Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрохыг шаарджээ

АН-ын дарга С.Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрохыг тус намын дотоод сонгуульд нэр дэвшигч Н.Тэгшбаяр, Ц.Гантулга нар шаардлаа.

Учир нь намын дотоод сонгууль буюу Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүн, нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргыг тодруулах сонгууль ирэх сарын 02-нд буюу ирэх ням гарагт болно. Гэвч тус намын сонгуулийн хорооноос нэр дэвшигчдэд сурталчилгаагаа таван минутад багтаах шаардлага тавьсан байна. Ингэснээр нэр дэвшигч өөрийн намтар, мөрийн хөтөлбөрөө гүйцэд танилцуулах боломж хязгаарлагдаж, гишүүдийн сонгох эрх зөрчиж байна хэмээн ҮБХ-ны сонгуулийн 63 дугаар тойрог буюу Чингэлтэй, Налайх дүүрэгт нэр дэвшигч Н.Тэгшбаяр хэллээ.

ҮБХ-ны 13 дугаар тойрог болон Дорноговь аймгийн АН-ын даргад нэр дэвшигч Ц.Гантулга, “Би ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхдөө 3 сая төгрөгийн татвар, 3 сая төгрөгийн дэнчингийн мөнгө төлж байгаа. Мөн аймгийн АН-ын даргад нэр дэвшихийн тулд 15 сая төгрөгийн дэнчингийн мөнгө төлсөн. Гэтэл нэр дэвшихдээ амлалт өгсөн гэсэн шалтгаанаар миний нэрийг эгүүлэн татсан тухай мэдэгдлийг өчигдөр ирүүлсэн. Би ямар ч гишүүн эсхүл хувь хүнд амлалт өгөөгүй. Манай аймгийн АН-д нэг ч машин байдаггүй. Тиймээс би намдаа автомашин авч өгнө гэдгээ хэлсэн. Энэ бол хувь хүнд чиглэсэн амлалт биш” гэлээ.

Тэд АН-ын нийт гишүүдээс сонгогдсон С.Эрдэнэ шударга байж, нэр дэвшигч болон сонгогчдийн эрхийг хамгаалж чадахгүй бол өөрийн хүсэлтээр огцрох хэрэгтэй хэмээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *