Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан сэтгэлийн модонд шувуу бүхэн жиргэнэ

Хүн бүхэнд эхээс мэндлэхэд нь сэтгэл хэмээх их сайхан саглагар навчит мод заяадаг. Тэрнээс биш, хүн энэ хорвоод ирэхдээ бурхан, эсвэл буг чөтгөрийн бүрэлбаа болох томилолт өвөрлөж ирдэггүй. Сэтгэл хэмээх саглагар сайхан модоо цаг мөч бүхэнд тордон нахиалуулах тусам орчлонгийн сайхан бүхэн шувуу мэт тэр л хүн рүү тэмүүлж, ажил үйлс нь өөдрөг, амьдрал ахуй нь ч өнгөлөг гэгээн болдог. Харин хар хорын өчүүхэн салхи авахуулахад л навч нахиа нь толботон гундаж, өт хорхойн идэш болон түмэн зовлонгийн үүр уурхайд хувилдаг. Сайхан сэтгэлийн модонд шувуу бүхэн жиргэж, жиргээ бүхний чимээнд энэрлийн навчис дэлгэрдэг. Энэрлийн навчис дэлгэрэхэд буяны гэгээ цацарч, хүн олныхоо сайн сайхны төлөө, байгаль дэлхийнхээ ариун дагшныг нүдний цөцгий мэт хайрлах гэгээн мөр бүрддэг. Хүн бол сэтгэлийн амьтан гэгддэгийн утга учир ч ийм. Мод хараад уурлаж уцаарладаг хүн тун ховор байх. Түүнтэй нэгэн адил сайхан сэтгэлтэй, сайхан инээмсэглэж чаддаг хүнийг ч бас гай зовлон аяндаа тойрч, үйлс заяа нь бүтэж явах учиртай ийм л сайхан хорвоо билээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *