Categories
мэдээ цаг-үе

С.Баярмөнх: Соёлын гэж гоё нэртэй хууль оруулж ирээд, телевизүүдийг дампууруулах бодлого явж байна

ТV-8 телевизийг үүсгэн байгуулагч С.Баярмөнхтэй ярилцлаа.

-УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар ахиад л үндэсний телевизээс бусад телевизүүдэд монгол контентын эзлэх хувь 50 хувь байна гэсэн хуулийн төсөл хэлэлцэгдээд дэмжлэг авлаа. Үүнийг телевизийнхний амыг хаах оролдлого гэж нэг хэсэг нь тайлбарлаад байна. Харин та яаж хүлээж авч байна вэ?

-Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Ц.Оюунгэрэл сайд анх ярьсан юм. Уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэг гэж байгаа юм. Түүнд нь уран сайхны кино, теле жүжиг, телевизийн олон ангит кино, хөгжөөнт хөтөлбөр, тоглолт, газар зүй, түүх ёс соёл заншил, зан үйл өвийг тайлбарлаж таниулсан нэвтрүүлэг багтах юм байна. Уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 50-иас доошгүй нь үндэснийх байна гээд заачихаж байгаа юм. Уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэг гэдэгт багтаагүй маш олон хөтөлбөр бий. Мэдээллийн хөтөлбөр, ярилцлагууд, хөрөг нэвтрүүлэг, эрэн сурвалжлах нэвтрүүлгүүд бүгд хаягдсан.

Соёлын тухай хуулийг боловсруулсан ажлын хэсгийнхэн сэтгүүлзүйн мөн чанараа өөрсдөө ойлгосонгүй. Нийт нэвтрүүлгийн 50 хувь нь монгол байх ёстой гэж заах гээд ийм ийм жанр гээд тодорхойлчихож байгаа юм. Гэтэл маш олон нийтлэл нэвтрүүлгийг орхиод, хэдхэн юм багцлаад нийтлэл нэвтрүүлгийн 50 хувь гээд заачихаар үүн дээрээ үлдсэн бусад нэвтрүүлгийг нэмбэл нийт контентын бараг 90 хувь, заримдаа 100 хувь нь монгол нэвтрүүлэг болчихно.

-Та нар хууль санаачлаг­чидтай уулзаж учир байдлаа ярив уу?

-Соёлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар бид Ц.Оюунгэрэл сайдтай уулзсан. Энэ хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон юм. Нуулгүй хэлэхэд баахан хэл, уран зохиолын хүмүүсийг, жүжигчидтэй аваад ирчихсэн байна лээ. Солонгос кинонууд гараад байна. Тэгэхээр бид хэл, соёлоо хамгаалахын тулд ийм хууль оруулж ирж байгаа юм гэсэн ойлголтыг танхимд өгчихөж байгаа юм. Тэгэнгүүт тэнд ирсэн эрдэмтэд, монгол хэл бичгийн хүмүүс, яруу найрагч, жүжигчид “Солонгос кино гаргаж болохгүй” гэж яриад байгаа байхгүй юу. Тэнд ирсэн мундаг яруу найрагч хүртэл хэвлэл мэдээллийн салбарынхныг жадалж, цавчсан хатуу үгс унагаж байна лээ. Түүнийг нь сэтгүүлчдээс бусад нь дэмжиж, алга ташицгаасан. Хэвлэл мэдээллийнхэн үг хэлэхээр дэмжлэг авахгүй, буруутгасан маягтай хүлээж авсан.

Тэнд оролцсон хүмүүс Соёлын тухай хуулийн нэмэлтэд юу орж байна гэдгийг уншаагүй, огт өөр юм яриад байсан. Та нар солонгос кино гаргаж болохгүй л гээд байна лээ.

Ажлын хэсгийнхнээс “Уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэгт орсон уран сайхны кино, теле жүжиг, баримтат киног бид хийх юм уу” гэсэн чинь “Хийнэ” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад 50 хүн, зарим нь зуун хүн ажиллаж байна. Үүнийхээ дэргэд дахиад ийм хэмжээний баг бүрдүүлэх болох нь. Уран сайхны кино, баримтат кино хийнэ гэдэг тоглоом биш. Ийм том баг ажиллуулах нүсэр ачааг Соёлын тухай хуулиар бидэнд үүрүүлэх гэж байна. Соёлын тухай хуулиар дамжуулж Монголынхоо соёлыг хамгаалах гээд байна уу гэвэл үгүй л байхгүй юу. Яагаад гэхээр уран сайхны хөтөлбөр, олон ангит киноны 50-иас доошгүй хувь нь үндэсний кино байна гэж заасан. Одоо бид чинь “Сэрэлт”, “Нүгэл буян” гээд хэдэн монгол киногоо насныхаа тооноос илүү үзлээ. Эргээд энэ хэдэн киногоо үзүүлээд байх юм уу. Энэ кино маань социализмын үзэл суртлын үед хийгдсэн уран бүтээлүүд. Социализм гэж байшинг бид нураачихсан шүү дээ. Тухайн үед хүмүүсийн тархийг киногоор угааж байсан бол эргээд бид эднийг үзүүлэх болж байна. Монголд жилд 40-50 кино хийгддэг юм билээ. Тэднийг давтаад байвал улиг болно. Капитализм гэж байшинг бид байгуулж байна. Энэ үеийн кинонуудад үзэгчдийг татах зорилгоор баахан зодоон, нүдээн садар самуун, аллага, хүчирхийлэл зонхилоод байгаа юм. Тэгэхээр энэ Соёлын хууль маань өөрөө соёлыг дэлгэрүүлэх бус нийгмийн хүчирхийллийг дэлгэрүүлэх гээд байна.

Соёлын довтолгоон гээд социализмын үед айлын ор дэрний даавууг шалгаад нугалаа болсон шүү дээ. Айлын эхнэрийн ариун цэврийг шалгаад, дотоожийг нь тайлуулаад, “Энийгээ угаасангүй” гээд нөхрийнх нь өмнө бүлтэлзүүлж байсан. Түүнтэй адилхан Соёлын гэж гоё нэртэй хууль оруулж ирээд яг нарийн яривал хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дампууруулах бодлого л явж байна. Яагаад гэхээр энэ хуулийн 3-ын 23 дугаар заалт дээр “Хэрэв дээрх заалтыг зөрчвөл аж ахуйн нэгжийг нэг саяас 10 сая төгрөгөөр торгох, үйл ажиллагааг нь зогсоох” заалт шууд оруулаад ирж байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагыг ингэж дураараа зогсоож болдог юм уу.Энэ чинь өмнөх Хэвлэлийн эрх чөлөөний хуультайгаа зөрчилдөж байна шүү дээ. Телевизийг босгоход дор хаяж нэгээс хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Телевизийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулж, маш олон хүнийг цалинжуулж ирлээ. Зүгээр л “Танай телевизийн уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэг чинь 50 хувьдаа хүрэхгүй байна” гэсэн шалтгаанаар хаана гэвэл маш олон хуультай зөрчилдөх юм. Нэгдүгээрт Хэвлэлийн эрх чөлөөний хуультай зөрчилдөж байна. 1998 онд Э.Бат-Үүл тэргүүтэй хэсэг нөхөд дөрөвхөн заалттай Хэвлэлийн эрх чөлөөний хууль баталсан шүү дээ. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод цензур тавихгүй гэж энэ хуульд заасан. Хамгийн гол заалт нь энэ. Мэдээллийн хэрэгсэлд цензур тавиад “Дороо алх, унт хэвт” гээд цэцэрлэгийн хүүхдүүдийг командалдагтай адилхан хуулийн төсөл оруулаад ирлээ. Захиргааны хэргийн шүүхэд заргалдсан ч болох юм билээ. Ажлын хэсгийнхэн бусад хуулиудыг судлаагүй бололтой. Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн хууль, Хэвлэлийн эрх чөлөөний хууль гээд олон хуультай зөрчилдөж байна.Ц.Оюунгэрэл сайд дараагийн УИХ-д сонгогдох сонгогдохгүй нь тодорхойгүй. Гэтэл нэг телевиз шүүхээр заргалдаад “Хамаа алга, телевизийнхээ эрхийг авч чаддаггүй юм аа гэхэд оруулсан хөрөнгөө гаргаад авъя” гэхэд тэр олон тэрбум төгрөгийг хэн төлөх юм бэ? Эцсийн эцэст татвар төлөгчдийн мөнгөөр л төлнө шүү дээ. Ийм ойлгомжгүй хуулиуд яваад байна. Одоо бас дахиад хуулиуд гарах гэж байгаа юм билээ.Контентын хууль гэж тусдаа гарах гэнэ. Өргөн нэвтрүүлгийн хууль гэж гарах юм байна. Дээр нь Хэвлэл мэдээллийн байгууллагын хууль гарах юм байна. Соёлын хуулийг яагаад онцолж яриад байна гэхээр дараа дараагийн хуулиуд дээр УИХ-ын гишүүд болгоомжтой хандаасай гэж хүссэн юм. Манай УИХ-ын гишүүд аливаа юмыг нураах дуртай болжээ. Соёлын тухай хууль дээр гишүүд ойлгоод зарим заалт дээр уян хатан хандаад, 50 хувь гэдгийг нь ядаж 30 хувь болгох хэрэгтэй байна. Гэтэл шууд өндөр босго тавиад телевизүүдийг амьдрах, оршин тогтнох нөхцөлгүй болгож хуулиар дарамталж байна. УИХ-ын гишүүд гэнэт юу болсон юм гэмээр хэвлэл мэдээлэлтэй холбоотой юмыг л шүүрч авдаг болжээ.

-Ардчиллын зарчмаар бол ямар нэг шийдвэр гаргахад эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын үгийг сонсох учиртай. Уг нь хуулийн ажлын хэсэгт телевизийнхний төлөөллийг оролцуулж, үгийг нь сонсох ёстой байх?

-Хэвлэл мэдээлэл олон түмний нүд чих болж, ард түмний баялгийг хулгайлах гэж байгаа этгээдүүдийг илчилж, хяналтын маш том үүрэг гүйцэтгэдэг чухал салбар. Хэвлэл мэдээллийнхний энэ ажил олон хүний дургүйг хүргэдэг юм байна. Хэвлэл мэдээлэлд улс төрчид таагүй ханддаг болжээ. Биднийг гэж байгаад, УИХ-д гараад өстөн мэт хандах нь их болж. Хэрэв чөлөөт хэвлэлийг, дөрөв дэх засаглалыг нураавал олон түмний мэдэх эрх зөрчигдөнө. Хяналт алга болно. Ард түмний татварын мөнгө үргүй зарцуулагдана. УИХ-ын гишүүд энэ бүхнийг тооцож, хэвлэл мэдээллийн салбарын торгон хил хязгаар руу халдахаа болиоч гэж хүсч байна.

-Контентыг телевизүүд өөрсдөө хийж амжих уу. Телевиз бүр олон нийтийн телевиз шиг нүсэр бүтэцтэй байж чадахгүй байх л даа. Эсвэл контент хийдэг студи, продакшн гээд өөрбүтэц байх ёстой юм уу?

-Манай телевизүүд контент хийж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооноос бас бидэнд цензур тогтоосон. 15 хувь нь ёс заншил, ахуй, амьдрал монгол соёлоо дээдэлсэн нэвтрүүлэг байна гэдэг ч юм уу. Тэдэн хувь нь монгол контент байна гээд заачихсан. Харилцаа холбооны зохицуулах хороо тэртэй тэргүй энийгээ хянаад явж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хороо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Энэ байгууллагын журамд сэтгүүлчид эмзэг ханддаг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хяналт тавьдаг юм чинь бид энэ агентлагийг, энэ салбарын эрх мэдэлтнийг шүүмжлэх боломжгүй хэмжээнд хүрэх вий. Олон талаас зохицуулалт орж ирж байна. Нэг хууль гарахаар заавал хэвлэлтэй холбоотой заалт шургуулдаг. Нэг журам дүрэм гарахаар мөн л хэвлэлийг зохицуулж явдаг. Өнөөдөр Монголын телевизүүд чадах чинээгээрээ л монгол контентоо хийж байна. Нөгөө талаар зан заншил хэл соёлын өвийг тайлбарласан нэвтрүүлэг олон телевиз хийдэг. Бүгд л ямаа яаж саах вэ. Чөдөр яаж зангидах вэ гэдэг рүү орж, телевиз гэдэг хошин шогийн юм болж байна. Бид ёс заншил, өв уламжлалыг тайлбарлах юмаа хийж байгаа. Олон телевиз хийгээд эхлэхээр уйтгартай, залхаасан юм болдог. Заавал хувь заахгүйгээр үзэгч сонголтоо хийх учиртай. Зан заншил түүхээ дээдэлдэг суваг байвал хүссэн хүн нь тэр сувгаа л сонгоно шүү дээ.

-Арилжааны телеви­зүүд, олон нийтийн телевизүүдийн сэдэв өөр байлгүй дээ. Бусад оронд ямар байдаг юм бол?

-Бусад орны жишгийг ажлын хэсгийнхэн нэрлэж байна лээ. Франц мэтийн улсуудад нийт киноны тэдэн хувь нь Франц кино байна гэж заадаг юм билээ. Энэ бол геополитикийн хувьд огт өөр ойлголт. Франц, Англи, Америк, Солонгос улсууд соёлоор дамжуулж өөрсдийгөө маш их сурталчилдаг. Энэ бүхний ард аль болохоор өөрийн үзэл суртлыг бусдад тулгах гэдэг их гүрний үзэл суртал явдаг.

-Үнэхээр монгол агуулгыг дэмжье гэж байгаа бол шилжилтийн үе санал болгох хэрэгтэй байж. 2025 он гэхэд энэ 50 хувьдхүрэх ёстой шүү гэдэг ч юм уу эсвэл аль нэг улсын киног тэдэн хувиас илүү гаргахгүй гэсэн бол хүлээж авахад амар байсан болов уу?

-Тодорхой цаг хугацаа өгөх ёстой байсан гэдэг зөв. Бага багаар үе шаттайгаар хувиа нэмж болох байсан. Гэтэл тийм юм байхгүй. Хэвлэл мэдээллийн амыг нь бариад авъя гэсэн юм шиг хориглосон, довтолсон, дараалсан хуулиуд ороод ирж байна. Заавал тийм кино үзүүл гэх мэтээр төрийн зүгээс шахалт үзүүлэх буруу. Үүнийг биолон телевизүүдийг дампууруулах гэсэн, үйл ажиллагааг нь зогсоох гэсэн оролдлого гэж харж байгаа. Би сонины, FM-ын, салбарт ч байлаа. Телевизийн салбарт ч байна. Ерэн оноос хойш хэвлэл мэдээллийн байгууллагыг яаж заазлах, амыг нь хаах, дуугүйболгох вэ гэсэн гинжин холбоо тасралтгүй явлаа. Багахан юм бичингүүт эмзэглээд, зарим улс төрчид шүүх цагдаадаа тулдаг. Ерээд оноос хойш энэ салбарт явахад хатуу үе ч байсан, өнөөдрийнх шиг хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүүгээ бөөнөөрөө уухайлан дайрч, буу зэвсгээ бариад, шүд амаа хурцалсан үе байгаагүй. Ийм байх ёстой, ингэхгүй бол энийг чинь хаана, хураана, авна гэсэн зарчим үйлчлээд эхэллээ. Тусгай зөвшөөрөл,лицензийг өчнөөн мөнгө зарцуулж төрөөс худалдаж авсан. 2012 оны сонгуулийн дараа юу болсон юм олон телевизэд лиценз тараасан. Хэрэв лиценз өгөөгүй байсан бол бид энэ бизнес рүү орохгүй. Хий гэж оруулчихаад, баахан техник тоног төхөөрөмж авчруулсан, телевизийн байрны тааз өндөр байх ёстой. Байраа хүртэл тохируулж 5,5 метр өндөр таазтай байх ёстой гээд хөрөнгө оруулсан. Энэ бүхнийг хийсний дараа хаана болиулна гээд дарамталж таарахгүй. Хамгийн амархан зодож, нулимж, өшиглөж дээрэлхэж болдог хогийн сав хэвлэл мэдээллийн байгууллага болчихоод байна. Хэн дуртай нь журам боловсруулаад хэвлэлийнхний эсрэг бариад гүйдэг. Энэ нийгэм юу болоод байна вэ.Аливаа хүчирхийлэл үзэн ядалт хорслыг төрүүлдэг. АНУ-д хар арьстан залууг цагаан арьстан цагдаа буудчихад яаж бослого үймээн дэгдэж байна. Манай сэтгүүлчид их хүлцэнгүй л дээ. Хүний зовлонг бичдэг ч өөрсдийнхөө зовлонг хүнд хэлэх дургүй, нэрэлхүү хүмүүс. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэгдсэн дуу хоолойтой, нэгдсэн бодлоготой явахгүй бол үнэндээ хэвлэл мэдээллийн байгууллагыг дотор нь бутаргаж байна. Сонины холбоо тэмцээд, сонин хэвлэлээс НӨАТ авдаггүй болсон үе ч бий. Бидний нэгдэлгүй байдлыг далимдуулаад хогийн тантан болгох хүйтэн цаг үе явж байна.

Б.ЯНЖМАА

2 replies on “С.Баярмөнх: Соёлын гэж гоё нэртэй хууль оруулж ирээд, телевизүүдийг дампууруулах бодлого явж байна”

Мне понравилась систематическая структура статьи, которая позволяет читателю легко следовать логике изложения.

Hello there, just became aware of your blog via Google, and found that it is really informative. I’m going to watch out for brussels. I will appreciate when you proceed this in future. A lot of other folks can be benefited out of your writing. Cheers!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *