Улсын Филармонийн гоцлол дуучин, “Voice” хамтлагийн ахлагч, Соёлын тэргүүний ажилтан С.Баттулгатай ярилцлаа.
-Уран бүтээлч хүн мөнгө бодож эхэлсэн цагаас гоо зүйгээ алддаг, гоо сайхан үгүй болдог гэдэг юм билээ. Гэтэл өнөөгийн нийгэмд та бүхэн урлагаараа л хоолоо олж идэж байгаа шүү дээ?
-Наад үг чинь үнэний хувьтай. Гэхдээ өнөөгийн нийгэмд хоёр талтай үзэгдэл яваад байна. Урлагийн хүн зөвхөн уран бүтээлээ хийж гоо зүй, үзэгч, сонсогчдын сэтгэлгээ, энэ бүхэнд анхаарах биш мөнгөнд ач холбогдол өгөөд тэр тал руу их явах нь уран бүтээлчдийн хөдөлмөр бүтээл үнэлэгдэхгүй байгаагийн илрэл. Жишээ нь, уран бүтээлчид маш олон жил суралцдаг. Ялангуяа манай сонгодог урлагийнхан. Мөн үндэсний урлагийнхан ч байна. Мэргэжлийн урлагийнхан Хөгжим, бүжгийн коллежоос эхлүүлээд эх орондоо, гадаадад үргэлжлүүлэн сурдаг. Бараг арав, хориод жил сурдаг. Бусад салбарыг амархан гэж байгаа юм биш. Гэхдээ урлагийн мэргэжил тийм амархан биш. Мэргэжлийн уран бүтээлч болохын тулд асар их цаг хугацаа зарцуулдаг. Нийгэм ямар байгаагийн илрэл л дээ. Олон жил нарийн мэргэжлээр суралцаад дараа нь цалинтай, цалингүй явж байснаас ямар ч сургууль соёл төгсөхгүйгээр ойр зуурын наймаа хийж урагшаа хойшоо явж байвал илүү сайхан амьдраад байгаа тал байна. Тэгэхээр үүнд үнэлэмжийн асуудал байгаа учраас наад асуудал чинь хоёр талтай. Цэвэр өөрсдөө боловсроогүй, төлөвшөөгүй, суралцаагүй, хөдөлмөрлөөгүй мөртлөө шууд мөнгөний зорилгоор урлагт хөл тавьж байгаа бол буруу. Олон жил сурч хөдөлмөрлөчихөөд энэ бүхэн нь үнэлэгдэхгүй байгаа бол юу хийвэл уран бүтээлээ үнэлүүлэх вэ гэдэг асуулт тулгарна. Тэгээд мөнгө олох тал руу анхаарахаас өөр арга байхгүй.
-Дуучин С.Жавхланг ард түмэн урлагтаа, тайзан дээрээ байж л байвал Жавхлан чигээр нь хүлээж аваад байдаг. Гэтэл улс төр рүү орчихоор тэр сайхан нандин харилцаа нь үгүй болчихдог. дуучид уран бүтээлчид маань улс төр рүү орохгүй уран бүтээлээ хийгээд явж болдоггүй юм болов уу?
-С.Жавхлан гишүүн бол манай урлагийг, ялангуяа нийтийн дууны урлагийг орчин цагт өндөр түвшинд авч ирсэн, үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж чадсан гайхалтай уран бүтээлч. Тэр хүний хувийн асуудал, сонголтын асуудал энд яригдана л даа. Спортод ч үүнийг ярьж болно л доо. Аварга нь аваргаараа, бөх нь бөхөөрөө байвал ард түмэн нь хайрлах л байхгүй юу. Улс төр рүү орчихоор тэр хэдийг ярихгүй өнөө муу хэдэн урлагийнхныгаа л яриад байдагт нь гайхдаг. Хүн өөрөө чадаад сонгогчдын дэмжлэгийг аваад УИХ-д сонгогдоод явж байна. Тэр нь тухайн хүний хувийн амьдрал, замналын асуудал. Магадгүй С.Жавхланд илүү хайртай үзэгч, сонсогчид нь тэгж тайзан дээрээ байгаасай гээд л тийм гомдол, шүүмжлэл хэлдэг болов уу. Дуугаа дуулаад юмаа хийгээд л явж байсан бол уг нь гоё доо гэдэг. Аливаа бүхэн шалтаг шалтгаантай байдаг. С.Жавхлан гишүүн бид бол нэгэн үеийн уран бүтээлчид. Тэр хүнд улс төрд орох, УИХд сонгогдоод ажиллах олон нийтийн шалтгаан байсан байх л даа. Бид либерал нийгэмд амьдарч байна. Тэгэхээр хувь хүний сонголтыг хүндэтгэж үзэхээс өөр арга байхгүй.
-Яагаад ингэж асуув гэхээр таныг улс төрийн чиглэлээр сурч байгаа гэж сонслоо. Та тухайн үедээ Ерөнхий сайдад захидал бичиж Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудалд хувь хүнийхээ байр суурийг илэрхийлж байсан. Өмнө нь уран бүтээлчдээс тэгж үзэл бодлоо хэлсэн нь цөөн байх шүү?
-Дуу хуураа хүргэхээс гадна нийгэмдээ тодорхой хэмжээгээр байр сууриа илэрхийлэхийг боддог. Гэхдээ нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх, тогтворгүй байлгах тийм хандлага гаргаж байгаагүй. Шаардлагатай зүйл дээр дуугарах ёстой. Бид чинь уран бүтээлчээс гадна Монгол Улсын иргэн хүн. Тийм учраас бид энэ нийгмээ зөв төлөвшүүлэхийн төлөө ажиллах ёстой, дуугарах ёстой. Дуугаа дуугүй дуулаад яв гэдэг хандлагатай хүмүүс байдаг. Тийм хүмүүстэй таарч л байсан. Уран бүтээлч хүн уран бүтээлээрээ бас бусад зүйлээрээ нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх л ёстой гэж боддог.
-Таныг мэддэг хүмүүс, бага байхын л нийгмийн идэвхтэй хүүхэд байсан гэдэг юм билээ?
-Зарим хүмүүс намайг “Комун”, коммунист гэж шүүмжилдэг ч байсан байж магадгүй. Бага, дунд ангидаа ангийн дарга байлаа. Ахлах ангидаа ороод харин урлаг хөөцөлдөөд ном сурлагадаа жаахан муудаад эхэлсэн л дээ. Сургуулиа төгсөөд аймгийнхаа хүүхдийн зусланд бүтэн зун ажиллаж байлаа.
-Та Архангайнх байх аа?
-Тийм, тийм. Бас “Найрамдал” зусланд Бүлгийн туслах багшаар хоёр ээлжээр ажиллаж байлаа. Ерөнхийдөө хүүхэд, залуустай их хамтарч ажиллаж, нийгмийн төлөө чадлынхаа хэрээр олон ажил хийж л явна. Яривал их юм болно шүү. Уран бүтээлч хүн уран бүтээлээ сайн хийх ёстой. Урлагийн хамгийн туйлын зорилго бол нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэх, тухайн нийгмийн оюун, сэтгэлгээний дархлаа болох ёстой шүү дээ. Дээрээс нь тайзан дээр мянга сайхан байгаад тайзны ард нийгэмдээ хор нөлөөтэй байвал ямар юмных нь сайхан байх вэ. Тайзан дээр байх, тайзны ард байх нэг өөр. Хөшигний наана байх нэг өөр, цаана нь байх нэг өөр. Би 1999 онд дуурийн театрт дуучнаар орж байлаа. Урлагт хөл тавьснаас хойш нийгмийн сайн дурын ажилд их явсан даа. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Тэр болгоныг яриад, энд тэнд шоу хийгээд байдаггүй л дээ.
-Хамтлаг, дуучид анх маш хүчтэй гарч ирээд тэгээд алга болчихдог. Алга болонгуут хүмүүс хайгаад эхэлдэг. Танай “Voice” хамтлаг сүүлийн үед таг алга болчихлоо?
-Манай хамтлаг сүүлийн хоёр, гурван жил уран бүтээлээ завсарласан нь үнэн. Олон хүн тааралдаад хэлдэг юм “Та нар уран бүтээл хийхээ больчихлоо” гэдэг. Зарим нь “Танайх үнэхээр сайхан хамтлаг шүү. Юмаа үргэлжлүүлж хийгээрэй. Битгий тараарай. Битгий алга болоорой” гэнэ. Манай хамтлагийн хоёр гишүүн сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд хувийн уран бүтээл хийхийн зэрэгцээ гадагшаа дотогшоо явж, аж амьдрал, хувийн асуудлаа зохицуулах гээд чөлөө авсан юм. Тэр хоёр маань надаас насаар дүү хүмүүс л дээ. Бид эргэж уулзаад хамтлаг маань уран бүтээлдээ орчихсон явж байна. Ирэх жил “Voice” хамтлагийн 11 жилийн ой болно. Баярын концерт хийнэ. Ирэх хавар “Voice of Mongolia2” цомог маань гарна. Хүмүүс манай хамтлагийг үгүйлэх ч юм уу, шүүмжлэх ч юм уу тийм хандлага гаргаж байгааг нь “Бид тодорхой хэмжээний үзэгч, сонсогчидтой юм байна” гэж ойлгодог. Манай хамтлагийг сонсдог хүмүүс ихэвчлэн боловсролтой, мундаг хүмүүс байдаг нь мэдрэгддэг юм. Үзэгчдийг ангилах нь зохимжгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө серьёзный хүмүүс байдаг.
-“Зүрхний уяа”-г та дахин сэргээн дуулахдаа хүмүүсийн сэтгэлд яв цав нийцүүлж чадсан. Ихэнхдээ дууг сэргээн дуулах гэсэн биш бүр баллаад хаячихлаа гэдэг бол таныг энэ дууг дуулсанд хүмүүс их таатай хандсан. “Солгой” хэмээх Н.Төмөрхуяг ахын дуу шүү дээ?
-Баярлалаа. Намайг хүмүүс нийтийн дуучин ч гэдэг юм. Манай хамтлаг чинь опера хамтлаг гэж явдаг юм. Ингэхээр намайг үзэгчид янз янзын л өнцгөөс хардаг юм шиг байгаа юм. Миний уран бүтээлийн бас нэг талбар бол нийтийн дуу. Нийтийн дуугаар хоёр, гурван цомог гаргаж нэлээд хэдэн тоглолт хийсэн. “Зүрхний уяа” дууны хувьд бол их учиртай. 1970, 1980-аад онд хит болж хүмүүс их дуулдаг байсан дуу. Би 1996 онд арван жилээ төгссөн л дөө. Сурагч байхдаа орцонд энэ дууг дуулдаг байсан. Гэтэл энэ дууг дуучид төдийлөн дуулахгүй байв. Н.Төмөрхуяг ах маань ч нэг хэсэг дуулахаа байчихсан байсан юм, энэ дууг. Тэгээд би хуучны сайхан дууг сэргээж дуулъя гээд дуулсан нь тэр.
Бас нэг шалтгаан нь энэ дууг дуулсан гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг ах маань миний аавтай их дотно, хуурай ах дүүс явсан юм. Миний аав бүжиг дэглээч, найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Л.Сүхбат гэж хүн байлаа. Энэ хоёр маань 1960аад оны сүүлээр Хэнтий аймагт танилцаж байсан юм билээ. Н.Төмөрхуяг ах маань дөнгөж урлагт хөл тавих гээд л залуухан явсан үе. Тэр үед аав маань Хэнтий аймгийн чуулгад бүжгийн багшаар оччихсон. Тухайн үеэс энэ хоёр маань их ойр дотно найзалж нөхөрлөж, ахан дүүс болцгоосон. Энэ мэт олон шалтгаан байна л даа. “Зүрхний уяа” дуу маань үртэй, амьдралтай, үйлс бүтээлтэй дуу шүү дээ. Би 2001 онд хуримаа хийж байсан. 2007 онд гурав дахь хүүхдээ өлгийдөж авч байлаа. Их учир утгатай дуу болохоор дуулж байсан л даа. Арав гаран жилийн өмнө дуулсан юм байна шүү.
Гадаад, дотоод, хөдөө гадаа явж байхад “Зүрхний уяа”-гаа дуулаад өг гэдэг. Би клипэн дээрээ гитар тоглодог байхгүй юу. Уг нь би хөгжмийн авьяас тааруу. Тааруу гэх юм уу, эсвэл оролдлогогүй гэх юм уу, хөгжмийн тал дээр. Хүмүүс “Зүрхний уяа”гаа гитартай гоё дуулаад өг” гэхээр “Үгүй би гитар тоглодоггүй юм аа” гэхээр “Ээ чи битгий үнэд ороод бай л даа” гээд бөөн юм болно. Тэгэхээр нь би “Үгүй ээ тэр чинь өөр ш дээ. Клипэндээ тэгж гитар барьж тоглосон юм” гэж тайлбарлахаар зарим нь ойлгоно, зарим нь ойлгохгүй (инээв). Үнэд орж байна гэж бодно. Хөгжилтэй.
-Тэгэхээр та удмаа дагасан уран бүтээлч. Багаас тань л урлагийн сайхан орчин бүрдсэн болохоор энэ салбарт оржээ?
-Яг үнэн. Миний аав бүжиг дэглээч, найруулагч хүн байсан. Миний ээж драмын жүжигчин, бүжигчин хүн. Сүүлийн жилүүдэд шинээр гарч байгаа кинонуудад голдуу туслах дүр бүтээгээд яваад байгаа, нас нь дал хүрч байгаа хүн бий. Ч.Лхагваахүү гэж сайхан хүн бий. Миний ууган ах бүжигчин. Цэргийн дуу, бүжгийн чуулгад насаараа бүжиглэсэн. Том эгч маань бас хөгжмийн багш. Дүү минь хөгжимчин, продюсер хийдэг залуу байгаа. Манайхан чинь гэр бүлээрээ урлагийнхан. Манайд зургаан Соёлын тэргүүний ажилтан байна шүү. Ах дүү, хамаатан садан дотроо биш шүү. Зөвхөн манай гэр бүлд гэсэн үг. Аав, ээж, ах, эгч, би, дүү гээд. Соёлын тэргүүний ажилтан цол манай гэр бүлд маш өндөр шалгуураар олдсон шагнал. Насаараа, гэр бүлээрээ урлагт зүтгэцгээсэн хүмүүс.
-Та жил болгон бие даасан тоглолт хийдэг. Өнөө жил хийсэнгүй юу?
-Уран бүтээлч хүн жил болгон бие даасан тоглолт хийнэ гэдэг асар хүнд хөдөлмөр л дөө. Харин энэ жил би өнжчихлөө. Гэхдээ өнжлөө гээд зүгээр суусангүй. Манай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдэл гэж байдаг, ахмад, дунд, залуу үеийг нэгтгэсэн. Нэгдлийнхээ 10 жилийн ойн хүрээнд үе үеийн уран бүтээлчидтэйгээ хамтраад баяр наадмын үеэр бүрэн хэмжээний тоглолт хийлээ. Саяхан VIP уулзалт зохион байгууллаа. Бас “Зүрхэнд мөнхийн нутаг” хүндэтгэлийн тоглолт хийцгээлээ. Нэг талаар миний бие даасан уран бүтээл биш боловч ажиллаад хөдөлмөрлөөд нутгийнхаа ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчидтэйгээ хамтраад зүтгээд юмаа хийгээд л явж байгаа. Би чинь Улсын Филармонид гоцлол дуучнаар ажиллахын зэрэгцээ гол концертуудаа хөтөлдөг. Үүний хажуугаар бие даасан уран бүтээлээ хийж байгаа. Дуулсан дуу болгоноо клипжүүлэх цаг зав, мөнгө ч алга. Гэхдээ ирэх жил бие даасан тоглолт хийнэ гээд төлөвлөчихсөн байгаа. Харин сурагч нас, оюутан насны тухай сайхан дуунуудаас бүрдсэн цомгийнхоо ажилд орчихсон. Энэ их өвөрмөц, гоё цомог гарна. Үүн дээр сүүлийн хоёр, гурван жил ажиллалаа. Ирэх хавар сонсогчдын гар дээр очно.