Categories
онцлох-нийтлэл эдийн-засаг

С.Рагчаа: Экспортод тавигдах тарифын хөнгөлөлтийг ОХУ-тай байнга зөвшилцдөг ч дорвитой үр дүн гараагүй л байна DNN.mn

Олон улс судлаач, эдийн засгийн ухааны доктор С.Рагчаатай ОХУ-д хийсэн УИХ-ын даргын айлчлалын хүрээнд товчхон ярилцлаа.


-УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Энэхүү айлчлалаар хэлэлцэгдсэн чухал асуудал юу байв?

-Их хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володины урилгаар энэ сарын 18-22-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын үеэр тус улсын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Төрийн думын дарга В.В.Володин нартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцсон. Мөн Монгол, Оросын парламентын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулах баримт бичигт гарын үсэг зурсан. Ерөнхийдөө айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны худалдааны хэт тэнцвэргүй байдал, хэрэгжилт нь удаашралтай байгаа дэд бүтцийн томоохон төслүүдтэй холбоотой асуудлуудын бодит шийдлийг ярьж байсан. Өөрөөр хэлбэл худалдааны хэт тэнцвэргүй байдал гэдэг бол ОХУ-аас тогтоосон татвар гэсэн үг. Үүнийг тэнцвэртэй байлгах асуудлыг УИХ-ын дарга тодорхой дурдсан. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх асуудлыг ярьж байна лээ. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагаа идэвхтэй байснаараа томоохон төсөл хөтөлбөр илүү хурдацтай явагдана гэдгийг онцлон хэлсэн. Бидний хувьд эрчим хүчний тодорхой хувийг ОХУ-аас авдаг. Үүнийг багасгах, эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд юун түрүүнд Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшлах ёстой. Мэдээж энэхүү төслийг урагшлуулахын тулд хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд явах нь чухал. Үүнийг УИХ-ын дарга хэлэлцээрийнхээ үеэр тодотгож хэлсэн нь сайн. Харин Монголын талын дээрх санаа зорилгыг ОХУ-ын Төрийн думын дарга дэмжинэ гэдгээ илэрхийлсэн нь бүр ч сайн. Ерөөсөө айлчлалын гол цэг нь энэ юм.

Айлчлалын хүрээнд хэлэлцэгдэж батлагдсан өөр содон зүйл юу байв. Мэдээж хоёр улсын парламентын түвшинд асуудал яригдсан байх. Бусад салбарт тэр дундаа төмөр зам, шатахуун, эдийн засгийн хамтын ажиллагаанд яригдаж шийдэгдсэн асуудал юу байсан бэ?

-Монгол Улсын их хурал, ОХУ-ын холбооны хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалтын тухай баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламентын хамтарсан комисс байгуулагдсан. Улмаар хоёр улсын парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотод ирэх наймдугаар сард хуралдуулахаар боллоо. Энэ бол маш том үйл явдал гэдгийг хэлье. Учир нь хоёр улсын бүх талын хамтын ажиллагаанд тодорхой эрх зүйн асуудал тулгардаг. Үүнээс болоод эдийн засгийн болоод худалдаа, томоохон төсөл хөтөлбөр царцдаг тохиолдол цөөнгүй. Мөн хоёр улсын худалдааны хэт тэнцвэргүй байдал нь эрх зүйн орчин тааруу, тодорхойгүй байгаагаас үүддэг. Тэгвэл энэхүү хоёр улсын парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаанаар тулгамдсан эрх зүйн асуудлуудыг шийдэх ач холбогдолтой гэж харж байгаа. Мөн талууд эдийн засгийн харилцаа, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих, эрчим хүч, төмөр зам, тээвэр, соёл, боловсролын хөтөлбөр, залуучуудын харилцаа холбоо, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон.

-Манайхаас гарах зарим бараа бүтээгдэхүүнд тавигдах Оросын талын татвар хэт өндөр байгаа. Үүнийг айлчлалын үеэр хэлэлцсэн гэж та хэллээ. Яг ямар байдлаар шийдвэрлэхээр болсон бол?

-Ер нь Монгол, Оросын сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж байгаа. Үүнийг илтгэх тод жишээ бол цар тахал, дайн тулаантай байх үед ч ялгаагүй хоёр улсын хоорондох төрийн өндөр түвшний айлчлал огт тасалдаагүй. Тэр утгаараа сая болсон УИХ-ын даргын айлчлалыг Оросын талынхан маш таатай хүлээн авч байгаа нь илт харагдсан.Нөгөөтэйгүүр Монгол Улсын гадаад бодлого, үзэл баримтлалыг ОХУ хүндэтгэж байна гэсэн үг юм. Монгол Улсаас ОХУ руу нэр төрөл бүхий цөөн тооны бараа бүтээгдэхүүн экспортод гаргадаг. Тухайлбал, ноос, ноолуур, мах, махан болон арьс, ширэн бүтээгдэхүүнийг экспортолдог. Гэвч эдгээр бүтээгдэхүүн тус бүрд тавигдах тариф маш өндөр. Нэмээд тээвэрлэлтийн нөхцөл байдал, зардал гээд асуудал их байна. Манайхаас ОХУ-д айлчилсан хүн болгон л үүнийг хэлдэг. ОХУ-ынхан ч хүлээн авлаа, энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарна гэдгээ удаа дараа хэлж байсан. Гэвч өдийг хүртэл дорвитой үр дүн гараагүй л байна. УИХ-ын даргын энэ удаагийн айлчлалын хүрээнд уг асуудлыг хоёр тал маш тодорхой байдлаар ярилцсан. Өөрөөр хэлбэл экспортод тавигддаг импортын тарифыг тэглэх, тарифын бус саад тотгорыг бууруулах чиглэлээр бодит ажил хийе гэдгээ манай талаас шулуухан хэлсэн гэсэн үг. Харин оросууд тарифын болон тарифын бус хязгаарлалтыг бууруулах, хоёр улсын хамтарсан чөлөөт бүс байгуулах болон бусад арга замаар худалдааны тэнцвэргүй байдлыг залруулах талаар санаачилгатай ажиллана гэдгээ хэлсэн. Улмаар хоёр тал оролцсон ажлын хэсэг байгуулагдахаар болсон.

-Сүүлийн жилүүдэд манай улсад бензин, шатахууны хомсдол үе үе тохиох болсон. Хаанаас, хэнээс, юунаас шалтгаалж хомсдол бий болоод байгааг мэдэхгүй хүндхэн нөхцөл байдал бий болдог. Одоо ч зарим газар бензин, шатахууны хомсдол байсаар л байна. Тэр утгаараа саяны айлчлалаар энэхүү асуудлыг ямар байдлаар хэлэлцсэн бэ?

-Айлчлалын гол зорилго бол бензин, шатахууны хомсдол үүсэхгүй байх нөхцөл байдлыг шийдвэрлэх асуудал байсан. Үүнийгээ ч УИХ-ын дарга айлчлалынхаа хүрээнд шийдээд ирсэн болов уу гэж харж байгаа. Ирэх найм, есдүгээр сард ОХУ-ын Ангарскийн нефть, химийн үйлдвэрт ээлжит урсгал засвар орно. Энэ үеэрээ Монгол руу нийлүүлэгдэх бензин шатахуунд саатал учирч болзошгүй гэдгийг манай улсын Уул уурхайн яамд албан бичиг ирүүлээд байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл наадмын дараагаас Монголд бензин, шатахууны хомсдол бий болох нөхцөл бүрдчихсэн байсан гэсэн үг. Тэгвэл УИХ-ын даргын саяны айлчлалын хүрээнд энэхүү асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл ОХУ-ын зүгээс бензин, шатахуунаа энэ оныг дуустал ямар ч саадгүй нийлүүлнэ гэдгээ амлаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсгээ зурж баталгаажууллаа. Энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын “Роснефть” ХН-ийн ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзалт хийсэн. Уулзалтаар талууд хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах болон үнэ бууруулах боломж, мөн Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн байгууламжуудыг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцсон. Тэгэхээр ямартай ч он дуустал бензин, шатахууны хомсдол манай улсад бий болохгүй гэсэн үг. Цаашдаа бид зөвхөн ОХУ-аас гадна бусад орноос газрын тосны бүтээгдэхүүн импортоор авах шаардлагатай. Ингэхдээ ОХУ-аас одоо авч байгаа үнэ ханштай ойролцоо байх нь чухал. Мөн тээвэрлэлт, агуулах сав гээд асуудал их. Эдгээрийг судалгаа тооцоолол сайтайгаар үе шаттай хэрэгжүүлэх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *