Categories
мэдээ соёл-урлаг

Rosemary’s Baby

Польшийн еврей гаралтай найруулагч Роман Поланскийн бүтээлүүд кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясаараа тод ялгардгийг кино сонирхогчид сайн мэдэх билээ. Кино сонирхогчид түүнийг Apartment Trilogy гурван цувралаар эчнээ мэдэх бол залуу үеийнхэн 2002 оны Төгөлдөр хуурч түүхэн, намтарчилсан киногоор нь андахгүй.

Найруулагч Поланскийн Розмаригийн хүүхэд хэмээх сэтгэлзүйн аймшгийн кино нь дээр дурдсан гурван цувралын хоёр дахь болон гарсан бөгөөд Америкийн кино инститээс шалгаруулсан “100 жилийн шилдэг 100 триллер”-ийн 9 дүгээрт бичигдсэн даацтай бүтээл болжээ. Парамаунт кино компанийн зүгээс бага өртгөөр бүтэх аймшгийн кино хийх хүсэлтэй байсан нь энэ киног бүтээх эхлэлийг тавьжээ. 1967 онд хэвлэгдсэн Ира Лэвиний ижил нэрт зохиолын кино бүтээх эрхийг кино компанийн гүйцэтгэх захирал Робэрт Эванс аваад байлаа. Тэр Поланксийн Европт бүтээсэн кинонуудыг биширдэг байсан тул шинэ киног чухам Полански л найруулах ёстой гэдэг дээр бат зогсож байв. Гэхдээ Полански руу киноны саналыг шууд явуулж чадсангүй, өөр хэд хэдэн бүтээлийн саналтай зэрэг хүргүүлжээ. Харин Полански ирсэн саналууд дундаас Розмаригийн хүүхэд зохиолыг шөнөжин уншиж дуусгаад энэ зохиолоор кино бүтээвэл тун дажгүй юм байна хэмээн мэдэгджээ. Гэхдээ тэр киног найруулах биш харин кино зохиолыг нь бичих хүсэлтэй буйгаа энэ үеэр илэрхийлсэн байсан ч кино компанийнханы уйгагүй ятгалгын дүнд найруулахаар болсон гэнэ.

Сэтгэлзүйн аймшгийн тус киноны гол дүр залуухан бүсгүй. Энэ дүрийг чадварлаг бүтээх жүжигчнийг олно гэдэг амаргүй байлаа. Тиймээс найруулагч Тюсдэй Вэлд болон өөрийн сүйт бүсгүй Шэрон Тэйт нарын нэгийг сонгох талаар бодож байв. Харин ном нь бэстсэллэр болж чадаагүй тул үзэгчдийг татах өөр зүйл хэрэгтэй байгааг Робэрт Эванс анзаарч Миа Фарровыг сонгожээ. Жүжигчнийхээ хувьд төдий л олны танил биш ч алдарт дуучин Фрэнк Синатрагийн эхнэр, телевизийн алдартай цувралд тоглосон гэдгээрээ үзэгчдийн сонирхлыг эрхгүй татах хүн нь яах аргагүй Миа байлаа. Энэ кинонд тоглох нь Миагийн нөхөр Синатрад таалагдсангүй. Учир нь тэр эхнэрээ кинонд тоглуулахгүй гэж боддог байсны зэрэгцээ зураг авалтын талбай дээр салах өргөдлөө хуульчаараа явуулсан зэрэг нь Миад хүндээр тусчээ. Миа гэр бүлээ авч үлдэхийн тулд энэ дүрээс татгалзаж, гэрээгээ цуцлахыг хүссэн ч Эванс түүнийг явуулалгүй, харин ч энэ дүрээрээ Оскарт нэр дэвших магадлалтай хэмээн итгүүлж дөнгөсөн гэдэг. Миа хэдий Оскарт дэвшээгүй ч кино багтайгаа үлдсэн юм.

Розмаригийн хүүхэд кино Поланскийн Америки зураг авалтаа хийсэн цөөн хэдэн киноны нэг. Учир нь тэр ихэнх киногоо Европын орнуудад бүтээсэн байдаг. 1968 онд дэлгэцэнд гарсан дариудаа тус бүтээл шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Өдгөө ч тус кино дэлгэцийн сонгодог бүтээлүүдийн нэгд тооцогддог бөгөөд 2014 онд АНУ-ын Үндэсний кино бүртгэлийн санд бүртгэн авчээ.

Энэ киноны амжилтаас хойш чөтггөр шулмын сэдэвтэй аймшгийн кино нэлээд бүтээгдэх болжээ. Мөн зохиолч Ира Лэвин гол дүрийн жүжигчин Миа Фарровт зориулж зохиолынхоо үргэлжлэлийг 30 жилийн дараа бичсэн нь бэстсэллэр болж чадсан. 1976 онд Розмаригийн хүүхдэд юу тохиолдсон бэ хэмээх телевизийн цуврал бүтээгдсэн бол 2000-аад оны сүүлээр энэхүү киног дахин бүтээх яриа гарсан ч тодорхойгүй шалтгаанаар цуцлагджээ. Харин өнгөрсөн онд ЭнБиСи телевиз Розмаригийн хүүхэд хоёр ангит кино бүтээсний гол дүрд Зое Салдана тогложээ.

Тус кино Оскарт хоёр төрлөөр нэр дэвшсэн ч “Шилдэг эмэгтэй жүжигчин” ганц төрөлд ялалт байгуулсан бол Алтан Бөмбөрцөг наадамд дөрвөн төрөлд нэр дэвшиж нэг төрөлд ялалт байгуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *