Реппер Гинжин, Mrs.M нарын хамтарсан “Энэ мөч” тоглолт хоёр хоногийн дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэхүү тоглолтын талаар Реппер Гинжин буюу Г.Гарьдтай ярилцлаа.
-Mrs.M-тэй хамтарсан “Энэ мөч” тоглолтыг тань үзэгч, фенүүд нь догдлол дүүрэн хүлээж байгаа болов уу. Тоглолтын бэлтгэл хэр хангагдав?
-Тоглолтын бэлтгэл ажил ийм хүнд байдгийг мэдээгүй. Төсөөлж байснаас илүү их бэлтгэл хийж байгаа. Үүний үр дүнд гоё тоглолт болно гэж найдаж байгаа учир ядарсан ч эрч хүчтэй байхыг хичээж байна.
-Сонсогчдодоо зориулсан шинэ уран бүтээл дуулагдах уу?
-Тоглолтод өмнө нь сонсож байсан, олны дунд хит болсон дуунуудаа толилуулна. Хэзээ ч тайзан дээр дуулж байгаагүй хуучны дуунуудаа амьдаар дуулна.
-Энэ тоглолтын найруулга бусад тоглолтоос юугаараа ялгарч чадах вэ?
-Манай тоглолт яг л кино шиг дөрвөн хэсэгтэй. Хэсэг болгон дээрээ өөр өөр өнгө аясыг илэрхийлж байгаа. Киноны концепцитэй гэдгээрээ давуу талтай. Тайзаа ч гэсэн кино театр шиг зассан. Тоглолтоо “Энэ мөч” гэж нэрлэсэн нь ч цаагуураа сувгаа соль гэсэн утгатай. Суваг сольж байгаа мэт мэдрэмжийг өгөх байх гэж бодсон юм.
-Таны урлагт хайртай болсноос хойш хамгийн их дурлаж, сонсдог байсан ямар хамтлаг, дуучид байдаг вэ?
-Өөрийгөө л дурлаж, хайрлаж сонсдог(инээв). Надад таалагддаг, сонсдог дуучид маш их байгаа. Гэхдээ тэгж их шүтээд миний шүтээн гэж боддог хүн байхгүй ээ.
Уран бүтээлийг нь хэсэг сонсож байгаад л хувьсаж, өөрчлөгдөнө. Зарим хүнээс асуувал тэр дуучин гээд хэлэх л байх. Надад одоогоор онцолж хэлэх уран бүтээлч байхгүй.
-Хамгийн дурсамжтай бүтсэн бүтээлийнхээ талаар яривал?
-Бүх л дуунууд маань миний хувьд дурсамжтай. Хамгийн сүүлийн дуу маань тод дурсамж үлдээсэн байдаг даа. Шинэ дуу гарахад өмнөхөөсөө илүү дурсамжтай ч юм шиг. Байнга л шинэчлэгддэг.
Миний дуунуудад хөгтэй явдал нэг их гардаггүй. Студи дээрээ очоод хийх зүйлээ хийчихээд л явдаг. Тийм болохоор дурсамжтай зүйл болж байгаагүй юм байна.
-Уран бүтээлч хүн бүр дуугаараа, контентоороо нийгэмд ямар нэгэн санаа дэвшүүлдэг. Таны хувьд юуг хүргэхийг зорьдог вэ?
-Миний ихэнх дуунууд хөдөлмөрлөхийг уриалсан мессэж өгдөг. Хөдөлмөрлөе, мөнгөтэй болъё, юм суръя, хөгжье, чихээ нээе гэх мэт зүйлсийг илүү тодотгож, уриалдаг.
-Таныг реппер гэдгээр хүмүүс сайн мэддэг. Та ямар мэргэжилтэй, юу сонирхдог вэ?
-Үндсэн мэргэжил маань зочид буудал, аялал жуулчлалын менежмент. Хоол хийх, бялуу хийж сурахыг сонирхдог. Ирээдүйд пиццаны юм уу, эсвэл хоолны газар нээнэ гэж боддог.
-Цаашид ямар уран бүтээл гаргахаар төлөвлөөд байна вэ?
-”Энэ мөч” тоглолтоо дуусгаад Mrs.M бид хоёрын цомог гарна. Арваннэгдүгээр сард өөрийнхөө соло хоёр дахь цомгоо гарахаар төлөвлөж байгаа. Цаашдаа монгол уран бүтээлчдээс гадна гадаадын дуучидтай хамтарч гадны зах зээл рүү орох гэж үзнэ дээ.
-Үзэгч фенүүддээ хандаж юу хэлмээр байна?
-Та нар минь мундаг шүү. Намайг ойлгоод, мэдрээд сонсож байгаад баярлалаа.
Т.УНДРАХБАЯР