Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайханбилэгийн Засгийн газар энэ зуны наадмыг үзчих юм шиг байна

“Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэж Д.Нацагдоржийн хэлсэнчлэн Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газрыг огцруулчихгүй л бол улсын наадам үзэх нь. Яг одоо энэ Засгийн газрын эрх зүйн чадамжтай, чадамжгүй тухай ярьж байна. Эвслийн бүлэгт багтаж байсан УИХын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Шударга ёс эвслээс гарч МАНыг бараадлаа. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга мөн л намаасаа гарч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын удирдах болов. Л.Цог тус намд оров. Дээрх хоёр гишүүн Эвслийн бүлгийнх. Тэр ч байтугай МҮАНаас Н.Батцэрэг, М.Сономпил нар гарч Ардчилсан намд элсчихлээ. Ингээд Эвслийн бүлэг гэж байхгүй боллоо. Одоо Эвслийн бүлгийнх гэх үү, бүлэггүй үлдэгсэд гэх үү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар л үлдлээ. Одоогоор бүлэггүй эвслээс Засгийн газарт гурван ч сайд байна.

Эвсэл нэгэнт задарч, бүлэг байхгүй болсон болохоор энэ Засгийн газар бас огцрох ёстой, эрх зүйн чадамжгүй болсон гэлцэж байгаа. Мөн эвслээс Засгийн газарт үлдсэн гурван гишүүн сайдын ажлаа хийсээр байгаа нь хууль зөрчиж байна гэж тайлбарлах хүмүүс бий ч энэ нь бодит байдал дээр Засгийн газар огцрох үндэслэл болохгүй юм байна.

Үүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Засгийн газрыг бүрдүүлэх асуудал УИХ-ын сонгуульд оролцсон субьектуудын хооронд яригддаг. АН, “Шударга ёс” эвсэл, ИЗННын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субьектуудын хувьд дээрх намуудад өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй. Сонгуульд оролцсон субьектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай. Мөн УИХын тухай хуулиар наймаас дээш гишүүнтэй нам эвсэл бүлэг байгуулах эрхтэй хуулийн зохицуулалтаар “Шударга ёс” эвсэл задарч бүлэггүй болж байгаа ч эвслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас Засаг огцрох эсэхэд нөлөөлж чадахгүй” гэж тайлбарлана лээ.

Ингэхэд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар огцрох уу. Огцруулах санал хэн оруулахав. Санал орууллаа гэхэд дэмжигдэх үү.

ИЗННын С.Оюун, Д.Дэмбэрэл нарын гишүүд АНд элсээгүй ч сонгуульд дэмжиж оролцоно гээд дагаар орсон байгаа. Одоогоор АН 37 гишүүнтэй болсон. Хэрэв энэ хоёр АНын гишүүн болчих юм бол АН эвслийн бүлгийн гишүүдийн ч хэрэггүйгээр дангаараа засаглах боломжтой болно. Гэхдээ цаг хугацаа ийм давчуу байхад АН засгаараа оролдох нь юу л бол. Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ л сонгуультай золгоно. Засгийн газрын эсрэг байгаа АНын зарим нэг гишүүн, Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргадаг Г.Уянга, С.Ганбаатар, Л.Цог нийлээд ч унагаж дийлэхгүй. Учир нь МАН Засгийн газрыг унагах сонирхолгүй байгаа. Тэд санал оруулж ирлээ ч МАН үүнийг дэмжихгүй. Тиймдээ ч Ч.Сайханбилэгийн танхимынхан санаа амар байна. Тэр ч бүү хэл одоо задарчихаад байгаа эвслийн санал болгосон хүнийг Эрүүл мэнд, спортын сайд болгохоор УИХд өргөн мэдүүлчихсэн. Тэгэхээр Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөх, засаг солигдох нь байтугай бүл нэмэх нь. МАН АН-д сайндаа, Сайханбилэгт хайртайдаа огцруулахгүй авч үлдэнэ гэсэн үг биш. Сонгууль дөхсөн энэ үед эдийн засгийн хүнд бэрхшээл бүхэн Сайханбилэг түүнтэй хамтарч засагт байгаа МАХН, МҮАНынхны буруу гэж хэлэх гэж л тэр. Хэрэв одоогийн Засгийн газар унаад шинээр засгийн газар байгуулагдлаа гэхэд АН дангаараа ч Засгийн газраа бүрдүүлэх боломж бий болох магадлал өндөр байгаа. Гэтэл сонгуулиар АН гэдэг өрсөлдөгчөөс гадна саналаас нь зулгаах МАХН бий. Тиймээс ч МАХНаас бас хариуцлага нэхээд хамтад нь мууг нь дуудаж явбал МАН-д ашигтай гэж харсных. Засгийн газрыг огцруулахгүй гэдэг дээр тэд дотооддоо аль хэдийнэ тохирчихож. МАНын хувьд Засгийн газрыг унагавал муу нэр өөрсдөд нь ирнэ үү гэхээс сайн нэр дуулахгүй. Сонгуульд өрсөлдөх гээд очиход нь ард түмний өмнө хэлэх үггүй болно. Тиймээс Засгийн газрыг унагах нь өнгөц харахад МАНд ашигтай ч үр дүн нь өөрсдөд нь хохиролтой.

МАН, МАХН хоёр сонгуульд эвсэж орох дээрээ тулж, эх орончдын баяраа хамтдаа тэмдэглэн жигтэйхэн найрссан ч төд удалгүй нэг замаар явахгүй гэдгээ, сонгуульд хамт оролцохгүйгээ мэдэгдсэн. Анх хамтарч сонгуульд орох тухай ярьсан нь МАХНтай санал хуваахгүй, тохирч, ялалт байгуулах л санаа байсан шүү дээ. Нэгэнт сонгуульд тусдаа оролцох болсон тул МАНын саналаас МАХН зулгааж таарна. Одоо МАН-ынханд саналаас зулгааж гай болох МАХНыг АНтай хамт тонгорох сонирхол байгаа учраас Засгийн газраар оролдохгүй. Бага хугацаа үлдсэн учраас Засгийн газар эдийн засгийг өндийлгөх бололцоогүй гэж тооцож байна. Тиймээс энэ чигээр нь явуулж сонгуультай золгох сонирхолтой байгаа.

Засгийн газрыг огцруулахаар МАХН өөрсдийн сайд нарынхаа нэрийг татах нь гэсэн мэдээлэл яваад байсан ч худал болж таарлаа. Өнөө маргаашгүй болох сонгуульд сайдын сэтэртэйгээ орохыг хэн хүсэхгүй байхав. Тиймээс сайдаар ажиллаж байгаа нөхөд ч сайн дураараа огцрохгүй. Нам нь хүмүүсээ татлаа гэхэд онцын ач холбогдолгүй, улс төрийн хожоо байхгүй.

Засаг одоо огцорвол дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа эдийн засаг улам дордоно уу гэхээс дээрдэхгүй. Багахан хугацаа байгаа ч аль болох ажил амжуулж, нөхцөл байдлыг сайжруулахын төлөө л явах ёстой юм. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дөнгөж дахин эхэлж, зэсийн үнэ нэг хэсэгтээ л дэлхийн зах зээлд өндөр байх энэ үеийг цаг алдалгүй ашиглах л хэрэгтэй.

Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газар сайн ажилласан уу, муу ажилласан уу гэдэгт ард түмэн л дүн тавина. Түүнээс аль нэг нам, УИХ дүгнэж цэгнээд хувь заяаг нь шийдэх аргагүй болж. Муу ажилласан байлаа гээд дараагийн засаг гарч ирээд сайжруулах хугацаа байхгүй, нөгөө талаас өөр хүнээр солих хугацаа ч бас үлдээгүй. Өнөөх л Ч.Сайханбилэг нь үүрэг гүйцэтгэгчээрээ сонгуультай золгох болно. Аль ч талаас нь харсан Ч.Сайханбилэг танхимтайгаа сонгуультай золгох нь. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар улсын наадам, сонгууль хоёрыг үзэх нь дамжиггүй боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *