Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Энхболд: Эрүүл мэндийн салбар хүний нөөц, эдийн засгийн нөөцөө бүгдийг нь шавхан ажиллаж байна


Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.


-Эрүүл мэндийн яам халдварыг бууруулах чиглэлд ойрын үед ямар ажлууд төлөвлөж, хийж байгаа вэ. Ямар бололцоо байна?

-Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид маш их хичээн ажиллаж байгааг ярилцлагынхаа эхэнд онцолж хэлмээр байна. Эрүүл мэндийн яам цар тахлын энэ үед илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, вакцинжуулалт, урьдчилан сэргийлэлт зэрэг чиглэлээр бодлогын болон үйл ажиллагааны шийдвэрүүдийг цаг тухай бүрт нь гаргаж ажилладаг.

Халдварын тархалтыг бууруулахын тулд бүх нийтээр тэмдэглэх баяр, олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, хурал цуглаан зэрэг нэг дор олон хүн цугларах арга хэмжээг хориглох, хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалт хийх, олон нийтийн арга хэмжээнд нэг дор 10-аас илүү хүн цугларахыг хориглох зэрэг хэд хэдэн саналуудыг Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст санал оруулсан.

Мөн эм, оношлуур, хамгаалах хэрэгслийн нөөцийг тооцон, тасралтгүй хангах, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлүүлэх, “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг халдвараас хамгаалах стратегийг боловсруулах зэргээр өөрийн яамны чиг үүргийн хүрээнд гаргах шийдвэрүүдийг гаргаж, тодорхой чиглэлүүдээр Улсын онцгой комисс, Засгийн газарт санал оруулж шийдвэрлүүлэх зэргээр ажиллаж байна.

Цаашид ч шаардлагатай шийдвэрүүдийг цаг алдалгүй, түргэн шуурхай гаргаж, тулгамдаж буй асуудлуудаа хурдтайгаар шийдэх шаардлагатай. Ингэхгүй л бол халдварын хурдыг гүйцэхгүй. Бидэнд халдварын тархалтыг бууруулах боломж бий. Халдвар нэг хүнээс нөгөөд тодорхой хэдэн замаар л халдварладаг. Иргэд аль болох эрсдэлгүй хүрээлэлд байж, бусадтай уулзахгүй байх, цахимаар ажиллах, олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах зэргийг тогтмолжуулж чадвал өвчлөлийг бууруулна. Энд мэдээж вакцинжуулалт маш чухал үүрэгтэй.

Эрүүл мэндийн яам боломжит бүх чиглэлээрээ мэдээллийг хүргэхийг зорьж байгаа. Мэдээж цар тахлын нөхцөл байдал хүнд байна. Өдөрт илэрч байгаа тохиолдлын тоо өндөр байна. Тодорхойгүй нөхцөл байдлыг тодорхой болгох шийдэл нь иргэд эрүүл мэндийн салбарынхантайгаа нэг тал болох, хамтдаа аюулт өвчний эсрэг тэмцэх хэрэгтэй болж байна.

-Вакцинд хамрагдалт өндөр байхад яагаад халдварын тоо буурахгүй, өсөөд байна вэ. Өмнө нь иргэдээ вакцинд хамруулаад зургадугаар сарын 15 гэхэд халдвар буурна гэж мэдээлж байсан шүү дээ. Энэ тооцоолол юу болсон бэ. Хэзээнээс халдвар буурч, хэвийн байдалд очих бололцоотой байна?

-Насанд хүрэгчдийн 80-аад хувийг вакцинжуулчихаад байхад яагаад халдвар буурахгүй байна гэх асуулт их ирж байгаа. Түүнчлэн ташаа ойлголт их тархсан, үүнд дараах хэдэн шалтгаан бий. Юуны өмнө Засгийн газар насанд хүрэгчдийн 62 хувийг вакцинд хамруулах зорилт тавьсан.

2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 52,5 хувь нь вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байна. Вакцин хийлгэж болохгүй заалттай хүмүүс болон эсэргүүцэгчдийн тоо нь 300 мянга орчим.

Монгол Улс 3,357,542 хүн амтай (100%). Үүнээс 0-17 насны 1,185,991 хүүхэд бий. Гурван хүн тутмын нэг нь хүүхэд буюу вакцинд хамрагдаагүй бүлэг эзэлж байна. Эдгээр шалтгааны улмаас дархлаажуулалтын хувь зорилтот хэмжээнд хүрээгүй явна.

Гэтэл хүн амын дунд дархлаа тогтох түвшин 78-80 хувь байх ёстой. Энэ түвшинд хүрэхийн тулд вакциндаа хамрагдаагүй залуу хүмүүс, түүнчлэн вакцин үйлдвэрлэгчийн зөвшөөрч, зөвлөж буй тодорхой насны бүлгийн хүүхдүүдээ вакцинд хамруулах нь чухал болж байна.

Хоёрдугаарт, Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунг хийлгээд 15 буюу түүнээс дээш хоног болсон хүний тоо 1,578,648 хүн буюу одоогоор дөнгөж 50 хүрэхгүй хувьтай байна. Вакцины хоёр тунг хийлгээд 14-28 хоногийн дараа хүний биед хамгаалах уураг, санамжийн эс үүсч хүндрэлээс сэргийлдэг. Тиймээс хүн амын дунд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тун авсны дараа 14 хоног болсон иргэдийн тоо нэгдүгээр тунгийн хамрагдалтаа гүйцэж ирэх хүртэл хугацаанд иргэн бүр хариуцлагатай байж маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барих, олноор цуглахгүй байхыг уриалаад байгаа юм.

Гуравдугаарт, 2021 оны зургадугаар сарын 8-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний дэлгүүр, эмийн сан чиглэх хүн амын хөдөлгөөн цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 133 хувиар нэмэгдсэн байгаа юм. Халдвар буурч хэвийн түвшинд очихын тулд иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдсанаас хойш 14-28 хоногийн хугацаа хэрэгтэй байдаг. Иймд иргэд маань олноороо цуглахгүй байх, бие биенийдээ айлчилж баяр тэмдэглэхгүй байх, аль болох зөвхөн өөрийн амьдралд нэн шаардлагатай ажил, гэр зэрэг тэр л хөдөлгөөн, чиглэлээсээ хэсэгтээ битгий хазайгаасай гэж хүсч байна.

Тэгэхээр өнөөдрийн хөдөлгөөний эрчим, вакцинд хамрагдалт маань бидний тооцоолсноос өөр байгаа учир халдварын тоо зургадугаар сарын 15-аас буурна гэсэн төсөөлөл маань өөрчлөгдчихөж байгаа юм.

-Хүүхдүүдийг вакцинд хамруулах чиглэлд ямар бодлого баримталж байна. Хичээл, сургууль эхлэхээс өмнө зөвшөөрөгдсөн насны хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулах вэ?

-16-17 настай хүүхдүүдийг тархвар судлалын заалтаар сайн дурын үндсэн дээр, эцэг, эхийн зөвшөөрлөөр вакцинд хамруулж эхлээд байна. Хүлээлтээс давсан хамрагдалттай байгаа. Харин 12-15 насны хүүхдийг вакцинд хамруулах асуудал дээр холбогдох салбар зөвлөлүүд болон шаардлагатай бүх бүтцүүд олон судалгаанууд дээр ажиллаж дүгнээд ДЭМБ-аас тарьж болох тухай зөвлөмжийг өгсөн тул энэ насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн. Үүнээс гадна өндөр хөгжилтэй зарим улс шинжлэх ухааны судалгаанд суурилж дээрх шийдвэрийг гаргаж эхэллээ. Тухайлбал, Япон улсын Засгийн газрын Захиргаа зохицуулалтын шинэчлэл хариуцсан сайд Коно Таро хэдхэн хоногийн өмнө мэдэгдэл хийсэн. Тус улс 12-оос дээш насны хүүхдээ вакцинжуулж эхэллээ. Айх зүйл байхгүй гэдгийг хэлж байна. Яг үүнтэй ижил Монгол Улс шинжлэх ухааны ололт амжилтыг үндэслэн ийм шийдвэр гаргаж байна. Мэдээж хүүхэд гэдэг бол хүн бүрийн хамгийн эмзэг эрдэнэ. Тийм учир бид вакцинжуулах гэж яарахаас илүүтэйгээр гарч болох нөлөөлөл, үр дүнг маш тодорхой болгож байж вакцинжуулалтаа эхлүүлж байгаа гэдгийг зориуд тодотгон хэлмээр байна.

-Улсын баяр наадам зохион байгуулах нь өндөр эрсдэлтэй гэж иргэд ярьж байна. Үүнд Эрүүл мэндийн яам ямар бодлого, чиглэлтэй байна?

-Би дахин тайлбарлая. Цар тахал, халдварт өвчин бол аливаа хавьтлаар нэг хүнээс нөгөө хүнд халддаг. Хүний хөл, хөдөлгөөнтэй шууд хамааралтай. Тийм учраас манай яамны зүгээс аливаа нийтээр тэмдэглэх баяр, олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, хурал цуглаан зэрэг нэг дор олон хүн цугларах арга хэмжээг хориглож, хойшлуулах чиглэлийг санал болгож байгаа.

-Дархлаажуулалтад хамрагдаад халдвар авсан хүмүүс хэд байна. Энэ тухайд юу хэлэх вэ?

-2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн гаргасан тайлангаар Улсын хэмжээнд коронавируст (КОВИД-19) халдварын эсрэг вакцины хоёр тунг хийлгээд 14 буюу түүнээс дээш хоног болсон нийт 1,392,571 хүн байгаагаас 1.01 хувь (14,101) нь халдварт өртөж, өвчилсөн байна. Үүнээс вакцины бүтэн тунгаа аваад 14 хоногоос дээш болоод халдвар авсан байдлаар үзвэл, Комирнэти буюу Пфайзер 0,15 хувь, Веросел 0,35 хувь, Спутник 0,47 хувь, Астразенека 0,48 хувийг эзэлж байна. Бид анхнаасаа хэлээд л байгаа шүү дээ. Тодруулбал, “Та хэдийгээр хоёр тунгаа бүтэн авч, вакцинд хамрагдсан ч халдвар авч өвчлөх, улмаар халдвар тараагч болох эрсдэлтэй. Гэхдээ вакцин хүндрэх, цаашлаад нас барах эрсдэлээс 90-100 хувь хамгаална аа” гэж.

Тиймээс вакцины хоёр тун хийлгэсний дараа ч маскаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих, дотоод орчинд агаар сэлгэлт хийх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлэх нь нэн чухал.

-Эрүүл мэндийн салбарын хувьд, цар тахлын үед гарч байгаа хамгийн хүндрэлтэй асуудал юу байна вэ?

-Хүний нөөцийн асуудал хамгийн хүнд байна. Эрүүл мэндийн салбар гэдэг эмч, сувилагч гэсэн мэргэжлээр хязгаарлагддаггүй. Эдгээр хүмүүсийн ард дэмжих алба буюу асрагч, үйлчлэгч, угаагч, ариутгагч, техникийн ажилтнууд, жолооч, нярав, нягтлан гээд маш олон хүний хөдөлмөр энэ салбарыг хөдөлгөж байдаг. Эдгээр хүмүүс маань эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх, цар тахлын голомтод ажиллах зэргээр хуваагдан ажиллахын зэрэгцээ эмчилгээ асаргааны явцдаа өөрсдөө ч халдвар авч өвчилснөөр бид хүний нөөцийн асуудалтай тулгарч байна. Таны ярилцлагаар дамжуулан өнөөдрийг хүртэл өргөсөн тангарагтаа үнэнчээр, сэтгэл зүрхээ зориулан, ар гэрээ олон хоногоор орхин байж цар тахлын эсрэг тэмцэн ажиллаж буй нийт эрүүл мэндийн салбарынхандаа болон бусад бүх салбарын ажилтан, ажиллагсдадаа “Баярлалаа” гэж хэлмээр байна. Баярлалаа гэдэг үгийг бодит дэмжлэгтэй болгохын төлөө Засгийн газрын гишүүн байх хугацаандаа хичээн зорьж ажиллах итгэл үнэмшилтэй байгаа. Бид нэг дор бүгдийг зэрэг өөрчилж чадахгүй. Гэхдээ аль болох хурдтай өөрчлөх, ялангуяа нийгмийн асуудал дээр анхаарах ёстой. Би ч өөрөө салбарт ажиллаж байсан эмч хүний хувьд энэ үед ямар зовлон, бэрхшээл байгааг бүгдийг сайн ойлгож, мэдэж байгаа.

-Эмнэлгүүдийн нөхцөл байдлын мэдээлэл өгөхгүй юү. Эмнэлэгт ор байхгүй, халдвартай хүмүүсийг хүлээж авах газар олдохгүй гэх шүүмжлэл гарч байна?

-Бид анх гурван эмнэлэгт 1,000 орчим ор бэлдэж эхэлсэн байдаг. Дөрөвдүгээр сарын халдварын давлагаагаар орны тоог маш богино хугацаанд нэмэгдүүлснээр одоо улсын хэмжээнд 12000 гаруй эмнэлгийн ор цар тахлын эсрэг ажилуулж байна. Энэ орыг нэмэгдүүлэхэд хүндрэлтэй болоод байна. Учир нь түрүүн хэлсэнчлэн эрүүл мэндийн салбар хүний нөөц, эдийн засгийн нөөцөө бүгдийг нь шавхан ажиллаж байна. Орыг бол дэлгэж болж байна, харин хүний нөөцийг “дэлгэх” боломж байхгүй тул ард иргэд та бүхэн өөрсдийгөө болон бусдыгаа эрсдэлээс хамгаалах үүднээс эрүүл мэндийн салбарынхны гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөөсэй гэж дахин дахин хүсч байна. Мөн хотын захиргааны шинэ байранд 145 орыг бид дахин дэлгэж байна. Хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсээ эрэмбэлэн ангилж дэс дараалан суларсан эмчилгээний оронд хэвтүүлэх хүртэл байршуулахаар төлөвлөж байна. Үнэхээр энэ өвчний эсрэг Засгийн газар, Эрүүл мэндийн салбарынхан, төрийн бусад салбарынхан ард иргэд та бүхэнгүйгээр тэмцээд үр дүнд хүрэхгүй шүү дээ. Нөгөө талдаа бид цар тахалд бүхнээ зориулбал бусад өвчнүүдийн эсрэг эмнэлгийн тусламж яах билээ. Маш олон хүмүүс өнөөдөр бусад өвчнөөр шаналж буй учир хурдан хугацаанд энэ цар тахлыг дарахад иргэн бүрийн өөрийгөө гэсэн, гэр бүлээ гэсэн, хамт олноо гэсэн, улс орноо гэсэн сэтгэл, зүтгэл хамгаас чухал. Энэ цаг мөчид халдвар хамгааллын дэглэмээ барьсан хүмүүсийг жинхэнэ эх оронч гэж хэлэх хэрэгтэй байх шүү.

-Нас баралтын хэмжээ өндөр байна. Цаашид нөхцөл байдал ямар хэмжээнд хүрэх вэ?

-Улсын хэмжээнд 2021 оны зургадугаар сарын 22-ны байдлаар коронавируст халдвар нийт 100,263 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, нийт нас баралт 469 болсон байна. Дэлхийн дундаж 2 хувь. Өдөрт гарч буй халдварын тохиолдлын тоогоор бид бусад улс орнуудтай харьцуулахад дээгүүр байгаа нь үнэн ч нас баралтын түвшин харьцангуй бага байгаа.

Жишээ нь, Хятад улсын бүртгэгдсэн тохиолдол манай улстай хамгийн ойр ижил буюу манайх хүн амдаа тооцвол өндөр хэдий ч нас баралтын хувь 9-10 дахин бага байгаа нь бид хүндээ тусламж үйлчилгээг хүргэж чадаж байна, нөгөөтэйгүүр манай эмч сувилагч нарын мэдлэг, чадвар шаардлагатай тоног төхөөрөмж, эм, хэрэгслийг сайн хангаад өгвөл олон улсын жишигт хүрснийг харуулж байна гэж би дүгнэж байгаа.

Гэвч өдөр болгон иргэд энэ цар тахлын улмаас нас барж байна аа гэдэг бол аюул дуусаагүй ээ гэсэн үг. Нас баралтыг бага байлгах, цаашлаад нэг ч хүнээ энэ өвчнөөр алдахгүйн тулд манай салбарынхан бүх л арга хэмжээг аван ажиллаж байна. Нийт нас барсан тохиолдлын 57 хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлж байна. Нас барсан хүмүүсийн дотор зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, уушгины архаг бөглөрөлтөт зэрэг архаг суурь өвчний оноштой хүмүүс голлох байрыг эзэлж байна.

Мөн энэхүү цар тахалтай тэмцсэн цаг хугацаанаас олж харсан нэг зүйлийг цаашдын салбарын бодлогодоо тэргүүлэх чиглэл болгон ажиллана гэж бодож байгаа. Энэ цар тахлаас нэг талдаа бид анагаахын шинжлэх ухааны хөгжил дэвшлийн ололт болсон вакцинаар эрсдэлээс хамгаалж, хүндрэл нас баралтаас сэргийлж чадаж байна. Нөгөө талаас хувь хүн бүр өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө маск зүүж, зайгаа барьж, гараа сайн угааж, ариутгавал халдвар авахгүй байж болж байна. Ингэхээр аливаа өвчин эмгэгээс ангид байх буюу сэргийлэхэд хувь хүний оролцоо маш их буюу ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ТАНЫ ГАРТ байна гэсэн үг гэдгийг цар тахал тод томруун харуулж байна. Тийм болохоор цаашид бид нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг тэргүүлэх чиглэлээ болгон ард иргэддээ эрүүл мэндийн боловсролыг цэгцтэй системтэй, чанартай олгож, аливаа өвчин эмгэгээс маш үр дүнтэй сэргийлж болно гэж харж байгаа. Бид цаашдаа архаг суурь өвчнийг эрт илрүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлэх нь чухал гэдэг нь дээрх мэдээллээс харагдаж байгаа. Засгийн газрын зүгээс эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр томоохон ажлуудыг эхлүүлэхээр зэхэж байна.

-Шинжилгээ авах цэгүүдийн тоо цөөхөн байна. Үнэгүй шинжилгээ өгдөг цэгүүдийн тоог нэмэгдүүлж, шуурхай болгох боломж бий юү?

-Эрүүл мэндийн яам УИХ-аас төсвийн тодотгол хийж өгөхийг хүсч байгаа. Эм, оношлуурын нөөцийг бэлдэхийн тулд Засгийн газар бүх талаар дэмжиж байна. Өдөрт бид дундаар 10 мянган PCR шинжилгээ хийж байна. Нэг оношлуур худалдан авах үнэ ойролцоогоор 30,000 төгрөг. Энэ дээр сорьц авах ажилтны цалин, хамгаалах хэрэгсэл, тээвэрлэлт, лабораторийн зардал нэмэгддэг. Тэгэхээр зөвхөн шинжилгээний оношлуур худалдан авахад 300 сая төгрөг зарцуулж байна гэсэн үг. Иймээс оношлуур, эм тарианы нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаа юм. Тэгэхгүй бол зөвхөн эрүүл мэндийн яамны төсвөөр зардлыг дийлэхгүй.

Цаашид эмнэл зүйн шинж тэмдэгт тулгуурласан, түргэвчилсэн тестийн оношилгоог илүүтэй ашиглахын зэрэгцээ шаардлагатай тандалт, хавьтлын PCR шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийдгээрээ хийнэ. Харин дээр дурдсан бусад шаардлагаар буюу сайн дураараа эмчийн заавраар бус хийгдэж буй шинжилгээг төлбөртэй болгохоос өөр арга байхгүй. Дахин тодруулан хэлэхэд тандалт, хавьтлын буюу тархвар судлаач эмчийн заавраар хийгдэх шинжилгээ үнэ төлбөргүй, өмнө нь хийгдэж байсан журмаараа явж байгаа. Илрүүлгийн 40 автобус бүхий эмч, эмнэлгийн ажилтнууд иргэдэд үйлчилсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *