Categories
мэдээ улс-төр

Сангийн сайд Ж.Эрдэнэбат хамгийн эхэнд төсвийн тодотгол оруулж ирнэ

Сангийн сайдад нэр дэвшигч Э.Эрдэнэбатын байр суурь иргэдэд сонин байх болов уу. Энэ хүнийг Сэлэнгийн Засаг дарга байсан гэж мэддэг ч эдийн засагчийн байр сууринаас төдийлөн олон хүн мэдэхгүй. Сангийн сайдад нэр дэвшигч улс орны эдийн засгийг хэрхэн харж байна вэ?

-Төсвийн орлогын төлөвлөлт гүйцэтгэлтэйгээ уялддаггүй. Төсвийг бодитой төлөвлөж, эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөө боловсруулж ажиллах нь зүйтэй гэж үзэж буйгаа тэр дуулгав.

“Блансыг хараад байдлыг ойлгочихоор хүн” гэж түүнийг Ц.Даваасүрэн гишүүн тодорхойлсон.

Б.Гарамгайбаатар гишүүн “АН улс орноо засаглаж чадахгүй болоод МАН-ыг урьж ирүүлсэн гэдэг талаар ямар бодолтой байна. Та гуйлгаж орж ирсэн үү, эх орноо бодоод ирсэн үү. Эдийн засаг хямарсан уу, хүндэрсэн үү. Эдийн засгийн асуудлаар олон тооцоо судалгаа бий. Эднийг ашиглах уу, өөрөө бодлого боловсруулаад явах уу” гэж сорилт маягийн асуулт тавьсан. Нэр дэвшигч “Монгол Улсын Ерөнхий сайд томилогдоод, бүх нам эвслүүдэд хүсэлт гаргасан. Эдийн засаг, хямарлаа, хүндэрлээ. Монгол Улс, ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтарч ажиллая” гэсэн. Манай намын удирдах дээд байгууллага “Улс орноо бодоод хамтарч ажиллая” гэсэн. Удирдах дээд байгууллагынхаа шийдвэрийг дагасан. Улс орны эдийн засаг хямралтай байна. Төлбөрийн тэнцэл алдагдалтай байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Эдийн засгийн бүх тооцоо судалгааг нягталж үзнэ. Шинээр ч юм бодох ёстой. УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүдийг биелүүлж ажиллана гэлээ. Н.Батцэрэг гишүүн “2015 оны төсвийг Сангийн сайдгүй олон зоригтой тоо баталсан. Төсвийн тодотгол хэдийд оруулж ирэх бодолтой байна. Хямралаас гаргах дөт замыг хэрхэн харж байна” гэж лавлав.

Ж.Эрдэнэбат “Хэрвээ сангийн сайд болчихвол эхний асуудал 2015 оны төсвийн тодотгол байх болно. Заавал боломжгүй зорилгыг болгох гээд зүтгэх бус аль болох боломжтой хэмжээнд аваачих, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх учиртай. Эхний ээлжинд өөрсдөө дүн шинжилгээ хийх гээд үзнэ. Гадаадын байгууллагын хөтөлбөр ямар заавар зөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтойг ярилцана” гэлээ. Төсвийн өр ДНБ-ний 49 хувьд хүрсэн. Төсвийн тогтвортой байдлын хуульд сар хүрэхгүй хугацаанд нийцүүлэх хэцүү. Бүх намууд хэлэлцэж Төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлэх арга замыг эрэлхийлнэ” гэлээ. “2017-2022 онд зээлийн эргэн төлөлт хийхэд их мөнгө шаардлагатай, яах вэ” гэсэн асуултад нэр дэвшигч “Өнөөдөр байгаа хуулиа л барьж ажиллах ёстой. 2017-2022 онд бид том төлбөр төлөхийн тулд төсвийн чангахан бодлого хэрэгжүүлэх ёстой. Чанга бодлого хэрэгжүүлэхийн тулд нөөц байх ёстой. Бодит тоон үзүүлэлт ямар байгааг гаргаж тавиад түүндээ тохируулж ажиллана” гэсэн. “Хүнд ачаа үүрнэ шүү” гэж түүнд нэг бус гишүүн сануулж байлаа. 58,93 хувийн саналаар нэр дэвшигч Сангийн сайд боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *