Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Сэтгэлээсээ…

Ямар ч ажлыг сэтгэлээсээ хийх сайхан. Сэтгэл шингэсэн их ажлын дараа ядрал, цөхрөл биш, илүү ихийг бүтээх эрч хүч ундраад байх шиг санагддаг. Чин сэтгэлийн хандлага ямар гоё мэдрэмж өгдөг гээ. Сэтгэлээсээ хэн нэгэнд сайныг хүсэх, сэтгэлээсээ дуулах, сэтгэлээсээ талархахын сайхныг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. Ямартай ч инээмсэглэл түгээн амьдраад л баймаар хүсэл төрдөг. Сэтгэл гэрэлтсэн түүх унших бас сайхан. Өнгөрсөн зууны эхээр далайд сүйдэж, 1500 гаруй хүний амийг авч одсон “Титаник” хөлгийн хөгжимчдийн түүх санаанаас гардаггүй юм. Хийлчдийн ахлагч нь Их Британийн хийлч Уоллес Хартли, нөгөө хоёр хийлч нь Белги, Францынх гэдгийг хүн төрөлхтөн мэднэ. Тэд хөлөг онгоц живэхээс өмнөх аймшиг дүүрэн үед сэтгэл сэргээм хөгжилтэй, сайхан аялгуу эгшиглүүлж байсан гэдэг. Бүр сүйрэн сүйртэл нь шүү. Аварга хөлгийн сүйрлээс амьд гарсан хүмүүс хожим энэ талаар дурссан нь бий. Олон зорчигч “Өмнө нь сонсч байгаагүй гайхалтай аяз” гэж дуу нийлүүлсэн байдаг. Хийлчдийн тоглож байсан сайхан аялгуу онгоцны зорчигчдыг сандралдан үймэлдэж эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлсэн гэж Титаникийн түүхэнд зүгээр ч нэг онцлоогүй. “Титаник”-ийн зорчигчдыг аврагч нэг эрхэм бүр сүүлд “Тэд хөлөг онгоц живэн живтэл хөгжимдсөөр л байснаараа гавьяатай. Тэд мөнхийн баатраар өргөмжлүүлэх эрхтэй” гэж дуу алдсан байдаг. Хөлөг онгоцонд зорчигчдод хөгжмийн сайхныг мэдрүүлэх үүрэгтэй гэдгээ сэтгэлээсээ мэдэрч, сэтгэлээсээ хөгжимдөж, сэтгэлээсээ оршиж чадсан учраас Уоллес Хартлигийн ахалсан хөгжимчид хүн төрөлхтний түүхэнд үлдэж чадсан юм.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *