Categories
мэдээ цаг-үе

Rapper Gee: Би залуусыг баар руу биш заал руу татмаар байна

Rapper Gee буюу Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Rapper Gee ямар мэргэжилтэй хүн бэ. Хэзээ сургуулиа төгсөж байв?

-Радио телевизийн дээд сургуулийг 2005 онд сэтгүүлч, зураглаач мэргэжлээр төгсөж байлаа. Багаасаа л сэтгүүлч болно гэж боддог байсан учраас Чойномыг уншиж өссөн.

-Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ?

-Би одоо ч мэргэжлээрээ ажиллаж байгаа шүү дээ. Сэтгүүлч хүнтэй л адил өөрийнхөө дуугаар хүмүүст дуугаараа ямар нэг санаа өгдөг. Түүнийг ойлгох нь ойлгож, ойлгохгүй нь ойлгохгүй л явж байгаа болов уу.

-Сургуулиа төгсөөд л хип хопоор дуулсан юм уу?

-Их сургуулиа төгссөнийхөө дараа хэсэг мэргэжлээрээ ажиллаж байгаад гарсан. Тухайн үед таксины жолооч, худалдагч, ачигч гээд хийж үзээгүй ажил бараг байхгүй. Би багаасаа шүлэг бичиж, хүүхэд байхаасаа л хип хоп гэдэг зүйлийг оролдож эхэлсэн юм. Одоог хүртэл хип хопоо хаяагүй л явна.

-Тухайн үед хип хоп буюу rapper хүнийг сонсогчид яаж хүлээж авдаг байв?

-Хүмүүс анх доромжилно, шоолно гээд янз бүрийн л хандлага гаргадаг байсан. Би шантралгүй зүтгэсэн. Одоо би хүмүүст жаахан танигдаж, хүрч байгаа юм болов уу. Нөгөө талаас хип хопыг одоо хүмүүс ойлгодог болсон.

-Таны дуунууд этгээд, хараалын үг их байдаг. Хүмүүс дууг чинь сонсоод танхай залуу гэж ойлгодог ч амьдрал дээрээ их боловсон залуу гэдэг юм билээ?

-Би дуунуудаа хүмүүстэй ойлголцдог, ярилцдаг хэлээрээ бичдэг болохоор надад ямар ч этгээд үггүй санагддаг. Гэхдээ тэрийг сонсогчид дүгнэх байх. Өөрийгөө соёлтой гэх нь хаашаа юм. Би хүмүүст таалагдах гэж биеэ барилгүй өөрийнхөөрөө л байдаг. Намайг байгаагаар минь ойлгож байгаа хүмүүс л миний жинхэнэ нөхөр болж явдаг гэж боддог.

-Та уран бүтээлээрээ юу илэрхийлэхийг зорьж байна?

-Уран бүтээл гэж ярьж чаддаггүй юм. Айхтар урлагт орчихсон хүн би биш л дээ. Дуртай болохоороо л дуугаа гаргаад явна. Өөрийгөө бусдад илэрхийлж, нийгэмд болохгүй байгаа зүйлийг дуугаараа илэрхийлдэг. Дуу маань Хит парадад тэргүүлэх ч юм уу, эсвэл энд тэндхийн тоглолт дээр очиж дуулж мөнгө олохдоо чухал биш. Миний дууг арван хүн сонслоо гэхэд ядаж тав нь ойлгож, гурав нь амьдралдаа тусгаад хэрэгжүүлж эхлэх юм бол тэр амжилт. Би тэгж бодож дуугаа хийдэг.

-Таныг хип хопдоо үнэнч үлдсэн ганц хүн гэх юм. Rapper, MC гэхээр хэдэн дуу гаргачихаад л алга болчихдог юм шиг харагддаг?

-Хип хопод зүрх сэтгэлээ өгсөн хүмүүст зориулж дуулдаггүй сонирхлоороо үлдээсэн залуус олон. Надаас чадвартай хүмүүс их шүү дээ. Тэднийг үгүйсгэж болохгүй.

-Гэр бүлийнхнийхээ талаар яриач. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Манай аав насаараа л армийн хүн байсан. Ээж минь их дайчин хүчтэй эмэгтэй бий. Би дээрээ ахтай айлын хоёр дахь хүүхэд. Ах бид хоёр таван насны зөрүүтэй болохоор хэтэрхий дундаа ороод байдаггүй. Ахыгаа дүү шиг нь хүндэлдэг.

-Хэнээс үлгэр, дуурайлал авдаг байв?

-Өсвөр насандаа “Дайн ба энх” хамтлагт их дуртай байсан. Тухайн үедээ их дуурайдаг байсан юм. Одоо амьдрал урсгалаараа намайг ийш тийш нь чиглүүлж байна. Би дагахдаа дагана, сэлүүрдэхдээ сэлүүрдээд л явж байна.

-Нэлээд олон шивээстэй юм, сонирхол чинь юм уу?

-Би өөрийнхөө дууг урлаг гэж хэлж чаддаггүй мөртлөө шивээсийг тэгж ойлгодог. Сүүлийн үед Монголын шивээс огцом хөгжиж байгаа гэж би дүгнэж байгаа. Таван жилийн өмнө шивээс хийдэг байсан технологи одоо хэд дахин илүү хөгжчихсөн. Шивээсээ голдуу Зөгий, Або найзуудаараа болон Нараа гээд шивээсчин бүсгүйгээр хийлгэдэг. Шивээс гэдэг чинь интернетээр зураг хараад л шууд хийлгэчихдэг зүйл биш. Шивээсийг хүний дотоод үзэл бодлыг биеийн гадна гаргах урлаг гэж би ойлгодог. Хүнтэй ярихгүй хувцасаа тайлахад хаанаас ирсэн, ямар үзэл бодолтой хүн бэ гэдэг маань шууд харагдана. Тиймээс шивээснийхээ утга санааг би өөрөө тийм утгатай, ийм өгүүлэмжтэй байвал гоё юм байна гээд сэтгэлдээ буулгачихна. Тэрийгээ шивээсчидтэйгээ ярилцаад тэд зураг болгож буулгадаг юм. Бэлэн болсон зургаа ярилцаж байгаад л арьсан дээрээ буулгадаг даа. Би өөрөө зураг зурах авьяасгүй хүн. Зураг зурах нь байтугай бичгийн цаасан дээр тэгшхэн ч бичиж чаддаггүй юм.

-Шивээсээрээ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг юм байна. Дахиад шивээс хийлгэх үү?

-Тийм шүү. Надад сул зай зөндөө байгаа болохоор мэдээж дахиад шивээс хийлгэнэ. Энэ чинь нэг талаараа миний хобби болчихсон зүйл.

-Та ямар стиль, имижтэй хүн бэ?

-Айхтар стиль, имиж гэх нь хаашаа юм. Өөртөө таалагддаг хувцсаа л өмсдөг. Түүнээс хэт гангарахгүй. Урлагийн хүмүүсийг хараад байхад соёлтой гоё байдаг л даа. Тайзны ард нүүрээ будаад тоглолтынхоо хувцсыг сольж өмсөөд дуулж байгаа харагддаг юм. Би болохоор өглөө юу өмсөж гарсан тэр чигтээ л тайзан дээр гарчихдаг ш дээ.

-Эхнэр хүүхдийнхээ талаар яриач. Хэр сайн аав бэ?

-Манай эхнэр хараа зүйн судалгааны хүрээлэнд ажилладаг. Охин маань одоо дөрвөн настай. Цэцэрлэг нь амарчихсан гэрээ буулгаад л сууж байгаа даа. Ар гэрээ авч яваа учраас аавын нуруун дээр их олон ачаа бий. Энэ бүгдийг зохицуулахын тулд хичээгээд л явж байна. Санасан шигээ байнга гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй юм. Би бусад аавууд яаж хичээдэг түүнтэй адил оролдлоготой аав юм уу даа.

-Залуу хүний хувьд баримталдаг зарчим?

-Амьдралд маш их бэрхшээл бий. Тэр болгонд шантрахгүйг хичээж амьдарч байна. Би хүмүүс шиг теньтэй машины цаана суугаад амьдралаас тасарчихсан юм шиг яваад байдаггүй. Энгийн байхыг хичээдэг. Алхах үедээ алхана. Таксидахдаа таксидна. Хааяа автобусанд суух ч үе байдаг.

-Та ойрын үед тоглолт хийх үү?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Юуны төлөө” тоглолтоо хийчихсэн учраас ойрын үед хийхгүй болов уу. “Юуны төлөө” тоглолт маань миний хувьд 2010 оны “Монгол реппер” тоглолтоос илүү болсон гэж бодож байгаа. Одоо байгаа түвшингээ ахиулж байж тоглолт хийхгүй бол нэг төрлийн дуу сонсоод байх хүмүүст сонин биш шүү дээ. Магадгүй дөрвөн жилийн дараа л тоглолтынхоо талаар ярих байх.

-Арай удаан хугацаа биш үү?

-Тоглолт хийгээд мөнгө олдоггүй ш дээ. Миний хувьд өөрөө болон хүмүүст кайф өгөх гэж л тоглолт хийдэг.

-Хүсэл, мөрөөдлийнхөө талаар яриач?

-Би хүүхэд байхдаа сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. 2005 онд мөрөөдлөө биелүүлж мэргэжлээ эзэмшиж төгссөн. Би реп оролддог байхдаа намайг гэсэн 50 хүнтэй ч хамаагүй тоглолт хийх юмсан гэж боддог байсан ч дараа нь бүр хоёр мянган хүнтэй тоглолт хийж хүслээ биелүүлж байлаа. Хүний мөрөөдөл дуусах биш. Одоо надад олон мөрөөдөл байна.

-Та “Urban jeans”-тэй хамтран “GEEns”брэндийг хип хоп сонирхогчдод зориулан гаргаж байсан байх аа?

-Тийм өнгөрсөн жил гаргасан шүү дээ. Одоохондоо хийж амжихгүй, зогсчихсон байгаа.

-Саяхан фитнесс нээсэн гэсэн?

-Энэ оны нэгдүгээр сард өөрийн гэсэн фитнесс клубээ нээсэн. Би өөрөө спортоор хичээллэх дуртай. Донтдог гэх үү дээ. Гоё биетэй болох гээд байгаадаа биш. Өөрийгөө дайчилж түлхэх, шахах дуртай. Дээрээс нь намайг залуус харж байгаа шүү дээ. Би залуусыг бар руу биш заал руу татмаар байна.

-Ихэнх цагаа фитнессдээ өнгөрүүлдэг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав өглөө 10-12 цагийн хооронд багийнхантайгаа бэлтгэлээ хийдэг. Ер нь долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг юм байна. Манай фитнессийн багш нар дандаа мэргэжлийн хүмүүс. Багш нараа амарчихсан байхад нь хаяахан би өөрөө багшилчихдаг юм.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цаг гарвал найз нөхөдтэйгөө ойр байхыг хичээдэг. Би өөрөө уудаггүй болохоор найзуудтайгаа “Playstation” их тоглодог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-“Зангараг” киноны “Амьдралын шаардлага” дууг Эгшиглэнтэй дуулсан. Одоо мөн “Десант” хамтлагтай “Хам” гэдэг цомгон дээр ажиллаж байна. Наймдугаар сард цомгоо гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Хамтлаг дуучидтай түлхүү хамтарч ажиллаад байна уу?

-Би олон хүнтэй хамтраагүй. Хамтарч дуулахдаа их ажиглаж байж шийддэг. Тэр хүн мундаг авьяастай байх нь чухал биш. Үнэхээр сайн нөхөрлөх хүнтэй л би хамтаръя гэж боддог. Авьяас чадвараас нь илүү хүний чанарыг хардаг юм.

-Rapper Gee кино урлаг руу ороод байх шиг. Танд жүжиглэх ямар санагддагвэ?

-Хүмүүс санал тавиад таалагдвал тоглочихдог. “Алтан ус”, “Микроны босс” хоёр дээр гол дүрд тоглосон. Мөн “Долдугаар сарын 1”, “Зангараг” кинонд жижиг дүр бүтээх гэж оролдсон байгаа. Би жүжигчин биш учраас жүжиглэх хэцүү. Сургуулийг нь төгсөөд олон жил ажиллаж байгаа хүмүүс байхад би энд бардамнаж болохгүй л дээ. Өөрт оноогдсон дүрдээ хэрэндээ жүжиглэхийг оролдлоо, хичээлээ. Үзэгчид намайг дүрдээ орж уу, үгүй юу гэдгийг шүүх болохоос би энд болчихсон, тэр дүрд гоё тоглосон гээд байж болохгүй.

-Өсвөр насныхан хип хоп их сонсдог шүү дээ. Өөрөөс чинь зөвлөгөө авдаг уу?

-Сошиал ертөнцөөр их зөвлөгөө авдаг. Би чадахаараа л хариу өгдөг. Намайг сонсдог, дэмждэг хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Ер нь хүн юм хийхгүй байна гэдэг хэцүү. Эсрэгээрээ юм хийнэ гэдэг бүр хэцүү. Янз бүрээр хэлүүлж чичлүүлдэг юм билээ. Тэр болгонд босгож чиглүүлдэг зүйл бол намайг дэмждэг хүмүүсийн урмын үгс байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *