Одоогоос найман жилийн өмнө Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад амиа алдсан билээ. Тодруулбал, 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр Малайзын Куала Лумпур хотын Силангор мужийн Субан Дам хэмээх ойгоос түүний цогцсыг онц хэрцгийгээр хөнөөсөн байсныг олсон байдаг. Хэрэг гараад найман жил өнгөрсөн ч одоог хүртэл Малайз улсаас уг хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа юм. Энэ талаар Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай ярилцлаа.
-Таны охин Малайз улсад амиа алдаад найман жил гаруй боллоо. Сүүлийн үеийн мэдээлэл өгөөч.
-Энэ сарын 19-ний өдөр Лалын шашинтнууд аллах тэнгэртээ үнэнчээ үзүүлж, мацаг барьсны тайлал буюу шашных нь баярын өдөр. Энэ өдөр тэдний хувьд нүгэл бүхнийг цээрлэж, дараа жилийн энэ цаг хүртэл буян үйлдэнэ гэж тангараг тавьдаг чухал өдөр. 2006 оны энэ өдөр Малайз улсын төрийн эрх мэдэл бүхий хүмүүс энэхүү аллагын ажиллагааг үйлдэхдээ эртнээс бэлтгэн, хуйвалдаж миний охин, монгол эх Алтантуяаг шашны энэ баяртаа оролцуулах урилга өгч, хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй зэрлэг аргаар амь насыг нь бүрэлгэснээс хойш найман жил өнгөрлөө. Эцэг хүний хувьд өнгөрсөн жилүүдэд өөрийнхөө хөлийг хүрэх газар бүрт очиж, хэргийг эцэслүүлэхийг хичээсэн ч одоог хүртэл гэмт этгээдүүд сул чөлөөтэй явж байна. Франц-Малайзын Засгийн газрын хоорондох 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлгийн хууль бус наймаа болон Малайзын улс төрчид Францын шумбагч хөлөг худалдаалагчдаас их хэмжээний хахууль авсан хэргийн гэрч, уг үйл ажиллагаанд орчуулагчаар ажилласан учраас охиныг маань зэрлэгээр хөнөөсөн нь бараг тогтоогдсон. Гэвч Малайзын тал энэ хэргийг шийдвэрлэхгүй байна. Энэ хэрэгтэй холбоотой гэрч бүрийг устгаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард үнэний төлөө тэмцэж явсан өмгөөлөгч Карпал Сингх гуайг автын осол гэсэн шалтгаанаар хорвоогоос явуулчихлаа.
-Энэ хэрэг дээр манай улсын төр засаг хэрхэн ажилласан бэ. Мэдээж энэ хугацаанд зүгээр суугаагүй байх?
-Тэгсэн. Монголын төр, засаг их “зүтгэсэн”. Хэрэг гарсны дараа анх нот бичиг явуулж, дараа нь холбогдох дөрвөн байгууллагад захидал бичиг явуулсан байдаг. Үүнд нь Малайзын талаас нэг ч хариу ирүүлээгүй. Монголын төр засаг ингэж л ажилласан.
-Харин та хэрэг гарснаас хойш хөлөө хүрэх газраа хүртэл явж олон газрын хаалгыг татсан байлгүй. Энэ талаараа яривал?
-Харин би хэрэг гарснаас өдий хүртэлх хугацаанд 80 гаруй захидал, өргөдөл бичиж, арав гаруй удаа Малайз улс руу явж төрийн яамд, хүний эрхийн байгууллагуудын жижүүрт 300-гаад удаа иргэний цахим үнэмлэхээ шалгуулсан байна. НҮБ-ын Хүний эрхийн хороо, Лондон дахь төв, Ази, Номхон далайн Хүний эрхийн газар болон Монгол дахь НҮБ-ын Хүний эрхийн төлөөлөгч зэрэг олон газарт хандсан. Тэд бүгд “Энэ бол танай улсын төр, засгийн хөөцөлдөх асуудал. Та төрдөө ханд” гэдэг нэг л хариу өгдөг.
-Та тэгээд төр засагтаа олон удаа хандсан биз дээ?
-Өөрийнхөө хүч чадлаар л явсан. УИХ-ын эмэгтэй гишүүн бүртэй эх хүмүүс юм чинь арай өөрөөр хандах болов уу гэж тусгайлан уулзаж үзсэн. Одоогоор тэдний зүгээс ямар нэг хариу ирээгүй байна. Харин ГХЯ-ны Консулын газар чамгүй ажил хийж байсанд баярладаг. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрөө санаачлан Малайз нөхдүүдэд асуудал тавьж, надтай уулзаж, санал солилцсон. Бас ч гэж цөстэй л эр, ийм хүн өдрийн од шиг цөөн ч байдаг л юм билээ.Төрийн өндөрлөгүүдэд олон удаа хандаж, хэвлэлээр дамжуулан ил захидал илгээж байсан. Ажил ихтэй болохоороо надтай уулзаж завддаггүй байлгүй дээ, тэд.
-Малайзын хаанд манай улсын элчин сайд итгэмжлэх жуух бичиг өргөн барьсны дараахан талийгаачийн хэрэгт холбоотой хоёр офицерийг сулласан байдаг байх аа?
-Тийм. Манай элчин сайд Малайзын хаанд итгэмжлэх жуух бичгээ барьснаас хоёр хоногийн дараа цаазын ял сонсоод байсан “алуурчин” хоёр офицероо сулласан. Ингэснээр Малайзын төр монгол хүнийг яаж ч байсан малайзчуудад хууль үйлчлэхгүй гэсэн жишгийг тогтоосон гэж би ойлгож байгаа. Дэлхийн талыг эзэлж явсан монголчуудыг хэн дуртай нь доромжилдог болоо юу хэмээн харуусах сэтгэл төрж байна. Гэтэл саяхан Их Британийн иргэнийг хороосных нь төлөө Исламын улсыг Англи агаараас цохилт өгч, иргэнийхээ гэр бүлд хүмүүнлэгийн тусламж харамгүй өгч байна. Гэтэл манайхан юу ч болоогүй юм шиг л сууж байна.
-Цаашид таны зүгээс ямар арга хэмжээ авах вэ. Таны охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг шийдэгдэлгүй замхраад алга болчих юм биш биз дээ?
-Их хэлмэгдүүлэлтийн үед хүний эрхийг буудаж хороож шийдвэрлэдэг байж. Харин одоо цагт чимээгүй байж эвийг сахигчийн дүрээр хүний эрх, амь насаар тоглогчдыг үл огоорон өнгөрүүлдэг шинэ тогтолцоотой болоод байх шиг байна. Хүний эрхийн байгууллагууд арай өөр арга барилтай, шинэ түвшинд гарч ажилладаг болоосой гэж хүсч байна. Охиноо талийгаач болсноос хойш Монголчуудын эрхийн тухай ойр зуурыг мэддэг боллоо. Цаашид тууштай, бүр хүчтэй дуугарах болно.
-Талийгаачийн хүүхдүүд одоо хэрхэн амьдарч байна. Нэг үеэ бодвол овоо том болцгоочихсон байх?
-Зөгийд хатгуулж үзээгүй хүн зөгий хатгадаг гэдгийг мэддэггүй юм гэсэн. Хүн өөрт нь ирээгүй бол зовлонг тэр бүр мэддэггүй юм билээ. Хүүхдийн баяр бусад тэмдэглэлт өдрүүдээр би дэлгүүрээс бэлэг худалдаж аваад “Том дарга миний хүүд бэлэг явуулжээ” гэж дээдсүүдийн нэрийг зээлддэг дээ. Одоо овоо том болж байна. Гэхдээ хэзээ “Учрыг нь яагаад олоогүй юм бэ. Гэмт хэрэгтнүүдийг яагаад шийтгээгүй юм бэ” гэж асуух бол гэж айдаг.
-Та Малайз руу цөөнгүй удаа явсан. Тэнд ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчуудтай уулзаж, амьдрал ахуйтай нь нэг биш удаа танилцсан тухай цухас дурддаг. Энэ талаар дэлгэрэнгүй ярих боломж байна уу?
-Монголчууд тэнд хэрхэн амьдарч, амь зууж байгаа тухай үнэнийг би мэднэ. Заримынх нь тухай бодохоос ч ой гутмаар юм бий. Малайз 27 сая хүн амтай ч дийлэнх нь ширэнгэд зэрлэгээр амьдардаг юм билээ. Азийн бар орон гээд л монголчууд гоё, тансаг юм яриад байдаг. Үнэндээ бол өдөр болгон ордог ширүүн бороо хотыг нь угаачихдаг учраас цэвэрхэн харагддаг болохоос биш хотоос хэдхэн бээр яваад үнэн төрх нь харагдана. Манай хөдөөнийхөн ядуу, буурай гэгддэг ч хот дүүрэн малтай, бичиг үсэгтэй тэдний хажууд баян, эрдэмтэд гэсэн үг. Хамгийн гол нь эдийн засгийн чөлөөт байдалд олон жил болчихсон, хувийн хэвшлийнхэн нь хэнээс ч хамааралгүй улсаа аваад явчихдагт л учир нь байгаа юм. Улстөрчид буюу даргад дуртай хэд нь сандал суудал, засаглалын төлөө юу ч хийхээс буцдаггүй юм билээ. Шүүх хурал дээрээ шууд л дугтуйтай мөнгө авч, өгөлцдөг гээд бод л доо. Миний охины аминд хүрсэн хоёр офицероо үндэсний баатар мэтээр шагналаа гэж тэндхийн хэвлэлд бичсэн байна лээ. Алуурчин офицерын нэг нь “Би олон хүн захиалгаар цааш нь харуулсан туршлагатай хүн. Гагцхүү тохиролцсон мөнгөө л өгөөрэй” гэж Багиндад хэлж байсан нь баримтаар нотлогдсон байдаг. Ийм л хүн Ерөнхий сайдынх нь бие хамгаалах албаны ахлах офицероор олон жил ажиллаж байна шүү дээ.
-Хүмүүс Малайзад сурч, амьдрахаар явсан хүүхдүүд, хамаатан садныхнаа сураггүй болчихлоо гэх мэтээр танд ханддаг гэж байсан. Ихэвчлэн ийм шалтгаанаар ханддаг уу, өөр зүйл бас байдаг уу?
-Янз янзын асуудал бий. Монголчууд хүний наймаанд хэрхэн оролцох вэ, яаж золиос нь болох вэ гэдэг туршилтад өнгөрсөн жилүүдэд хангалттай оролцож, сургамж авлаа шүү дээ. Ийм газар руу монгол охид, залуус явах гэж хошуурах, дурлахын хэрэг байхгүй. Амь нас, эрүүл мэндэд нь ямар ч баталгаа байхгүй. Хамгийн гол нь Малайзад монголчууд эзэнгүй байдаг. Тэнд хэдэн мянгаар тоологдох монголчууд ажиллаж, сурч байна. Энэ нь визгүй болгосны уршиг шүү дээ. Малайз, Хонконг,Сингапур, Тайланд, Тайвань зэрэг дандаа бар нэртэй хүний наймаа, хар тамхины хамаг мафи нь өндөр хөгжсөн улсууд руу визгүй зорчдог болсон нь цаанаа том улс төр. Бусдын зовлон, муу муухайг ярих сонирхол надад алга.
-Та охиндоо зориулж өгүүллэг бичиж байгаа гэсэн үү?
-Талийгаач охиныхоо гэгээн дурсгалд зориулан “Цэнхэр дурдан алчуур” гэдэг өгүүллэгийг зураглал байдлаар бичсэн. Амьдрал гэгчийн мөн чанарыг бүтэн таньж амжаагүй гэнэн цайлган 20 гаруйхан настай бүсгүй үрээ эрүүл саруул болгох гэж харийн оронд ажиллаж яваад бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн явдал бол зөвхөн манай гэр бүлийн уй гашуу, сургамж бус монголчуудын уй гашуу, монгол иргэн бүрийн харь тэр тусмаа эрсдэл өндөртэй орнуудад учирч болох сургамж юм шүү гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэж бодсон.
-Таныг уншигчдын олонх нь талийгаач Алтантуяагийн аав гэдгээр нь мэдэхээс хэл бичгийн багш гэдгийг мэдэх нь цөөн байх. Таныг гавьяат багш болох дөхсөн гэх яриа гарсан байсан.
-Одоогоос хэдэн жилийн өмнө МУИС-д олон жил ажилласан Манж судлаач, нэрт эрдэмтэн Я.Шаарийбуу багшид гавьяат цол олгосон юм. Тэр үеэр би нэр нэгт багшийнхаа шагнал авч байгаа бичлэгийг хийж байсныг үзсэн шавь нар маань намайг гавьяат болж гэж андуураад, цэцэг барьж угтсан юм. Ийм л андуурал болсон. Гэхдээ би багийн бага сургуулиас эхлээд МУИС хүртэл боловсролын бүх салбарт 40 гаруй жил багшилж, Монголын түүх, соёлын нэрт эрдэмтдийн тухай 80-аад баримтат кино бүтээсэн хүн шүү.
Э.БААТАР