Гэр бүлийн маргааны улмаас амь насаа хохироож, тухайн үйлдлээ бичлэг болгон үлдээсэн хэрэг энэ сарын 1нд гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүрэг дэх орон сууцанд 35 настай эрэгтэй нас барсан байдалтай олджээ. Улмаар албаныхан хэргийн газарт үзлэг шалгалт хийж, шар айрагны сав болон гар утсыг нь эд мөрийн баримтаар хураан авсан байна. Талийгаачийн гар утаснаас өөрийгөө боомилж буй бичлэг олдсон гэх бөгөөд гэр бүлтэйгээ муудалцаж байсан талаарх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар сэтгэл зүйч Б.Баярцэнгэлээс тодрууллаа.
–Гэр бүлийн маргааныг даван туулахын тулд хосууд юунд анхаарах хэрэгтэй байдаг вэ. Магадгүй асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэхгүй явснаар хурцадмал хэлбэрт шилжих болов уу?
-Гэр бүлийн чиглэлийн судалгаанаас үзэхэд залуу гэр бүл эхний 1.5 жил тодорхой хэмжээнд бэрхшээлтэй тулгардаг. Гэр бүлийн хүрээнд үүссэн асуудлыг ярилцаж шийдвэрлэхгүй тэвчдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гэр орондоо ямар ч зан ааш гаргасан, ямар ч үйлдэл хийсэн бие биенээ хүлээн зөвшөөрөх байх хэмээн итгэж, хүлээдэг. Улмаар асуудлууд нь бөөгнөрч, тэвчээр алдарснаар хуучны үл ойлголцол сэдэрч хэрэлдэх хандлага бий. Хувийн соёлын хүрээнд нэгэндээ шаардлага тавьж, үнэлж дүгнэх, шүүж яллах үйл явц 1.5 жилийн дараа өрнөнө гэсэн үг. Монголын залуус гэр бүл зохиосны дараа чухам юу тохиолдох, ямар бэрхшээл тулгарах вэ гэдгийг огт бодохгүй байна л даа. Ирээдүйгээ хэт өндөр хүлээлттэй төсөөлдөг. Хамгийн гол нь аливаа асуудал үүсэхэд, цаг нь ирэхээр болох байлгүй гэж бодож суухгүйгээр шууд ярилцдаг байх нь чухал.
–Монгол хосууд түгээмэл гаргадаг бусад алдааг тодруулбал, үүнийг хэрхэн засаж залруулах вэ?
-Зарим хосуудын нэгнийгээ маш их туйлдуулдаг. Амьдрал гэдэг чинь хүнээс олон төрлийн дүр шаарддаг. Жишээлбэл, эрэгтэй хүн сайн аав, сайн ажилтан, сайн хань байх хэрэгтэй. Эмэгтэй хүн ч адилхан. Ерөөс энэ олон дүрийг амилуулахын тулд амьдралынхаа ачааллыг тэнцвэржүүлэх, ачаагаа хамт үүрэлцэх нь чухал. Тухайн хоёр хосын аль нэг талынх нь зүгээс болоод байна гэж боддог. Гэвч нэгнийгээ сэтгэл санаа, бие махбодын хувьд туйлдуулж, шимэгч шиг үрэн таран хийж буйгаа мэддэггүй. Тэгэхээр залуус маань амьдралынхаа эхний хагаст олон асуудлыг шийдэх ёстой юм байна. Нэгдүгээрт, мэдрэмжийн хувьд биесээ сайтар танин мэдэх нь чухал. Өөрөөр хэлбэл, зөвхөн амнаас нь биш, байгаа байдлаас нь хараад л хариу арга хэмжээ авчихдаг сэтгэхүй суух ёстой. Хоёрдугаарт, амьдралдаа гэнэтийн шийдвэр гаргахдаа асар няхуур хандах нь зүйтэй. Хэрвээ гэрлэлтийг төлөвлөж байгаа бол давхар төрөлтийг ч төлөвлөх хэрэгтэй. Гэр бүл төлөвлөлт гэдэг чинь тэр чигээрээ таныг аз жаргалтай, эдийн засгийн хувьд хүчирхэг байлгахад туслах арга зам шүү дээ.
–Манай улсын эрчүүдийн нас баралтын шалтгаанд амиа хорлолт тодорхой хувийг эзэлж байна. Эрэгтэйчүүдийн амиа хорлолтын цаана удаан хугацааны туршид бугшсан асуудал байдаг болов уу?
-Сэтгэцийн томоохон эмгэг асуудал нь даамжирснаар сөрөг үйлдэл гаргах эрсдэлд хүргэнэ. Магадгүй амьдралын орчин, бусад боломжууд хязгаарлагдмал байж болно. Үүнд, нийгэм, эдийн засгийн асуудал айхавтар нөлөөлж байгаа. Өрхийн тэргүүн л гэр орныхоо эдийн засгийг авч явах ёстой гэдэг уламжлалт хандлага дэндүү том ачаа болдог. Эрэгтэйчүүдийн хувьд сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй гэдгээ мэдэрдэг ч хариу тусламж авалгүй удаан хугацаанд явдаг. Эрэгтэй хүүхдийг бага насанд нь хүйсийн хувьд дарангуйлж хүмүүжүүлэх нь маш буруу. Бусадтай л адил стрессээ хэн нэгэнд ярьж гаргах хэрэгцээтэй байдаг шүү дээ. Эрэгтэйчүүдэд биеийн онц ноцтой өвчин зовуурь илрэхгүй л бол сэтгэл зүйн хамааралтай, бодисын солилцооны өвчлөлийг өөрсдөө даван туулдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн хувьд ямар ч тусламж авахгүй яваад л байдаг.
–Эрчүүдийн тухайд сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг дотроо хуримтлуулсаар асуудлыг даамжруулах аюултай гэсэн үг үү?
-Ихэнх эрчүүд сэтгэлийн асуудлаа архи, эсвэл ажлын ачааллаар дарж өөрийгөө улам эмгэгшүүлж байна. Улмаар нөгөө шийдэгдээгүй асуудал нь залхах, бүх зүйлийг орхиод өгмөөр санагдах, гүн хямрах зэрэгт стресст автуулдаг. Ингэж гүн хямралд өртсөнөөр амиа хорлох, нийгмээс өөрийгөө хэт тусгаарлах, архинд живэх, тодорхой хэмжээнд орон зайнаас холдмоор санагдах мэдрэмжийг төрүүлдэг. Нэг ёсондоо эрчүүд маань сэтгэлийн асуудлаа даван туулахын тулд өөрсдийгөө үрэн таран хийж байна.
–Сэтгэл хөөрлөө бид хэрхэн хянах хэрэгтэй вэ. Сэтгэл хөдлөлөө барьж чадаагүйгээс л дээрх хурцадмал үйлдэлд хүрсэн болов уу?
-Хамгийн гол нь эрүүлээр сэтгэх хэрэгтэй. Үнэхээр асуудал бэрхшээлийн ачааллыг даахгүй, бүх зүйл хэцүү юм шиг санагдаад байгаа бол мэргэжлийн байгууллагад хандаж болно. Монголчуудын хувьд бусдаас тусламж авахдаа муу байна л даа. Өөрсдөө шийдэх гээд л яваад байдаг. Гэтэл сэтгэл хөөрлөө ч удирдах боломжгүй болсон үед маш хэцүү шийдвэр гаргах эрсдэлтэй. Танаас хурдан гарч байгаа шийдвэр бол хамгийн буруу шийдвэр байдаг. Бусад хүмүүс таныг эрүүл шийдвэр гаргахад туслах болохоос биш таны өмнөөс шийдвэр гаргахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүйн хямрал надад байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн л бол тодорхой хэмжээнд туслалцаа авах нь зүйтэй. Түүнээс биш дотроо байнга бодоод л улам их сэтгэл гутралыг үүсгээд явах нь гарц биш. Бусдын туслалцааг авна гэдэг маань сул дорой гэсэн үг биш. Энэ нь танд эрүүлээр сэтгэх боломжийг олгодог.
П.ЖАРГАЛ