Categories
мэдээ цаг-үе

Самандарын Цогтбаяр: Чадахгүй юмандаа тэчьяадан шунах нь зовлонгийн эх үүсвэр

Түрүүч нь 240(5807) дугаарт

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зургийн мастер Самандарын Цогтбаяртай уулзаж хөөрөлдлөө.


-Японд дайны үед “Өлбөрч үхсэн ч хулгай хийхгүй” гэсэн ёс зүйтэй байсан гэж та хэллээ. Манайд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гэлтгүй биесээ хулгайч, төрийн мөнгөөр мөрийтэй тоглосон гэж парлементын танхимд үзэж тарах юм. Энэ хоёрын хоооронд тэнгэр, газар шиг ялгаа байна аа даа?

-Төрийн ордонд түмэнд шившгээ дэлгэж байна аа гэдэг чинь бидний л тусгал. Монгол Улс төрийн түшээдээ ард түмнээсээ сонгодог ардчилсан сонгуультай улс. Бид л ийм хүмүүсийг өөрсдийгөө удирдуулахаар гаргаа биз дээ. Ард түмэн бидний л нэг тусгал болохоор үүнд нэг их гайхаад байхаар зүйл байхгүй. Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” аяныг бид санаачиллаа. Тэгэхэд сэтгүүлчид “Хүчирхийллийн нийгмийн үндэс нь юу байна. Ядуурал юм биш үү” гэж асууж байна. Энэ аягүй буруу үзэл. Хүн ядуу байна гэдэг юу ч хийж болно гэсэн үг биш. Ядуу байлаа гээд хулгайлах, хүчирхийлэх, буруу амьдрах шалтгаан биш. Энэтхэг ч юм уу, Зүүн өмнөд Азийн ядуу орнуудыг харахад Буддын шашин, хиндү шашин нь нийгмийг нь авч явж байна. Биднээс үгээгүй ядуу хэдэн зуун сая хүнийг түүчээлж явж байгаа юм чинь материаллаг орчин, улстөр биш. Ердөө л айж ичихийн ёс зүй, шашин нь хөтөлж байгаа юм. Энэ гайхамшигтай ёс зүй монголчууд бидэнд байхгүй болчихсон байна. “Амьдрах гэж ядаж байхад…” гэдэг муухай үг байна. Би бүүр хараалын үгээр хэлье л дээ. Энэ ёстой лалрын үг байгаа байхгүй юу.

-Хүн бүхний амнаас шахам гардаг үг шүү?

-Хүн болж төрчихөөд хэний төлөө амьдарч байгаа юм. Өөрөө өөрийнхөө л төлөө амьдарч байгаа шүү дээ. Хэнд амьдралаа лаахайдаад байгаа юм бэ. Хэн хүнд боломж байхгүй байлаа ч улсаас өгч байгаа шат дараалсан халамж хэтрээд байгаа шүү дээ. Энэ халамж хүмүүсийг бусдад амьдралаа лаахайдах боломжийг улам ихэсгэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмзэг бүлгийнхэн ч юм уу, нийгмийн тодорхой хүрээний халамж шаардлагатай хүмүүстээ үнэхээр хэрэгтэй. Үүнийг хөргөгч, зурагтыг нь тоололгүйгээр зөв шударга судалгааны үндсэн дээр амьжиргааны төвшинг нь ухаалгаар тодорхойлж олгох учиртай. Хавтгайрсан халамж гэдэг тэмцэх чадвар, бүтээлч байдлыг устгаж, залхуу хойрго, арчаагүй хүн сүргийг бий болгоно. Тиймээс хүн хэдий ядуу байлаа ч хүн алж, хулгай хийж, хүчирхийлж болно гэсэн хангалттай шалтаг биш.

-Баян, ядуугийн ялгаа их боллоо. Нийгмийн дундаж хэсэг устлаа. Нийгэм сөхөрч уналаа гээд шуугицгаах юм. Үнэхээр дайны фронтын хэмжээнд энэ бүхэн хүрчихлээ гэж та бодож байна уу?

-Баян, ядуугийн туйл гэсэн хэсэгт цөөхөн хувь нь л хамаарч байгаа болохоос Монголын нийгмийн гишүүдийн аж төрлийн төвшин үндсэндээ ойролцоо л байгаа. Бидний амьдрал ч овойж оцойсон юм байхгүй шүү дээ. Овойж оцойсон биш энэ амьдралдаа сэтгэл ханамжтай байдаг учраас материаллаг баялгийг эзэмшсэн хүмүүсээс илүү аз жаргалтай байгаад байгаа, ялангуяа урлагийнхан. Зохиолч, яруу найрагчид, хөгжмийн зохиолч, зураачид чинь ядуу ч гэсэн хамгийн аз жаргалтай улсууд байдаг. Магадгүй, уух архиныхаа мөнгийг ч хүнээс гуйгаад авдаг мөртлөө өнөөдөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай байна гэдэг чинь дотоод амар амгалан, ертөнцийн хоосон чанарыг ойлгочихсон хүмүүс байгаа байхгүй юу. Ийм гайхамшигт сэтгэл, энэ хандлага өнөөгийн нийгмийн маш олон хүнд хэрэгтэй байгаа юм. Ийм сэтгэлтэй байлаа гээд амьдралдаа арчаагүй бай гэсэн үг биш л дээ. Байгаа нөхцөл байдалдаа сэтгэл ханамжтай бай. Тэр бол хүний амар амгалангийн хамгийн гол зүйл шүү. Хэрвээ хүн чадахгүй юмандаа тэчьяадан шунаж, нисванисын сэтгэлийг үүсгээд байвал тэр чинь зовлонгийн эх үүсвэр болно.

-Цагийн дөрвөн эргэлтэд нүүдэллэж ирсэн монголчууд, олон мянган жил хэрэм хананд суурин амьдрагч иргэншил хоёрын хооронд их л ялгаа байх шиг санагддаг даа?

-Аж төрөл, соёлын хамаагүй их ялгаа байлгүй яахав. Тэнгэр заяатай монголчууд гэдгийг бид улиг болтлоо ярьсаар үнэ цэнийг нь унагаад байгаа болохоос уг нь бидэнд тийм шинж чанар маш их байдаг. Үнэхээр бид энэ тэнгэр заяагаа зөв ойлгоод чиглүүлж чадвал гайхамшигтай авьяас, чадварыг өвөг дээдсээсээ өвлөчихсөн ийм ард түмэн. Нүүдэлчин ахуй гэдэг бол дасан зохицох чадвар, хувьсан өөрчлөгдөх чадамж үнэхээр гайхамшигтай. Тийм ч учраас арвангуравдугаар зуунд, Хүннүгийн үед гээд хэд хэдэн удаа дэлхийг эрхшээж байсан. Ийм агуу ард түмний үндэс угсаа байж бид ийм залхуу залхаг, худалч, хулгайч байж болохгүй. Худлаа цээжээ дэлдээд байх биш өөрсдөө боловсрох, хөдөлмөрч байх хэрэгтэй байна. Энэ хэцүү зүйл биш. Хүн бүхэнд адилхан боломж байгаа. Боломжийг ашигласан нэг нь л хөгжөөд байгаа. Бүгд л энэ хөгжил рүү хошуурчихвал Монгол жинхэнэ тэнгэр заяат гэдгээ батална. Сайхан үгээр өөрсдөдөө нэр хаяг өгөөд нэмэргүй. Спорт, сонгодог урлагаараа дэлхийд гайхуулж байгаа шигээ эдийн засаг, технологийн салбарт оюуны хөгжлөөр тэргүүлж чадвал тэр жинхэнэ тэнгэрлиг заяа. Би ч хэдий хөгширснөө мэдэхгүй мэдээллийн технологийн компанид залуустай хамт мөр зэрэгцэн, зөвлөх хийгээд явж л байна. Бид болж бүтэж байгаа юмаа олж харахгүй баасан дээр шавчихсан ялаа шиг харанхуй бараан бүхэн рүү л шаваад байх юм. Баас бол тусдаа ш дээ, жорлонд л байх ялгадас. Жорлонгоосоо холдоод тариан талбай ч юм уу, гэрэлтэй гэгээтэй алсыг харах өндөр товцог дээр гараач ээ гэмээр байдаг. Уулын орой дээр гарах гээд хүсэл тэмүүллээс ч илүү зориг эрмэлзэлдээ хөтлөгдөж явсан арван долоон сайхан залуу алтан амиа хүртэл алдаж байна ш дээ.

-Хайран сайхан залуус харамсалтайгаар амиа алдсан шүү?

-Энэ миний хувьд харамсалтай ч нэг бодлын үнэхээр бахархал. Гэрэл гэгээнд тэмүүлж явж байж амиа өргөж байгаа нь гайхамшиг. Хүмүүс үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм. “Яагаад тэр хүйтэн оргилд мацдаг байна. Юу дутсан гэж ууланд гарна вэ. Над шиг “Ардын буйдан” үзээд жав жув гээд байж байхгүй” гэж хүмүүс коммент бичээд байгаа. Гэтэл тэдний үйлс чинь тэс өөр юм байхгүй юу. Уулын оройд гараад тэр алсыг хараад, өөрөө өөрийгөө ялж байгаа тэр таашаал, тэр мөч гэдэг хүнд асар их өөрчлөлтийг авчирдаг. Тэр зүйлийн төлөө тэмцэж явж байгаад амь насаа алдсан тэднийг би баатрууд л гэж хэлнэ. Яахав дээ, юмны гай л таарлаа. Байгалийн араншинг таахын аргагүй оньсого. Яг энэ залуус шиг өөрсдийгөө золиод, эрсдэл хийн тэмцэж, өндөрлөг өөдрөг гэрэл гэгээ рүү тэмүүлээч л гэж хэлмээр байна. Аль болох л хамгийн харанхуй, хамгийн өмхий, хотын мухарт байдаг бааруудад очиж хамгийн хямдхан шар айраг, хамгийн хямдхан найруулсан архи ууж байгаа улс тэд биш. Өндөрлөг дээр ч гэсэн халуун кофе балгаад, коньяк шимээд сууж байх боломж залуучуудад маань бүгдэд нь байгаа. С.Зоригийн хэлдгээр би монгол залуучуудынхаа саруул ухаан, сайхан ирээдүйд үнэхээр итгэдэг.

-Хавтгайрсан халамж бол аливаа үндэстнийг мохоож мөхөөх хор шахуу л юм ярих юм. Гэтэл манай Засгийн газар чинь төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн тэтгэлэг өгнө л гэх юм. Ямар ч санаатай сайд нар юм бэ дээ?

-Энэ бол тэсэн тогтохын тулд төрийн албан хаагчдад өгч буй улстөрийн авлига. Тэрнээс тэдний сайн сайханд нэмэр болох гэсний илэрхийлэл биш. Хүмүүс мэддэгээрээ л цэцэрлэг, сургууль барьчихгүй гээд байгаа болохоос энэ их мөнгийг зарцуулах хөгжлийн тодорхой талбарууд бий л дээ. Авлига өгөх арга нь яавч биш ээ. Ер нь төрийн алба хааж буй багш, эмч, цагдаа, хүчний байгууллагынхан, аюул осолд амь насаа ч үл хайрлан явдаг Онцгой байдлынханд төрөөс онцгойлон анхаарч байх ёстой. Цалин бага гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Эдгээр салбарынхны цалинг бодитой тооцож судлаад шат дараатайгаар нэмэх нь зөв. Нэг удаагийн гал унтраасан ийм авлига харин хэрэггүй. Төрийн албан хаагчид ч үүнийг өөрсдөө эсэргүүцэж байгаа шүү дээ. Монгол хүний амьдралын дархлааг алж, байгалиас өгөгдсөн чадваруудыг үгүй хийж байгаа авлига л гэж хэлнэ. Монгол хүн бэрхшээлийн өмнө бууж өгдөггүй. Хэдэн мянган жилийн түүх үүнийг батална. Хэн ч биш, эрлийз хурлийз үлбийсэн сулбайсан хэсэг бүлэг хүмүүс болгоод хаячихаж байгаа юм чинь л энэ халамж тэтгэмж. Хэдэн мянган жилийн түүхийнхээ өмнө бид ийм байдалд дассанаараа хамгийн өөдгүй балиар паразит хүн сүрэг болон хувирч байгаа нь л дэндүү харамсалтай. Халамжийн сэтгэлгээнд дассан хүн сүргийн ихэнх нь байгалийн хуулиар бол заазанд явахаар бэлтгэгдчихлээ. Сүргийг оройлж явдаг цэгц, тэргүүн нь байхгүй болчихлоо шүү дээ. Тийм болохоор энэ сулбайсан байдлаасаа яаж хурдан гарах вэ гэдгээ л бодох хэрэгтэй.

-Яаж гарах вэ, таныхаар бол?

-Оюуны түүчээ мэдээж хэрэгтэй. Манай Баабар, Цэнддоо нарын эрхлэн гаргаж байгаа “НЕПКО”-гийн номууд бол Монголын нийгмийг оюун санааных нь хувьд маш сайхан бэлтгэж дасгалжуулах оюуны бүтээлүүд болсон. Ерээд оноос хойш хичнээн ч бүтээл гарав. Энэ бүгдийг уншиж, оюун санаандаа шингээж чадвал шашин, бизнесийн арга туршлага, хүний нийгмийг туулсан түүхийн хувьд маш зөв мэдээллүүдийг хангалттай өглөө ш дээ. Эдэн шиг салбар салбартаа чаддаг бүхнээ хийгээд яваад байхад хөгжил гэдэг энүүхэнд байна. Миний хувьд соёл урлаг, дүрслэх урлагийн чиглэлээр л өөрийн чаддаг юмаа хийсээр л өдий хүрлээ. Би тодорхой хэмжээний өндөрт хүрвэл энэ салбарт хүч үзэж байгаа залуустаа л эргээд тусалмаар байна. Энэ л миний гол зорилго. Манай Дашбалбар найрагчийн “Амжиж чи алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусдад нээж өг” гэсэн гайхамшигтай үг байгаа ш дээ. Гэтэл манай сэхээтнүүдийн хувьд бэртэгчин шинж нь ердөө арилдаггүй. Хамгийн их хувиа хичээгсэд сэхээтнүүд байдаг байхгүй юу. Хамгийн их зүйлийг мэдэж байгаа мөртлөө бусдадаа, хойч үедээ хэлж өгдөггүй нь дэндүү муухай. Зөвхөн миний гэр бүл л болж бүтэж байвал бусад нь хамаагүй гэсэн үзэлтэй. Манай хаалганаас цаашхи нь надад хамаагүй, босгоноос нааш л надад хамаатай гээд байдаг. Уг нь нийгмээ түүчээлж явах хүмүүс нь сэхээтнүүд байхгүй юу. Ихэнх улс орнуудад аливаад хамгийн их сэргэг мэдэрч, түүчээлж явдаг хэсэг нь сэхээтнүүд, хамгийн шударга, гинжнээс өөр алдах юмгүй гэдэг шиг степэнднээс өөр алдах юмгүй оюутнууд өөрчлөлтийн гол хүч нь болдог. Гэтэл манай оюутнууд чинь далан мянган төгрөгтэйгөө зууралдаад байна. Тиймээс би сэхээтнүүдийг нүдээ нээ л гэж хэлье. Бусдад туслаач ээ, бусдад өгөөч ээ гэе.

-Та өөрөө аль хэр нүдээ нээсэн хүн бэ дээ?

-Мэдээж би амьдралдаа аягүй их алдаж байсан байж магадгүй. Тиймээс миний гэмшил, алдсан цаг хугацаа, харамсал энэ бүхнээ нөхөх гэж би одоо хичээж байж магадгүй. Өчнөөн олон уран бүтээл хийх, эрүүл саруул байх цаг хугацаагаа бор дарсанд зориулсандаа харамсаж л явдаг. Энэ алдааг залуус минь бүү давтаасай, түр зуурын амжилтад сагсуурч онгирох гэдэг хүнийг ганц алдаг юм шүү гэдгийг л залуустаа хэлдэг. Нүдэн дээр алдаад байхаар би хэлэхээс өөр аргагүйд хүрдэг. Энэ надад ямар хамаатай юм бэ, ямар миний хамаатан, дүү биш гээд орхиж болохгүй ш дээ. Ахан дүүсээс өөрцгүй нэг цустай монгол хүн юм чинь миний л хүүхдээс өөрцгүй. Хүнийрхүү сэтгэлээ үгүйсгэж чадвал бүгдийг энэрэх сэтгэл үүснэ.

-Та “Тоншуул”-ынхнаасаа би сайн сайхныг олж авсан гэж байсан. Тухайлаад яриач!

-Би наян таван онд МАХН-ын Төв хорооны “Үнэн” сонины дэргэдэх “Тоншуул” сонин гэж төрийн төв хэвлэлийн статустай байгууллагад уран бүтээлийн гал тогоонд хөл тавин орж байсан. Дүрслэх урлагийн сургууль дүүргэж нэг жил багшлаад хүүхдээрээ шахуу л тэнд очсон. Тэр гайхамшигтай орчинд очсон миний их хувь заяа гэж бахархдаг. Магадгүй би өөр газар орсон бол өнөөдөр ингээд сууж байхгүй, сураг тасарчихсан ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ их буян заяаг л дааж явах юм сан гэж боддог. Миний багш нар бол Монголын сор болсон уран бүтээлчид ажиллаж байлаа. Манай Арнайн Гүрсэд, Минжаахайн Гүрсэд, Иштавхай гуай, Жамцын Шагдар, Цэвэгийн Байды, Цэндийн Доржготов, Цэдэв ах, Ишдоржийн Цэрэнжамц, Шагдайн Цэнд-Аюуш, Б.Ерэнтэй нарын нэрийг нь сонсоод сүрдмээр гайхамшигтай уул хангай шиг түшигтэй сайхан хүмүүстэй ажилласан хувь заяандаа баярладаг. Тэд маань сайхан уран бүтээлчдээс гадна хамгийн гол нь хүнийхээ хувьд гайхамшигтай хүмүүс. Амьдралынх нь хэв маяг, хандлага нь надад маш их нөлөөлсөн. Одоо хүртэл тэд өөрсдийн үнэт зүйлээ ямар нэгэн материаллаг зүйл, нам, шагналаар арилждаггүй. Ц.Доржготов гуай, Байды багш нар хэзээ хойно төрөөсөө хишиг хүртсэн. Төрөө шүүмжилдэг хүмүүст төр жаахан хатуу л зан гаргадаг юм шиг байна лээ. Сүүлд насныхаа эрэмбээр л авах ёстой шагналаа авсан. Би магадгүй багш нар шигээ байж чадаагүй байх аа. Тэдний Монголын залуусын сэтгэлгээнд үлдээсэн өв гэдэг гайхамшигтай. Ялангуяа зохиолч Доржготов гуайн гэхэд бүхэл бүтэн фэн клуб байна шүү дээ.

-Хэн хэн шүтэн биширч байна?

-Манай Баабараас өгсүүлээд “Хонх”-ын Цогтсайхан, Төрөө нарын маш олон хүн их хүндэтгэдэг. Одоо хүртэл цаг үедээ таарч эвлэрчих юм сан, гэж айж ичихгүйгээр туурвиж, энийг өөрчилчих юм сан засчих юм сан гэж үргэлжид тэмцэгч байдаг хүн дээ. Энэ үнэт зүйлийг дэргэд нь бага ч болтугай байсан хүний хувьд өөртөө шингээж аваад үлдчих юм сан гэж хичээж явах юм даа. Миний сав тэдний хэмжээнд хүрэхгүй ч өөрийнхөөрөө багш нарынхаа хандлага, агуу ухаанаас хутгаж авахыг хичээж л явна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *