УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдлаа. Энэ талаар тайлбарлаж өгөөч. Ямар өөрчлөлт гарах вэ?
-1995 оноос хойш шинэ даатгалын системд шилжсэн. Энэ хугацаанд тэтгэврийн даатгалын санд ямар ч хуримтлал үүсээгүй. Засаг баахан мөнгө аваад идчихсэн юм шиг, хэн нэгэн аваад үрчихсэн ч юм шиг, асар их мөнгөтэй байсан санг мөнгөгүй болгочихсон юм шиг буруу ташаа ойлголтууд явдаг. Тэгвэл энэ сан анх байгуулагдсан цагаасаа эхлээд ямар ч хуримтлалгүй хоосон байсан. Одоо ч тэр хэвээрээ. Олон улсын практикт байдаг Эв санааны нэгдлийн зарчмаар явж ирсэн. Өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлийн орлогыг тэтгэвэр авч байгаа иргэдэд олгоод явдаг гэсэн үг. Төр хариуцах тэтгэврийг төсвөөс олгодог ийм л зохицуулалттай явж ирсэн.
Өнгөрсөн 21 жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын санг яаж мөнгөжүүлж бодитой орлоготой болгох, хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ гэдэг гол асуудал байсан. Үе үеийн газрын дарга нар, нийгмийн хамгаалал эрхэлсэн сайд нарын сэтгэлийг зовоож байсан гол асуудал бол энэ. Харин энэ асуудлыг шийдэх маш том боломж үүссэн. Үүн дээр бид үндсэндээ жил гаруй ажиллаад үр дүнд нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн бариад амжилттай батлууллаа.
Энэ Ирээдүйн тэтгэврийн сан нь нийгмийн даатгалын одоогийн сантай ямар ч хамааралгүй. Одоогийн сан бол яг одоо байгаа Эв санааны нэгдлийн зарчмаараа хэсэг хугацаанд цаашаа явна. Өнөөдөр манай нийгмийн даатгалын дэргэдэх мэдээлэл тооцооллын төвийн тооцооллоор бол 10 гаруй их наяд төгрөгийн өр авлага үүссэн. Энэ хэмжээний мөнгийг шимтгэл төлж байгаа иргэдийн нэр дээр байх ёстой гэж тооцоод бичилт хийгээд явж байгаа. Мөнгө ор тас алга болсон юм байхгүй. Энэ мөнгө тухайн иргэний нэр дээр төдөн төгрөг байх ёстой гэж бичилтээр баталгаажаад явж байгаа.
Тэгэхээр энэ байхгүй болчихсон юм биш. Энэ бол бий болох ёстой мөнгө. Энэ мөнгөний эрсдэлийг төр хариуцах ёстой ийм л мөнгө. Тэгэхээр төрийн баталгаатай сан учраас энэ санг хоосон гэдэг юм уу, хоосорсон гэж ойлгож болохгүй. Угаасаа төр өөрөө санхүүжилтийг нь шийдэх үүрэг хүлээж байгаа.
-Тэтгэврийн санд цугларсан мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ гээд байгаа. Энэ талаар тодруулбал?
-Өнгөрсөн жил Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг шинэчилж батлуулсан. Энэ бодлого дотор ер нь цаашдаа урт, дунд хугацаанд тэтгэврийн даатгалын санд хэрхэн зөв менежмэнт хийж сангийн хөрөнгө мөнгөний асуудлыг яаж шийдэх вэ, төрөөс ямар бодлого барих вэ гэдгийг бид тодорхойлж оруулсан. УИХ-аас батлагдсан бодлогын хүрээнд энэ анхны ажлууд хийгдэж байгаа. Энэ ажлын хүрээнд Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ сан 2030 он хүртэл ямар нэгэн зарцуулалт гарахгүй явах юм. Дандаа хуримтлал бий болгоод тэнд байгаа мөнгөө үр ашигтай менежмэнтээр өсгөх ажил явагдах юм. Энэ нь яваандаа тэтгэврийн даатгалын санг урт хугацаанд тогтвортой маш том хөрөнгө оруулалтын сан болгох суурийг нь бэлдэж байгаа.
Дэлхийн олон улс оронд тэтгэврийн сан нь өөрөө хөрөнгө оруулалтын том сан байдаг. Яагаад гэвэл тогтмол орлого төвлөрч байдаг. Маш урт хугацаанд хадгалдаг. Хүн амьдралынхаа хугацаанд доод тал нь 20, дээд тал нь 40-50 жил нийгэмд хөдөлмөрлөдөг. Баялаг бүтээж тэндээсээ шимтгэл төлж явдаг. Тэгээд насны эцэст тэтгэвэрт гараад эргээд тэр сангаасаа тэтгэвэр авдаг ийм зохицуулалттай. Тэгэхээр энэ урт хугацаанд хадгалагдаж байгаа мөн тогтвортой эх үүсвэр болж байдаг. Дэлхий дээр хамгийн урт хугацаанд тогтвортой, найдвартай хөрөнгө оруулалт хийдэг сангууд нь тэтгэврийн сангууд юм. Олон улсын жишгээр манай тэтгэврийн сан хамгийн тогтвортой хөрөнгө оруулалтын сан байх ёстой юм. Тэгээд зөв хөрөнгө оруулалтын бодлого явуулах юм бол тэр сан арвижна. Арвижих хэмжээгээр тэнд нэрийн дансанд хуримтлах мөнгө бас өсөөд явдаг. Зөвхөн шимтгэлийн орлогоор биш тэр мөнгө нь эргэлтэд ороод ашгаараа өсөөд явна гэсэн үг. Тэр хэмжээгээр дараа нь тэтгэвэрт гарахад хангалттай тэтгэвэр авах санхүүгийн эх үүсвэр бүрдэнэ. Бид анхны суурь тавигдсанд баяртай байгаа. Нийгмийн даатгалд маш том чухал асуудал шийдэгдэж байна гэж ойлгох ёстой юм.
-Сангийн мөнгийг ипотекийн зээл рүү оруулна гээд байгаа?
-Өнөөдөр Монголд хамгийн үр дүнтэй, ашигтай сайн төсөл хөтөлбөр гэвэл ипотекийн хөтөлбөр байгаа юм. Сүүлийн гурван жил Монголбанк энэ ипотекийн хөтөлбөрийг хариуцаж хэрэгжүүлсэн шүү дээ. Ипотекийн зээлийн үр дүнд бий болсон 1.8 их наяд төгрөгийн үнэт цаасаар баталгаажсан хөрөнгө төвлөрчихсөн байж байна. Дээр нь буцааж шаардах эрхтэй Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон 680 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө байна. Энэ хоёр хөрөнгө нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын сан дээр балансаас балансад шилжих юм. Нэг үгээр хэлбэл нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болж байгаа. Өмчлөх эрх нь нийгмийн даатгалын санд шилжиж байна. Бидний тооцож байгаагаар энэ сангийн мөнгө оны эцэс гэхэд гурван их наяд хүрнэ. Цаашаа үр ашигтай өсөөд арвижаад явах боломжтой.
-Ипотекоос өөр хөрөнгө оруулалт хийх төсөл хөтөлбөр байгаа юу?
-Нийгмийн даатгалын сан 21 жилийн хугацаанд анх удаа бодит мөнгөн хуримтлалтай болж байна. Тэгэхээр энэ мөнгөө юунд зарцуулах вэ. Яаж өсгөж арвижуулах вэ гэдэг маш хариуцлагатай үүрэг. Нийгмийн даатгалын санг хэн нэгэн аваад идчихсэн гээд яриад байдаг нь хоосон хардлага байсан. Одоо харин энэ сан маань жинхэнэ мөнгөжиж байна. Ямар нэгэн хөрөнгө оруулалт руу шууд мөнгийг гаргачих судалгаа тооцоо одоогоор байхгүй. Хамгийн үр ашигтай, хамгийн сайн төсөл хөтөлбөр ипотекийн хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн үр дүнд л бий болсон мөнгө шүү дээ. Тэр мөнгийг төр өөрийнхөө төлөх ёстой анхны төлбөр болгож нийгмийн даатгалын санд шилжүүлж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг цааш нь нэг хэсэг хугацаанд үргэлжлүүлье. Гурван жилийн хугацаанд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд Монголбанк дээр хүний нөөц, туршлага бий болчихсон. Монголбанкны тухай хуулийн 18 дугаар зүйлд Монголбанк Засгийн газартай гэрээ хэлцэл байгуулж санхүүгийн зуучлах үйлчилгээ үзүүлж болно гээд заачихсан байдаг. Тэгэхээр энэ мөнгийг өсгөх, ипотекийн хөтөлбөрийг цааш нь санхүүжүүлэх гол эх үүсвэр болгоод менежмэнтийг нь Монголбанкаар гүйцэтгүүлье гэж байгаа. Энэ хооронд нийгмийн даатгалын сан дээр хүнээ бэлдэж, чадавхиа бий болгоно. Нэг үгээр хэлбэл дараа нь энэ хөрөнгөө үр ашигтай ямар нэгэн төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийхэд түүний менежмэнтийг аваад явах чадвартай багийг бэлдэх ийм зорилго тавьж байгаа. Үүнийг 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Цаашдаа зөвхөн ипотек биш үр ашигтай ямар л төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт байна тэр лүү энэ хөрөнгийг оруулаад тэр нь өсөөд арвижаад Ирээдүйн тэтгэврийн нөөц сан өөрөө тодорхой хөрөнгийн нөөцийг бий болгох ёстой.
-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг ипотек рүү орууллаа. Дараа нь ямар нэгэн эрсдэл гарвал яах вэ. Байрны үнийн хөөсрөл хагараад үр ашиггүй болчихвол яах вэ гэсэн болгоомжлол байна?
-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болоод байрны хөөсөрсөн үнэ байх ёстой хэмжээндээ хүртэл буучихсан шүү дээ. Гадуур байрны квадрат метрийн үнэ хэд байснаа хэд болтлоо буусан нь бүгдэд анзаарагдсан байх. Тэгэхээр одоо бол дахиж үнэ буух ойлголт байхгүй гэж бодож байгаа. Өнөөдөр инфляци 2.9 байснаа бараг 1.9 рүү орлоо шүү дээ. Дахиад ч бууна. Дээр нь ипотекийн хөтөлбөрийг дэмжсэн төрийн бодлогууд гараад эхэллээ. Жилийн хүүг таван хувь болголоо. Урьдчилгаа төлбөрийн асуудал яригдаж байна. Хугацаа яригдаж байна. 20 жилийг 30 болгох боломж юу байна. Урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 20 болгох боломж юу байна гээд бүх асуудал яригдаж, хэрэгжээд эхэлж байгаа. Энэ бол ипотекийн төсөл хөтөлбөр, барилгын салбарыг дэмжсэн маш том бодлого. Зөвхөн нэг барилгыг дэмжээд байгаа юм биш шүү дээ. Барилгын салбарыг дагаад маш олон үйлдвэрлэгчид, бизнес, иргэдийн ажил амьдрал буцалж босч байдаг. Төмрийн үйлдвэр, төмөр импортлогчид, янз бүрийн жижиг дунд барилгын үйлдвэрлэл эрхлэгчид гэх мэт мянга мянган бизнес эрхлэгчид энэ салбарыг дагаж амьдардаг. Тэд хөл дээрээ босоод ирэх хэмжээгээр ажлын байр, орлого нэмэгдэнэ. Үндсэндээ эдийн засагт маш том эргэлтийг бий болгох боломжийг бүрдүүлж байгаа ийм л асуудал юм. Барилгын үнэ ханш унах тухай ойлголт байхгүй. Бидний гол бодлого бол ипотекийн төслийг үр ашигтай цааш нь явуулахдаа ямар нэгэн байдлаар барилгын үнийг нэмэгдүүлэхгүй, бууруулахгүй байх. Эсвэл тодорхой зах зээлийн ямар бодит ханш байдаг юм, түүн дээр л барих дээр гол анхаарлаа хандуулах ёстой. Аливаа юмнаас айгаад болгоомжлоод суугаад байвал хүн юм хийхгүй шүү дээ. Мэдээж алдаа оноо бий. Аль болох бага алдах ёстой. Илүү хожиж, оновчтой бодлого явуулах ёстой.
Тэтгэврийн даатгалын сан дээр миний нэг харж байгаа зүйл бол тэртэй тэргүй тэтгэврийн даатгалын сан өөрөө эрсдэлтэй сан байхгүй юу. 10 гаруй их наяд төгрөгийн өр авлага үүсчихсэн. Шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш нэг ч удаа бодит мөнгөн хуримтлал бий болж байгаагүй. Дандаа алдагдалтай явж байсан сан байхгүй юу. Анх удаа бодит хөрөнгө оруулалт орж ирж байна. Анх удаа хөрөнгийн зах зээлд оролцох боломж бүрдэж байна. Энэ бол үнэхээр тэтгэврийн даатгалын санд олдож байгаа маш том боломж. Тэгэхээр энэ боломжийг бид алдаж болохгүй. Түүхэндээ анх удаа л ийм боломж тохиож байна даа. Үүнийг үр дүнтэй ашиглаад явах. Та бид бүгд даатгуулагчид шүү дээ. Цаашдаа ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хууль батлагдаад бодит мөнгөн хуримтлал бий болоод эхлэхээр бидний хувьд ч нийгмийн даатгалын санд итгэх итгэл нэмэгдээд явчихна. Учир нь бид тэтгэвэрт гарахад бодит мөнгөн хуримтлал бий болчихсон. Тэр мөнгө нь үр ашигтай төсөл хөтөлбөрт ороод өсөх арвижих бодлого нь баталгаатай явж байна. Ийм л асуудал юм.
-Яагаад Монголбанктай хамтарч байгаа юм бэ?
-Монголбанк нэгдүгээрт боловсон хүчний нөөц бий болчихсон туршлага хуримтлуулсан давуу талтай байна. Хоёрдугаарт, Монголбанк өөрөө эрсдэлээ даах чадвартай байгууллага.
Тийм учраас бид Монголбанкаар тодорхой хугацаанд ипотекийн төслийг үргэлжлүүлэх чиглэлээр хамтарч ажиллах нь зүйтэй юм гэсэн шийдэлд хүрсэн. Аль ч улс оронд тэтгэврийн даатгалын сан бол хамгийн том, хамгийн урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтын сан байдаг. Өнөөдөр Чили, Америк, Канад гээд олон оронд тэтгэврийн даатгалын сан нь маш урт хугацааны томоохон хөрөнгө оруулалт хийдэг.
-Нийгмийн даатгалд төлсөн мөнгө тэр сан руу орно гэсэн үг үү?
-Үгүй. Одоохондоо нийгмийн даатгалд төлж байгаа мөнгө таван санд хуваагдаж байгаа шүү дээ. Жишээ нь, тэтгэврийн даатгалын санд тодорхой нэг хэсэг нь очно. Эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн ослын даатгалд нэг хэсэг нь орно.
Ажилгүйдлийн сан, тэтгэмжийн санд хуваагдана. Тэгээд тухайн сангийн зориулалтаараа хөрөнгө зарцуулагдаад явдаг. Энэ таван сан дотор бодит хуримтлал бий болгох шаардлагатай сан бол тэтгэврийн даатгалын сан байдаг. Бусад нь бол зарцуулагдаж байх ёстой сан. Тэгэхээр тэтгэврийн даатгалын санд байгаа мөнгө бодит хуримтлал болоод явах суурийг нь тавьж байна гэсэн үг.
-Ипотекийн зээлийн таван хувийн дагалдах журам гарах уу?
-Ипотекийн зээлийн хүү буурсантай холбоотой бусад зохицуулалтын журмууд Засгийн газар дээр гарна шүү дээ. Тэгээд зохицуулагдаад явна.
-Гуравдугаар сарын 1-нээс таван хувь болгоно гээд байгаа. Энэ хэр боломжтой вэ?
-Яагаад боломжгүй гэж. Боломжтой болоод л Засгийн газар ийм шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Өнөөдөр инфляци ийм түвшинд хүртэл бууна гэж хэн ч төсөөлөөгүй. Гурван жилийн өмнө Чингис бондын мөнгө босгож ирээд янз бүрийн зах зээл рүү оруулж мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Тэр үед олон улсын валютын сан “Танай инфляци 20 хувьд хүрнэ. Энэ мөнгөний урсгал дээрээ хамаагүй мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого чинь буруу” гэж ярьж байсан. Тэгтэл бид тэнд зоригтой хийсэн. Аливаа улс орны нийгэм эдийн засаг хүнээр бол цус нь мөнгө шүү дээ. Монголчууд нас залуу, цус шингэн гэж ярьдаг. Хүн хөгшрөх тусмаа цус нь өтгөрч байдаг. Цус өтгөрнө гэдэг хүний бүх эд эсэд шаардлагатай тэжээл хүчилтөрөгчийг хүргэх ажил нь удааширдаг учраас хөгшрөлт явагддаг. Түүнтэй адил эдийн засагт мөнгөний нийлүүлэлт багасаад эргэлт нь удаашраад ирэхээр эдийн засаг өөрөө муудаж эхэлдэг. Хэрвээ улс орны нийгэм эдийн засгаа залуу байлгая гэвэл мөнгөний эргэлт хурдан байх ёстой. Мөнгө өөрөө тодорхой хэмжээнд хангалттай нийлүүлэлттэй байх ёстой. Алдартай эдийн засагч Сато “Эдийн засагт ерөөсөө эргэлт явж байх ёстой. Бүр болдоггүй юм бол нэг хэсгээр нь нүх ухуул, тэгээд цалинг нь өг. Нөгөө хэсгээр нь булуул, тэгээд дахиад цалинг нь өг. Энэ бол эдийн засгаа аврах маш том арга” гэж хэлсэн байдаг. Зүгээр мөнгө тарааж болохгүй. Заавал юм хийх ёстой.
-Таван хувийн хүүтэй зээл гарахаар найман хувийн хүүтэй зээлтэй хүмүүсийг шилжүүлэх үү?
-Өмнө нь найман хувь руу шилжүүлсэн шиг мөн шилжүүлнэ гэсэн бодолтой байгаа. Тусгай журмаар зохицуулагдах байх.
Ж.Баярсайхан