Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сэжигтний хүүхдийг зулбуулан шүүх гэдэг, хүний өвчнөөр даажигнаж, үхсэний хохийг дууддаг ямар харгис нийгэм бэ

Монголчууд минь ямар их үзэн ядалтаар дүүрээ вэ. Нийгэм тэр аяараа ямар харгис болоо вэ. Сүүлийн долоо хоногт болсон үйл явдлын мэдээлэлд нийтээрээ хэрхэн хандаж байгааг өгүүлье. Төр нийгмийн зүтгэлтэн, манай толгой эдийн засагчдын нэг О.Чулуунбатыг гадаадад эмчлүүлж байхад нь эргэж очсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хамт зургаа авахуулснаа өөрийн нүүр хуудсанд тавьчихаж. Мэдээж эмчилгээ хийлгээд хэд хэдэн хагалгаанд орсон хүн ядруухан харагдаж байна лээ. Гэтэл уг мэдээллийг уншсан хүмүүсийн сэтгэгдлүүд үнэхээр сэтгэл гонсоймоор. Тавласан, басамжилсан, доромжлол, үзэн ядалтаар дүүрэн. Адилхан монгол хүн байна даа, хурдан эдгэхийг ерөөмөөрсөн. Ерөөдөггүй юм гэхэд хараамааргүйсэн. Өвчин зовлон хэлж ирдэггүй. Өвчин зовлон үзээгүй хүн гэж хайгаад олохгүй. Өөрөө өвдөж зовоогүй гэхэд өрөөл нэгийг, хамаатан садан, ах дүү, аав ээж, найз нөхдөөс чинь хэн нэгэнзовж шаналахыг харж л байсан байлтай. Тэднийгээ зовж тарчилж байхыг хараад “Тэнгэр ингэж гэсгээж, нүглийн чинь хариу ирлээ” гэж бид хэлдэггүй биз дээ. Гэтэл О.Чулуунбатыг эмчлүүлж байгаа тухай зурагтай мэдээллийн дор дээрх үгсийг бичиж. Ихэнх сэтгэгдэл хараал зүхэл, басамжлалаар дүүрэн. Хаанаас нь ийм их үзэн ядалт гараад байдаг юм. Нүүр хуудсандаа зураг тавьсан Д.Тэрбишдагва гишүүн хүмүүсийн хандлага, хараалын үгсийг уншаад “Монголын нийгэм ямар харгис болчихсон юм бэ” гэж халаглаж байхав дээ. О.Чулуунбат гэдэг хүнхэлж ирээгүй өвчинд шаналж эдгэрэхийн төлөө тэмцэж байгаа жирийн нэг монгол эр хүн. Өрх гэрийн эзэн, аав, ээжийн хүү, үр хүүхдийн аав, хүний хань, дүүгийн ах, монгол төрийн зүтгэлтэн. Гэтэл О.Чулуунбат гэж хүн эдгээр зүхэгсдэд ямар гай тарьсан юм.

Хүүхэд байхаас ньэцэг эх нь үр хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйн жишээ өвдсөнийг энэрэх, зовсныг хайрлах сэтгэлгүй болгож. Өнөөдрийн нийгмийг бүрдүүлж байгаа нэгэн үеийнхэн үнэхээр хүмүүжилгүй өссөн ньэнэ бүгдээс тодхон харагдаж байна.

“Үртэй хүн хүний үрийг, биетэй хүн бусдын биеийг элдвээр хэлж болдоггүй юм” гэжөвөө минь хэлдэг байж билээ. Үр хүүхэд нь яаж явахыг хэн мэдэх билээ. Өөрөө үртэй бол бусдын үр хүүхдийг битгий элдвээр хэл, өөрөө махбодтой бол бусдын тухайд хамаагүй муу бүү ярь, учир нь чамдч бас тохиолдож болно гэсэн санаа.

Өвдсөн зовсон хүмүүсийг тавлаж байгаа хүмүүс бүгд хэзээ нэг өдөр үхэлтэй нүүр тулна.Мөнх амьдарсан хүн гэж сонсоогүй, үхээгүй хүн гэж дуулаагүй.Хамгийн хүчирхэг нь ч, хамгийн баян ч, үгээгүй ядуу, сайн муу, сайхан муухайтайгаа бүгд л үхдэг. Энэ ертөнцийн жамаас зугтах аргагүй. Тиймээс ч даруулгатай байх ёстой болдог. Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүс чүхлээс айж амьдралд татагдаж байсан. Дэлхийн талыг эзэлсэн Чингэс хаан ч зүгээр л хүн алж байлддаг хүн байгаагүй. Түүнд дагаж мөрддөг ёс журам, эрхэмлэн дээдэлж хүндэтгэдэг зүйл олон байсан. Тэрээр хүчирхэг хүн ч даруулгатай байсан. Учир нь үхэл ирэхийг тэр мэддэг байсан. Стив Жобс хэмээх гайхалтай эрхмийг мэдэхгүй хүн байгаагүй. Амьдралын төлөө, амьд явахын төлөө тэмцсэн ч чадаагүй. Түүнд мөнгө байсан. Гэвч үхлийг дийлээгүй. Ийм атал Монголын нийгэм хэзээ ч үхэхгүй мэт ямар ч даруулгагүй, хүмүүжилгүй, харгис хэрцгий байна вэ. Энэрэх нигүүлсэх сэтгэл, хайр үгүй бол энэ дэлхий яаж орших билээ.

Харин манай сэтгэгдэл бичээчид, сошиалд үзэл бодлоо илэрхийлэгсдэд үнэхээр даруулга алга. Ямар ч адгийн муу хүн байсан талийгаачийн хойноос муу хэлдэггүй ард түмэн бол монголчууд. Ялагдсан талыг нь өрөвддөг ард түмэн бол бид. Тэр зан чанараа хэзээ хаана гээчихэв. Бурхан болсон нэгнийг муулбал тэрхүн л өөрөө өчүүхэн амьтан болж харагддаг. Биднээс өмнө амьдраад явагсдад бүгд л үхэлтэй нүүр тулсан. Дэлхий нийтээрээ хүний насыг уртасгах элдэв арга хайсан, оролдлого хийсэн, одоо ч хийсээр байгаа. Гэвч үхэл гэдэг үнэнээс зугтаж чадаагүй. Үхэл ирнэ гэдгийг мэднэ гэдэг нь өөрөө ямар нэг зүйлээс айна гэсэн үг. Юунаас ч айж эмээдэггүй байна гэдэг аюултай. Гэтэл монголчууд бид ялангуяа нийгмийн голлох хэсэг болсон залуус үнэхээр харгис хэрцгий, хүмүүжилгүй зэрлэг бүдүүлэг, хайрлах энэрэх, хүндлэх сэтгэлээ гээж байна.

Дөрвөн настай охиныг хойт эх Г.Маралмаа нь зодож хөнөөсөн гэх хэрэг шүүхээр явж байгаа. Энэ үнэхээр жигшмээр хэрэг. Гэвч давхар биетэй хэвлийдээ хүүхэд тээж байгаа энэ эмэгтэйг үзэн ядах нь хэрээс хэтэрч, хүн болох гэж ядаж байгаа хүүхдийг нь үхээсэй гэж ирээд л аймшигтайгаар зүхэж, сэтгэгдэл үлдээж. Хүүхдийн эрхийн төлөө дуугарч байгаа бол эхийн хэвлийд байгаа тэр хүүхэд ч бас эрхтэй гэдгийг мэдмээрсэн. Тэр хүүхэд ээжтэйгээ хамт яллагдах ёсгүй.

Үнэн хэрэгтээ бид Г.Маралмаагаас муухай байна. Тэр хүн муу үйл хийлээ ч түүний хэвлий дэх хүүхэд бусдад үзэн ядуулах ямар гэм хийлээ. Монголын нийгэм тэр чигээрээ давалгаалан хэвлий дэх үр хүүхэдтэй нь үзэн ядаж байна. Шүүх, цагдаа, өмгөөлөгч нь ч тэр түүнд ямар харгис хэрцгий хандана вэ. Энэ эмэгтэйгээс бид өөрсдийгөө олж харлаа. Хүний орчлондирж амьдрах гэж яваа тэр хүүхдийг үзэн ядаж, эхийг нь яллахын хажуугаар хүүхдийг нь ялласаар байх уу. Түүнийг шүүх хурлын үйл явцаас нийгмийнхээ мөн чанарыг толинд тусгасан мэт харж байна. Шүүгдэгч Г.Маралмаа шүүх хурлын өмнө бие нь муудажухаан алдан их хэмжээний цус алджээ. Энэ талаархи мэдээллийн доорхи сэтгэгдлүүд эрүүл хүний санаанаас яаж гардаг юм гэмээр, аймшигтай, зүхэл хараалаар дүүрч. “Жүжиглэж байгаа юм, хүүхэдтэйгээ хамт үхээсэй” гэх мэтээр хараан зүхжээ. Хэрэг хийсэн хүн ял шийтгэл хүлээх нь дамжиггүй. Гэвч хэвлийдээ хүүхэд тээчихээд цус алдаж жүжиглэнэ гэж байх уу. Монголчууд бид унаж яваа хүнийг түлхдэггүй гэж ярьдаг.

Хохирогчийн талын өмгөөлөгч “461 дүгээр саатуулагдаж байгаа хүнийг жирийн эмнэлэгт хүргэж байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж харахгүй байна. Хорих ангийнх нь харьяа эмнэлэгт хэвтүүлэх ёстой” гэж хатуурхана лээ. Эхэд нь хатуурхлаа гэхэд хэвлий дэх үрд нь ингэж хатуу хандаж болохгүй.

“Шүүх шударга байснаас ухаалаг байсан нь дээр” гэж манай сонин бичиж байсан. Шударга байлаа гээд эхэд нь хатуурхлаа гэхэд хэвлий дэх үрд нь ухаалаг хандах ёстой. “Хуульд зааснаар…” лгээд шүүхээс долдугаар сарын нэгэнд учраа мэдэхгүй бусдыг дуурайн, дүйвээнээр чулуу шидэж зогссон хүүхдүүдэд ял оноож байсан. Тийм учраас л шударга гэдгээс илүүтэй ухаалаг байхыг шүүхээс хүсч бичсэн нь тэр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *