Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сар шинийн үзэсгэлэнг үндэсний брэндүүд чимж байна

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Тус үзэсгэлэнд Эсгий хивс, тавгийн боов, цагаан идээ, ноолууран ороолт малгай, модон чимэглэл зэрэг маш олон бүтээгдхүүнүүд танилцуулагдав.

Харин худалдан авагчид “Монгол бүтээгдхүүнүүд үнэтэй байна” гэж байсан юм. Энэ сарын 11-ныг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнд Дархан минж ХХК, Очирдагинас ХХК, Өгөөж-Чихэр боов ХХК, Хөгжил трэйд ХХК зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниуд болон орон нутгийн бизнес эрхлэгч 60 орчим аж ахуйн нэгж оролцож байгаа юм.

Энэ үеэр Архангай аймгийн Өлзийт сумын худалдаачин Ц.Тунгалагтай ярилцлаа. Тэрээр ааруулаар хийсэн тавгийн идээ, цагаан архи зэрэг бүтээгдхүүн худалдаалж байв.

“Би сүүн хуруудаар хийсэн тавгийн идээ авч ирсэн. Өнөөдрийн байдлаар хүн цөөхөн байна. Хоёр литрийн цагаан архи 15 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа. Харин таван литрийн айраг 25 мянган төгрөгийн үнэтэй.

Энэхүү үзэсгэлэнд оролцоход Чехийн хөгжлийн агентлаг хамгийн чухал нөлөө үзүүлсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаардаг учир түрээсийн мөнгийг даасан” гэв.

Энэхүү үзэсгэлэн худалдаагаас ноос ноолуур, эсгийгээр хийсэн бүтээгдэхүүн, үндэсний онцлогтой арьсан болон тааран цүнх, ширмэл гудас, модон сав суулга, зэс гуулин данх гээд цагаан сарын гарын бэлэг болохоор олон бүтээгдхүүн харагдаж байлаа.

Мөн худалдан авагчид Цайдам трэйд ХХК-ны “Бурамхан” чихэр, Заан фүүдс ХХК-ны “Саян” брэндийн шоколад, набор, ГУМ ХХК-ийн “Шүүдэр” шимийн архи зэрэг шинэлэг бүтээгдэхүүнийг амталж байв.

Үзэсгэлэнд Монголын ёс заншлыг харуулсан бэлэг дурсгалын эд зүйлүүд хэд хэдэн лангуун дээр байлаа. Модоор хийсэн жижиг хэмжээтэй гэрүүдийг эсгийгээр мөн урласан харагдав.Энэхүү үзэсгэлэнгээс өвөрмөц содон гарын бэлгийг сонгох боломжтой байна гэж хэсэг худалдан авагчид хэлсэн юм.

Энэ үеэр хамгийн их анхаарал татсан бүтээгдхүүн цагаан сарын гоёмсог дээлүүд байлаа.

Тус дээлийг урладаг “Оюу” салоны захирал Т.Пагмадуламтай хэсэг хором ярилцсан юм.

-Үзэсгэлэнд танилцуулсан дээлнүүд чинь их өвөрмөц хэв загвартай юм?

-Энэ жил гарсан шинэ загварын дээлүүд байгаа. Битүү булган эмжээртэй хоёр талдаа кармаатай. Өдөр тутамд өмсөх зориулалтаар хийсэн. Торго, дурдан дээлүүд эдэлгээ, угаалт даахгүй сэмэрч урагддаг. Харин энэхүү дээлүүдийг куртикны материал дээр хатгамал хийж урласан учир угаалгын машинд угааж болдог.

-Ихэвчлэн эмэгтэй дээл харагдаж байна?

-Эмэгтэй дээлүүд ихэвчлэн бий. Эрэгтэй дээлийг захиалгаар хйинэ. Эмэгтэй нь европ размэрээр хийдэг учир хүнд их эвтэйхэн таардаг. Хөнгөхөн, зөөлхөн, дулаахан 150-250 мянган төгрөгийн үнэтэй. Өвлийн зузаан булган эмжээртэй дээлүүдийг 250 мянган төгрөгөөр хийж байгаа.

-Танай салон дээлнээс өөр ямар бүтээгдхүүн урладаг вэ?

-Одоохондоо цагаан сарын үндэсний дээл, хувцас хийж байна. Жирийн үед захиалгаар бүх төрлийн хувцаснуудыг хийдэг дээ. Даавуун дээлнүүдээ гадаадын куртикыг халж Монгол үндэсний дээлээрээ гангараасай гэж урласан гэв.

Б.АМАРТҮВШИН




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *