Categories
мэдээ цаг-үе

С.Наран: Шүүгчээр суухдаа хүмүүст хэлэхийг хүссэн зүйлийнхээ зах зухаас хүргэмээр санагдсан

Universe Best Songs” наадмын шүүгчээр ажиллаж байгаа дуучин С.Нарантай ярилцлаа.

-“Universe Best Songs” наадмын шүүгчээр ажиллах саналыг яаж хүлээж авсан бэ, сэтгэгдэл ямар байна?

-Ер нь шүүгчээр ажиллана гэдэг маш хэцүү. Шүүгч гэдэг мэдлэгтэй, туршлагатай, хүн шүүх хэмжээний чадвартай байх ёстой гэж би боддог. Хамгийн гол зүйл залуучуудыг амьдралд хөл тавихад өөрийн туршлагаас хэлж өгөх, ойлгохгүй байгаа зүйлийг нь тайлбарлах, дараагийн шатанд өсч орж ирэх бололцоог нь хангах учиртай. Дуулна гэдэг зүгээр нэг дуу дуулахын нэр биш, маш их чадвар мэдрэмж мэдлэг шаардсан зүйл гэдгийг залууст ойлгуулах үүрэгтэй гэж бодсон юм. Шүүгч хийх дуртай биш. Цаг зав шаардсан хэцүү ажил л даа. Зарим нь уурлана, гомдоно. Миний хувьд ийм зүйлээс зайлсхийдэг. Гэхдээ энэ тэмцээн маш олон жил болсон, хүмүүс ч сайн мэддэг юм байна. Ер нь залууст ухамсарт нь нөлөөлөх ямар нэгэн зүйл хэрэгтэй гэж бодсон юм. Урлаг соёл гэдэг нийгэм хөгжих эхний шат байдаг л даа. Соёл урлагаар дамжуулж хүний ухамсарт нөлөөлдөг. Хятадуудын том бодлого бол 2000-2008 он хүртэл олимпийн өмнө найман жил урлаг соёлын том арга хэмжээ зохиосон. Бараг найман жил Хятадад урилгаар очиж дуулсан юм. Хөдөө орон нутагт ч бай том ододтой нь хамт шоунд оролцдог байлаа. Би эхлээд ойлгодоггүй байсан. Зүгээр л уригдаад дуулж байгаадаа баярлаж байсан ч сүүлдээ энэ айхавтар том бодлого гэдгийг мэдэрсэн л дээ. Янз бүрийн улс орны нэртэй том дуучид ирээд хамтарсан том шоу хийдэг. Тэр үед хятадууд бас бүдүүлэг байв. Наад захын “Hello” гэдгээ ч хүмүүс нь мэддэггүй байсан үе. Тэгэхэд маш олон том тоглолтуудыг хөдөө орон нутгаар бодлоготойгоор хийсэн. Миний ойлгосноор урлаг соёл, гадаад ертөнцөөр дамжуулж хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж эхэлсэн байгаа юм л даа. Хувцаслалт сурталчилгаанаас авахуулаад тоглолт хийхийн өмнөх бүх зүйл маш их бодлоготой явж байсан. Ингээд 2008 он гэхэд Бээжинд ч, хаа ч тэр наад захын “Hello” гэдэг үгээ мэддэг болсон, такси хүртэл соёлжсон. Нийтийн жорлон нь хүртэл сайжраад ирсэн юм. Энэ их соёлын түгээлтээр улс орноо хөгжүүлж, хүмүүсээ гэгээрүүлсэн. Гадагшаа явж чадахгүй байгаа хүмүүстээ, гаднын хүмүүсийг авчрах замаар нүдийг нь нээсэн байгаа юм л даа. Шүүгчээр сууна гэдэг хүүхдүүдийн олж харахгүй зүйлийг аль хэдийнэ мэдэрсний хувьд хэлж ойлгуулах, үүгээрээ дамжуулж хүмүүст хэлэх гээд байгаа зүйлийнхээ зах зухыг хүргэмээр санагдсан юм.

-Дуучин С.Наран хатуу чанга, зарчимтай шүүгч гэж харж байгаа хүмүүс байгаа болов уу. Гэхдээ та нэг их хатуурхая гэж бодоогүй биз дээ?

-Ер нь хатуу зөөлөндөө биш л дээ. Хэзээ, хэнд хатуурхах вэ гэдэг юм бий. Урлагийн замаар явж уран бүтээл хийх хүмүүст бид хатуу шаардлага тавьдаг л даа. Тэрийг ойлгохгүй, мэдрэхгүй дуулж байгаа хүнд хичнээн хэлээд нэмэргүй шүү дээ. Зарим үед хэлэх юм байсан ч хүлээцтэй өнгөрөхийг хичээж байгаа. Энэ бүгдийг ялгаж салгах хэрэгтэй л дээ. Энэ замаар явж магадгүй, авьяастай, тодорхой хэмжээнд ажиллаж болох хүүхдэд зарим үед хатуу хэлчихэж байна. Ойлгуулах гээд тайлбарлаж байна. Хүлээж авах хүнд нь хэрэгтэй зүйлүүдийг нь хэлж, хүлээж авахгүй хүнд хий дэмий цаг гарздах хэрэггүй л дээ. Цаашаа явах хүчийг хүүхдэд өгөх хэрэгтэй, дандаа урам биш хатуу үг сонсох хэрэгтэй болно. Ерөнхийдөө би тэгж л ажиллаж байгаа.

-Бүгд гингэнээд дуу хуур хөөгөөд явбал энэ улс хөгжих үү гэсэн шүүмжлэл байдаг. Эсвэл урлаг хүнийг гэгээрүүлж, зөөллөж байдаг гэсэн хандлага ч бий, яахав хүүхдүүд бол од байхыг хүсдэг ?

-Дуучдын амьдрал маш хэцүү ертөнц. Тэвчээр ухаанаар энэ амьдралыг сонгож, үүний төлөө мятаршгүй тэмцэж байж хүмүүст хүндлэгддэг. Нэг л муу үйлдэл хийхэд бидэнд хүмүүс эргэлзээд ирэх жишээтэй. Хүн тайвшрах гэж хөгжим сонсдог, хөгжим байж л хүний амьдралд сайхан өнгө нэмэгддэг. Хүний зүрх сэтгэл зөөлөрч баясч хөөрч байж улс орон хөгждөг. Өдөр болгон улс төр, хэрүүл сонсоод та нар залхдаг биз дээ. Би бол заримдаа зурагтаа асаадаггүй. Тэрний оронд сайхан хөгжим сонсоод сэргэх хэрэгтэй. Тэртээ тэргүй энэ богинохон амьдралд ирлээ, буцлаа. Энэ хооронд хэтэрхий их зовж биенийгээ урж идэх ямар хэрэг байна. Шуналаас болж маш их зовлон үүсдэг шүү дээ. Урлаг сайн ойлгодог ард түмэн л бизнес сайн хөгжүүлнэ. Урлаг ойлгодоггүй хүн бизнес хийхэд хэцүү. Яагаад гэвэл тодорхой хэмжээний мэдрэмж нь дутуу байдаг. Урлаг ойлгодог, мэдрэмжтэй хүмүүстэй би ярилцах дуртай. Хөгжим сонсдог, урлаг мэдэрдэг маш олон бизнесмэнүүд байдаг. Тэд нь бусдаас илүү зөөлөн зөв, амжилттай байдаг. Би маш олон урлагийнхан, бизнесийнхэн, улс төрчидтэй ч уулздаг. Үхсэн ч бидний дуу үлддэг учраас би их бардам байдаг. Маш их тэвчээрээр энэ бүхний ард гардаг учраас тэр шүү дээ. С.Наран гэдэг нэрийг олон хүнд таниулахын төлөө би маш их ажилласан. Хөгжим мэдэрдэг, ном уншдаг, ертөнцийг өөр нүдээр харж чаддаг хүний бизнес амжилттай байдаг гэж санадаг. Яагаад гэвэл хүнийг мэдэрч чаддаг.

-Урлагийнхан хөнгөмсөг гэсэн үзэл бодол газар авсан ч дуучин С.Нарангийн хувьд илүү нухацтай мэдрэмж төрүүлдэг?

– Өнгөн талаас нь харахад нэг гоё хүн тайзан дээр гараад л дуулаад байдаг. Амар гоё амьдрал харагддаг байх. Гэхдээ тийм биш. Тайзан дээр нэг дуулахад нурууны хөлс тэр чигтээ асгардаг. Дуулахад ямар их хүч энерги зарцуулдаг гэж бодож байна. Хүний зүрх сэтгэлд очтол дуулж үлдээнэ гэдэг хэцүү.

-Хамгийн сүүлд өөрт чинь эргэцүүлэл, ухаарал хайрласан хүн эсвэл ямар нэгэн зүйл таарсан уу?

-Зөндөө шүү дээ. Би бол олон хүнтэй уулздаг. Хүн болгоны зүрх сэтгэл өөр өөр ертөнцтэй. Хүнтэй ярьж байхад олж мэдээгүй, уншиж ойлгоогүй үзэж хараагүй зүйлсээ хүмүүсийн амнаас сонсдог. Өглөө бүр би дасгал хийдэг. Хамт дасгал хийж байгаа эмэгтэйчүүд, багш нар амьдралын өнгийг ойлгуулж байдаг. Тэр “ангийхан”-тайгаа дасгал хийж хөлсөө гаргаж, тэдний яриаг сонсч бодол санаагаа солилцох дуртай. Саяхан бид ярьж байхдаа “Монголчууд ямар сайхан ард түмэн бэ” гэдэг дүгнэлтэд хүрсэн. Манай нэг хүүхэн Хөвсгөлийн мэхээртэй тос авчраад амсуулсан юм. Мэхээртэй тосны тухай ярьсаар байтал манай монголчууд байгальтайгаа холбоотой, ямар их гүн ухаанч хүмүүс гэдгийг мэдэрсэн. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж найзууд маань хэлдэг. Туулай үсчсээр түрүүлсэн ч юмгүй хоцорч байхад үхэр тэрэгтэй хүн замаасаа хазайхгүй явсаар байгаад зорьсондоо хүрэх нь байна. Логикийг нь бодоход байгаль дэлхийтэйгээ холбоотой, гайхамшигтай мэдрэмжтэй хүмүүс байжээ. Одоо бид дөрвөн ханан дунд хашигдаад, суурин амьдралын сул талыг амсаад энэ бүх мэдрэмжүүд нь багасаад ирж байна.

-Уртын дууны гүн ухаан бас агуу санагддаг. Ингэхэд та уртын дуу дуулдаг уу?

-Уртын дуу ер нь хэцүү ш дээ. Ер нь бүх төрлийн дууг дуулахыг хичээдэг. Би уртын дуу дуулж чаддаг гэж хэлэхгүй. Ямар ч байсан аялачихна аа.

-Би ротари клубынхэнтэй уулзаж байгаад таныг бас “Хүрээ” ротарид харьяалагдаг гэж сонслоо. Тэр шугамаараа Японд хог хаягдлыг дахин ашиглах төслийн чинь талаар яриа хөөрөө дэлгэсэн гэсэн үү?

-Тэгсэн тэгсэн. Ер нь бид нийгэмдээ хандсан ажил хийхгүй бол болохоо байжээ гэж боддог юм. Бидний сэтгэхүй ухамсар муу тал руугаа өөрчлөгдөөд байна. Зөвхөн өнөө маргаашийн төлөө хэнийг ч яахаас ч буцахгүй ёс суртахууны доголдолд их орж байна. Аргацаасан байдлаар амьдардаг хүн их байна. Хүн бүтээж байж юмханаар юм хийж орчинтойгоо зөв харьцаж байж улс орон хөгжинө гэж их боддог. Энэ талаар ажиллах юмсан гэж “ДЭКО” төсөл эхлүүлсэн. Тодорхой хэмжээгээр жижиг жижиг ажлууд хийгээд явж байна. Миний тоглолтын үеэр “ДЭКО” төслийнхөн маань юмханаар юу хийж болохыг харуулсан жижиг үзэсгэлэн гаргасан шүү дээ. Санаа зоволгүй, юу ч бодохгүй хогоо шууд хаячихдаг хүмүүс байна. Зарим нь үүдэндээ хогоо хаячихаж байна. Наад захын жишээ энэ.

-Та тийм хүмүүст шууд хэлчихдэг үү?

-Би шууд хэлдэг. Цахилгаан шатанд байгаа хогийг өшиглөөд хогийн савны ойролцоо шидчихдэг. Цахилгаан шатанд хогтой байх муухай. Би хогоо авч явж байгаад хогийн сав тааралдахгүй бол гэртээ авчирч хогийн саванд хаядаг.

-Өөр олон нийтийн ажилд хэр оролцдог вэ?

-Ротарид л байгаа. Ротарид тодорхой хэмжээгээр өөрийн салбарт амжилт гаргасан, тэмцэж ажиллаж байгаа туршлагатай хүмүүс байдаг. Тэднээс маш олон зүйлийг мэдэж авах боломж гардаг. Хүний ухамсарт нөлөөлөх тухай би хамгийн их ярьж байгаа. Ёс суртахуун дээр бид хамгийн их доголдож байна.

-Уран бүтээлийн ургац хэр их байна вэ?

-Энэ жилийн сүүлээс эхлээд шинэ уран бүтээл рүүгээ дайрна даа. “Никитон”ыы Бачка бид хоёр сүртэй дуу хийж байгаа. Саяхан тоглолт дээрээ хамт дуулсан. “Хурд”-ын Отгоо бид хоёр дуу хийж байгаа. Шинэ уран бүтээлүүд эхнээсээ гарч байна аа.

-Шүүгчид маш гоё үс толгойтой харагддаг. Өдөр болгон үсчинд суудаг байх даа гэж бодогдсон?

-Өдөр болгон үсчинд орох цаг байхгүй. Заримдаа малгайтайгаа орчихдог. Би байрныхаа доод талын үсчинд орчихдог юм. Гоо сайханд бараг л ордоггүй байсан. Гэхдээ одоо өөртөө цаг их зарцуулдаг болж байгаа.

-Өнөөдөр өглөө яаж эхлэв?

-Өглөө долоон цагийн үед сэрсэн. Найм гэхэд гэрээсээ машинтайгаа гараад дасгалд явлаа. Өглөө түгжирдэг учраас эрт гарахаас аргагүй. Есөн цагт дасгалаа эхлээд, шүршүүрт ороод гэртээ ирэхэд 11 цаг болж байлаа. Тэгээд үсчинд ороод сууж байна. Бусад үед төлөвлөсөн ажлаа хийнэ, заримдаа шөнөдөө орж ирнэ.

-Гэр бүлтэй болж байгаа юу?

-Энэ асуудлыг яримааргүй байна. Энэ бол миний хувийн асуудал. Бүх юмаа олон нийттэй хувааж болохгүй шүү дээ.

-Та багш болвол мундаг зохих юм биш үү?

-Тэгж өөрийгөө ядраагаад яах вэ. Хувиа хичээх хэрэгтэй байна, бас (инээв)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *