Categories
мэдээ нийгэм

Р.Жигжид: Шатахууны үнэ 60-150 төгрөгөөр буурсан

Уул уурхайн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ.

-ГАЦУУРТЫН ОРДОД 300 НИНЖА ДАЙРЧ ОРОН, НЭГ ХҮН ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ-

Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Дууш мандал хайрхан” ТББ-ын хүдэр баяжуулах бичил уурхайн үйл ажиллагаа болон Гацууртын ордтой танилцжээ. Тус төрийн бус байгууллага нь 400 гаруй гар аргаар алт олборлогчийг эгнээндээ нэгтгэж, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон байна. Гацууртын ордын тухайд УИХ-ын тогтоол гарч стратегийн ордод хамааруулсан. Харин төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн боловч дэмжлэг аваагүй учир үйл ажиллагаа нь зогсонги байдалд бий. Уул уурхайн сайдын хамтаар Түүх, археологийн болон Газар зүй, геологийн цэвдэг судлалын хүрээлэнгийн мэргэжлийн хүмүүс Гацууртын ордтой танилцсан байна. Холбогдох мэргэжилтнүүд түүх дурсгалын зүйлс, цэвдэгийн судалгааг дахин нягталж үзжээ. Энэ үеэр ордын ойр орчимд хууль бусаар ашигт малтмал олборлогчид цөөнгүй байсныг хэлэв. Гацууртын ордод энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө 300 гаруй хууль бус алт олборлогч дайран орж, нэг хүн шороонд дарагдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Иймээс тус сумын цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж нинжа нарыг орд газраас албадан гаргасан байна.


-ШАТАХУУНЫ ҮНЭ 60-150 ТӨГРӨГӨӨР БУУРСАН-

Монгол улсын хувьд шатахуунаа 100 хувь импортоор авдаг. 2013 оны 5-р сараас эхлэн түүхий газрын тосны дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулсан аргачлалаар тооцсон үнээр шатахуун импортлож байна. Тиймээс газрын тосны үнийн бууралттай холбоотойгоор импортлогдсон шатахууны гаалийн үнэ 2014 оны 8-р сараас эхлэн тонн тутамд 1011 ам.доллараас 517 ам.доллар болж буурсан. Шатахууны хэрэглэгчдэд хүрэх үнэ нь гаалийн үнэ, татварууд, үйл ажиллагааны зардал, ашиг зэргээс бүрддэг учир санхүүжилтийн дэмжлэг, хөнгөлөлт зэргийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Цаашид үнийг тогтвортой байлгах ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

2015 оны эхэн үеэс баруун аймгуудад шатахууны үнэ 150 төгрөгөөр, Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж ахуй нэгжүүдэд бөөнөөр борлуулагдаж байгаа шатахууны литр тутмын үнэ 300 төгрөгөөр буурч 1390 төгрөг орчим болсон. Мөн 9-р сарын байдлаар хотын захын дүүргүүд болон Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдад шатахууны үнэ литр тутамдаа 60 төгрөгөөр буураад байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд орон нутаг дахь шатахууны үнийг бууруулах боломж нь гааль, НӨАТ, онцгой албан татвараар зохицуулах хэлбэрээр хязгаарлагдаж байна.


-СЕРВЕРТ АЛДАА ГАРСАН НЬ ГАДНЫ ХАЛДЛАГА БАЙГААГҮЙ ГЭВ-

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхлэсэнээс хойш 490 тусгай зөвшөөрлийг шинээр олгожээ. ЭНэ сарын 21-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох явцад систем гацсан шалтгааныг тогтоохоор ТЕГ-ын харъяа Кибер аюулгүй байдлын газар, АМГ, Үндэсний дата төв болон Эрүүгийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн шуурхай ажлын хэсэг хуралдаж, шалтгааныг тогтоосон. Кибер аюулгүй байдлын газраас системд шалгалт хийгээд кодод алдаа гарсан учраас системийн 2-р сервер унтарч, ассан гэсэн дүгнэлт гаргасан. Мөн хүний санаатай үйл ажиллагаа болон халдлагын шинжтэй зүйл байхгүй гэдгийг тогтоосон” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *