Хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй хамтран төмөр замын RAILBUS-ыг Амгалан-Толгойтын чиглэлд ирэх сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар төлөвлөөд байгаа. Энэ “Railbus” нь 136 хүний суудалтай, 150-200 хүн зорчих боломжтой, нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм. Төлөвлөж байгаагаар өглөө, өдөр, орой нийт 5 удаагийн тээвэрлэлт хийж Толгойтоос Амгалан хүрэхдээ Таваншар, Барс-2 захын зүүн тал, Вокзал, Дундгол, Нарантуул, Улаанхуран гэсэн байршлуудад зогсоно. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Railbuss-ийн шинээр байгуулж байгаа зогсоолуудад явган зам, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэлээ тохижилтын ажлыг цогцоор нь хийж эхлээд байгаа юм. Мөн Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар Толгойт Амгалан хоорондын төмөр замын аюултай бүсийг хашаажуулж, төмөр зам орчмын хорооллыг дуу чимээнээс тусгаарлах ажлыг хийх аж.