Categories
мэдээ цаг-үе

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийн Э.Бат-Үүлд хамаарах зүйл заалтыг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон уу

“ЭНЭ ХЭРЭГ МАШ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ШАЛГАГДАЖ БАЙГАА ТУЛ ГАНЦ ХҮНИЙ АСУУДЛЫГ ТУСГАЙЛАН АВЧ ҮЗЭЖ, ЯРИХ БОЛОМЖГҮЙ” ГЭВ

Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Э.Бат-Үүлийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг .Ажлын хэсгийнхэн Э.Бат-Үүлд холбогдох зүйл заалтыг саяхан хэрэгсэхгүй болгосон гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Түүний хэлж буйгаар Э.Бат-Үүлд холбогдуулан шалгаж байсан зүйл анги мөрдөн байцаалтын шатанд гэмт буруутай Эсэх нь тогтоогдоогүй .Иймд прокурорын шатанд Хэрэгсэхгүй болгосон гэлээ. Өөр нэг эх сурвалж “Энэ хэрэг Маш нууцын зэрэглэлтэй шалгагдаж байгаа тул ганц хүний асуудлыг тусгайлан авч үзэж, ярих боломжгүй” гэсэн тайлбарыг өгч буй юм. Юутай ч албаны эх сурвалжууд энэ мэдээллийг үнэн гэж хэлж чадахгүй байгаа ч бас үгүйсгэхгүй байсан юм. Э.Бат- Үүлээс өөрөөс нь энэ талаар тодруулах гэсэн боловч тэрбээр орон нутагт ажиллаж байгаа гэдгийг түүний ойрын эх сурвалж өгөв. Ямартай ч хуулийнхны хүрээнд ийм мэдээлэл явж байна.Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор хэн юу гэж хэлэв гэдгийг сийрүүлье.

Э.Бат-Үүл ажлын хэсгийнхэн яллагдагчаар дахин татсан тухайгаа сэтгүүлчдэд ярихдаа “ Намайг 2000 онд хуулийн наад захын шаардлага, заалтуудыг зөрчин гэм хийгээгүй байхад “Ганц худаг”-т хорьж байв. Тухайн үед намайг баривчлах гэж буй талаар мэдээгүй учир олон түмэндээ үгээ хэлж чадалгүй хоригдож байсан. Дахин ийм үйл явдал гарч болзошгүй учир та бүхэнд хандан болж буй үйл явдлын талаар мэдээлэх гэсэн юм.

1998 оны намар С.Зоригийн амь насыг зэрлэг, балмадаар хөнөөсөн. Хэрэг гарсан орой намайг гэртээ байхад Нийслэлийн цагдаагийн дарга Н.Ганболд “Хамгаалалтад авч байна” гэж хэлээд хэргийн газар дагуулж очсон. Намайг очиход олон хүн бужигнаж байсан. Хэргийн газрыг хамгаалалтад авалгүй олон хүнийг бужигнуулсан нь үнэхээр гайхмаар санагдсан. Тухайн үед хэргийн газарт очоод бусадтай адилхан цочирдсон. Тэгээд Ц.Элбэгдоржийг ирэнгүүт хамт байж байгаад цуг явсан. Гарахдаа цагаан цэнхэр малгайгаа мартсан байв. Хэрэг болсны дараа надаас гэрчийн мэдүүлэг авсан.

Намайг малгайгаа мартсан гэдгийг цагдаагийн байгууллага тогтоосон.Тухайн үед мөрдөн байцаагч н.Цогтбаяр надад малгайг маань буцааж өгч байсан. Үүнээс хойш надаас ямар нэгэн мэдүүлэг, байцаалт аваагүй. Гэтэл УИХ-ын сонгуулийн өмнө дөрөвдүгээр сарын үед мөрдөн байцаагч н.Цогтбаяр дахин дуудаад “Хэргийн газарт орхисон малгай чинь байна уу. Танд байгаа бол аваад хүрээд ир” гэсэн. Малгай маань байсан. Тэгсэн миний малгайг авангуутаа “Энэ малгай хэргийн газраас олдсон учир сэжигтнээр татаж байна” гэсэн. Тэгээд намайг сэжигтнээр татсан. Уг аргаар улс төрийн маш том компанит ажлыг явуулсан. Тухайн үед намайг яаж гүжирдэж, доромжилж байсныг та бүхэн мэднэ” хэмээн бухимдангуй ярьж байсныг санаж байгаа байх.

Хяналтын прокурорын ярилцлага

Түүний энэ мэдэгдлийн дараахан Нийслэлийн хяналтын прокурор Б.Батжаргал ярилцлага өгөхдөө “Эрүүгийн хэргийн нууцад хамаарах эсэх асуудлыг мөрдөн байцаагч өөрөө бие даан шийддэггүй. Хэрэгт авагдсан баримт, материал нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд хамаарагдаж байгаа эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гарсны дагуу шийддэг. Энэ хэргийн хувьд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан маш нууцын зэрэглэлд хамаарах баримт, материал авагдсан тул шинжээчийн дүгнэлтээр хэргийг нууцын зэрэглэлд хамааруулан шалгаж байгаа. Э.Бат-Үүлийг 2000 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр, 2000 оны наймдугаар сарын 29-ний өдөр тухайн үед хэрэгжиж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан байдаг. Сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны аравдугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм. Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.

Хэрэг гарсны дараа хэргийн газарт нэвтэрсэн бүх хүнээс холбогдох шинжилгээний дээж авсан. Э.Бат-Үүлээс өмнө нь хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа авч байсан. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийн мөрдөн байцаагч нараас шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байсан. Харин сая авсан хурууны хээ, үс, цусны шинжилгээний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм. Хэрэгт ганцхан Э.Бат-Үүлийг биш хэд хэдэн хүнийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас шалгаж байна. Түүнээс биш сонгуультай холбоотой улс төрийн зорилгоор шалгаагүй. Мөрдөн байцаах байгууллага болон прокурор нь хуульд заасан чиг үүргийн дагуу хэн нэгнээс хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэдэг. Хэрэгт Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокуророос үйл ажиллагаанд нь хуулийн дагуу хяналт тавьж байгаа. Харин энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч болон улс төрийн нам, эвслээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хуулиараа ч хориотой зүйл юм” гэж нэлээд ул суурьтай ярилцлага өгч байв.

Ерөнхийлөгчийн байр суурь ба Улсын ерөнхий прокурорын туслахын мэдээлэл

Үүний дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэрээ Э.Бат-Үүлийн хэргийн талаар асуусан асуултад “Э.Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн дээ. Цаашдаа ч дэмжинэ. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүст хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Хэлмэгдүүлэх ч ёсгүй” гэж хэлсэн. Үүнээс олон нийт Э.Бат-Үүл С.Зоригийн хэрэгт холбоогүй юм байна гэсэн мессэжийг авсан.

Тэгвэл хамгийн сүүлд Улсын ерөнхий прокурорын газраас энэ оны эхний есөн сарын байдлаар хийсэн ажлын талаарх тайлан мэдээгээ сэтгүүлчдэд танилцуулахдаа, Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “С.Зоригийн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Энэ хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа тул илүү мэдээлэл өгөх боломж алга. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” хэмээсэн. Ингэхдээ Э.Бат-Үүлийг дурдаагүй нь түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой байж болох талтай гэж учир мэдэх хүмүүс ярьж байсан билээ. Ийм мэдээллийг юутай ч хуулийн зарим эх сурвалж өгч байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *