УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтоос тодрууллаа.
-уиХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдах гээд гурван долоо хонолоо. ирц хүрэхгүй байна л даа. танай дэд хороонд ямар ямар гишүүд байдаг билээ. Хэн нь ирэхгүй байгаа юм бэ?
-Хуралдаж чадалгүй гурван долоо хонох гэж байна. Ёс зүйн дэд хороонд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Б.Наранхүү, миний бие гэсэн есөн гишүүн байдаг. Түрүүчийн хуралдаануудад УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Б.Наранхүү нарын гишүүд ирж байсан. Өнөөдөр (өчигдөр) М.Энхболд дарга, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар ирсэн. Х.Баделхан, Д.Сарангэрэл нар хуралд оролцох боломжгүй гэсэн.
-Ямар шалтгаанаар дэд хорооны хуралдаа суухгүй гээд байгаа юм бэ. дэгийн тухай хуулиараа суух ёстой биз дээ. удаа дараа суухгүй байгаа хүмүүсийг яах ёстой юм бэ?
-Дэгийн тухай хуулиараа хуралдаа суух үүрэгтэй. Удаа дараа суухгүй байгаа хүмүүсийг ингэнэ, тэгнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Цаашид бид энэ талаар бодох л ёстой юм байна. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүд төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хууль дээдлэх, ард түмний өмнө хүлээсэн үүрэгтэй гээд олон заалт бий. Гишүүд хуулиа биелүүлж хуралдаа суухгүй байгаад харамсч байгаа.
-Эрх баригч намын бүлэг 64 гишүүнтэй байж бие биедээ ингэж бойкот хийж байгаа нь үнэхээр төрийн хямрал руу хөтөлж байна. Засгийн газраа нэгэнт аваад үлдчихээд байхад ингэх шаардлага байна уу…?
-Засгийн газрыг огцруулах асуудлыг Их хурлын гишүүд тавьсан. Хэлэлцээд дууссан. Улс орны эдийн засгийн өмнө тулгамдсан томоохон асуудлууд бий. Үүндээ анхаарч ажлаа хиймээр байна.
Гадаа гарахад утааны асуудал маш хүнд байгаа шүү дээ. Шатахууны үнэ өсч, ам.долларын ханш нэмэгдэж байна. Шатахууны үнэ нэмэгдэхээрээ хэдэн зуун төгрөгөөр яригддаг. Буухаараа тав арван төгрөгөөр буудаг. Валютын ханшийн савлагааг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Манай улс импортоор бараа бүтээгдэхүүнийхээ 80 хувийг авдаг. Энэ бүгдийг яах вэ гээд бидний өмнө тулгамдсан асуудал маш их байна. Мөн МАН ард түмнийхээ өмнө авсан олон амлалтаа яах вэ. Цэвэрлэх байгууламж, нефть боловсруулах үйлдвэр, төмөр зам, 1072 хувьцааг амь оруулахаас эхлээд бодлогын томоохон асуудлуудаа шийдэхийн тулд нэг өдрийг ч алдаж боломгүй байгаа юм.
-маН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан. Талцсан талууд уулзаж ярилцаж байгаа юм уу?
-Хамгийн том хохирол нь улсаараа хохирох. МАН-аараа мөн хохирно. Тиймээс тал талдаа улс орныхоо эрх ашгийг бодоод ойлголцоод явах хэрэгтэй гэдэг дээр гишүүд ярьж байгаа. Харамсалтай нь эрүүл саруул ухаанаар ойлголцох, зөвшилцөх, ярилцах нь бага болчихоод байна. Хэтэрхий хардлага сэрдлэг, хов живээр асуудалд хандаж байгаад харамсч байна л даа.
-Ёс зүйн дэд хороогоор яг ямар асуудал орох болчихоод гишүүд нь суухгүй зугтаад байгаа юм бэ?
-УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх эрх Ёс зүйн дэд хороонд байхгүй. Ёс зүйн дэд хороогоор тодорхой арга хэмжээ авах зүйл байдаг. Тэр нь УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж танилцуулах л юм. Өмнө нь Засгийн газрыг огцруулахтай холбоотойгоор ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй юм байна гээд Ёс зүйн дэд хороогоор сануулах, мэдээллэх, зөвлөх асуудлыг хэлэлцэх байсан. Засгийн газрыг огцруулах асуудал дууссан. Одоо гишүүдтэй холбоотой ирсэн иргэдийн гомдол санал, 60 тэрбум гэж яригдаад байгаа асуудлыг шийдвэрлэх юм. Шийдвэрлэх гэдэг нь хууль хяналтын байгууллагын шалгаж байгаа асуудалд Ёс зүйн дэд хороо орж шалгахгүй гээд хуулиндаа заачихсан. ЖДҮ-тэй холбоотой иргэдийн гомдол ирсэн юм чинь ЖДҮ, 60 тэрбумын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг талаар хуралдаж гишүүдийнхээ санал бодлыг нэгтгэх юм. Түүнээс өөрөөр хэн нэгний мууг үзэх, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх хэмжээ бидэнд байхгүй.
-ЖДҮ чинь гишүүдийн эмзэг цэг болчихсон юм биш үү. ЖДҮ-тэй холбогдсон гишүүд Төрийн ордонд үзэгдэхээ болилоо?
-Зээл авах нь буруу зүйл биш. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд очих ёстой мөнгийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаад авчихсан гэдэг дээр л асуудал бий. Монгол Улсын Үндсэн хуулинд хүн өмчлөх эрхтэй, аливаа гэр бүлийг янз бүрээр ялгаварлан гадуурхахгүй гээд заачихсан. Тухайн хүний ах дүү, эхнэр, хүүхэд бизнес эрхэлж болно. Тэнд нь УИХ-ын гишүүн өөрөө оролцсон уу, үгүй юу гэдэг нь асуудлын зангилаа юм. Түүнээс гэр бүлийнхэн нь бизнес хийх эрх нь нээлттэй. Хамгийн гол нь хуулийн хүрээнд байх ёстой. Бид ёс зүйгээ баримтлах ёстой.
Э.ЭНХ