Categories
мэдээ цаг-үе

С.Зориг агсны нэг ангийнхан

1979 оны намар

“Алтан гадас” одонт нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийг 1980 онд төгссөн 10“Б” ангийнхан энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд уригдан оролцож байна. Тус анги 38 хүүхэдтэй. Тэд 1970 онд Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс цугларан арван жилийг хамтдаа сурч боловсрон, хүүхэд ахуй насаа өнгөрүүлжээ. Хичээлийн шинэ жилийн анхны өдрийг сурагч бүхэн нэг л дэврүүн сайхнаар угтдаг. Удаан уулзаагүй ангийнхантайгаа уулзаж, баяр хөөр болохыг зуны турш сэтгэл догдлон хүлээсэн учраас тэр. Анги өсөх тусам охид, хөвгүүд бие биенээ сонжин харж, тэр нь хайрын харц болон хувирах нь бий. Энэ мэт явдал ч тэдний сурагч ахуйн дурсамж, дурдатгалд үлджээ. Одоо ч тэд тэрхүү гэгээн үеэ дурсан санадаг байна. “Хичээлийн шинэ жил эхэлж, хэсэг хугацаа өнгөрөхөд сургуулийн тогтсон хэмнэлд аажим уусан ордог сон. Хичээл ном, гэрийн даалгавартаа дарагдсан завгүй өдрүүд үргэлжилнэ. Энэ мэтээр хавар болтол хөвөрнө л дөө. Эхний улирлын дундуур олон нийтийн арга хэмжээ их зохиогдоно. Анги бүр урлагийн үзлэгт бэлдэж, бусад уралдаан тэмцээнд оролцоно. Бага, дунд, ахлах ангид шилжих мөч тухай бүр өөр өөрийн онцлог, сэтгэлийн хэмнэл, дурсамжаар дүүрэн байдаг” хэмээн 10“Б” ангийн сурагч Б.Түвшинтөгс ярьсан юм.

1970-аад оны сүүлээр гадаад орчин, соёл, хөгжмийн урсгал зэрэг эрс шинэчлэгджээ. Тэд ч түүнтэй хөл нийлүүлэн алхаж, хоцрохгүйн тулд ихэд хичээдэг байсан гэнэ. Рок, диско хөгжмийн урсгал ид моданд орж байж. Тэр утгаараа тухайн үеийн ахлах ангиудын дунд амьд хөгжмийн үдэшлэг болох нь олонтаа. Алдарт “Айзам”, “Соёмбо”, “Ногоон гэрэл”, “Инээмсэглэл”, “Дөмөн”, “Үүрийн туяа”, “Залуус” зэрэг цахилгаан хөгжмийн хамтлагууд уригдан ирж, үдэшлэгийг уянга, эгшиг дүүрэн болгодог байжээ.

23 дугаар сургуулийнхан ч өөрийн гэсэн хамтлагтай байсан гэнэ. Тэдгээрийн тэргүүн эгнээнд “Малыш” Энхтүвшин, Ганзориг, Батболд тэргүүтэй сурагчид ордог байсан гэнэ. Эдний төгсөлтийнхөн ч ах нарынхаа халааг авчээ. 40, 50 мянгат болон хотын бусад дүүрэгт нэрээ дуурсгасан “Black stars” гэдэг хамтлагтай байжээ. Уг хамтлаг одоо ч ангийнхаа уулзалт, арга хэмжээн дээр уригдаж, сонорыг нь мялаасаар л байгаа аж. Хамтлагийн гишүүдэд В.Энхбат, И.Ганбаатар, Гэрэлт-Од, Б.Түвшинтөгс нар багтдаг байна. Мөн Саранчимэг, Баярмаа, Энхтуяа зэрэг авьяаслаг дуучин охидтой гэсэн. Тэд есдүгээр ангиа төгсчихөөд төгсөлтөөрөө “Хөдөлмөр” зусланд амарчээ. Тэр үедээ “Black stars” хамтлаг үеийн нөхдөдөө ковер дуунуудаа сонсгож, мартахааргүй сайхан мөчийг өнгөрүүлсэн байна. Гурван банзан гитартай ч бөмбөр байхгүй учир нөгөө ангийнхаа охины том чемоданыг бөмбөр болгочихож. Бөмбөрийн үүрэг гүйцэтгэсэн тэрхүү чемодан хотын зүг хөдлөхөд эвдэрч, хэмхэрч, үүрэгээ гүйцэтгэхэд бэрх болсон хөгтэй дурсамж байдаг аж. “Black stars” хамтлаг тухайн үеийн бүхий л алдартай хамтлагуудын дуунуудыг коверлодог, урын сандаа 40-өөд дуутай чамгүй бүтээлч хамтлаг байжээ.

Төгсөлтийн 30 жилийн ойгоор С.Зоригийн хөшөөнд багш нарын хамт хүндэтгэл үзүүлж буй нь.

Тухайн үеийн сурагчдад наймдугаар ангиа төгсөх нь тун ч хариуцлагатай алхмын өмнө ирснийг сануулна. Сурлагаараа улаан зураасны ард зогсвол өөр сургууль руу шилжих, эсвэл ТМС-ийг сонгон цааш суралцаж таарна. Сурагчдын тоо багассан тохиолдолд зарим ангийг задлан бусад ангиудад ч хуваарилдаг байж. Энэ бүхэн ижилдэн дассан нөхдөөсөө холдох хүнд шийдвэр болдог байсан талаар тэд ярьж байлаа. Өөр ангид хуваарилагдан орсон нэг нь хэсэгтээ л гэрэвшиж, хуучин ангийнхнаа санагалздаг байжээ.

23 дугаар сургуулийн багш нар ЗХУ-ын төвийн бүсээс шалгарч ирдэг байсан тул маш хариуцлагатай, басхүү чанартай сургалт явуулдаг байж. Түүний ачаар ч энэхүү сургуулийн төгсөгчид нийгмийнхээ түүчээ болсоор ирсэн нь лавтай. Эцэг эхчүүд ч хүүхдээ 23 дугаар сургуульд сургахыг ихэд эрмэлздэг байсан талаар тэд онцолсон юм. Мэдлэг чадвараа харамгүй зориулж ерөнхий боловсролын суурь мэдлэг олгосон багш Лидия Прокофьевна, Ким Кузмич, Пётр Лазаревич, Галина Степановна, Вера Семёновна, Муравьевский, Коломиецын гэр бүл, Любовь Алексеевна нартаа тэд үргэлж талархаж явдаг байна. Сахилгагүйтэж орос багш нарыгаа ч уйлуулж явсан тохиолдол тэдэнд байдаг гэсэн шүү.

Энэхүү сургуулийн нэг онцлог нь үндэсний хэл бичиг, утга зохиол, түүх, газар зүйн хичээлүүдийг төрөлх хэл дээр нь хамтатган заадаг байжээ. Өсвөр үеийнхэнд өв тэгш мэдлэг олгоход монгол багш нар ч онцгойлон анхаарч, идэвх зүтгэлтэй ажилладаг байсан аж. Захирал Галсан, хичээлийн эрхлэгч Дагвасүрэн, Цэрэнханд, багш Хүү, Жадамба, Гонгор, Долгор, Мөнхцэцэг, Зориг, пионерын удирдагч Соронзон нартаа ч ихэд баярлаж явдаг гэсэн. Б.Түвшинтөгс “Биднийг ахлах ангид орох үед орос, монгол хоёр багш хамтран дааж авсан. Ангийн багш Хүү маань боловсролын салбарт насаараа зүтгэсэн дээ. Хүүхэд, залуучуудын монгол хэл, уран зохиолын боловсролд өдийг хүртэл хувь нэмэрээ оруулсаар яваа. Багш маань одоо МУБИС-д Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаа. Багш нартаа болон ангийн нөхөддөө хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэв.

23 дугаар сургуулийн 1980 оны төгсөлтийн гурван бүлгээс сурлагаараа цойлсон олон сурагч байжээ. Түүний нэг нь төр нийгмийн зүтгэлтэн, ардчиллын алтан хараацайнуудын нэг Санжаасүрэнгийн Зориг агсан юм. 10 “Б” ангийнхан С.Зоригийгоо мундаг нэгэн болно гэдэгт итгэлтэй байдаг байсан ч өөрсдийнх нь болоод улс орны ирээдүйг өөрчлөгч нэгэн болно гэж хараахан санаагүй гэдэг. Үеийн нөхөд нь “С.Зоригийгоо ямар хүүхэд байсныг яривал хүмүүс худлаа магтлаа л гэж бодох байх. Үнэн нь л тэр юм. Зориг маань оросдуу царайтай, уян зөөлөн хөдөлгөөнтэй хүү байлаа. Манай багш нар бүгд шахуу оросууд учир Зоригд их сайн. Анд маань ч тэр итгэлийг алдахгүй гэж боддог байсан уу хичээл, сурлагадаа ихэд шамдана. Тэр нь ч бидэнд мэдрэгддэг байлаа. Тэрээр сургуульд орсон цагаасаа л онц сурсан, ангийн үлгэр жишээ хүүхдүүдийн нэг байсан юм. Багаас дунд анги хүртэл ангийн даргын албыг ч хашиж байв. Хэдий онц сурлагатан ч бусдаасаа онцгойрно гэж үгүй. Ангийнхаа бүх л хүүхэдтэй ялгахгүй харьцдаг нийтэч хүүхэд байсан. Хичээлээ тараад бидний л адил сургуулийн гадна тоглож өнжинө. Тэгсэн хэрнээ маргаашийнхаа бүх л шалгалт дээрээ онц авна. Бид ч их гайхдаг сан. Ахлах ангид орох үеэс Зориг маань зураг дарах сонирхолтой болсон. Тэр үеийн орос аппаратаар зурагаа авч, өөрөө угаана. Ангийн зугаалга, нийллэг, бусад бүхий л арга хэмжээний зургийг мань хүн дарна. Үе үе маш ховор нандин зурагнууд дэлгэж, анги дотор бөөн шуугиан дэгдээдэг байж билээ. Зан чанарын хувьд их төлөв даруу. Ахмад настан болон эмэгтэй хүнтэй онцгой хүндэтгэлтэй харьцаг хүүхэд байсан шүү. Шударга, зарчимч, маш хүнлэг. Энэ зан чанар нь амьдрал дээр гарсан ч огт өөрчлөгдөөгүй” хэмээн түүний тухай хуучилсан юм.

Эдний ангиас эмч, физикч, багш, улстөрч, биологич, архитектор, геологич, тэргүүний төмөр замчин зэрэг улс эх орондоо хувь нэмрээ оруулсан олон боловсон хүчин төрөн гарчээ. Мөн хувиараа бизнес эрхэлж амжилт бүтээл дүүрэн яваа нь ч олон байна. И.Ганбаатар “Одоо бид бүгдээрээ аль хэдийнэ амьдралынхаа тэн хагасаас илүү насыг насалжээ. Үр хүүхэд, ач зээ нараараа хүрээлүүлсэн эмээ, өвөө болцгоосон ч ангийн хэдэн нөхдөө манай ангийн хүүхэд гэж ярьдаг хэвээрээ л байна шүү. Хүүхэд ахуйн гэгээн бүхэн хүний сэтгэлд ийн тод үлддэг байх. Ангийнхандаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Энэ үеийнхэн социалист нийгмийн ид бүтээн босголт, цэцэглэлтийг бие сэтгэлээрээ мэдэрсэн тийм л хүүхдүүд байсан аж. Аливаа олон нийтийн арга хэмжээнд анги хамт олноороо оролцож, улам бүр нягтран нэгддэг байжээ. Хүүхэд тус бүрийнхээ дотоод зан араншин, онцлог байдлыг дэндүү сайн мэддэг болоод сургуулиа төгсөцгөөсөн дөө хэмээн тэд дурссан юм. Мөн 23 дугаар сургуулийнхаа ид сэргэн мандалтын үед нь сурч төгссөндөө тун чиг олзуурхаж явдаг гэдгээ хэлж байлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *