Categories
мэдээ цаг-үе

С.Жамьяанхорол: Миний хүүхдүүд монголчуудын сэтгэлийг хөдөлгөж чадлаа

“Монгол HD” телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг монголчууд-2015” шоу нэвтрүүлгийн ялагч уржигдар тодорсон. Тус шоуны финалын шатанд уран нугараач А.Уранбилэг, Э.Нарангарав, лимбэчин Б.Мягмарцэрэн, ёочинчин Х.Бархүү, бүжигчин Б.Тэмүүлэн, М.Халиун, дуучин О.Баярсайхан, А.Отгонбаяр болон “Янзаган хүрээ” хамтлаг, хөгжмийн хамтлаг болох “Эгшиглэнт чимээ” зэрэг оролцогчид тунаж үлдээд байсан билээ. Үзэгчдийн саналаар “Авьяаслаг монголчууд” шоуны үндэсний хэмжээний ялагчаар “Эгшиглэнт чимээ” хөгжмийн хамтлагийнхан тодорлоо. Тус хамтлагийн багш С.Жамъяанхорол нь 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсгийг өөрөө хийж, шавь нартаа зааж сургасан нэгэн. Хамтлагийнхан өчигдөр шоуны журмын дагуу 100 сая төгрөгөө гардан авсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэднийг хүлээн авч уулзжээ.

Ингээд “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъяанхоролын сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе.

-Юуны өмнө баяр хүргэе. Таны шавь нар үндэсний хэмжээний шоуны анхны ялагчид боллоо. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Маш их баяртай байна. Монголын ард түмэнд баярлалаа. Миний хувьд хүүхдүүдтэйгээ байнга л ийм уран бүтээл хийж байдаг. Харин өнөөдөр тодорхой хэмжээний амжилтад хүрлээ. Хүнд сэтгэлийн ямар дээд хэмжээ байдаг тэгж л баярлаж байна. Энэ шоуг санаачлан зохион байгуулсан “Монгол HD” телевизийн хамт олондоо үнэхээр их баярласнаа илэрхийлмээр байна.

-Анх шоунд орох сэдэл хэрхэн төрөв?

-Манай шавь нарын эцэг, эхчүүд анх шоунд орох санааг гаргасан. Миний зүгээс санааг нь дэмжиж энэ шоунд орж хүүхдүүдийнхээ авьяасыг, эгшиглүүлж буй хөгжмийнхөө хөг аялгууг ард түмэндээ сонсгоод үзье гэж бодсон. Үнэхээр шавь нараараа бахархаж байна. Миний хүүхдүүд монголчуудын сэтгэлийг хөдөлгөж чадлаа.

-Шоунд ялагчаар тодрох мөчид шавь нар тань тайзан дээр ёстой нэг уйлалдаж өгсөн. Үнэхээр сэтгэл хөдөлгөм явдал болсон гэж хүмүүс ярьж байна?

-Тийм ээ. Шавь нар маань уйлсан. Гомдлын биш баярын нулимс юм даа.

-Багшдаа талархлаа хэрхэн илэрхийлж байна. Энэ амжилт яах аргагүй таны гавьяа шүү дээ…

-Бүгд л багшдаа хайртай гэж ирээд л тэвэрцгээсэн. Хүүхдүүд их хөөрхөн шүү дээ.

-Та хичнээн жил хөгжмийн багшаар ажиллаж байна вэ?

-Би Дархан-Уул аймгийн “Оюуны-Ирээдүй” цогцолборт 15 жил хөгжмийн багшаар ажиллаж байна.

-Таныг насаараа хөгжим тоглож яваа нэгэн гэж ойр дотнынхон тань ярьсан?

-Би анх курс төгсч практикийн багшаар ажиллаж байгаад 2000 оны эхээр Соёлын дээд сургуулийг дуу хөгжмийн заах арга зүйгээр төгссөн. Дарханд 15 жил болж байна.

-“Эгшиглэнт чимээ” хамтлаг хэзээ байгуулагдсан бэ?

-15 жил уран бүтээлээ нутгийн зон олондоо хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдээ нөхөөд л явдаг. Хамтлагийн хамгийн том нь наймдугаар анги бол бага нь таван настай.

-Таван настай хөгжимчин охин таны зээ гэсэн байх аа?

-Тийм. Миний зээ охин Э.Тэргэл. Аав нь бас дуу хөгжмийн багш.

-Таны хүүхдүүд ихэнхдээ таны мэргэжлийг өвлөсөн гэдэг…

-Миний том охин Ууганцэцэг яг энэ хамтлагт тоглодог байсан. Хөгжмийн сургууль төгсөөд одоо СУИС-ийн төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна. Миний бага хүү Түвшинтөгс мөн л энэ хамтлагаас гараагаа эхэлсэн. Одоо хөгжмийн багш, найруулагчаар сурч байгаа.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумынх.

-Та, таны хүүхдүүд, удмаараа урлагийн тэр дундаа хөгжимчин хүмүүс юм. Эцэг, эх таньд бас урлагийн хүмүүс байсан уу, үгүй юу?

-Манай аав, ээж удмаараа малчин хүмүүс. Насаараа морин дэл дээр давхиж явсан хүмүүс.

-Цаашдаа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна?

-Ямар ч байсан нэг өдөр сайхан амрахыг хүсч байна. Их ч ядарлаа. Ер нь тоглож байгаа хөгөө ахиулна. Бараг бүгдийг нь л тоглоно. Бидний уран бүтээл энэ маягаар өрнөнө. Хүүхдүүдийнхээ хичээл сургуулийн хажуугаар хөгжмийн мэдлэг, авьяас чадварыг нь хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлж хийнэ. Ард түмэн маань манай хүүхдүүдийн сонсгол, авьяас чадварыг мэдэрсэн учраас өөр олон сайхан уран бүтээл хийх болно.

-Шоуны үеэр шавь нар шантрах тохиолдол гаргав уу?

-Шантрах үе байлгүй яахав. Гэхдээ хүүхдүүд дуртай болохоор тэр болгон шантраад ухраад байсангүй ээ.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та бүхэнтэй үдийн зоог барьсан гэсэн. Хүн болгонд олдоод байх хувь тохиол биш болов уу. Хүүхдүүд хэр баярлаж байна?

-Манай хүүхдүүд өнөөдөр сэтгэл их хангалуун байна. Ерөнхийлөгчтэйгөө уулзлаа, гар барилаа, хамт зургаа татууллаа. Хэдэн хүүхдийн маань буян шүү дээ.

-Таныг Дархан-Уул аймгийн боловсролын газраас Монгол Улсын гавьяат багш цолонд тодорхойлсон гэж сонссон. Үнэн үү?

-Тийм үү. Мэдээгүй. Үнэн бол сайхан л мэдээ байна (инээв)

-Цахим ертөнцөд танд Д.Отгонжаргал гэх иргэн 60 сая төгрөг өгнө гэсэн мэдээлэл цацагдсан. Үнэхээр танд мөнгө өгнө гэв үү?

-Швейцарь улсад амьдардаг Отгоо гэж залуу 60 сая төгрөг өгнө гэсэн гэж л сонссон. Баталгаатай мэдээ алга.

-Шагналын мөнгөө юунд зарцуулахаар төлөвлөв?

-Манай хамтлаг хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй, 35-уулаа шүү дээ. Миний хүүхдүүд өнгөрсөн хугацаанд маш их ядарсан байна. Мөнгөө авахаараа хамгийн түрүүнд хөгжмийн зэмсгээ шинэчилнэ. Хоёрдугаарт, хүүхдүүдээ заавал баярлуулна. Тэднийхээ их хөдөлмөрийн үр шимээр ийм өндөрлөгт хүрч чадсан шүү дээ. Гуравдугаарт, би чинь төсвийн байгууллагад хоёр цалингийн хооронд амьдардаг хүн. Өнгөрсөн жил хүүхдэдээ орон сууц зээлээр авч өгсөн. Тиймээс байрных нь зээлийн хагасыг ч болов хөнгөлж өгнө гэж бодож байна. Ийм гурван зүйлд зарцуулна. Ер нь бол хэнээс ч хамааралгүй хөгжим, хөгжмийн зэмсэгтэй болно.

-Одоогоор та бүхэн хичнээн төрлийн хөгжмийн зэмсэг ашиглаж байна вэ?

-Би насаараа дуу хөгжмийн багш хийсэн хүн. Өнгөрсөн хугацаанд 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсгийг өөрөө урласан. Тоглож чадахгүй хөгжим ч гэж байхгүй.

Хамтлагийн цорын ганц эрэгтэй гишүүн А.Идэржавхлан: Намайг модон цагариг шидэхээр хүмүүс гайхаад байсан ш дээ

-Хэдэн настай вэ?

-Би гуравдугаар анги. Манай багшийг Энхтуяа гэдэг.

-Тайзан дээр хөгжим тоглоход сандарсан уу. Хөгжим тоглохыг чинь олон хүн үзэж байсан шүү дээ?

-Бага зэрэг сандарсан.

-Тоглолтын үеэр гар дахь хөгжмөө шидэж хөг нэмдгийг чинь үзэгчид андахгүй. Хөгжмөө шидэхийг хэн зааж өгсөн?

-Багш заасан. Намайг модон цагариг шидэхээр хүмүүс гайхаад байсан ш дээ.

-Өөр хөгжим тоглож чадах уу?

-Модон цагариг эргүүлсэн. Заримдаа өөр хөгжим тоглож үздэг.

-Гэрээс нь хүн хамт ирсэн үү?

-Ээжтэйгээ ирсэн.

-Хөгжим тоглох дуртай юу?

-Дуртай.

“Эгшиглэнт чимээ” хамтлагийн гишүүн Э.Биндэръяа: Шоунд түрүүлнэ гэдэг мөрөөдөл байсан

-“Авьяаслаг монголчууд” шоунд танай хамтлагийг түрүүллээ гэж зарлах мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Үнэхээр гоё. Өөрийн эрхгүй нулимс гараад байсан.

-Гэр бүлийнхэн, найз нөхөд нь баяр хүргэж байна уу?

-Сайн байлаа, мундаг байсан шүү гэсэн магтаал их ирж байгаа.

-Шоунд орохдоо түрүүлнэ гэж бодож байсан уу?

-Баттай хэлж чадахгүй. Гэхдээ мөрөөдөж байсан.

-Өөрөө шоуны үзүүлбэрийн үеэр ямар хөгжим тоглосон бэ?

-Би төмөр царгил, бөмбөр тоглодог. Энэ удаа бөмбөрөө дагнан тоглосон.

-Өдөрт хичнээн цаг бэлтгэл хийж байсан бэ?

-Өдөрт 5-6 бэлтгэл хийдэг байсан.

-Хэддүгээр ангийн сурагч вэ?

-“Оюуны-Ирээдүй” цогцолборын 8-3 бүлэг.

Хамтлагийн гишүүн, “Оюуны-Ирээдүй” цогцолборын наймдугаар ангийн сурагч Б.Бэрцэцэг: Манай багш бидэнтэй тоглож хөгжилдөөд их дотно байдаг

-Хамтлагт ороод хэр удаж байгаа вэ?

-Гурван жил болж байна.

-Мэргэжлийн хөгжмөөр бус янз бүрийн зүйл ашиглаж тоглох ямар санагддаг вэ?

-Анх хамтлагт ороход их эвгүй санагддаг байсан. Харин тоглож сурахаар их сонирхолтой санагддаг болсон.

-Багштайгаа та бүхэн хэр дотно харилцдаг вэ. Харахад өвөө, эмээгээс дутахааргүй санагдлаа?

-Багштайгаа их илэн далангүй байдаг. Манай багш бидэнтэй тоглож, хөгжилдөөд их гоё байдаг.

-Өөрийн тань хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч аль оролцогч байсан бэ?

-Хүчтэй өрсөлдөгч гэвэл Тэмүүлэн, Халиун болон ёочинчин, лимбэчин ах нар санагдсан.

-Улаанбаатар хотод шоу болтол нэлээд удаан амьдарсан байх. Гэр бүлийнхэн тань бас ирсэн байсан. Та бүхэн хаана байрлаж байв?

-Бүгдээрээ хамтдаа байр хөлсөлж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *