Categories
мэдээ цаг-үе

Сайн үйлсийн аянаар шинэ худаг барьжээ

БНСУ-ын “Сэлвэшн Арми” ТББ өнгөрсөн 8-р сарын 23-наас эхлэн долоо хоногийн хугацаанд “SBI“ хадгаламжийн банк “Хүсэл мөрөөлдөө хуваалцъя” глобал багтай хамтран нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Цагаан даваа”-ны хогийн цэгт ажиллав. “Хүсэл мөрөөдлөө хуваалцъя” глобал баг нь дотоод, гадаадын нийгмээс гадуурхагдсан хүүхдүүдэд туслахаар БНСУ-ын “Сэлвэшн Арми” ТББ болон “SBI” хадгаламжийн банктай хамтран ажилладаг сайн үйлсийн аяны баг юм. Энэхүү сайн үйлсийн аяны баг нь өнгөрсөн 8-р сарын 3-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд багийн 20 гишүүнийг “SBI” хадгаламжийн банкны 500 ажилтнаас бүрдсэн сайн үйлсийн багийн гишүүдээс сонгон авчээ.

“SBI” хадгаламжийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр нь улсын асрамжийн газарт усны бойлер суурилуулах, хогийн цэгийн орчимд худаг барих,хогийн цэгт хог түүж амжиргаагаа залгуулдаг хүүхдүүдэд хашаа барьж өгөх, Төв аймгийн Зуунмод суманд байрлах “Сэлвэшн арми”-н салбар төв дээр нутгийн хүмүүст урлагийн тоглолт үзүүлэх зэрэг олон төрлийн нийгэмд тустай ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулсан хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ удаа зорьж очсон газар нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэр байлаа. Тус хороонд орших “Цагаан даваа”-ны хогийн цэгт худаг барих ажил өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 8-р сарын 23-нд баригдаж дуусан 25-ны өдөр нээлтээ хийсэн юм. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 27-р хороонд дахин нэг худгийн ажил эхлүүлээд байгаа бөгөөд 9-р сарын сүүл гэхэд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна. Эдгээр худгийг хорооны мэдэлд шилжүүлж, цаашдаа худгийн үйл ажиллагааг хорооны хэсгийн ахлагч явуулахаар болов. Мөн худгийн хананд зураг зурж чимэглэж өгчээ.

“SBI” банкны “Хүсэл мөрөөдлөө хуваалцъя” глобал багийн энэ удаагийн үйл ажиллагаа нь зөвхөн худгийн засварын ажлаар хязгаарлагдаагүй. Хэт холоос хэрэглээний усаа зөөдөг, уул, жалгын бартаатай замаар явдаг зэргийг харгалзан үзэж усны саванд нь ус дүүргэн өгч гэрт хүргэж байв. Мөн гэр нь шатаж орон гэргүй болсон зэрэг хэцүү амьдралтай айлуудад усны сав болон усны тэрэг бэлэглэлээ. Хоол тэжээлийн дутагдалд орсон орон гэргүй тэнэмэл хүмүүст үнэгүй хоол тараасан.

Үүнээс гадна олон төрлийн урлагийн тоглолтоор дамжуулан сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн. Төв аймаг дахь “Сэлвэшн Арми”-н салбар төвд мини биеийн тамирын өдөрлөг зохиохын зэрэгцээ хөөсөн бөмбөлгийн үзүүлбэр, илбийн болон handbell-ийн үзүүлбэр, бүжгийн тоглолт зэрэг олон зүйлсээр дамжуулан хүмүүстэй харилцсан.

“SBI” банкны “Хүсэл мөрөөдлөө хуваалцъя” глобал баг нь жил бүр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүнд хэцүү амьдралтай хүүхдүүдийг хайн тусалж дэмжих төлөвлөгөөтэй байна. Энэ удаагийн Монголд хийсэн сайн үйлсийн аян нь олон улсын хэмжээнд хийгдэж буй сайн үйлсийн эхлэл байсан төдийгүй “SBI” банкны “Хүсэл мөрөөдлөө хуваалцъя” глобал багийн дэлхийн хэмжээнд хийгдэх ажлын нэгэн дэвшил боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *