Categories
мэдээ энтертаймент-ертөнц

С.Гантогоогийн амьдралын тухай баримтат кино Солонгост нээлтээ хийлээ

Солонгосын найруулагч Чон Су Хыгийн бүтээл дуучин С.Гантогоогийн тухай өгүүлэх “Шар автобус” баримтат киноны нээлт өчигдөр Сөүл хотын “Сөүл Синема” кино театрт боллоо.

Тус кинонд Солонгост уран бүтээлээ туурвидаг монгол залуугийн тухай, түүний хувь хүний үзэл бодол болон амьдралыг харуулсан ажээ. Мөн хэрхэн Солонгосын урлагийн байгууллагад ажиллах болсон, мөрөөдөл болон цаашдын зорилгын талаар өгүүлсэн байна.

Энэхүү бүтээлийг хоёр жилийн өмнө хийж эхэлсэн дуучин С.Гантогоо “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцсоноор түр завсарлаад байжээ. Зураг авалтыг Солонгос болон Монголд, тэр дундаа дуучин С.Гантогоогийн төрөлх нутаг Хөвсгөлд зарим хэсгийг хийсэн байна.

Дуучин С.Гантогоо ярихдаа “Найруулагч маань Сөүлийн гадаад иргэдийн урлаг соёлын төвийн захирлаар ажилладаг. Тэгээд “Ганаа надад баримтат кино хийх эрх байгаа юм. Бодож байгаад чиний тухай, Солонгост уран бүтээлээ туурвиж байгаа гадаад хүн, тэр дундаа олон жил болж байгаа Монгол уран бүтээлчийн тухай баримтат кино хиймээр байна” гэсэн. Бараг хоёр жил бүтсэн кино. Би тухайн үед “Яг түүн шиг” шоунд орох болж түр завсарласан юм. Тухайн үед шоунд оролцож байхад кино багийнхан маань Монголдоо уг шоугаар бүүр ч илүү олны танил болж байгаад гайхаж баяр хүргэж билээ” гэсэн юм.

Харин баримтат киногоо яагаад “Шар автобус” гэж нэрлэсэн талаар хэлэхдээ “Кино багийнхан маань Монголд ирээд, бид хамтдаа автобус хөлслөн Хөвсгөл явсан. Тэр автобус биднийг маш сайхан газруудаар авч явж, сайхан дурсамжийг бүтээлцсэн болохоор киногоо нэрлэсэн. Харин автобус маань шар өнгөтэй байсан юм” гэлээ.

Дуучин С.Гантогоо киноныхоо дууг өөрөө зохиож, солонгос, монгол хэлээр дуулжээ. Түүнчлэн киногоо Монголд гаргана гэсэн юм.

“Шар автобус” баримтат киноны дуу /монгол хувилбар/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *