Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Роснефть” шатахууны үнээ дахиад буулгах нь

Өмнө нь манай улс шатахууныхаа 90 гаруй хувийг хойд хөршөөс, 70 гаруй хувийг нь “Роснефть” гэдэг ганцхан компаниас авч байсан бол өнөөдөр Оросоос бензин, дизель, түлшнийхээ 74 орчим хувийг, “Рос¬нефть”-ээс нийт хэрэглээнийхээ 35 орчим хувийг хангаж байна. Хойд хөршөөс шатахуунаараа хамаа­ралтай байдал илт багассан гэсэн үг. Одоогийн байдлаар манай улсад “Роснефть”, “Дитэко”, “Газпром”, “Газпромсалават”, “Чайна ойл” зэрэг компани,  Орскнефтегеосинтез, Яиск, Мозырск, Новополоцк үйлдвэрүүд шатахуун нийлүүлж байна. Улсаар нь яривал ОХУ, Белорусь, Солонгос, Хятад, Коста Рика, Латви, Литва, Малайз, Польш, Сингапур зэрэг улсууд манай нийлүүлэгч болжээ. Сүүлийн үед “Роснефть” үнээ буулгах санал тавьжээ гэсэн мэдээлэл гарч эхэлсэн нь үүнтэй холбоотой аж. 

Өнгөрсөн оны гуравдугаар сараас өмнө бид “Роснефть”-ийн үнийг хүлээдэг байв. Жишээ нь тавдугаар сард шатахууны үнэ ямар байхыг дөрөвдүгээр сарын 29, 30 юм уу, тавдугаар сарын эхний өдрүүдэд тэднээс авдаг байсан юм. Өмнөх сараасаа 200 ам.доллараар нэмсэн саналыг хүртэл Оросын талаас хэлж байж. 2013 оны гуравдугаар сард гэхэд л Аи-92 нэг тонн нь 1100 гаруй ам.доллар байснаа 1380 ам.доллар хүрч өсч байсан жишээг албаныхан дурдав. Ямар ч хугацаа өгөхгүйгээр ингэж огцом үнэ нэмэгдэхэд компаниуд үнээ нэмэхээс аргагүй болдог байж. Засгийн газраас татварын хөнгөлөлт энэ тэр гээд зохицуулалт хийх боломж ч гардаггүй байжээ.  Уул уурхайн яамнаас 2013 оны эхнээс шатахууны үнээ дэлхийн зах зээлийн жишгээр тохиръё гэсэн саналыг “Роснефть”-д хэд хэдэн удаа тавьсны эцэст гуравдугаар сараас нь олон улсын биржийн үнэ дээр суурилсан томьёогоор үнээ тооцохыг нийлүүлэгч талаас зөвшөөрсөн байна. Тодруулж хэлбэл Италийн Fob med Italy хөрөнгийн биржийн түүхий тосны үнэ дээр шатахууны төрөл тус бүрд нь ялгаатай үнэ нэмж авах, зарах ханшаа тогтоодог болж. Нэмж тооцох  ам.долларын хэмжээг 70-280-ын хооронд тогтоожээ. А-80 дээр  70 ам.доллар, дизель дээр зундаа 195, өвөлдөө 235 ам.доллар, Аи-92 дээр 280 ам.доллар нэмж өгч, авалцахаар тохироонд хүрсэн байна. Италийн хөрөнгийн бирж дээр энэ сард түүхий тосны үнэ 900 ам.доллар байлаа гэхэд нэг тонн Аи-92-ыг 1180 ам.доллараар худалдаж авна гэсэн үг. Ингэснээр “Роснефть” ямар үнэ санал болгох бол гэсэн эргэлзээ болгоомжлол арилжээ. Тухайн сард шатахуунаа ямар үнээр авахыг биржийн үнэ хараад мэдчих бололцоотой болсон нь энэ тохиролцооны олзуурхмаар тал болж. Дэлхийн зах зээлээс хамаарсан үнэ үйлчилж эхлэнгүүт шатахууны үнэ  төрөл бүрдээ 200-250 ам.доллараар буурчээ. 

Манай улс Сингапур, Япон, Солонгос, Беларус, Латви, Литва зэрэг улсуудаас Тянжинь боомтоор дамжуулан шатахуун авч байгаа аж. Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг өргөтгөсөн учраас дотоодын нийт хэрэглээнийхээ 50-60 хувийг урд хөршөөр дамжуулан авах техникийн боломжтой болоод байгаа гэнэ. Өмнө нь хоёр вагон зэрэгцэж зогсоод шатахуун шилжүүлэн ачих боломжтой байсан бол одоо 8-10 вагон зогсч байгаад шилжүүлэн ачилт хийх боломж нээгджээ. Урьд  нь 6000 метр кубын багтаамжтай хадгалах сав байсан бол өдгөө 20 мянган метр кубын багтаамжтай шатахуун хадгалах сав Замын-Үүдэд байна. Урд хөршөөс нэг сард 50 мянган тонн шатахуун асуудалгүй оруулаад ирэх хүч бололцоо бүрдсэн гэсэн үг. 2012 онд Хятадаас зургаа, долоохон мянган тонн шатахуун импортолж байсан бол өнгөрсөн жил 170 мянган тонн шатахуун авчээ. 

Шатахуун нийлүүлэлт нь буураад ирэнгүүт үнэ буурах тохиролцоон дээр Оросууд нааштай хандаж эхэлсэн байна. “Роснефть”-ийн төлөөлөл манай улсад хоёр ч удаа ирснээс энэ сонирхлыг нь харж болно. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд “Роснефть”-ийн ерөнхийлөгч И.И.Сечин хүртэл манайд ирээд буцсан билээ. 

Таатай мэдээ дуулгахад ирэх зунаас оросууд өнөөдрийнхөөс ч эерэг нөхцөлөөр шатахуун нийлүүлж эхлэх нь. Тун удахгүй Италийн биржийн биш Сингапурын биржийн үнэд түшиглэсэн ханш хойд хөршөөс орж ирэх шатахууны үнэд нөлөөлж эхлэх юм байна. Манай улсын оршин буй Азийн зах зээл гэдэг нь Сингапурын биржийн эхний давуу тал бол Италийнхаас хямд гэсэн өөр нэг эерэг тал бий аж. Сингапурын бирж дээрх түүхий тосны үнэ дээр тонн тутамд нь  өгөх нэмэгдэл ч өмнөхөө бодвол дажгүй хямдхан гарч. 40-70 ам.доллар гэж тохирчээ. Эхлээд оросууд 100 ам.доллараас дээш гэж байсан ч Ангарскийн үйлдвэрээс наашаа ирэх зардал тонн тутамд үүнээс бага байх ёстой гэсэн Уул уурхайн яамныхны байр суурь, санал хүсэлт тэдэнтэй ийм эерэг тохироо хийхэд нөлөөлжээ. 

Сингапурын биржийн түүхий тосны үнэ одоогийнхоос өсөхгүй бол бид зургадугаар сард өнөөдрийнхөөс ч хямд үнэтэй шатахуун хэрэглэх бололтой. Тонн нь 900 ам.доллар болж хямдарна гэсэн тоо ч яригдаж байна. 

1380 ам.доллар байсан шатахуун өнөөдөр 1000 орчим ам.доллар болж буусан ч бензин, дизелийн  жижиглэнгийн үнэ яагаад буухгүй байна вэ гэсэн асуулт гарах нь тодорхой. Шалтгаан нь долларын ханшийн өсөлт аж. Уг нь 1385 байсан шатахууны үнэ 1000 орчим ам. доллар болно гэдэг нь шатахуун литр тутамдаа 400 орчим төгрөгөөр хямдарсан гэсэн үг. Гэтэл долларын ханш эсрэгээрээ мөн л энэ хавьцаа  төгрөгөөр өссөн. Шатахууны үнийг буулгах яриа хэлэлцээр өрнөж байхад 1380-тай байсан ам.долларын ханш  өнөөдөр 1800 гарчихсан. Шатахууны үнэ хөдлөхгүй байгаагийн шалтгаан нь энэ аж. 

Ирэх зургадугаар сараас Сингапурын биржийн үнэд суурилсан ханш үйлчлээд эхлэхээр шатахууны үнэд эерэг хандлага гарах нь бараг л тодорхой болжээ. Салбарын яамны зүгээс шатахууны хилийн үнэ одоогийнхоос буухад жижиглэнгийн үнэ дагаж буух нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Тонн тутмынх нь үнэ 50 ам.доллараар буулаа гэхэд 25 ам.долларыг нь татварт авъя, харин үлдсэнийг нь жижиглэнгийн үнийг бууруулахад зарцуулах хувилбар яригдаад эхэлжээ. Тэгэхээр Сингапу¬рын бирж дээр түүхий тосны үнэ өслөө гэхэд шатахууны үнэ өсч, буурлаа гэхэд шатахууны үнэ буудаг орчин тун удахгүй бүрдэх бололтой. Уул уурхайн яамны хувьд шатахууны хэрэг­лээнийхээ 60 орчим хувийг ОХУ-аас, үлдсэнийг нь гуравдагч эх үүсвэрээс  авна гэсэн бодлого барьж байгаа аж. 

“Нефть бүтээгдэхүүний нөөц ихэссэн нь  шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл өгсний нэг давуу тал” гэж Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн онцоллоо. Хөнгөлөлттэй зээл өгөхөөс өмнө манай улсын шатахууны нийт нөөц 15 хоног байж. Зээл өгсний дараахан Засгийн газар доод тал нь 30 хоногийн шатахууны нөөцтэй байх ёстой гэсэн журам гаргажээ. Өчигдрийн байдлаар манай улс 44 хоногийн шатахууны нөөцтэй  байна. 

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *