Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Саран дээр ажиллах 3D принтер бүтээжээ DNN.mn

Өнөөдөр олон улсын сансрын нисэгчдийн өдөр. 1961 оны дөрөвдүгээр сарын 12 бол ЗХУ-ын иргэн Юрий Гагарин анх сансарт нисэж, “Восток” сансрын хөлгөөр дэлхийг 108 минутын дотор тойрч эсэн мэнд эх дэлхийдээ буцаж ирсэн түүхэн өдөр.

Энэ өдрийг сансарт хүн ниссэний олон улсын баяр болгон 2011 оны дөрөвдүгээр сарын 8-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей зарлан тунхагласан юм. Мөн энэ өдөр ОХУ-д сансрын нисэгчдийн өдрийг тэмдэглэдэг бөгөөд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчийн 1962 оны дөрөвдүгээр сарын 9-ний зарлигаар бий болгосон юм.

ЗХУ-ын сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарин Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлсэн түүнийг бага сургуулийн тооны багш нь армид нисгэгч болсон нь хожмоо сансар руу “хөтөлсөн” гэдэг. Саратов хотын аж үйлдвэрийн сургуулийг төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, 1955 онд Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн орж, сургуулиа төгсмөгц Мурманск дахь цэргийн ангид хуваарилагдан очжээ.

Түүхэнд тэмдэглэгдсэн домогт нислэгээс хоёр жилийн өмнө анхны сансрын нисэгчдийн отрядад сонгон шалгаруулалт эхлэхэд Ерөнхий зохион бүтээгч С.Королев “30 орчим насны, 72 кг жинтэй, 170 хүртэл см өндөр” гэсэн шаардлага тавьсан байв. Ю.Гагарин 20 хүний хамт нэр дэвшиж, сансрын нисэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн юм. Ингээд дэлхийд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болмогц Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юрий анхны нислэг хийхээр шилэгдсэн байна.

Цэргийн нисэгч байсан тэрээр 1968 оны 3 сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15УТИ онгоцтойгоо унаж нас барсан юм. Ослын шалтгаан тодорхой болоогүй ч олон таамаглал хийсэн байдаг.

Гагарины дурсгалыг мөнхжүүлэхээр Смоленск мужийн Гжатск хотыг Гагарин хэмээн нэрлэж, Оросын Агаарын цэргийн академид түүний нэрийг олгожээ. Цэргийн сургуулиудын курсантуудад Гагарины тэтгэмжийг өгдөг. Дэлхийд түүний нэртэй олон гудамж талбай бий. Түүний газардсан Смеловка тосгоноос холгүй газар дурсгалын цогцолбор босгож, мөн Гагарин хотод түүний нэрэмжит музей байгуулсан. Сарны нөгөө талын 250 км-ийн тогоотой томоохон өндөрлөгийг “Гагарин”-ы гэж нэрлэжээ.

Сонирхолтой баримтаас:

1957 оны 10 дугаар сарын 4-нд дэлхий орчмын тойрог замд дэлхийн анхны хиймэл дагуулыг гаргажээ. Энэ үйл явдлыг тэмдэглэн жил бүр Дэлхийн сансрын өдрийг тэмдэглэдэг.

1960 оны наймдугаар сард Белка, Стрелка нэртэй хоёр нохойг сансарт нисгэн нэг хоног болгоод, дэлхийдээ эргүүлэн буулгажээ.

1961 оны наймдугаар сарын 6-нд сансрын нисэгч Герман Титов “Восток‑2” хөлгөөр нислэг хийв.

1963 оны зургаадугаар сарын 23-нд дэлхийн анхны сансрын нисэгч эмэгтэй Валентина Терешкова “Восток-6” хөлгөөр сансарт гурав хоног нисэв.

1969 оны долдугаар сарын 21-нд АНУ-ын сансрын нисэгч, “Аполлон‑11” хөлгийн дарга Нил Армстронг анх удаа саран дээр хөл тавив.

1975 онд “Союз”, “Аполлон” хөлөг сансарт залгагдан сансар судлалын олон улсын хамтын ажиллагааны эхлэлийг тавьжээ.

2000 онд 15 орон оролцсон Олон улсын сансрын станц анхны багаа хүлээн авав.

Сансар судлалын үр дүн

Сансар судлалын үр дүнг өнөөдөр хамгийн өргөн дэлгэр ашиглаж буй нь харилцаа холбооны салбар. Хүн төрөлхтөн сансарт тойрог замын дэд бүтцийг бүрдүүлж сансрын жуулчлалыг эхлүүлж, сансрын үйлчилгээг буй болгож байна. Сансрын эдийн засаг 2019 он гэхэд нийтдээ 366 тэрбум ам.долларт хүрсний дөрөвний нэгийг шинжлэх ухаан, цэрэг, төрийн бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулжээ. Сүүлийн жилүүдэд 600 кг хүртэл жинтэй хиймэл дагуул олныг хөөргөсөн байна. Ирэх 8 жилд сансарт хөөргөдөг хиймэл дагуулын тоог 4-5 дахин нэмэхээр төлөвлөөд байна. Сансрын ачаа тээвэрлэлт өнгөрсөн хагас зуун жилд маш өндөр өртөгтэй, нэг кг ачаа 5-6 мянган доллар байсан. Харин “SpaceX” компани энэ өндөр өртгийг эрс бууруулж чадсан нь том ололт байв.

Анхны “Falcon 9” пуужин тээвэрлэлтийн үнийг 2 дахин хямд болгосон байна. Одоо 10 см-ээс дээш диаметртэй зүйлс 21 000 ширхэг дэлхийн орчмын тойрогт эргэлддэг гэсэн тоон үзүүлэлт бий.

Хятадын эрдэмтэд дэлхийн тойрог орчмын хаягдлыг устгах хиймэл дагуул бүтээжээ. Сансрын хаягдлыг цэвэрлэх нь ойрын үед чухалд тооцогдох нь. Ийм учраас цаашид сансарт нисэж яваа хиймэл дагуулыг засварлах түлшээр хангах хиймэл дагуул бүтээх хэрэгтэй гэсэн санааг мэргэжилтнүүд дэвшүүлжээ. Дэлхийн тойрог замд 2035 он гэхэд бизнес үйлдвэрлэлийн хүрээнд сарыг түүхий эдийн бааз болгоно. Ингэхийн тулд:

-Хиймэл дагуул хөөргөх өртгийг 10-100 дахин хямдруулна.

-Сансарт нөөц болон шатахуун олборлоно.

-Сансрын эрчим хүч, дэд бүтцийг байгуулна.

-НАСА-гийн “Артемид” хөтөлбөр 2028 он гэхэд хэрэгжүүлж эхлэх, 15 жил ажиллах хугацаатай Сарны баазын төслийг боловсруулжээ.

НАСА буюу АНУ-ын Сансар судлалын агентлагийн 1977 оны есдүгээр сарын 5-нд хөөргөсөн “Вояжер” хөлгийн нислэг эдүгээ 42 жил, зургаан сар гаруй үргэлжилж байна. “Вояжер” хөлөг 2020 оны гуравдугаар сарын 12-ны байдлаар дэлхийгээс 22.2 тэрбум километр хол аяллаа үргэлжлүүлж, сансрын гүнийг судлах хүн төрөлхтөний хүсэл эрмэлзэлд хязгаар байхгүй гэдгийг харуулсан аж. Энэ бол сансрын орон зайд болсон өнгөрсөн зууны үйл явдлууд.

Циолковскийн томъёогоор “сансарт ачаа гаргахын тулд пуужингийн жингийн 90.0 хувьтай тэнцэх хэмжээний шатахуун шатаах хэрэгтэй” болдог. Марс гараг руу нисэхийн тулд, нарны аймгийн тойрогт гарахын тулд маш их шатахуун хэрэгтэй. Ачаа ихтэй бол бүр ч боломжгүй гэж үздэг. Ийм учраас сансрыг эзэмшихийн тулд ус, устөрөгч, хүчилтөрөгч зэргийг шатахуун болгож, барилга барих металлыг сансраас олох хэрэгтэй болсон байна. Саран дээр болон сансарт энэ бүх зүйл бий хэмээн үзэх болжээ. Тухайлбал, саран дээр титан болон төмөр байдаг аж.

Эдгээр нь дэлхийн тойрог замд, сансарт станц байгуулахад хэрэг болно хэмээн үзэх болжээ. Дэлхийн том компаниуд саран дээр бааз хямд өртгөөр барих чадвартай роботуудыг хийх төслийг гаргаж байгаа аж. Тухайлбал, саран дээр ажиллах 3D принтерийг боловсруулжээ. Үүнд хамгийн чухал асуудал нь усан хөдөлгүүр юм байна. Сансрыг эзэмшихэд гол нөлөөлөх усан хөдөлгүүр “Momentus”-ыг эдүгээ эрдэмтэд боловсруулж эхэлсэн аж. Жирийн хөдөлгүүр хийн газаар ажилладаг бол энэ хөдөлгүүр сансарт оршдог усаар ажиллах боломжтой. Сансарт ус буй. Түүн дээр мөс буй.

Сансрыг хүн төрөлхтөн эзэмших ойрын болон хэтийн зорилгоо тодорхойлж, дараах байдлаар төлөвлөжээ.

-Дэлхийн тойрог замд 2023-2024 онд хиймэл дагуулын засвар үйлчилгээ байгуулна.

-Сарны баазыг 2027 онд байгуулна.

-Сарны шатахууныг 2028 оноос эхлэн олборлоно.

-2030 оноос эхэлж хиймэл татах хүч бүхий сансрын зочид буудал, станцуудыг байгуулна.

-Сансрын бүтээгдэхүүнийг 2050 он гэхэд сансарт үйлдвэрлэх зорилтыг тавьж байна.

-Хиймэл эрхтэн болон хагас дамжуулагчийг сансарт үйлдвэрлэнэ.

-Сансарт сансрын лаборатори байгуулна.

-Жингүйдлийн нөхцөлд сансарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн бүтээгдэхүүнээс үлэмж хямд бөгөөд чанартай байх болно.

-Дэлхийн тойрог замд орон сууцны станц байгуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *