болох юм.
Энэхүү бүтээн байгуулалтын аян төрөөс ямар нэгэн дэмжлэг аваагүй, олон нийтийн сэтгэлийн өглөгөөр бүтэж байгаа гэдгээрээ онцлогтой. Энэ удаагийн бүтээн байгуулалтад 300 мянган гаруй иргэн, 200 гаруй аж ахуйн нэгж оролцож, бяцхан хүүхдүүдийг шинэ цэцэрлэгтэй болгох бүтээн байгуулалтад гар бие, сэтгэл зүрхээ зориулсан байна. Цэцэрлэгийн бүтээн байгуулалтад нийтдээ 870 сая төгрөг зарцуулагдана гэх судалгааг “MNB Сэтгэлийн үндэс” аяныхан гаргасан бөгөөд өнөөдөр тус мөнгөний 70 гаруй хувийг нь олон нийтийн дэмжлэгтэйгээр цуглуулж чадаад байгаа ажээ.
“Сэтгэлийн үндэс” цэцэрлэгийн шав тавих ёслолын үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь “Яг нэг жилийн өмнө санаачлан хэрэгжүүлж эхэлсэн ажил минь өнөөдөр олон нийтийн дэмжлэгтэйгээр биелэлээ олж байгааг харах сайхан байна. Бид сүүлийн гурван сарын хугацаанд аяныхаа хүрээнд шаардагдах мөнгийг олохоор идэвхтэй ажиллаж, аянаа идэвхжүүлсэн. Энэ хугацаанд олон нийт, иргэд маань хэрхэн нэгдэж, хүүхдүүдийнхээ ирээдүйд хэрхэн санаа тавьдагаа харуулж маш их сэтгэлийн үрийг бидэнд өглөө. Өнөөдөр тэрхүү үрийг ургуулах бүтээн байгуулалтын шавыг тавьж байна. Энэхүү бүтээн байгуулалт гурван сар үргэлжлэх болно. Бидний энэхүү бүтээн байгуулалтад гар бие оролцсон иргэд, байгууллагуудад талархлаа илэрхийлье” гэж онцолсон юм.