Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: Алтран шаргалтах элс нь зүмбэртсэн ариухан дөлгөөн Эрээн нуур манай Жаргалангийн сүлд дуу юм

“Эх орон сумаас эхэлнэ” буландаа цагдаагийн хурандаа Содномцэрэнгийн Чинзоригийг урьж ярилцлаа.


-Та бид хоёр таны унаган нутаг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын тухай ярилцаж байна. Эхлээд сумынхаа үүх түүхийн талаар ярихгүй юу?

– Манай сум хуучнаар Засагт хан аймгийн Үйзэн түшээ гүний хошуу гэж нэрлэгдэж байгаад, 1924 онд Хантайшир уулын аймгийн Мөнх Өлзийдэлгэр уулын хошууны бүрэлдэхүүнд Жаргалан сум гэж байгуулагдсан түүхтэй. Сум маань аймгийнхаа Тайшир, Шарга, Баян-Уул сумдтай, Завхан аймгийн Алдархаан, Цагаан чулуут зэрэг сумуудтай хил залган Алтай хотоод хойш 100 км-т баруун талаараа Дархан цаазат Хасагт хайрхан уул, хойгуураа Жаргалан уул, Монголын их элс, зүүн талаараа Завхан гол, урдууруу долоон тогооны аарагаар хүрээлэгддэг. Алтай хангай, тал хээр, говийн бүсийн төгс багтаасан байгалийн хосгүй үзэсгэлэнтэй сайхан нутаг. Жаргалан сум бол домог түүх, дуу шүлэгт мөнхөрч олонд танигдсан үзэсгэлэнт сайхан байгалтайгаас гадна улс эх орон, тив, дэлхийд алдар нэрээ дуурсгасан олон сайхан алдарнуудын өлгий нутаг гэдгээрээ алдартай. Жаргалан сумын тухай тэр дундаа Дархан цаазат Хасагт хайрхан уул, Хүнхэр зуслангийн рашаан амралтын үзэсгэлэнт байгалийн тухай телевизээр олонтаа гарсан. Мөн интернетэд ч тавигдсан байгаа. Монголчууд маань төдийгүй дэлхий нийт үзсэн байх аа.

-Жаргалан сум бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн онцгой нутаг. Далай ламын шүншиглэсэн Хүнхэрийн рашаан, дуунд мөнхөрсөн Эрээн нуур гээд монгол хүн бүрийн нүд сэтгэлийг татсан ийм нутаг билээ.

-Тийм шүү. Хүн болгонд л төрж өсөн нутаг ус нь хамгийн сайхан байдаг. Манай нутгийн хувьд үгээр илэрхийлэхийн аргагүй хосгүй сайхан байгалийн үзэсгэлэнт тогтоцтой баян тансаг нутаг. Би төрсөн нутгаа хаань ч явсан магтаж “Нэгэн цаг дор нэг цэг дээр зогсоод өвөл, хавар, зун, намарыг, Монгол орны хангай, говь, тал хээр гурван бүслүүрийг нэгэн зэрэг харж, мэдэрч болдог өвөрмөц байгалтай нутаг” гэж тодорхойлох дуртай.

Эх дэлхийн хамгийн үзэсгэлэн төгс газар оронтой зүйрлэж “Говийн сайхан Алтай нутгийн Швецарь” гэж ч ярьдаг. Дархан цаазат хасагт хайрхан уулын байгалийн өвөрмөц зүй тогтоцыг одоо хэр бүрэн гүйцэт судлаагүй. Энэ ууланд элдэв төрлийн ан амьтад, жигүүртэн шувууд, эмийн шидэт өвс ургамал, рашаан ус гээд юм юм бий. Үүний нэг нь Хүнхэрийн рашаан амралт яах аргагүй мөн. Нэгэнтээ Далай лам Хүнхэрт морилон саатахдаа “Ар гүмбэн” гэж тодорхойлсон гэдэг. Тэр их хүмүүн зөвхөн байгалийн төгс үзэсгэлэнг нь хараад биш, сүрлэг уулс, рашаан ус эмийн шидэт ургамлынх нь эрч хүч, энергийг нь мэдэрч ийнхүү айлдсан байх аа гэж боддог юм. Хасагт хайрхан уул, Хүнхэрийн амралтад очиход хүн эрч хүч энергээр цэнэглэгдэж, нас нь уртасдаг гэдэг. Ийм үгтэй дуу ч байдаг. Зун цагт оройдоо цасан дуулгатай дархан цаазат Хасагт уулын зүүн суганд байрлах Хүнхэр амралтад очиж хоноод өглөө жиндүүхэн босож, түрүүтэй гутал, давхар дээл өмсөж, шүд хага ташуулсан хүйтэн рашаант голын уснаас нь хүртэж байсан хүн хэдхэн километр давхиад л аагим говийн их элсэнд дунд цэлэлзэн байх дуунд мөнхөрсөн домогт Эрээн нуур дээр хүрч очиж болно. Тэр цагт л миний яриад байгаа манай нутгийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрнө дөө. Товчхондоо Говь-Алтай аймгаас Жаргалан сумын байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлалын нэг номерын бүс гэж албан ёсоор зарласан байдаг юм. Энэ маршрутад Хасагт хайрхан, Хүнхэрийн амралт, Эрээн нуураас гадна Хатанбаатар Магсаржавын нэрийг нь хайрласан домогтой Бүрэн хайрхан, Долоон түмэн адуутай Доной баяны гүүн зэлний чулуун гадас, Завхан голын сав газрын байгалийн сайхан гээд үзэж харах зүйл их ээ. Мөн Хонгорзул дуунд гардаг Эрдэнэ уул, Майхан уулаас эхлээд л Сүлжээ Хорго, Цахиуртайн голууд, Тээл, Цахирын талын услалтын систем, Цахиуртын нүүрний уурхай, Дөрөөний нуурын давс, Их бага улаан хайрхааны рашаан гээд маш олон газрын тухай ярьж болно.

– “Сулхирын сугсраа шугуйран найгуулсан Эрээн нуур”-аа танай нутгийнхан сэтгэлдээ тээж дуундаа мөнхөлж ирсэн. Энэ тухай та олон гоё дурсамж хэлдэг дээ?

-Монголын их элсний нүдэн болон мэлтэлзсэн Эрээн нуур бол элсэн уулсын дунд тогтсон маш сайхан цэнгэг устай нуур. Загас жараахай цэнгэн наадсан, төрөл зүйлийн усны шувууд чуулсан, хөвөөгөөр нь зэгс, бургас, суль, сульхар ургасан, адуу мал нь идээшин бэлчсэн гайхамшигт сайхан тогтоцоороо нүд мялаам нуур юм. Эргэн тойрны элсэн манхануудын хүнгэнэсэн чимээ сонор мялаасан, гадаад дотоодын аялагч, жуулчдын сэтгэлийг татсан Монгол орны байгалийн тусгай хагаалалттай газруудын нэг. Эрээн нуур дууг сонсоогүй, мэдэхгүй хүн гэж үгүй биз. Монголддоо төдийгүй Лондонгийн радиогоор дуулагдсан сайхан дуу. Жаргаланчууд маань 2014 онд түүхт 90 жилийнхээ ойгоор сүлд дуу болсон Эрээн нуурыхаа хөшөөг үг, ноттой нь байгалийн хадан дээр сийлж, сумын төвдөө дээдлэн залсан.

Сулхирын сугсраа шугуйран найгаад

Сэтгэлд чамин үзэмжээ гайхуулсан

Алтран шаргатах элс нь сүмбэртээд

Ариухан дөлгөөн Эрээн нуураа

Миний нутгийн сүлдэнд өргөсөн

Мэндийн цэнхэр хадаг юу даа… гэж. Аргагүй л монгол хүн амдралдаа заавал очиж үзэх ёстой газруудын нэг мөн дөө. Энэ дууны шүлгийн 1978 онд тухайн үед сум нэгдлийн даргын жолоочоор ажиллаж байсан, өдгөө Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дагшинжавын Лхагвасүрэн ах зохиож, Ардын армийн цэргийн ансамбелийн гоцлол хөгжимчин, өдгөө Монгол Улсын гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Гончигийн Тэрбиш аяыг хийж, Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн 40 жилийн ойн концертод уран сайханч Б.Лайханжав ах анх дуулж байсан түүхтэй. Зөвхөн жаргалчуудын дунд бараг 20 жил дуулагдсан юм. Улмаар Цэргийн ансамбелийн гоцлол дуучин МУГЖ В.Жанчив гуай Монголын радиогийн Цагаан лавай уралдаанд дуулж тэргүүн байр эзэлснээр монгол түмний хүртээл болсон. Дараа нь Лондонгийн радиогийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгээр МУГЖ Д.Банзрагч дуулснаар дэлхийд цуурайтсан түүхтэй. Мөн ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин Дугар Дашиев буриад түмэнд алдаршуулсан. Зураач Ц.Шонхооров 1990 “Бурхантай нуур буюу Тайван амирлангуйн эгшиглэн” гэсэн нэрээр дүрслэн зурсан нь ч байдаг. Уг зураг дүрслэх урлагийн музейд бий.

МУГЖ С.Жавхлан, С.Ганзориг, МУСТА Х.Мөнгөнцэцэг нарын дуулж дүрсжүүлснээр өдгөө ч дуулагдсаар байна. “Эрээн нуур” дуу нь телевизийн “Үл тасрах аялгуу” нэврүүлэгт орж, хойч үедээ өвлүүлэх дуугаар шалгарч, өргөмжлөгдсөн байдаг. Хойт хөршид буриад халимагууд, Өмнөд Монголд бараг хүн бүр мэднэ, дуулна.

-Жаргалан сумаас Халхын хүчит их аварга Шаравын Батсууриас аваад олон алдар суутнууд төрсөн. Домогт их аваргынхаа хөшөөг ч нутагтаа босгосон нь бий. Нутгаасаа төрж гарсан алдартнуудын тухай ярихгүй юу.

-Тэгэлгүй яахав. Ардын засгийн жилүүдэд үндэсний бөхөөр төрөн гарсан их хүчтэнүүдийн нэг Монгол Улсын дархан аварга Ш.Батсуурийн төрсөн нутаг гэдгээр нь манай Жаргалан сумыг монголчууд тэр дундаа бөхийн хортойтнууд маш сайн мэднэ. Энэ их аварга чинь манай аавын нагац нь. Дархан аварга Шаравын Батсуурь гэж энэ их хүн 1922 онд Жаргалан сумын Завхан гол бригадын нутагт төрсөн. Анх 16-17 насандаа нутагтаа Цахирын овооны тахилга наадамд түрүүлж байсан гэдэг. Улмаар цэрэгт татагдан Ховдын хязгаарт алба хаах үедээ эр бяр нь задарч тодрон, Улаанбаатарт татагдан очиж 1945 оны Улсын баяр наадамд барилдсан. Түүнээс хойш 1947, 1948 онуудад дараалан ес давж түрүүлэн БНМАУ-ын арслан, аварга цолуудыг байлдагчийн мөрдөстэйгөө хүртэж байсан гэдэг. Намайг багад хотоос амралтаараа нутагтаа ирэхдээ цэргийн хувцастай энгэртээ одон, тэмдэг зүүсэн их том биетэй хүн хоймор эзлэн тухлаад л аавтай минь хол ойрын сонин сайханг ярилцдаг байсан нь сэтгэлд үлдэж дээ. Жаргаланчууд домогт их аваргынхаа дэвж буй хөшөөг сумынхаа төвд босгож мөнхжүүлсэн. Жаргалан суманд бөхийн удам тасраагүй. Олон сайхан хүчтэнүүд төрөн гарсан, бөхийн өлгий нутаг. Өнөө цагт Монгол Улсын ах, дүү хоёр начин Ш.Тогтохбар, Ш.Шинэбаяр нарын тэргүүтэй Жаргалан сумаар овоглосон залуучууд үндэсний бөхөөр хичээллэж улс, аймаг сумандаа барилдаж байна.

-Монголын Улс төр нийгэм соёлын нэртэй зүтгэлтнүүдийн туулж өнгөрүүлсэн зам мөр, түүхэнд бүтээсэн онцгой гавьяаны тухай та юу хэлэхсэн бол. Мэдээж Жаргалангаар овоглодог эрхмүүдийн тухай?

-Хөдөлмөрийн баатар Ө. Даанжуур, Үйлчилгээний гавьяат ажилтан Г.Отгон, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Даринхүү, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Д.Бадгаа. Гавьяат барилгачин А.Чүлтэм, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Даваасамбуу, Дархан аварга Ш.Батсуурь гээд л Жаргалангаар овоглосон алдартнуудын буухай хөвөрч өгнө дөө. Дагвын Бадгаа доктор л гэхэд Монголын шинжлэх ухааны ноён оргилд хүрч Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан агуу их эрдэмтэн. Өнөө цагт ч төрийн шагналт, доктор, профессор Б.Лайхансүрэн тэргүүтэй нийт 18 гавьяат, тэдний араас шинжлэх ухаан, соёл, урлаг, спорт, бизнесийн салбарт хэдэн арван залуус алдар гавьяагаа цуурайтуулж, сум нутгийнхаа нэрийг өндөрт өргөж явна.

-Та нутаг оронтойгоо нарийн нягт холбоотой хүн. Танай аав ч нутгийнхныхаа бахархал болсон нэгэн байжээ. Тухайлбал, Гал гуайгаар нутгийнхаа бүх ургамлыг тогтоолгож байсан гэдэг. Та ч мөн ялгаагүй гавьяа байгуулж яваа. Энэ талаар?

-Миний бие цагдаагийн албанд ажиллаж байхдаа ч, одоо ч албан өрөөндөө Дархан цаазат Хасагт хайрхан уулынхаа зургийг хүндэтгэн залаад өглөө бүр сүслэн адислаж байдаг. Тэгэхээр ажил үйлс маань аяндаа л бүтээд байдаг юм. Сэтгэл дагаад ч тэр үү. Хүнд хүчир ажил үйлийн өмнө Хасагт богдоосоо адис аваад л гарахад илрэхгүй хэрэг, бүтэхгүй ажил гэж үгүй юм шиг байдаг байлаа.

Нутгийн олны итгэлийг хүлээж 1999-2003 онд Говь-Алтай аймаг дахь, 2003-2019 онд Улаанбаатар хот дах Жаргалан сумынхаа нутгийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаа. Сумын нутгийн зөвлөл гэдэг бол тухайн сум орныхоо хөгжил дэвшилд байнга санаа сэтгэлээ зориулж, орон нутгийнхаа удирдлагатай нягт хамтран ажиллаж байх учиртай төрийн бус байгууллага. Сум орон маань жилээс жилд хөгжин цэцэглэж байгаад баяртай байдаг.

Аав минь Гозгорын Содномцэрэн гэж нутаг орондоо “Өндөр ах “ гэж авгайлагдсан хүндтэй нэгэн байсан. Ижий, аав хоёр минь есөн хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ төрдөө үнэнчээр хөдөлмөрлөж, биднийг хүний дайтай хүн болгон хүмүүжүүлсэн ачтанууд. Аав маань Жаргалан сумандаа мал маллаж байгаад бичиг үсгийн чадвар сайтай тул 1954 онд сумын худалдаа бэлтгэлийн ангид агентаар томиогдсон. Улмаар түүхий эдийн эрхлэгч, худалдаа бэлтгэлийн ангийн даргаар ажиллаж байсан. Харин 1967 онд илгээлтээр мал дээр гарах хүсэлт гарган сум нэгдлийн 2000 толгой мал авсан юм. Ээж, том эгч, дунд ах нарын маань хамтаар мянга, мянгаар нь хоёр суурь болгон хариулж онд мэнд оруулсан. Ийнхүү Энх сүрэгтэн гэсэн улаан халзтай гэрээс эхлээд л сумын хошой аврага, аймгийн аврага малчин болсон түүхтэй. Тав, зургадугаар таван жилийн гавшгайч, Монгол Улсын Засгийн газрын хүндэт жуух, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж, улсын зардлаар ЗХУ болон европын социалист орнуудаар аялаж байсан хүн дээ.

Тэр эрдэмтэн Ж.Гал гэж хүнийг албан ажлаар ирэхэд сум нэгдлийн дарга З.Чимэд манайд авч ирж аавтай танилцуулсан юм. Дархан уулын өвс ургамлыг судлах эрдмийн ажлаар яваа хүн учир унаа мориор тусалж, газарчилж өгөөрэй гэх үүрэг өгсөн юм. Аав маань тэр хүнд өөрийн мэддэг чаддаг бүхнээрээ тусалсан гэдэг. Хожим аав энэ тухай “Ж.Гал эрдэмтэн удаан хугацаагаар судалгаа шинжилгээ хийж, Хасагт хайрхан ууланд 200 гаруй төрлийн эмийн ургамал ургадаг болохыг тогтоон, судлаад буцсан. Мөн Хүнхэрийн рашааны элдэв өвчин анагаах чанарын шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарласан. Уг рашааны дээд эх уулс Тэмээн хүзүү, Жонштын хөтлөөс эхлээд өндөр асгат хүртэл хэрж тогтсон эмийн жонш бүхий эмийн ургамлаар асар баялаг хөрс, хад чулуун дундуур нэвчиж хадан агуй дотор дусаал хэлбэрээр гарч ирдэгт байна” гэж дүгнэлт хийсэн гэдгийг ярьсан байсан юм.

-Нутагтайгаа холбоотой олон сайхан дурсамж, нутгийнхаа эгэл жирийн олон сайхан өвгөд хөгшид тэдний хэлж ярьж байсан бүгдийг эргэн нэг санавал.

-Намайг Говь-Алтай аймагт нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байхад буюу 2000 оны үед манай сум хөдөлмөр бүтээлээрээ аймагтаа тэргүүлж УАЗ-469 машинаар шагнуулж байлаа. Энэ мэтчилэн сайхан дурсамж их бий. Миний багад манай нутагт сайхан буурлууд олон байлаа. Сум орон нутагт чинь бие биенээ танихгүй хүн гэж үгүй. Ах аа, эгч ээ гээд л бүгд л садан төрөл мэт эв найртай аж төрдөг. Манайд нутгийн хөгшчүүл их ирдэг байсан. Ээж маань орсон гарсанг дайлж цайлан, ирсэн хүн бүрийг л авгайлж дууддагсан. Намайг багад манайд ойроос Гочоо ах, Чойжилжав Оожоо, Чуван ах, холоос Буян-Өлзий жаал ах, Батсуурь аварга, Махзана ахжий гээд садан төрлийн хүмүүс айлчлан ирнэ. Тэд аавтай сонирхолтой яриа өрнүүлж хуучилна. Хүүхдүүд бидэнд их л сонин сайхан байдаг байж билээ. Ингэхэд өнөө цагт монголчууд бид хуучилна гэдэг үгийг хэрэглэх нь цөөдөөд байгаа юм биш үү. Хот суурин газар бол айл саахалтайгаа хуучилж суух нь байтугаа хөршөө ч танихгүй шахуу болоод байх шиг. Аав, ээж минь нутгийнхаа хүн бүрийн үүх түүхийг маш сайн мэднэ. Хэдэн үеэр нь л мэддэг, ярьдаг ёстой л нутгийн амьд архив гэгддэг хүмүүс байлаа. Жаргаланчууд дуу хууртай сайхан ард түмэн шүү дээ. Монголын бүх ард түмний урлагын үзлэгийн тэргүүн байрыг эзэлж, одоогийн Ардын цолтон болсон Ш.Чимэдцэеэ нарын уртын дуучдыг ардаа орхиж явсан Цоодол ах маань одоо ч сайхан дуулж л явна. Авга ах Дорждагва маш сайхан дуучин, найр ахлаач байлаа. Манай нагац нараас эмэгтэйчүүд нь бүгд уртын дуучид. Тэдний маань хурим найрын уртын дууг тун сайхан дуулдаг байсан нь сэтгэлд хоногшжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *