Тэр хэдийгээр Рок-н-роллыг үндэслэж санаачлаагүй ч гэлээ зөвхөн түүний ачаар энэ хөгжмийн урсгал дэлхийд тархаж өөр бусад хөгжмийн чиглэлүүд мэндлэх хаалга үүд нээгдсэн билээ. Тийм учраас түүнийг Рок-н-роллын хаан гэдэг . Тэр бол Элвис Аарон Пресли.
Элвис Пресли 1935 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн. Америк орон зөвхөн цагаачдаас бүрддэгийн том жишээ нь Преслигийн “цусан дахь найрлага” юм. Эцгийнхээ талаас шотланд, герман, англи цус шингэсэн байдаг бол эхийнх нь талд итали, еврей, ирланд хүмүүсийн хольц бий. Нэлээн сайн ухвал чероки омгийн индиан хүмүүс ч Элвисийн элэнц хуланцууд мөн гэх баримтууд байдаг гэсэн. Элвисийн аав нь түүнийг бага байхад банкны чек хуурамчаар үйлдсэн хэргээр шоронд орж байсан, “наранд” гараад удаан хугацаанд ажилгүй байсан гээд л ерөнхийдөө тэдний гэрийг ээж нь л атгаж байжээ. Глэйдис, хүүгээ хар багаас нь сүм, хөгжим хоёрыг шүтэх хүмүүжлээр өсгөсөн бөгөөд энэ хоёрыг нэгтгэх ганц зам нь сүмийн найрал хөгжмийн чуулга байв. Элвис ийнхүү багаасаа сүмийн хоорт дуулж хоолойны өнгө аясаа тогтоож ирсэн бөгөөд 10 настай байхдаа хүүхдийн дууны “Old shep” уралдаанд шагналт байранд орж байжээ. Ээж нь түүний дуулах авьяасыг цаашид хөгжүүлэхийн тулд есөн насных нь төрсөн өдрөөр гитар бэлэглэж байсан нь ирээдүйн замыг нь засч өгсөн мэт. Уг нь Элвис бэлгэндээ дугуй авахуулна хэмээн мөрөөдөж байсан ч гэлээ ээжид нь дугуй авах хэмжээний мөнгө байгаагүй, байсан мөнгө нь гитарын хэмжээнд л хүрч байсан гэх хууч яриа байдаг юм билээ. Ямартай ч энэ цагаас эхлэн хүү, гитар хоёрын нөхөрлөл үхэн үхтлээ салаагүй юмдаг.
1953 оны наймдугаар сарын нэгэн өдөр Преслигийн хувьд тун чухал үйл явдал боллоо. 18 нас хүрсэн Пресли ээжийнхээ төрсөн өдрөөр өөрийн зохиосон дуу хөгжимтэй пянз бэлэглэх гэж нэгэн дуу бичлэгийн студийн хаалга татсан гэх. Яагаав нөгөө хуванцар, нимгэхэн цэнхэр пянзууд байдаг шүү дээ. Хүүгийн дуу студийн эзэнд таалагдаж гэнэ. Хоёр дуутай тийм хямдхан пянз бичүүлсэн Элвис, дуу бичлэгийн Sun records студи хоёрын хамтын ажиллагаа ийнхүү эхэлжээ. Дараа жил нь нөгөө алдарт “That’s all right” дуу нь бичигдэж Элвис Пресли гэдэг нэр Америкт цуурайтаж эхэлсэн юм. Түүнээс хойш 10 гаруй жил Пресли хаан суудалд морилж, олон ч чанартай бүтээл гарган дэлхийд түгээсэн бөгөөд тэр бүгдийг дэс дараалан тоочих нь илүүц биз. Тэр 1958-60 оны хооронд хоёрдугаар танкын дивизэд алба хааж ахлагч цолтойгоор халагдсан, жинхэнэ хугацаат цэргийн албан хаагч. Баруун Германд байрлах энэ цэргийн ангид алба хааж байхдаа ирээдүйн эхнэр Присцилла Бульетэйгээ танилцаж 1967 онд гэрлэсэн. Таван жил хамт амьдарсан тэдний амьдралын “уран бүтээл” нь хожмоо Майкл Жексон, Николас Кэйж нарын эхнэр болж байсан Лиза Мариа Пресли юм.
60-аад оны төгсгөл үеэс Преслигийн нэр хүнд уруудаж, пянз хальс нь олигтой зарагдахаа больж, тоглосон кинонуудыг нь хүмүүс үзэх нь татарч эхлэлээ. Энэ үетэй нь давхцаад тэр бүдүүрч, хуучны эрч хүчтэй бүжгүүдээ хийж чадахаа болив. Нэг хэсэг түүний бие хамгаалагчаар ажиллаж байсан нөхөр “Элвис юу болоод байна?” хэмээх нэртэй ном гаргаж түүндээ поп хөгжимчний хөшигний цаадах амьдралыг хар цагаангүй илчилдэг байгаа. Хар тамхинд донтсон, ганцаараа үлдэхээс айдаг, хүүхэмсэг гээд л түүнийг баахан муулсан номыг Элвис олж хараад “Хүмүүс ээ, миний нүглийг уучлаарай. Бурхан минь, энэ номыг уншсан хүмүүст бага ч гэлээ намайг зөв талаас нь ойлгуулаасай, аминь” хэмээн бичиж байлаа.
Тэр 1977 оны наймдугаар сарын 16-нд нас барсан бөгөөд задлан шинжилгээ хийсэн эмч нар түүний цуснаас 22 төрлийн эм илрүүлсэн гэлцдэг. Зарим нь түүнийг хар тамхиныхаа донг хэтрүүлж нас барсан ч гэдэг юм билээ. Түүний шүтэн бишрэгчид Преслиг үхсэн гэдэгт огт итгэдэггүй тул байнга булшийг нь хөндөж шарил дотор хэн байгааг үзэх гэж онгичдог байсан тул хожмоо цогцсыг нь занданшуулж “Грейсланд”-д цацсан юм.
Рок-н-роллын хаан Элвис Аарон Преслигийн тухай зарим баримтууд:
-Тэр эхээс төрөхдөө ихэр байсан ч нөгөө ихэр нь удалгүй нас барсан. Шүтлэг ихтэй ээж нь нас барсан ихрийнх нь нэр Аароныг түүн дээр нэмж Элвис Аарон Пресли хэмээн нэрлэх болжээ.
-Пресли уг нь цайвар үстэй, гэхдээ Марио Ланцэг шүтдэг байсан тул үхэн үхтлээ үсээ хараар буддаг байжээ.
-Түүний нэр хүнд сулрах үе нь Beatles-ийн сэргэн мандалтын үетэй давхацдаг. Тийм учраас Ливерпүүлийн дөрвөлд Элвис дургүй байв. Ялангуяа Жон Леннонд. Өөрийн найз Холбооны мөрдөх товчооны захирал Эдгар Гуверт хандан Ленноныг АНУ-аас хөөх талаар гуйлт гаргаж байсан гэх хов сонсогддог.
Б.Хулан