Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: АН-ын маргаан эрх баригчдад том боломж олгож байсан учраас зөв ч, буруу ч үүнийг зогсооё гэсэндээ тамгаа өгсөн DNN.mn

УИХ-ын гишүүн асан, АН-ын даргын зөвлөх С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ноосоо тушаачихсан. Намын даргын ажлаа өгчихсөн хүн. Одоо та яг ямар ажил хийж байна. Намдаа тодорхой албан тушаал эрхэлж байгаа юу?

-Намын даргын ажлаа өглөө гээд энэ намаас гараад явчих биш. Ардчилсан намын гишүүн. Тэр утгаараа намынхаа ажлыг үргэлжлүүлээд хийгээд явна. АН-ын шинэ дарга Лу.Гантөмөрийн санал болгосноор АН-ын даргын зөвлөх гэдэг ажилд томилогдсон. Энэ ажлаа аваад хийгээд явж байна. Ер нь бол нам гэдэг бүхэл институц. Ахуй амьдралаар төсөөлбөл нэг өрх айл л гэсэн үг шүү дээ. Мэдээж сонгууль хаяанд ирчихсэн учраас шинэ хуучин гэлтгүй бүгд нийлж, нэгдэж байж намаа ялалтад хүргэнэ. Улс оронд тулгамдаад байгаа нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдэх улс төрийн хүчнийхээ асуудалд орох шаардлагатай. Нөгөөтэйгүүр Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулдаг голлох намын нэг учраас энэ чигийн үүрэг хариуцлага асар өндөр. Тэр утгаараа нийгэмд хүлээлт маш их байна. Өөрөөр хэлбэл ард түмэн улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг хэвийн түвшинд нь аваачих цор ганц улс төрийн хүчнийг АН гэж харж байгаа. Тиймээс энэ өндөр итгэл, үүрэг хариуцлагын эсрэг үйл ажиллагаа явуулах эрх манай намд байхгүй.

-Олон жилийн маргаан эцэс болж, үүрэгт ажлаа өөр хүнд шилжүүлчихлээ. Ингэхэд сая нэг таны нуруу амарч байна уу?

-Миний хувьд гучин гурван жил намынхаа төлөө, ардчиллын төлөө, үйл хэргийнхээ төлөө зүтгэсэн. Энэ хугацаанд янз бүрийн л ажил хийж үзлээ. Намын эгэл жирийн гишүүнээс эхлээд удирдах шатны бүх албан тушаалыг хашиж үзлээ. Үнэндээ энэ бүх үүрэг хариуцлага дунд надад ямар нэгэн зав чөлөө ховор байлаа. Өнөөдрийг хүртэл маш том ачаа үүрч, үүрэг хүлээж ирлээ. Ажлаа өгөөд тодорхой хугацаа өнгөрч байна. Гэтэл энэ хугацаанд миний ачаа хөнгөрөөд байгаа зүйл одоогоор мэдэгдэхгүй байна шүү. Нөгөөтэйгүүр миний чадах зүйл юу байна. Тэр бүхнийг энэ намдаа зориулаад л явна.

-Юутай ч Ардчилсан намын асуудал дууссан гэж бодож байгаа. Шинэ намын даргатай болоод таны хэлдгээр тодорхой хугацаа өнгөрлөө. Шинэ даргын бодлого, нам доторх бүтэц зохион байгуулалтын асуудал яагаад чимээгүй байна вэ. Нөгөөтэйгүүр намын шинэчлэлийн асуудал яригдаж эхэлж байх шиг байна шүү дээ…?

-Эрх мэдэл, албан тушаалын хувьд намын дарга гэдгээрээ Лу.Гантөмөр шинэ хүн байж болно. Харин намын үйл ажиллагаа, өнгөрсөн түүхийн хувьд гэвэл энэ хүн чинь шинэ хүн биш шүү дээ. Тэр намын бүхий л шатанд ажиллаж үзсэн, УИХ, Засгийн газрын гишүүн байж үзсэн хүн. Үүрэг хариуцлага хүлээж явсан улсуудын л нэг. Тиймээс намын дотоод асуудлыг цоо шинэ хүний нүдээр хараагүй болов уу л гэж ойлгож байгаа. Угаасаа л энэ дотроо байсан хүн. Мэдээж шинэ удирдлага, шинэ үүрэг хариуцлага хүлээж авсан хүний хувьд өөрийн гэсэн баг бүрэлдэхүүнтэй байгаа л байх. Өөрийн гэсэн бодлого, зорилго чиглэл байгаа л байх

Тэр утгаараа удахгүй намын бүтэц, шинэчлэлт, зохион байгуулалтын асуудлыг эхлүүлэх байх гэж харж байгаа. Үүнд нь миний хувьд мэдэх зүйлээ зөвлөнө. Мэдэхгүй юманд оролцоод яваад байхгүй л дээ.

-Лу.Гантөмөр даргын саналаар зөвлөх хийж байна гэлээ. Нөгөөтэйгүүр нийгэмд таныг өөр өнцгөөр харах хэсэг байна. Юу гэхээр С.Эрдэнэ ямар тохиролцоонд хүрсний дүнд олон жил хэл ам болсон намын даргын суудлаа Лу.Гантөмөрт өгөв гэж. Та энэ асуултад байр сууриа өмнө нь албан ёсоор хэлээгүй байх аа. Одоо танаас асуухад та ямар тохиролцоонд хүрсэн юм бэ. Яагаад намын даргын суудлаа өгөхөөр шийдэв?

-Нуулгүй хэлэхэд Ардчилсан намын эв нэгдлийг хүний өөрийн гэлтгүй бүгд л маш их хүсч байсан. Ардчилсан нам нэгдээд сөрөг хүчнийхээ үүргийг бодитой биелүүлээд босоод ирээсэй. Ингэвэл нийгэмд эрүүл саруул дуу хоолой гарч ирнэ. Өөрчлөлт шинэчлэлтийн хөрс суурь дахиад сэргэх юм байна гэсэн хүсэлтэй олон мянган хүн байсан. Иргэдийн дунд ч гэсэн ийм хүлээлт их байсан болов уу. Нөгөөтэйгүүр эцэс төгсгөлгүй Ардчилсан намын дотоод маргаан нь эрх баригчдад болон бусад улс төрийн хүчнүүдэд улс төрийн хувьд маш том боломж, нөхцөл байдлыг бий болгож өгөөд байсан. Тиймээс л үүнийг больё. Дотоод маргааныг зөв ч бай, буруу ч бай нэн даруй зогсооё. Эхлээд дотоод маргаанаа зогсоож байж учрыг нь олъё гэдэг ийм л шийдвэрийн үндсэн дээр тамгаа өгсөн. Түүнээс янз бүрийн тохироо, хэлэлцээр хийсэн асуудал огт биш. Өөрөөр хэлбэл бидний маргаанаар тоглоом хийж, янз бүрийн эрх ашиг, сонирхол давамгайлж идэвхтэй гарч ирж байсан учраас үүнийг нэн даруй зогсооё гэдэг зорилгоор нэгдсэн гэсэн үг.

-Зарим хүмүүс таныг албан тушаалын төлөө тохиролцоо хийсэн гэж яриад байна л даа. Ийм зүйл байхгүй юу?

-Албан тушаал, хэрэг дээр наймаалцдаг, тохиролцдог хүн нь би биш. Намайг мэдэх хүмүүс нь бүгд мэддэг л байх. Энэ миний хатуу зарчим шүү.

-Лу.Гантөмөр даргыг Боловсролын зээлийн сангаас хүүхдэдээ зээл гаргуулсан гэж шуугилаа. Ингээд нийгэмд Ардчилсан намын даргын асуудал дахиад яригдаж эхлээд байна л даа. Та намын даргын зөвлөхийн хувьд энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Лу.Гантөмөрийг Боловсролын зээлийн сантай нэр холбогдоход Ардчилсан намын шинэ дарга гэдэг утгаар нь нийгэмд харлуулах зохион байгуулалттай маш том баг гарч ажилласан нь тодорхой харагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар шударга үнэний төлөө дуугарч байгаа нэг хэсэг байна. Үүнийг би үгүйсгэхгүй. Үнэхээр бусдын боломжийг хулгайлсан, эрх мэдэл албан тушаалаа ашигласан гэх зэрэг асуудал байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ үүнийг маш анхааралтай харвал шударга дуу хоолойгоор асуудлыг яриад байна гэхээсээ илүү улс төрийн нүүдэл яваад байна уу даа л гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл улс төрийн зорилготой шатрын нүүдэл хийгдээд байна гэсэн үг. Товчхондоо дахиад л Ардчилсан намыг удирдлагагүй болгох, дахиад л дотоодод нь хагалах, бутлах гэсэн улс төрийн зорилгоор нүүдэл хийгдэж байна. Ялангуяа сонгууль хаяанд ирчихсэн цаг үед энэ зорилго нь илүү тодорхой харагдаад байгаа юм.

-Ер нь таны хувьд Боловсролын зээлийн сангийн асуудлыг юу гэж ойлгож байна вэ. Хувь улстөрчийнхөө үүднээс гэвэл…?

-Тэр битгий хэл эрх барьж байгаа намын гишүүд улаан цагаандаа гарчихсан энэ асуудлыг ярьж байна. Эцсийн дүндээ шүүхээс хэн нэгнийг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй бол хэнийг ч буруутан гэж үзэх ёсгүй. Тухайлбал, Лу.Гантөмөрийн хувьд ямар гэмт хэрэг хийчихсэн болохоороо бусдын хэлээд байгаа шиг Ардчилсан намын даргын суудлаа өгөх хэмжээнд яригдах ёстой юм. Үнэхээр шүүхээс энэ хүнд хариуцлага тооцох шийдвэр гаргасан бол энэ асуудлыг ярьж болох. Гэтэл тийм зүйл одоогоор алга байна. Нөгөөтэйгүүр зээл гэдэг бол гэмт хэрэг огт биш. Зориулалтын дагуу зээл авах нь зах зээлийн байдаг л энгийн харилцаа. Бидний зорьж яваа хүмүүнлэг, иргэний нийгэмд байдаг л санхүүгийн хэрэгцээ. Мэдээж бусдын боломжийг хулгайлах, эрх мэдэл албан тушаалаа ашиглах зэрэг нь гэмт хэрэг. Гэхдээ үүнийг эцсийн үр дүндээ нотлох баримтаар л тогтооно. Боловсролын зээлийн сангаас авсан нийт зээлийн 90 гаруй хувийг эрх баригчид өөрсдөө хамаарал бүхий этгээддээ олгочихсон юм билээ. Гэтэл Ардчилсан намын тухайд гэвэл энэ зээлийн дөрвөн хувь ч гэдэг юм уу үсрээд зургаан хувьд л зээл олгогдсон гэсэн тоон үзүүлэлт байна лээ. Энэ утгаараа сангуудын зээлийг харахад үнэхээр иргэдийн бухимдаад байгаа шиг эрх мэдэлд ойр албан тушаалтнууд нь өөрсдийн хамаарал бүхий этгээддээ олгочихсон байгаа байхгүй юу. Үнэхээр эдгээр сангуудыг гомдмоор тоночихсон, дээрэмдчихсэн, хулгайлчихсан л байна. Би хэллээ. Хэн хамгийн их тоноод, хулгайлаад байгаа. Тэгээд эцэстээ хэн хариуцлага хүлээж байгаа юм. 2020 онд ЖДҮ сангаас эрх баригчдын ихэнх нь хулгай хийгээ биз дээ. Эдгээр хулгай хийсэн нөхдийг дахин намаас нэр дэвшүүлэхгүй гэдгээ хэлсэн атлаа өнөөдөр ихэнх нь буцаад ороод ирсэн л байгаа байхгүй юу. Ийм шударга бус байж болохгүй. Тоносон, дээрэмдсэн, хулгайлсан үйлдэл, үйл ажиллагаа нь ил тод байхад хариуцлага хүлээх битгий хэл өмнөхөөсөө өндөр албан тушаал хашаад л явж байна. Тэгээд хэн яг хариуцлага хүлээчихээд байна. Би үүнийг их гайхдаг.

-Сангуудыг ил тод болгосон. Сангаас зээл авсан албан тушаалтан ховор болсон. Таны нэр ч Нийгмийн даатгалын даатгалын сантай холбогдсон. Таныг хамаарал бүхий этгээддээ 4.1 тэрбум төгрөг гаргуулж өгсөн гэдэг зүйлийг ярьж байна…?

-Нийгмийн даатгалын сан биш л дээ. Хамаарал бүхий компани гэдэг нь манай ээжийн амралтын газрыг яриад байгаа юм. Тэр ахмадын амралтын газар нь Нийгмийн даатгалын сангаас биш Халамжийн сангаас буюу төрөөс зохих ёсныхоо төлбөрийг авдаг. Манайхан сангуудаа хооронд нь хольж их ярьж байна. Яг ямар сан ямар зориулалттай, ямар нь зээл гаргадаг эсэхийг ойлгохгүй байна. Нийгмийн даатгалын сангаас ерөөсөө таван сан л байдаг. Тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэл ослын, эрүүл мэндийн сан гэсэн таван төрөлтэй. Энэ таван сан таван чиглэлээр л санхүүжилтээ олгодог. Гэтэл манайхан тэр тэдэн тэрбумыг авчээ гэж их ярьж байна. Угтаа асуудал мөнгөн дүндээ биш. Таван зуун мянга эсвэл таван тэрбум төгрөг авсан ч байж болно. Гол нь зориулалтын дагуу, хуулийн дагуу авсан уу л гэдэг асуудал байгаа.

-Тантай хамааруулж яриад байгаа асуудал нь ямар учиртай юм бэ?

-Манай хамаарал бүхий гэж яриад байгаа “Их тамир” гээд амралт Хандгайтад байдаг. Нэг ээлждээ зургаан зуу гаруй ахмад хүлээн авах хүчин чадалтай. Энэ амралтыг мэдэхгүй ахмадууд гэж байхгүй. Ер нь ахмадууд амралт сонгохоороо Их тамирыг сонгодог юм билээ. Байгуулагдаад 23 жилийн түүхийг өнгөрүүлж байна. Яагаад үүнийг надтай холбоод байгаа вэ гэж асуулаа. Ийм учиртай. Жил бүрийн хоёрдугаар сард багтаагаад тендер зарладаг. Ахмадын хуультай. Энэ хуулиар ахмадууд жилд хоёр удаа улсаас хөнгөлөлттэй амралт, сувилалд хэвтэх эрхтэй. Сувилалд хэвтвэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт нь олгогдоно. Амралтын хөнгөлөлтийг Халамжийн сангаас олгодог. Тэр утгаараа тендерийн болзолд тэнцсэн амралтын газрууд халамжийн байгууллагатай гэрээ хийгээд тухайн жилдээ ахмадуудад үйлчлэх эрхээ авдаг. Ингээд нэг ахмад хоногийн гучин мянган төгрөгөөр үйлчилгээгээ авдаг. Үүний хорин мянгыг улсаас хөнгөлөлт гэж олгодог. Тэгээд л тухайн амралтын газар хэдэн ахмадад үйлчилсэн байна, тэр тоогоороо улсаас авах ёстой төлбөрөө авдаг гэсэн үг. Үүнийг л надтай хамааруулж, би тийшээ санхүүжилт олгочихсон юм шиг яриад байгаа нь утгагүй. Надтай надгүй ажил хийсэн л бол хөлс, өртгөө улсаас гаргуулж авна. Үүнд миний оролцоо болоод хуулийн зөрчил огт байхгүй. Хэрвээ тийм зүйл байвал гаргаад ир гэж би хэлж байгаа. Нөгөөтэйгүүр ахмадын амралт өнөөдөр ямар ч ашиггүй. Гэхдээ миний ээж энэ амралтын газрыг хорь гаруй жил ажиллууллаа. Өөрөө өдгөө ная хүрч яваа ахмад хүн. Тиймээс хэдэн ахмадуудаа энэ газарт цуглуулж, алжаал ядаргааг нь тайлчих юмсан гэсэн сэтгэлээр мөн тухайн амралтын газарт ажиллаж байгаа хүмүүсийн амьжиргааг нь таслахгүй юмсан гэсэн итгэлээр л өдийг болтол хандаж ирсэн хүн. Ердөө ийм л зүйл байгаа шүү. Өнөөдөр үнэндээ гучин мянган төгрөгийн амралтын газар битгий хэл хоолны газар ч ховор байгаа. Гэтэл тэр амралт өдрийн гурван хоолтой, ая тухтай орчинд бүхий л зүйлээр тав тухтай үйлчилж байна. Миний хувьд улс төрд гуч гаруй жил ажиллахдаа улсын төсөвт хэзээ ч гар дүрж үзээгүй. Тийм түүх байхгүй. Харин зохион байгуулалттайгаар энэ олон сангийн аль нэг луйвар булхайн асуудалд миний нэрийг оруулчих гээд л үзээд байх шиг байна. Харамсалтай нь надад нэр холбогдох, мөнгө төгрөг авсан, идэж уусан нэг ч түүх, нэг ч сэжүүр байхгүй.

-Та сайдаар ажиллаж байхдаа Халамжийн сангаас хамаарал бүхий компани руугаа санхүүжилт хийчихсэн юм биш үү?

-Би харин хэлээд байна шүү дээ. Надад тийм зүйл огт байхгүй. Үнэхээр байгаа гэж бодож байгаа бол түүнийгээ нотолчих. Ямар нэгэн сантай, төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал байдал нотлох баримттай нь гаргаад ир. Тийм зүйл үнэхээр байхгүй. Ямар нэгэн асуудалд нэр холбогдуулах гэж хар пиар их л хийж байна. Одоо үүнийгээ больдоггүй л юм байх даа. Надаас ухаад ухаад юу ч гарч ирэхгүй шүү дээ. Сая Боловсролын зээлийн сангаас миний хүүг зээл аваад Канадын Торонтогийн их сургуульд сурсан л гэж ярьж байна. Тийм сургууль байдаг эсэхийг нь ч мэдэх юм алга. Миний хүү Канад руу хэзээ ч явж үзээгүй. Өөрөө Хятад улсад төгсөөд дараа нь МУИС-ийн Хууль зүйн ангийг төгссөн хүн. Би долоон хүүхэд өсгөж, өндийлгөсөн. Зургаан хүүхэд маань гадаад дотоодын их дээд сургууль төгссөн. Нэг ч хүүхдээ нэг ч төгрөгийн зээлээр сургаж үзээгүй. Зургаан хүүхдээ өөрийнхөө л хүч хөдөлмөрөөр сургаж, өдий зэрэгт хүргэсэн хүн. Бүгд л одоо дор бүрнээ ажил хөдөлмөр хийгээд явж байгаа. Миний зургаан хүүхдээс нэг нь ч төрд ажиллаж байгаагүй.

-Нэг нь ч төрд ажиллаж байгаагүй гэж үү. Танай нэг хүүхэд Баянгол дүүрэгт ажилладаг байсан гэж шуугьж байсан даа…?

-Манай хүргэн л Баянгол дүүрэгт ажиллаж байсан. Өөрөөр миний хүүхдүүд төрд огт ажиллаж байгаагүй. Гэтэл намайг Баянгол дүүргийг ах дүү, үр хүүхдээрээ дүүргэчихсэн мэтээр л харлуулдаг. Үнэндээ би чинь ах дүү цөөхүүлээ хүн. Эцэг эхээс хоёулхнаа байсан. Ганц дүү маань бурхан болсон. Гэтэл ийм зүйлээр хүнийг гүтгэж, харлуулдаг. Хэрвээ миний хүү Торонтод сурч байсан юм бол тухайн сургуулийн төлбөр тооцооны баримт нь хаана байна. Явсан, ирсэн баримт нь хаана байна. Үнэхээр сурч байсан бол ийм баримт үлдэнэ. Гэтэл үүнийг ил гаргаж ирэхгүй байгаа. Угаасаа байхгүй юм чинь юу гаргаж ирэх билээ дээ. Бусдын баримтуудыг ил тод дэлгээд л байгаа шүү дээ. Үнэндээ надад тийм баримт байсан бол эд нар хамгийн түрүүнд л дэлгэчихсэн байгаа шүү.

-Ер нь хууль хяналтын байгууллагад таныг шалгаж байгаа зүйл байна уу?

-Байгаа, хоёр ч асуудал бий. Энэ хоёр асуудал дөрөв дэх жил рүүгээ ороод явж л байна. Яг ямар үндэслэлтэй нь бүү мэд. Манай нөгөө Женко гэх нөхөр л хийсэн ажил. Тэр нөхрийн захиалгаар хоёр хэрэг үүсгэсэн.

-Нөгөө нийгмийн даатгалын сантай холбоотой асуудал уу?

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг банкинд байршуулсан. Улмаар уг банк нь дампуурсанд С.Эрдэнэ гэдэг хүн буруутай гэж үзэж байгаа нэг хэрэг байна. Хоёр дахь нь Дарханы үр тарианы агуулах шинээр баригдах хөрөнгийг УИХ-аар батлуулж, түүнийхээ шанд охиныхоо хувьцааг зарж авлигал авсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Энэ хоёр хэрэг шийдэгдэхгүй дөрөв дэх жил рүүгээ орж байна. Уг нь өнгөрсөн жил энэ хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа АТГ-аас прокурорт хүргүүлсэн байдаг. Гэвч прокурор уг асуудлыг шийдвэрлээгүй жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд намайг нэг ч дуудаагүй. Нэг ч асуугаагүй.

-Таны зүгээс хэргээ хурдан шийдвэрлүүлье. Гэм буруутай эсэхээ шүүхээр хурдан тогтоолгоё гэдэг саналаа холбогдох хууль хүчний байгууллагад гаргаж байв уу?

-Би шийдчихдэг байсан бол шийдчихмээр л байна. Санал, гомдлоо олон удаа өгсөн. Тэр битгий хэл би чамд нэг түүх ярих уу.

-Ямар түүх вэ?

-2021 онд бил үү дээ. Женко Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үе. Тэр оны гуравдугаар сарын 1-нд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд над руу утсаар залгасан. Тэгээд “Чи өргөдлөө бичээд өгөөч” гэж байна. Би олон удаа өргөдөл гомдлоо өгсөн гэж хэллээ. Тэгсэн З.Энхболд “Үгүй ээ. Чи яг одоо шинэ огноогоор бичээд өгөөдөхөөч” гэсэн. Тэгэхээр нь би хоёрдугаар сарын 24 гэдэг огноогоор өргөдлөө бичээд өглөө. Тэгсэн надад холбогдох хоёр хэргийг гуравдугаар сарын 1-ний тэр өдөр хоёулыг нь хүчингүй болгочихсон. Бүр хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн прокурорын тогтоолыг надад ирүүлсэн. Тухайн үед би буруу зүйл, хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй учраас угаасаа хэрэгсэхгүй болох ёстой хэрэг ингээд шударгаар болчихлоо л гэж санасан. Тэгээд байж байтал З.Энхболд над руу дахиад залгалаа.

-Энэ удаад юу гэж залгаж байна?

-Чи нөгөө хүнтэй ярьсан уу гэж ярьж байна. Би “Надад тэр хүнтэй чинь ярих юм байхгүй. Юугаа ярьдаг юм” гээд жаахан хэдэрлээд хариулахгүй юу. Тэгсэн “Чи нэг ярьчихаарай” гээд утсаа тасаллаа. Гэтэл үдээс хойш Х.Баттулга өөрөө над руу залгаж байна. Тэр “Юу байна хөгшөөн” гээд л өнгөгүй хоолойгоороо дуугарлаа. Би ч “Тайван байна, таны ажил төрөл давгүй юу” л гэлээ. Ерөнхийлөгч залгаж байгаа учраас та гэж хүндэтгэж ярьсан шүү. Тэгсэн өөдөөс “Миний хөгшин асуудал чинь шийдэгдчихсэн бол одоо тамга юмнуудаа хэл амгүй өгчихгүй юу даа” гэж байна. Тэгэхээр нь би уучлаарай, нэгдүгээрт би хэрэг хийгээгүй. Хоёрдугаарт, таны хийсэн гүтгэлэг, хар пиар сурталчилгаа амжилттай боллоо. Баярлалаа танд гэж хэлсэн. Нэмээд “Би тамгаа өгч чадахгүй. Би намаа гэмт хэргээр наймаалцдаг хүн биш шүү” гэсэн. Гэтэл тэр нөхөр утсаа шууд тасалчихсан. Ингээд байж байтал юу болсон гээч. Долоо хоногийн дараа нөгөө хоёр хэргээ сэргээчихвэл яах вэ. Тэгэхээр нь би тухайн үед хэвлэлийн хурал хийсэн шүү дээ. Монголд хуулийн хонгил байдаг гэдэг нь үнэн юм байна. Тэр хонгилоор нь би чирэгдэж байгаад гарч ирлээ гэж хэлсэн. Женко гэдэг нөхөр ийм л хүн.

-Ярианыхаа төгсгөлд танаас цаг үеийн асуудлаар асууя. ҮХНӨ-ийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Ерөнхийдөө гишүүдийн тоог 126 болгохоор тогтож байх шиг байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зүй ёсны шаардлага бий юу гэвэл бий. Тэр бүү хэл улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн хүрээнд үүсчихсэн олон асуудлыг ҮХНӨ-өөр зохицуулах шаардлага байна. Наад зах нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөлтийг Үндсэн хуулиар хийх ёстой. Энэ олон зах замбараагүй сум, хороодыг цэгцлэх цаг болсон байна. Төрийн данхайсан ачаа үүргийг аль болох багасгах шаардлагатай. Гэтэл зөвхөн гишүүдийн тоог нэмэх асуудлаар ҮХӨ-ийг хийж байгаа нь хэр зөв зохистой үйлдэл вэ. Би бол буруу л гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл 152 болгох асуудлыг эсэргүүцээд байгаа иргэдийн саналтай нэг байна. Харин тогтолцооны өөрчлөлт зайлшгүй хийх ёстой гэж үздэг. Сонгуулийн насны нийт иргэдийн дөч гаруйхан хувийн саналаар парламентын ерэн хувийг эзэлж болохгүй. Энэ бол тогтолцооны том гажиг. Сонгуулийн хуулийн гажиг гэх юм уу даа. Үүнийг өөрчилнө гэж байгааг би дэмжиж байгаа. Монгол Улсад хамгийн тохиромжтой сонгуулийн тогтолцоо бол холимог систем. Үүнтэй санал нэг байна. Харин тооны хувьд 152 гэдэг арай л нүсэр санагдаж байна. Өнөөгийн 76 гишүүн чинь энэ саарал ордондоо багтаж шингэх гэж чамгүй маргаан, хэл ам болж байна. Гэтэл хоёр дахин нэмчихээр юу болох юм. Нэгэнт тогтолцоогоо өөрчилж байгаа бол тоонд өөрчлөлт оруулах нь болохгүй ч зүйл байхгүй л дээ. Гэхдээ тэрийгээ судалгаатай үр дүнтэйгээр өөрчлөх шаардлагатай.

-Таны хувьд ирэх сонгуулиар нэр дэвших үү. УИХ-д дахин орж ирэх бодол байна уу?

-Нам намайг өрсөлдөх боломжтой гэж үзээд нэр дэвшүүлбэл миний хувьд айгаад ч юм уу, хойш суугаад байх зүйл огт байхгүй. Улс орныхоо төлөө хийж бүтээе гэсэн сэтгэл зүрх надад хэн хүнээс илүү байгаа. Үүнийгээ зориулаад л явна. Харин одоохондоо таны хэрэг алга байна гэж шийдвэл улайраад зүтгээд байх хүн би биш л дээ. Би Монголын парламентад гурван удаа сонгогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа УИХ, Засгийн газрын 300 орчим шийдвэр тогтоол гаргахад нь оролцсон юм билээ. Бие дааж болон нөхөдтэйгөө хамт 70 гаруй хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьсан байна. Үүнээс 40 гаруй хууль нь батлагдаад хэрэгжиж байгаа. Энэ утгаараа УИХ-ын гишүүнийхээ үндсэн үүргийг өөрийнхөө хэмжээнд хангалттай хийж ирсэн юм болов уу гэж боддог. Тэртээ тэргүй сонгогчид С.Эрдэнэ гэдэг хүн гишүүн байхдаа юу хийж байсан бэ гэдгийг мэднэ. Хүн ер нь шударга царай гаргаад олон л юм ярьдаг. Гэхдээ үгүй юм аа. Хүн эцсийн дүндээ байгаагаараа л байх ёстой. Чаддаг зүйлээ чаддагаар нь харуулаад явах хэрэгтэй. Чадахгүй зүйлээ хийх гэж чаддаг нэгэндээ шавар болж явах ёсгүй юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *