Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: Халх гол бол ухаж барагдах нөөцийг үү, ургуулж өсгөх нөөцийг ашиглах уу гэдэг л тэмцэл байсан

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаатай ярилцлаа.


-Өмнөх парламентад Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд засаг төрийн үйл ажиллагааг анхаарч байна уу?

-Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хамгийн түрүүнд хүнс, хөдөө аж ахуйн асуудлыг анхаарч үндсэний чуулган зохион байгуулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүн далайд гарцтай хүнсний гүрэн болох” зорилт тавиад, хүнс хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгосон байна. Энэ бодлогыг дэмжиж байгаа. Эрүүл хүнс үйлдвэрлэхэд суурь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар. Монголын нийт газар нутгийн 75 орчим хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар байдаг. Судалгаанаас харахад нийт бэлчээрийн 65-75 хувь нь доройтолд оржээ. Тариалангийн газрын гуравны хоёр нь хөрсний элэгдэлтэй байна. Гэтэл манайх үндсэн хөдөө аж ахуйн эдэлбэр газраа хамгаалж авч үлдэлгүйгээр уул уурхайн лицензийг замбараагүй олгож байна. Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад малчдаас энэ асуудлаар байнга өргөдөл, гомдол ирдэг байсан. Гадна, дотны иргэн, аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн лиценз замбараагүй олгож, үүнийхээ араас хайгуулын болон ашиглалтын явцад химийн бодис хэрэглэж байгааг хянах чадваргүй байна. Ийм нөхцөлд яаж эрүүл эко хүнс үйлдвэрлэх вэ дээ. Олон улсын түвшинд ч органик хүнс үйлдвэрлэж, экспортлоход энэ байдал том тээг болно.

-Хөдөө аж ахуйн эдэлбэр газраа улс зааглаад авчихаж болдоггүй юм уу?

-Ер нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар хариуцах эзэнгүй мэт байдаг. Хариуцах эзэн нь тодорхой биш учраас нэг мэдэхэд уул уурхайн лиценз олгогдсон байдаг. Жишээлбэл, Дорнод аймгийн газар нутгийн 44 хувьд нь уул уурхайн лиценз олгогдсон байна. Хөдөө аж ахуйн үүц газар гэж хадгалж ирсэн Халх голын хөндий газрын тосны лицензэд олгогджээ. 1960 оноос хойш Халх голд эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлнэ гээд 50 мянган махны чиглэлийн эрчимжсэн үхрийн аж ахуй, 20 мянган махны чиглэлийн хонины аж ахуй, малын тэжээл болон бусад таримал тариалах аж ахуй зэргийг байгуулахаар төлөвлөөд, үе үеийн эрдэмтдийн хийсэн судалгаа, үйл ажиллагаанууд хийгдсэн байдаг. Гэтэл Хятадын Петрочайна Дачин Тамсаг гэдэг компанид уул уурхайн лиценз олгосон. Үүнээс Буйр-22 гэдэг талбайн 800 мянга гаруй га газар 2013 онд хайгуулын лиценз нь түр буцаагдсан байсан. Харамсалтай нь энэ газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоор дахиад 2014 онд зарлагдсан байсан. Тэгэхээр хөдөө аж ахуйн үүц болгоно гэж бодож байсан газраа уул уурхайд өгөх үү. Эсвэл хөдөө аж ахуйн зориулалтаар нь авч үлдэх үү гэдэг асуудал тулгарсан. Тухайн үед улсын тусгай хэрэгцээнд авах хуулийн боломж нь Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байсан. Тэгтэл “Чөлөөт бүсэд гадны ажилчид ихээр орж ирж ажиллах юм байна” гэсэн яриа хардлагыг нутгийн иргэдийн дунд гаргасан. Угтаа бол уул уурхайн ажилд гадныхан л их орж ирж ашиг нь ч бас гадагшаа л гарч байна шүү дээ. 2015 онд Газрын тухай хуульд орж ирсэн шинэ зохицуулалтаар Халх гол хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын бүс болгож 500 мянган га газрыг уул уурхайд биш хөдөө аж ахуйн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч тамгалсан. Өөрөөр хэлбэл, Дорнот аймагт газрын тосны олборолт явуулж буй бусад газар шиг байгаль орчны доройтол хөрсний талхагдлаас хамгаалагдсан гэсэн үг.

JICA Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгаа-газрын зураглал

-Таныг Хүнс хөдөө аж ахуйн сайд байхад энэ газрын талаар маргаан үүсч байсан санагдаж байна. Тухайн үед орон нутгийн удирдлагууд дураараа олгосон байсан газрыг та улсын тусгай хэрэгцээнд авахын тулд багагүй хөөцөлдсөн байх аа?

-Улсын тусгай хэрэгцээний газар болсон учраас одоо энд гадны иргэн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй. Өмнө нь сумын удирдлагууд хууль зөрчин Солонгосын “Хан Соломо” гэдэг компанид 2009 онд 30 мянган га газар, Хятадын компанид болон бусад иргэн, аж ахуйн нэгжид хууль зөрчин олон мянган га газрыг олгосон байсан. Энэ нь өөрөө төрийн хараа хяналт сул байсны илрэл. Улс тусгай хэрэгцээндээ энэхүү 500 мянган га газрыг авснаар орон нутгийн удирдлагууд дураараа дургих боломжгүй. Түүнчлэн хэн ч хөдөө аж ахуйн бус зориулалтаар ашиглах боломжгүй болж байгаа юм. Ер нь бол тухайн үед үүсээд байсан нөхцөл бол “ухаж барагддаг нөөцийг үү, ургуулж тарьдаг нөөцийг ашиглах уу” гэдэг л тэмцэл байсан юм шүү дээ

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтраад таныг улсын тусгай хэрэгцээнд авсан дээрх газрыг гадныханд худалдчихсан гэх юм. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хүмүүс хардах эрхтэй шүү дээ. Хууль хяналтын байгуулгад шалгуулахаар зарим хүмүүс гомдол гаргасан, зарим нь бүр хэвлэл мэдээлэл хэрэгсэл сайтаар илт гүтгэсэн. Энэ мэдээллийг АТГ, УЕПГ, ТЕГ, цагдаа зэрэг хуулийн байгууллагууд шалгаад гүтгэлэг болохыг тогтоосон. Ийм худал мэдээлэл цацаж, гүтгэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн байна лээ.

Саяхан Засгийн газраас гаргасан шийдвэр 2009 оноос хойш БНСУ-ын Койка байгуулгаас санхүүжилттэй хэрэгжсэн Халх гол төсөл хэрэгжиж дууссантай холбоотойгоор тус нэгжийг татан буулгасан. Мөн өмнө нь сумаас хууль зөрчсөн болон давхардуулан олгосон газар олголтыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийг даалгажээ гэж мэдээгээр харсан, албан ёсны шийдвэр тэмдэглэлийг үзээгүй байна.

Шинээр олгох ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох талбай

-Ингэхэд Халх голыг хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын бүс болгосноор ямар ач холбогдолтой юм бэ?

-Хүнс, хөдөө аж ахуйн сайдын ажлаа авч байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Мах экспортол” гэсэн даалгавар өгч байв. Тэр үед хоёрхон үйлдвэр ОХУ руу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй, бусад улс орон руу мах гаргах нэг ч үйлдвэр эрхээ аваагүй байсан. Малын гоц халдварт өвчин болох шүлхийтэй гээд хонь, ямаа, үхрийн түүхий мах экспортлох нь улсын хэмжээнд хориотой байсан. Ингээд ажлаа авсан даруйдаа олон улсын гэрээнүүдийг судалж, хэд хэдэн хэлэлцээр хийсэн. Улсаа бүхэлд нь нэг бүс биш, дотор нь “Вакцингүй эрүүл бүс”, “Хамгаалалтын бүс”, “Вакцинтай бүс” нутаг гэж ангилсан. Вакцингүй эрүүл бүс нутгаас махаа экспортлох, шүлхий гарч байсан вакцинтай бүс нутгуудад хорио цээрийн дэглэм бүхий хэсэгчилсэн бүсүүдийг бий болгож, тэндээсээ мах махан бүтээгдэхүүн гаргах хэлэлцээрүүдийг амжилттай явуулсан. Үүнээс гадна өөрсдөө ч эрүүл хүнс хэрэглэж, экспортоо нэмэгдүүлэх байдлаар махны үйлдвэрүүдээ дэмжих бодлого явуулсан. Зээл олгох, дэмжих, олон улсын аттестатчлалд хамруулах зэргээр дэмжсэний үр дүнд 2016 онд ОХУ руу 26, БНХАУ руу 11, Вьетнам руу найман үйлдвэр мах гаргах эрхтэй болсон. 2016 онд баруун аймгуудаас Монголын түүхэнд анх удаа Хятад руу хонь, ямаа, үхрийн түүхий мах гаргах эрхтэй болж, анхны экспортыг хийж эхэлсэн. Хятадын зүгээс ч гэсэн нэг тэрбум ам.долларын түүхий мах авах хүсэлт тавьж байв. Үүний дагуу олон улсын стандартад нийцсэн орон нутаг дахь 12 махны үйлдвэрийг байгуулахад 78 сая ам.долларын хөнгөлттэй зээл олгох хэлэлцээрүүд амжилттай хийгдсэн. Монгол Улсын эргэн тойронд махны асар том зах зээл бий. ОХУ 643 мянган тн, Европын холбоо 361 мянган тн, БНХАУ 580 мянган тн, БНВАУ 18 мянган тн, Япон 538 мянган тн зэрэг 2.4 сая тн мах импортолдог улс орон байна. Энд манайх ядаж жилдээ 100-200 мянган тн мах экспортоллоо гэхэд тэрбум гаруй ам.доллар олох боломжтой юм. Ингэхийн тулд бэлчээр болон мал эрүүл байх гэсэн тал, талын бодлого байх ёстой. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд малын гоц халдварт өвчин төв, баруун бүс рүү орсноос болж Хятад улс махны импортын зөвшөөрлөө цуцалжээ. “САМО” лабораторийнхон олон улсын эрдэмтэдтэй хамтарч монгол ямааны махыг янгирын махтай харьцуулсан судалгаа хийсэн байна лээ. Ерөнхий үзүүлэлтээрээ адилхан ч төмрийн зэрэг зарим үзүүлэлтээр ямааных нь илүү гарсан. Мөн лабораторийн дүгнэлтээр хонины махыг аргалийнхтай адилхан байна гэсэн. Энэ нь манай бэлчээрийн малын мах зэрлэг амьтны махтай адил шим тэжээлтэй байна гэсэн үг. Органик хүнсний тухай хуулийг 2015 онд УИХ-аар оруулж батлуулсан. Олон улсад органик хүнс бол их өндөр үнэтэй. Хамгийн гол нь бид органик гэдгээ баталгаажуулах нь чухал. Гэтэл уул уурхайн лицензэд олгогдсон газрын бэлчээрт байгаа малынхаа махыг яаж органик гэж үнэ цэнэд хүргэх вэ дээ.

-Та бэлчээр чухал гэж хэлж байна. Тэгэхээр бэлчээрээ яаж хамгаалах ёстой юм бэ?

-Бэлчээрийг хамгаалах тухай хуулиа хурдан батлах хэрэгтэй. Би энэ хуулийн төслийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжлэг авсан боловч өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ-д өргөн барьж амжаагүй юм. Улс “Энэ газарт уул уурхайг хөгжүүлнэ. Энэ газар хөдөө аж ахуйн бүс нутаг. Хөдөө аж ахуйн энэ, энэ эдэлбэр газартаа лиценз олгохгүй” гээд зааглаж, зарлах цаг нь болсон. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоос эхлээд Дорнодын Халх голын Баянхошуу боомт хүртэл хөгжлийн ногоон коридор бий. Энэ дагуу манай хамгийн гол бэлчээр, мал сүрэг, газар тариалангийн бүс нутаг, цэнгэг усны нөөц байдаг. Үүнийгээ уул уурхайгаас ангид бүс болгож, тэнд хэзээ ч уул уурхайн лиценз олгохгүй гэдгээ шууд зарлах хэрэгтэй. Харин Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх аж үйлдвэрийн босоо тэнхлэг байна. Энэ хоёр тэнхлэгийн огтлолцолд буюу Дарханд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн паркийг байгуулах нь зүйтэй. Өмнөд хэсэгт ашигт малтмалын тэнхлэгээ дэд бүтэцтэйгээ холбох бодлого нь тодорхой байх хэрэгтэй. Ингэж хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, дэд бүтэц, аж үйлдвэр, уул уурхай нь хаана, хаана байхыгаа тодорхойлбол залуучууд заавал гадагшаа явж, хар ажил хийх шаардлагагүй болно. Төрийн бодлого нь тодорхой байх юм бол хотын энэ их төвлөрөл саарч, иргэд ажилтай орлоготой болох боломжтой. Тухайлбал, Дарханд хөдөө аж ахуйн инновацаар суралцаж төгсөөд ажиллана. Баян-Өлгийн Цагаан нуурын чөлөөт бүсэд, Дорнодын Халх голд махны аж ахуй байгуулаад ажиллая гэнэ шүү дээ. Япончуудтай хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг оролцуулаад манайхаас татваргүйгээр авъя гэсэн гэрээ хэлэлцээр хийсэн. Газар зүйн байрлалаар Япон руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох боломжтой нутаг бол Халх гол. Жишээлбэл, гурвалжин будаа, зөгийн бал, малын тэжээл, мах, махан бүтээгдэхүүн, эвэр туурайгаар муур нохойны хоол зэрэг бүтэээгдэхүүн авах сонирхолтой. Асашёрү Д.Дагвадорж япончуудын хамгийн идэх дуртай, гаднаас импортолдог гурвалжин будааг Халх голд тариалахад амжилттай ургаж байсан. Үүнийгээ Дорнодоос төмөр замаар Япон руу экспортолж туршиж байв.

Ерөнхийлөгч ХХАА-н сайд байхдаа эхлүүлсэн Хүнс хөдөө аж ахуйн бодлого, хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж батлуулсан. Тухайлбал, Органик хүнсний тухай хууль, Тариалангийн тухай хуулийг батлуулсан. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетик нөөцийн тухай хуулийг УИХ-д эцсийн хэлэлцүүлэгт оруулсан ч чуулган завсарлаж баталж амжаагүй. Харин энэ парламент уг хоёр хуулийг баталсан нь сайн хэрэг юм.

-Мах экспортлогч орон болох зорилтод малын гоц халдварт шүлхий өвчин асуудал болоод байна. Энэ тал дээр танд ямар шийдэл байна вэ?

-Жишээ татья. Зүүн аймгуудад малын гоц халдварт өвчин шүлхий бол сүүлийн жилүүдэд байнга гарч байна. Махны чиглэлийн үйлдрийн хонь, үхэр зүүн аймгуудад илүү төвлөрсөн байдаг. Гэтэл шүлхийтэй гэдгээс болоод мах экспортлох боломж хаагдсан. Зөвхөн адууны мах гаргах боломжтой байна. Иймд энд малын эрүүл ахуй бүхий хорио цээрийн дэглэмтэй хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын бүсийг байгуулснаар малчид нь ч орлоготой, аж ахуйн нэгжүүд нь байнгын үйл ажиллагаатай, олон улсын стандартад нийцсэн эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломжтой. Халх голын хөрс бол нэлээд эмзэг. Дээрээс нь энэ нутаг салхи ихтэй. Тиймээс тэнд тусгай технологийг мөрдөж ажиллах журмыг баталсан. Өмнө нь сумын удирдлагууд 15 жилээр хадлангийн зориулалтаар олон мянган га газрыг иргэд аж ахуйн нэгжүүдэд олгож, Хятад руу өвс экспортолж иржээ. Энэ нь нэгдүгээрт, хууль зөрчсөн үйлдэл. Хоёрдугаарт, тооцоо судалгаагүйгээр жил болгон хадлангийн зориулалтаар өвс авдаг нь хөрс, бэлчээртээ халтай. Үндэсний бүтээн байгуулалтын бүсэд үйл ажиллагаа явуулах иргэд, аж ахуйн нэгжүүд стандарт, журмын дагуу л үйл ажиллагаа явуулна. Хэрэв зөрчвөл улс өөрийнхөө газрыг буцааж авна. Өмнө орон нутаг болон улсын төсөвт газрын тос нь ч, тухайн газар тариалангийн аж ахуйн нэгжүүд ч хэдий хэмжээний орлого оруулдаг нь тодорхойгүй байсан. Харин хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтын бүс зөвхөн газрыг ашиглуулна. Ингэхдээ эхний жилд гэхэд газар ашигласны хоёр тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тооцоололтой байсан. Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт хийх боломж туршлага чадвартай шүү дээ. Экспортын зориулалтын хүнс үйлдвэрлэлтийн асар их боломж байгаа. Мөн Халх голд хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. ТЭЗҮ-ээр бол хамгийн ашигтай үйл ажиллагаа нь хөдөө аж ахуйн болон эмчилгээний аялал жуулчлал гэж байгаа юм. Ингэний сүү бол чихрийн шижин өвчнийг эмчлэхэд үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон байна. Гүүний саамыг элэг эмчлэхэд хэрэглэдэг гэдгийг монголчууд бүгд мэднэ. Малын бууцыг судалсан япон эрдэмтэн “Малын бууц астам, харшлыг эмчлэхэд тустай. Орчин үед япон хүүхдүүд их астам, харшилтай болсон. Хэрэв танайх хөдөө аж ахуйн аялал жуулчлал хөгжүүлбэл бид хүүхдүүдээ авчирч эмчлүүлж аялуулахаар ирж болно” гэж хэлж байсан. Ер нь бол та бидний мэдэж байгаачлан ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр байнга тогтворгүй савлаж байдаг. Тухайлбал, газрын тосны үнэ сүүлийн жилүүдэд хэд дахин буурсан байхад органик хүнсний хэрэглээ тэр дундаа махны үнэ байнгын тогтвортой өсөлттэй, эрэлттэй байна. Вакцинтай бүс нутгуудад энэ мэт малын эрүүл ахуй хорио цээрийн дэглэм бүхий бүсүүдийг орон нутагт олноор байгуулбал малчиддаа ч зах зээл нь ойр эрүүл хүнс үйлдвэрлэхэд ч дөхөмтэй болно.

Вакцинтай, вакцингүй бүс нутгийн хилийн зааг

-Ингэхэд таны үед малын хулгай эрс багассан гэж байсан. Яаж тэмцсэн юм бэ?

-Намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад “Малын хулгай их байна” гэсэн гомдол байнга ирдэг байсан. Төсөв хангалтгүй гэсэн бэрхшээл тоочдог байлаа. Ингээд “Малчин лавлах 109” гэж үнэ төлбөргүй утас ажиллуулаад орон нутгийн телевизүүд, цагдаагийн байгууллагатай холбож өгсөн. Алдсан, олсон малын зар иргэдэд сайн хүрч, малын хулгай эрс багассан. Хулгайд алдсан малаа малчид олж байсан. Аргыг нь олох юм бол заавал их хөрөнгө, мөнгө гэлгүйгээр асуудлыг хялбар шийдэж болдог.

-Ерөнхийлөгч таныг ямар шалгуураар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон юм бол?

-Өмнө нь Х.Баттулга Ерөнхийлөгчтэй хамтарч олон хуулийн хэрэгжилтийн судалгаа, үнэлгээ, төсөл дээр ажиллаж байсан. Энэ чиглэлээрх миний туршлагыг сайн мэднэ. Би 1992 оноос хойш хүний эрх, жендерийн эрх, хүүхдийн эрх, сонгох, сонгогдох эрх, мэдээлэл авах эрх, оролцооны эрхийн чиглэлээр үнэлгээ судалгаа хийх болон хуулийн төсөл боловсруулж бэлтгэх ажлын хэсэгт ажиллаж ирлээ. Гавьяат хуульч Б.Чимэд багшийн шавь болж, их зүйлийг суралцах хувь тохиосон юм. Төрийг хариуцлагатай байх талаар Авлигын эсрэг хууль, Сонирхолын зөрчлийн тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн тухай хууль, УИХ болон орон нутгийн нээлттэй байдал, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо чиглэлээр үнэлгээ дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, судалгаа хийх, сургалт явуулах, хууль боловсруулах, санал зөвлөмж өгөх зэргээр ажиллажээ. Үндсэн хууль бол хүний эрхийг хангах, төрийн үүрэг хариуцлагыг тодорхойлсон ард түмэн төр хоёрын хооронд хийгдсэн гэрээ гэж хэлдэг. Энэ утгаар , энэ чиглэлээрхи миний 25 жилийн ажлын туршлагад маань үндэслэсэн байх. Жишээлбэл, Их Хурлын гишүүн нууцаар санал өгдөг, Байнгын хороо болон чуулганы протоколиуд нууц, архивт хадгалагддаг, хуралдааныг өнөөдрийнх шиг жирийн иргэд үзэх боломжгүй, хаалттай байлаа. 1993 оноос хойш энэ чиглэлээр ажиллаад үүний үр дүнд 1996 онд Их хурал ил санал хураалттай болсон. Ард түмэн чуулганы хуралдааныг телевизээр шууд үзэх боломж нээгдсэн. Протоколиуд нийтийн номын сан, интернэт сайт дээр тавигддаг болсон. Энэ бол сонгогч сонгосон хүнээ өөрсдийг нь төрд хэрхэн төлөөлж ажиллаж байгааг хянах боломж.

-Ч.Сайханбилэг, С.Баярцогт нартай та нэг танхимд ажиллаж байсан. Тэднийг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар хорьж, шалгаж байгааг юу гэж бодож байна вэ?

-Хууль хүчний байгууллага мэдүүлэг байцаалт авах үед нь саад хийгээгүй, дуудсан цагт нь ирж мэдүүлгээ өгч байхад барьж хорих шаардлагагүй шүү дээ. Байцаалтаа ч авахгүй, олон хоногоор барьж хорьж байгаа нь залхаан цээрлүүлэлт шиг харагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *