2020 оны гуравдугаар сард коронавируст халдвар /Ковид-19/ анх гарсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл резидент эмч нар суралцах хугацаандаа цар тахлын эсрэг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан хариу арга хэмжээ, тусламж, үйлчилгээ, тусгаарлан ажиглах байранд дайчлагдаж байгаа билээ.
Жишээлбэл, 2021 оны эхний долоон сарын байдлаар 5,521 резидент эмч дайчлагдсан байна.
Тэгвэл дайчлагдан ажилласан, ковидын халдвар авсан, улаан бүсэд ажилласан резидент эмч нарт Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийт 550 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ. Мөн хоолны мөнгөнд 298 сая төгрөг олгон, дайчилгааны хугацаанд нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслээр бүрэн хангаж, улсын төсвийн санхүүжилтээр суралцаж буй орон нутгийн резидент эмч нарыг дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөх зэрэг зохицуулалтыг бодлогын түвшинд хэрэгжүүлсэн аж.
Түүнчлэн Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг зохион байгуулсан тусламж, үйлчилгээ, тусгаарлан ажиглах байранд дайчлагдан ажилласан 60 резидент эмчийг Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаснаас төлөөлөл болгон Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 12 резидент эмчид өнөөдөр шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Г.Батсүрэн, Улсын онцгой комиссын шуурхай штабын А.Саранцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын хурандаа О.Чингэсболд нар оролцож, резидент эмч нарт хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллахыг хүссэн байна.
Мөн дайчлагдан ажилласан, төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалтын багц цаг биелүүлсэн эхний ээлжийн 92 резидент эмчид Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/489 дүгээр тушаалаар эмчлэх эрхийн зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгон, гардуулжээ.
Цаашид дайчлагдан ажилласан резидент эмч нарт мөн олгохоор төлөвлөж байгаа юм.