Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ТЦА-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тодруулбал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ЕБС-ийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэ жил “Хичээл эхэллээ” арга хэмжээний хүрээнд сургууль орчмын эрсдлийн үнэлгээг хийж байгаа. Сургуультай дөрвөлсөн гэрээ байгуулж, цагдаагийн байгууллага сургууль орчмыг камержуулж байна. Камер сайжрахын хэрээр эцэг эхийн эргүүл хэрхэн ажиллаж байгааг, мөн автомашин явган зорчигчид зам тавьж өгч байна уу гэдгийг хянана. Есдүгээр сарын 1-нд ажиллах “School Police” эцэг эхчүүдэд заавар зөвлөгөөг өгсөн. Цагдаагийн байгууллагын алба хаагчид энэ жил сургууль орчмын гарцан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Мөн хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд хяналт тавина.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, авахдаа гарцаар гараас нь хөтөлж явах, аюулгүй тээвэрлэх шаардлагатай. Монголчуудын нийтлэг алдаа нь 10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь явуулдаг. Үүн дээр цагдаагийн байгууллага хяналт шалгалтаа эрчимжүүлнэ.
“School Police” хэрэгжсэнээр сургууль орчмын гарцан дээр хүүхэд автомашинд мөргүүлэх, дайруулах ослын тоо 30-40 хувиар буурсан. Энэ жил “School Police”-г үүрэгжүүлж, чиглэлийг сургуулийн удирдлагуудад өгсөн байгаа.