Categories
мэдээ цаг-үе

С.Баттулга:Сар шинийн өмнө “Ерөөлтэй аялгуу” цомог гаргалаа

Улсын Филармонийн гоцлол дуучин, “Voice” хамтлагийн ахлагч С.Баттулгатай ярилцлаа.

-Улсын филармони тоглолт ихтэй гэсэн. Ямар сонинтой вэ?

-Монгол Улсын филармони шинэ сар гарангуут дараалсан тоглолт хийж байна. Хайрын баярт зориулсан тоглолтод орлоо. Морин хуурын чуулгатай бэлтгэл хийж байна. Морин хуурын чуулгын уламжлалт ардын дуу хөгжмийн “Торгоны хээ” тоглолтод орж байна.

-Ардын дууны тоглолтод орж байгаа гэхээр сонирхолтой сонсогдож байна шүү. Өөрөө ардын дуу дуулж харагддаггүй?

-Уг нь би дуурийн дуулаачаар төгссөн, тавилттай хоолойтой дуучдын нэг. Гэхдээ манай урлагийн ахмад үеийнхэн, уран бүтээлчид, алдартнуудын урын санд бас ардын дуу байсан. Ардын дууг дуулах арга техник нь уртын дуучин, ардын дуучид шиг уламжлалт хэв маягаар биш сонгодог тавилттай, гэхдээ бүр ари романс шиг биш, монгол хүн учраас монголчууддаа ойр хэлбэрээр дуулдаг. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан агсны найруулгаар “Ёохор хатариш” гэдэг буриад дууг дуулна. Энэ дуу одоогоос хоёр жилийн өмнө “Миний эх орон” цуврал концертод маань дуулагдсан.

-“Миний эх орон” тоглолт жил бүр үргэлжилдэг гэхээр эх орны сэдэвтэй дуунууд урын санд тань олон байх нь ээ?

-2012 онд СТӨ-нд “Миний эх орон” гэж нэгдсэн том концерт тоглосон. Түүнээс хойш жил бүр “Миний эх орон” цуврал концерт хийж байгаа. Жил болгоны концертын хөтөлбөр шинэчлэгдэнэ, бүрэлдэхүүн нь өөрчлөгдөнө. 2012 оны тоглолтод Морин хуурын чуулга, симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй тоглож байсан бол уржнангийнх Морин хуурын чуулгатай, өнгөрсөн зургадугаар сард симфони найрал хөгжимтэй тоглосон. “Миний эх орон” гэдэг утгаараа голцуу ээж аав, нутаг ус, ард түмнээ магтан дуулсан байгаа. Урын сангаа баяжуулахад хүч хөдөлмөр шаардана л даа. Гэхдээ эх орны сэдэвтэй олон сайхан дуу байна. Миний шинэ уран бүтээлүүд ч бий. Тухайн бүрэлдэхүүнийхээ онцлогт тохируулаад дуугаа сонгодог.

-Таныг нийгмийн идэвхтэй, муугаар хэлбэл хэнхэг хүн гэдэг?

-Магадгүй. Аав маань урлагийн хүн байсан л даа. Манай ахмадууд ажлын хэнээтэй хүн гэж ярьдаг шүү дээ. Одоо бид чадах чинээгээрээ уран бүтээлээ хийгээд явж байна. Зүгээр суух эрхгүй. Аль болох цаг ашиглаад, уран бүтээлээ хийгээд зүтгэж л байхгүй бол зах зээлийн нийгэмд бизнес хийгээд явах цаг зав, авьяас ч алга. Зөвхөн филармониос гадна Морин хуурын чуулга, “Баян Монгол”-тойгоо дуулж байна. Давхар концерт хөтөлнө. Бие даасан уран бүтээл байна. “Voice” хамтлагийн гишүүний хувьд уран бүтээл хийнэ. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, гавьяат Б.Ганчимэгтэй хамтарсан уран бүтээл хийж байгаа. Сар шинийн өмнө “Ерөөлтэй аялгуу“ нэртэй 18 дуутай хамтарсан цомог гаргалаа. Таны хэлдгээр хэнхэг, хэнээтэй болчихоод байна даа.

-Таныг Ерөнхий сайдад хандаад, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах тухай шаардлага тавьсан гэж мэдээ харсан юм байна?

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах тухай би санаачлаад мэдэгдэл хүргүүлсэн юм байхгүй. Зүгээр л дуу хоолойгоо нэмэрлэж, үзэл бодлоо илэрхийлсэн. 1999 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн Сонгодог урлагийн академик театрт дуучнаар орж байлаа. Урлагт хөл тавьсан цагаасаа хойш нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажилд оролцож ирсэн. Хорих байгууллага, асрамжийн төв, хогийн цэгээр явж, уран бүтээлээ өргөж байлаа. Сүүлийн жилүүдэд JCI байгууллагын олон улсын залуучуудын төрийн бус байгууллагад гишүүнээр явж байгаа.

-Хүмүүнлэгийн үйлс чинь хүмүүст нөлөөлсөн тохиолдол байсан уу?

-Олон сайхан дурсамж бий. Эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх газарт найз нөхөдтэйгөө хамтраад гурав, дөрвөн ч удаа тоглолт хийсэн юм. Тэнд байгаа хүмүүсийн сэтгэл зүйд жаахан ч гэсэн эерэгээр нөлөөлөх, нийгэмшихэд нь дэм болох үүднээс ажилладаг юм. Тэнд хүмүүжиж байсан эгчтэй хуурай эгч дүү болсон. Тэр эгч засан хүмүүжүүлэхэд байхдаа эчнээгээр сурч, мэргэжил эзэмшсэн. Тэр хүн надад хэлдэг юм. “Амьдралдаа алдаж оноод, ах дүү нар, анд найзууд үргэсэн, хүнд хэцүү үед миний дүү шиг хандаж байсан” гэдэг.

-Анх яагаад хүмүүнлэгийн үйлсэд орчихсон юм бэ?

-Аав ээжээс өгсөн хүмүүжил юм уу даа. Дээрээс нь би бас Христэд итгэгч. Хүмүүс янз бүрээр хүлээж авдаг юм. Би үнэхээр ажил амьдралаараа үлгэр дуурайл болсон мундаг хүн биш, энгийн нэг итгэгч. 1994 онд Христэд итгэгч болсон. Христэд итгэгчид зөвхөн Монголд биш дэлхий даяар дэлхийн хүн төрөлхтний төлөө асар их зүйл хийж байгаа. Христэд итгэгчид хэзээ ч алан хядах үйл ажиллагаа, улс орныг сүйрүүлэх, хагалан бутаргах үйл хийж байгаагүй.

-Таныг “Нандин цэнхэр тэнгэр” гэж дуун дээр нэлээд бодож удаан ажилласан гэж сонссон юм байна. Завханы гавьяат С.Батсүх, Эрдэнэзуу хийдийн Х.Баасансүрэн лам нарын дуулснаар энэ дууг хүмүүс хүлээж авсан, шинээр хүргэхэд амаргүй болов уу?

-“Нандин цэнхэр тэнгэр” гэдэг дуу сүүлд нь “Орчлонг хайрлаарай” нэртэй болсон л доо. Зохиогч нь “Нандин цэнхэр тэнгэр” гэж шүлэглэсэн юм билээ. Анх С.Батсүх гавьяат дуулсан. Түүнээс хойш хэдэн жилийн дараа манай Баянмонгол чуулгын ахмад хөгжимчин Д.Нармандах аялгууг нь бичсэн хүний хувьд өөрөө надад өгсөн юм. Би Америкт тоглолтоор явж байхдаа анх дуулсан. Нэлээд хожуу хоёр жилийн дараа С.Батсүх гавьяатад хэлээд “Зохиогч нь надад өгсөн юм, дүү нь энэ дууг дуулна шүү” гэсэн чинь “Тэгээрэй миний дүү, өөрийнхөөрөө дуулаарай” гэсэн юм. Яагаад хоёр жил болсон гэхээр С.Батсүх ах дуулчихсан. Тэрүүгээр нь дахиад фонограмм хийгээд дуулчихаар байдаг л нэг дуу болчихно. Дууны шүлэг, аялгууг сонсоход гүн ухааны уран бүтээл. Тэгээд бодож байгаад Морин хуурын чуулгын цохивор хөгжимчин Жавзаадаа хэлээд, цөөхүүл хөгжим найруулж бичээд дуулсан. Эрдэнэзуугийн хамба бас дуулсан, сошиалаар хүмүүст их хүрсэн шиг байгаа юм.

-И.С.Бах гэсэн чинь “Ямар муухай юм ярьдаг юм бэ” гэдэг онигоо шиг танд ч бас басс гэснээс болоод хөгжилтэй явдал тохиолдож байсан гэсэн?

-Хөгжмийн урлагийн нэр томъёог энгийн хүмүүс ойлгохгүй юм гарна л даа. Оюутан байхдаа тайлан концерт тоглохдоо эгчийнхээ найзын аавыг тоглолтдоо урьсан юм. Оюутан байхдаа тэдний өрөөг түрээсэлж амьдардаг байлаа. Бараг төрсөн ах дүүгээс дутахгүй болсон л доо. Тэр ах цэргийн хүн. Тоглолт үзээд сууж байхад нь би дуулахгүй юу. Тэгсэн манай нэг багш “Энэ чинь гайгүй басс гарах нь уу, үгүй юу” гэж л дээ. Басс, баритон гэдэг чинь уг нь эрэгтэй аргил баргил хоолой гэсэн үг. Тэгсэн чинь ах нөгөө багш руу айхавтар харсан гэсэн. Хэсэг дуугүй сууснаа “Чи ер нь хүнийг баас шээсээр нь дуудаад юу вэ, чи” гэж хуурай агсам тавьсан гэнэ лээ.

-Бичин жил гарч байна. Ажил уран бүтээлийн нийтэд хүртээлтэй хэсгээс нь сонирхуулбал?

-Филармонийн хамт олонтой төлөвлөсөн маш олон уран бүтээл байна. Бүгдийнх нь ард гарна даа. Ирэх намар “Ерөөлтэй аялгуу” цомгийнхоо баярыг хийх санаатай. Зун хамтарсан кино концерт хийхээр бодсон юм бас бий. “Voice” группийн хувьд нэг хэсэг завсарласан бол уран бүтээлдээ орчихсон яваа. Хамтлагийнхаа хоёр дахь цомгийг гаргахаар ажиллаж байна. Даахгүй нохой булуу хураана гэгчээр баахан юм төлөвлөөд байгаа. Энэ жил арван жилийн сургууль төгссөний 20 жилийн ой болно. Тэрийг тохиолдуулан цомог гаргахаар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *