Засгийн газрын хуралдаанаар эмч, сувилагч, жолооч болон эрүүл мэндийн зарим мэргэжлийн ажилтны цалинг тодорхой хувиар нэмэхээр шийдвэрлэжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Сарангэрэл мэдээлэл хийлээ.
С.Сарангэрэл “Монгол Улсын Засгийн газар хуралдаж төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр шийдвэрлэлээ. 2018 оны есдүгээр сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хамгийн их ачаалалтай ажилладаг сувилагчдын цалинг 30 хувиар нэмсэнийг та бүхэн мэдэж байгаа. Үүний үр дүнд сувилагчдын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдсэн.
Харин эмч нарын цалин нэмэх асуудал хүлээлттэй байсан. Эмч нарын сүлжээний цалингийн шатлалыг 4,5- 6,7 авчирлаа. Өөрөөр хэлбэл зарим нь хоёр гурван шатлалаар цалингаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой боллоо. Эмч нарын цалинг 21,3 –аас 47.1 хувиар нэмэгдэж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 122-270 мянгаар цалин нэмэгдэж байна гэсэн үг” гэв.
Түүнчлэн сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийн хүмүүсийн цалин орхигдсон байжээ. Тухайлбал, сонсгол засагч, сэргээн засахын мэргэжилтэн, дүрс оношлогооны техникч, хоол зүйч, эм найруулагч, эрүүл мэндийн мэдээллийн техникч нарын цалингийн сүлжээний шатлал нэмэгдээгүй байсныг сая болсон Засгийн газрын хуралдаанаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн түргэн тусламжийн 511 жолооч байдаг. Эдгээр жолоочид 400 гаруй мянган төгрөгийн цалин авдаг байсныг 142 мянган төгрөгөөр нэмэгдүүлжээ. Эдгээр цалингийн нэмэгдүүлэлт энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж нэмэгдэнэ.
Б.ОЮУНЖАРГАЛ