Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн Азийн оюутны АШТ болно

Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны хурал Улаанбаатар хотноо 2015 оны 05 дугаар сарын 22-25-ний өдрүүдэд Цэцэг зочид буудлын цогцолборт амжилттай явагдаж 15 орны 33 төлөөлөгчид гадаадын орнуудаас хүрэлцэн ирж оролцлоо. Хурлын үеэр 2016 онд болох Азийн оюутны аварга шалагруулах тэмцээнүүдийн эрхийг олгох танилцуулга, зохион байгуулах хүсэлт, саналыг авч хэлэлцлээ. Манай улс 2016 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээний эрхийг авахаар ЭМСЯам, МҮСБХолбоо, МОСХ-ноос саналаа гаргасан юм. Мөн Хятадын Тайвань энэ төрлийн тэмцээнийг авахаар манай улстай хамт өрсөлдөв.

Тэмцээний танилцуулгыг МОСХ, МҮСБХ-ны 4 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хийж, Хятадын Тайваны талаас 5 төлөөлөгч тэмцээний талаар Гүйцэтгэх хорооны гишүүдэд мэдээлэл өгсөн. Үүний дараа, санал хураахын өмнө АОСХ-ны ГХ-нд тухайн улсаас сонгогдон ажиллаж байгаа хүмүүс нэмэлт мэдээлэл хийв. Санал өгөх албан ёсны эрхтэй 9 гишүүн санал өгөхөд Монгол улсын саналыг 6 гишүүн дэмжиж, Хятадын Тайваны тал 3 санал авснаар Монгол улс энэхүү нэр хүндтэй тэмцээнийг өөрийн эх орондоо хүлээн авч, зохион байгуулах эрхтэй болж чадлаа.

Энэхүү хурлын дараа АОСХ-ны ГХ-ны хуралд оролцсон төлөөлөгчид Хандгайт дахь Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ спорт цогцолборт зочлон үйл ажиллагаатай нь танилцан, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй уулзан, Монголын талаас хүндэт зочидод оройн зоог барилаа. Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 10 дугаар сарын 23-30-нд зохион байгуулагдах юм. Тэмцээний урьдчилсан тоглолтууд Хандгайт дахь “Олимп” спорт цогцолбор, Буянт –ухаа спорт ордонд болж хагас, шигшээ тоглолтууд Буян-Ухаа дах спортын ордонд явагдахаар төлөвлөгдөж байна. Тэмцээний эрхийг авахад Монгол улсын Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба болон ЭМСЯамнаас дэмжлэг үзүүлжээ. Энэхүү тэмцээнд Монголын оюутан сагсан бөмбөгчид 2006 онд анх орж байсан бол 2010, 2012 оны тэмцээнүүдээс 2 удаа хүрэл медаль хүртэн, 2014 онд шагналт 5 дугаар байранд шалгарч байв. Тэмцээнийг 2016 онд өөрийн эх орондоо зохион байгуулсанаар өмнөх амжилтаа ахиулж, аваргын алтан медалын төлөө өрсөлдөх бүрэн боломжтой гэж МОСХолбоо, МҮСБХолбооноос үзэж байгаа юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *