Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Амаржаргал: Саарал ордонд төр оршихоо болиод удаж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай ярилцлаа.


-Саявтар та 1990 оноос өмнөх Монгол ямар байсан талаар тун сонирхолтой материал нийтэлсэн харагдсан. Ардчилалд шилжихийн өмнөх социалист Монгол ямар хэцүү нөхцөлд орчихсон байсныг нотолсон өчнөөн баримт уншлаа. “Социализмын үед ямар сайхан байв аа” гэх санаашралыг үгүйсгэхээр тэр баримтуудыг аль болох олон хүн уншаасай гэсэн бодол төрсөн шүү?

-“МАХН-ын төв хорооны бүгд хурлын материалаас 1984-1990 он” гэж гарчиглаж байгаад бичсэн л дээ. Тухайн үед Монгол Улс бодит байдал дээрээ яг ямар байсныг харуулах гэж оролдсон юм. Амаржаргал гэдэг нөхөр тэр үеийг “муухай, алдаа дутагдалтай” гэж өөчлөн ярих нэг хэрэг. “АН-ын нэг гишүүн л муулахын тулд мууллаа” гэж харна. Харин МАХН-ын гишүүд нь, бүр тодруулж хэлбэл ерөнхий нарийн бичгийн дарга нь, Улстөрийн товчооны гишүүд нь, сайд дарга нар нь өөрсдөө тухайн үеийн Монголыг хэрхэн харж дүгнэж байсныг баримт нотолгоотой нь уншвал огт өөр хэрэг. Өөрөөр хэлбэл, би Бүгд хурлын материалуудаас тэр бүх байр суурийг түүгээд тавьчихсан юм. Тэр үед ерөнхий амьдрал, эдийн засгийн үр ашиг, бүтээмж, бүтээгдэхүүний чанар, гадаад харилцаа ямар байсныг харуулах зорилгоор, нэлээд цэгцтэй ойлголт өгөх үүднээс асар их материал цуглуулаад тавьсан. Тэр материалыг уншсан эрүүл саруул ухаантай хэн ч “Ийм нийгмийг өөрчлөхөөс аргагүй байж шүү дээ. Яаж оршин тогтнож байсан юм бэ” л гэнэ.

-Ардчилал эхлэхээс өмнө, социализмын сүүлийн жилүүдэд Улстөрийн товчооны гишүүд нь хүртэл Монгол гэдэг улс хэцүүдсэнийг мэдрээд яриад эхэлчихсэн байж гэж ойлголоо…?

-Баримттайгаа ил байгаа асуудал. Тэдний гол алдаа нь байгаа юмаа сайжруулах гэж оролдоод байж. Улсын өмч дээр суурилсан, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт тулгуурласан тогтолцоо явахгүй байгааг олж харж чадахгүй байсан. Шийдэл нь захиргааны арга гэж эндүүрч явсаар бүхнийг дампууруулчихсан.

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл тойрсон улс төр ид өрнөж байна. Оюу толгойг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт тасраад багагүй хугацаа өнгөрчихлөө.Хууль өөрчилсөн төдийд гадаадын хөрөнгө оруулалт эргэж сэргэх найдлага байна уу, ингэхэд?

-Хэчнээн сайн хууль батлаад маргааш, нөгөөдрөөс нь гадаадын хөрөнгө оруулалт шууд цутгаад эхэлнэ гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. 1997 онд шиг санагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт руу чиглэсэн хууль баталсан. Тэр үеэс хойш арваад жилийн дараа гадаадын хөрөнгө оруулалт зах зухаасаа орж ирж эхэлсэн.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл тойрсон асуудлыг анзаарах нь ээ хоёр гурван өнцөг байх шиг. Нэг нь хуулийн асуудал, нөгөөх нь улс төр. Уг нь яриад буй хууль нь гадаадын хөрөнгө оруулалт руу чиглэсэн агуулгатай. Гэтэл газар, гадаадын ажиллах хүчний тухай асуудал болоод хувирчихлаа л даа. Хөрөнгө оруулалтын тухай асуудал яригдаж байгааг мэдэж, мэдэрч яваа нь хэд юм бол доо. Аливаа асуудлыг урвуулах арга их амархан. Нийгмийн хөрс нь ядуу, хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлийн нарийн мэдлэг боловсрол дутмаг суурин дээр сая хэлсэн өнцгүүдийг сэвээд эмоци дээр нь тоглолт хийчихэж байна. Монгол хүний “газар шороо аминаас үнэтэй” гэсэн эмоци дээр нь л тоглочих жишээний. Гаднаас ажиллах хүч орж ирээд газар шороог чинь эзэмшинэ гэчихэд л эмоцилоод эхэлж байгаа юм.

-Үнэхээр гаднаас ажиллах хүч орж ирээд газар шороог минь эзлэх гээд байна уу, эсвэл элдэв улс төрийн нөлөө юу гэдэг дээр хэрсүү, ухаалаг хариу хайж байгаа нь алга л даа.

-Ямар ч хуульд нэг ийм агуулгатай заалт бий. “Энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудтай нийцэн нэг багц болох юм” гэсэн агуулгатай заалт. Та бид хоёрын ярьж суугаа энэ хуульд ч туссан гэдэгт эргэлзэх юм алга. Ер нь бүхэлд нь дүгнээд хэлэхэд энэ хууль гарцаагүй хэрэгтэй. Батлагдах учиртай. Гэхдээ олныг төөрөгдүүлээд байгаа асуудлуудыг нь хэрхэн зохицуулах вэ гэдэг тал дээр Засгийн газар муу ажилласан. Ч.Хүрэлбаатарын баг маш муу ажилласан гэж би хувьдаа харж байна. Хоёр, гурван жил ярьсан гэж байна лээ. Ийм удаан хугацаанд олонд нээлттэй ярьсан бол олон нийт хуулийн талаар тодорхой мэдээлэлтэй болчихно. Ойлголт, мэдээлэлтэй хүмүүс элдэв маргаан, шүүмжлэл дэгдээхгүй. Гэтэл хэдхэн хүн гарч ирээд ганц юм хэлэхэд л нийгмээрээ ханарч шуурч байна. Товчхондоо эрх баригчид ажлаа сайн хийгээгүй гэсэн үг. Үнэхээр энэ хуулийг батлах хүсэлтэй байсан бол сонирхогч талуудыг бүгдийг нь оролцуулах учиртай байсан. Цөөн тооны гадаадын хөрөнгө оруулагч, элчин сайдын яамны хэдэн нөхдөөс бага сага үг сонссоныгоо санал сонссон гэж хэлэхэд учир дутагдалтай. Сонирхогч талуудыг бүгдийг нь татан оролцуулсан бол ийм асуудал үүсэхгүй.

-Сонирхогч талуудыг бүрэн сонсоогүй учраас улстөржилт гаарах орон зай гаргаад өгчихжээ дээ?

-Улстөржилтөөс гадна нийгмийг талцуулчихлаа. Нэг хэсэг нь газар шороогоо хамгаалаад, нөгөө хэсэг нь эх нутгаа гадагш нь зарж үрчих гээд байгаа юм шиг дүр байдал үүсчихлээ л дээ. Ер нь МАН-ынхны ажлын арга барил л даа, энэ. Нийгмийн талцуулж бутаргасан асуудал гаргасаар өнөөдрийг хүрсэн нь бодитой үнэн шүү дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтын хууль тойрсон маргааныг анзаарахад З.Энхболдын үед баталсан эзэмших гэдэг үгийг хуулиас хасахаар болсон нь зарим улстөрчийн эрх ашигтай харшлаад улстөржилт нь дэвэрчихлээ гэсэн өнцгийг цөөнгүй хүн хэлэх юм…

-Хүмүүс ингэж үзжээ, тэгж боджээ гэсэн хандлагад би тийм дуртай биш. Ер нь Монголын улс төрд бодитой болсон үйл явдлуудыг анзаарахад анхаарал татах юмс цөөнгүй байна. Үндсэн хуульд төрийн нийтийн өмч гэсэн сонин ойлголт оруулчихсан. Бүсчилсэн хөгжил чухал гэж яриад байна. Бүсчилсэн хөгжлийн тухайд сүүлийн гучин жил яваагүй асуудал шүү дээ. Сүүлдээ Сонгуулийн хуулиа бүсчилсэн маягаар баталчихлаа. Үүний үр дагавар нь юу вэ гэсэн асуултыг тавьж яваа хүн байна уу, ингэхэд. Манайх нэгдмэл улс. Ийм улсыг бүсчилээд, элдэв бодлого хэрэгжүүлээд эхлэхээр холбооны улсын хэлбэр рүү явчих вий гэсэн болгоомжлол надад байдаг. Бүсчилсэн хөгжил гэсэн ойлголт гарч ирэх үед янз бүрийн хүмүүстэй уулзаж санаа оноог нь сонсож явлаа. Учир мэдэх айхавтар хэсэг нь “Монгол бол нэгдмэл нэг улс шүү. Холбооны буюу ямар нэгэн хэлбэр рүү оруулах элдэв үйлдлийг соргогоор анзаарах учиртай шүү” гэсэн утгатай байр суурь хэлдэг л байсан.

-Гадаадын хөрөнгө оруулалт сэргэхэд хугацаа шаардлагатай тухай хоёулаа ярилаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын урсгалыг сэргээх гарц, шийдэл байж л байгаа. Эрх баригчид энэ чигт хандсан ажлууд хийж байна уу?

-Ачаа үүрч яваа хүн нь юу хийхээ мэдэхгүй байна шүү дээ. МАН хариуцлага хүлээхээс зугтаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг үнэхээр чухал гэж үзэж байгаа бол жар гаруй суудалтай намд хууль батлах асуудал биш. Ингэж сэвж, шуугиулах ямар ч шаардлага байхгүй.

-Нам дотроо хагаралдаан бужигнаантай байгаа болохоор бодлогын энэ мэт хуулиудаа ч баталж чадахгүй яваа гэж үү?

-Гишүүдээ нэгтгэж чадахгүй, дотроо бужигнаантай байгаа энэ тэр нь МАН-ын хариуцлагаас мултрах гэсэн арга. Ийм хариуцлагатай шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа улс төрийн хүчин Монгол Улсыг цааш нь яаж авч явах бол. Энэ янзаараа байвал хуурч, зальдаж, популизм хийж авч явахаас өөр арга байхгүй шүү дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх гарц уг нь байгаа юм байна, тийм үү?

-Өчнөөн гарц бий.

-Таны зүгээс санал болгох шийдэл гэвэл юу байна?

-Ажлын хэсгийн ахлагчаар нь Амаржаргалыг тавьчихвал хэлээд яриад хийгээд явахад асуудал алга (жуумалзав). Харамсалтай нь эрх баригчдад улс төрийн ийм эр зориг байхгүй. Намынхаа явцуу эрх ашигт үдэгдчихсэн. Харъя гэснээ л харж, сонсъё гэснээ л сонсдог болсон улс шүү дээ.

-Хоёулаа өмнөх ярилцлагадаа дэлхийн хөрөнгө оруулалтын орчны тухай хөндсөн дөө. Та тэр үед мөнгөний урсгал манайх шиг хөгжиж яваа улсаас гадагшилж өндөр хөгжилтэй орнууд руу буцаж эхэлсэн гэсэн дүгнэлт хийж байсан. Тэр дүгнэлт чинь хэвээрээ юу?

-Дэлхийн эдийн засгийн хувьд мөнгөний урсгал өндөр хөгжилтэй орнууд руугаа буцаж байгаа. Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт технологийн хөгжил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Хямд ажиллах хүч, хямд зах зээл гэсэн ойлголт чухал биш болчихсон. Ноу хау, технологийн хөгжил байгаа газар руу мөнгө урсаж байна. Үйлдвэрлэлийн өргөжилтийн хэмнэлт өндөр хөгжилтэй орнуудад бүрэн утгаараа хэрэгжиж байна л даа. Хоёрдугаар фактор гэвэл хөгжиж байгаа улсуудын дотоод нөхцөл байдал. Улс төрийн орчин нь гэхэд л популизмтай гээд яривал олон асуудал бий. Өөрөөр хэлбэл, хөгжиж байгаа орнуудаас мөнгө зугтахад эдийн засаг гэхээс илүү улстөрийн хүчин зүйл илүү нөлөө үзүүлж байна. “Танихгүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр” гэсэн ойлголт үйлчлээд эхэллээ л дээ, одоо цагт. “Хаа байгаа Африк, Монголд очиж улстөрчидтэй нь учраа олох гэж элдвийг сэдэж хөрөнгөө эрсдэлд оруулснаас Америк, Канаддаа л байж байя” гэсэн хандлага хүчтэй болсон гэсэн үг. Даяарчлал гэдэг ойлголт шүүмжлэлд хүчтэй өртөж байгаа ч процесс тасраагүй яваа. Хэсэг хэсгээр бутарсан хэлбэр рүү ороод эхэлчихсэн. Тухайн бутарсан нэгжүүдийн хоорондын хүчний харьцаа хөрөнгийн урсгалыг тодорхойлдог хүчин зүйл болчихоод байна.

-Та түрүү нь бүсчилсэн хөгжлийн загвар манайх шиг нэгдмэл улсад эрсдэлтэй гэсэн санаа хэлчихлээ. Яг ямар сөрөг нөлөө үзүүлнэ гэж?

-Яг өнөөдөр яг тийм болчихно гэж хэлэх аргагүй. Гэхдээ энэ процесс энэ янзаараа үргэлжилбэл тавь, зуун жилийн дараа юунд хүргэх эрсдэлтэйг бид мэдэхгүй. Тэр бүү хэл бид, цаашлуулаад яривал хүн төрөлхтөн маргааш юу болохыг мэдэхгүй байна шүү дээ. Жижигхэн жишээ хэлье. 2023 оны эхэнд дэлхийн судлаач, шинжээч, эдийн засагчид маш хүнд жил болно, инфляци дээд цэгтээ хүрнэ гэсэн урьдчилсан таамаг хэлж байсан. Гэтэл жилийн дараа буюу өнөөдрийн байдлыг харахад тэр таамгууд байгаа оносонгүй. Өндөр хөгжилтэй улсуудын эдийн засаг өслөө. Инфляцийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадлаа. Ажлын байрыг эрс нэмэгдүүлж байна.

-Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг өсөлттэй гарч ажлын байр нэмэгдсэн гэхээр хөрөнгө оруулалтын урсгал хөгжиж буй орнуудаас Америк, Австрали руу гадагшилсаны нэг том нотолгоо болж байна даа, тийм ээ?

-Та зөв анзаарсан байна.

-Ингэхэд энэ жил дэлхийн эдийн засаг ямархуу байх нь вэ. Элдэв эрсдэл анзаарагдана уу?

-Энэ оны хувьд өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг одоо байгаагаасаа муудахгүй гэсэн таамаг дуулдаж байна. Гэхдээ нөгөө зарим нь өөр таамаг хэлж байна. Дэлхийн эдийн засаг 2023 оных шигээ таатай байхгүй, өнгөрсөн жил олж авсан ололтоо буцаагаад алдах эрсдэлтэй гэсэн таамаг сонсогдоод эхэллээ.

-Та өмнөх ярилцлагадаа Ковид-19-өөр тахлын аюул дуусахгүй, шинэ шинэ тахлууд дэгдэнэ гэсэн таамгийг онцолж байсан. Энэ мэт том эрсдэлийн тухай шинжээчид ярьж байна уу?

-Давосын уулзалтаар хэлэлцэх нэг сэдэв нь X-Covid байна лээ. Ковид19-өөс хорь дахин аюултай цар тахал удахгүй дэгдэх нь гэж хараад, тэр тохиолдолд яах вэ гэдгийг мундаг шинжээчид тусгайлан хэлэлцэх юм билээ. Тэгэхээр бид дэлхийгээрээ болгоомжилж буй дараагийн тахалд бэлэн байх ёстой. Ковид-19 олон салбарт дүн тавьсан. Өнөөдрийн тухайд тэр бүхний үр нөлөө, учир шалтгаан, алдаа оноогоо маш сайн судалж дүгнэлт хийж, ирэх жилүүдэд барих бодлогоо тодорхойлох учиртай. Үнэнийг хэлэхэд манай засаг төр дэндүү богино зайд харж, өнөө, маргаашаараа л амьдарч байна. Сошиалаар улс төрөө явуулж, сошиалд л төр засгийн бодлого хэрэгжиж байна шүү дээ. Саарал ордонд төр оршихоо болиод удаж байна. Гэтэл сошиалд хэчнээн хүн бий билээ.

-Улстөрч, эрх нөлөөтэй хүмүүс нь сошиалд нэг шуугианыг нөгөө шуугианаар дарах, талцуулах өнгө аястай мэдээлэл түгээх арга хэрэглэдэг нь илт болоод удаж байна л даа. Гадны нөлөө бүхий бодлого сошиал дээр хүчтэй хэрэгжээд байна уу гэсэн хардлага төрөөд байдаг юм. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Гадна дотнын нөлөө хүчтэй байх шиг анзаарагддаг.

-Эдийн засаг маань ямар хэврэг вэ гэдгийг энэ өвөл мэдэрлээ. Шатахуун, цахилгааны тасалдал ахиад үүсэхгүй гэх баталгаа алга. Энэ байдлаасаа гарахын тулд бид яах ёстой юм бол оо?

-Дэлхий даяар яригдаж байгаа асуудал л даа. ОХУ-аас явуулж байгаа бодлогыг л харчих. Харилцахад таатай, таагүй улсуудаа жагсаачихсан байх жишээний. Бид ийм нөхцөлд их л алсын хараатай, их л том юм бодож аж төрөх ёстой. Уг нь ийм зүйл бодоод сууж байдаг нэг “дурак” УИХ-д сууж байх ёстой юм л даа.

-Тэгээд тэр “дурак” нь байна уу, УИХ-д?

-Даанч алга.

-Энэ сонгуулийн сурталчилгаа сошиалд өрнөх янзтай байна. Сошиал ямар хөөсөрсөн орчин болохыг та бид хоёр сая хангалттай ярилаа. Зүй нь сонин, сэтгүүл гэх мэт хэвлэлүүдээ дэмжсэн бодлого явуулж чадвал олон нийтэд хүрэх мэдээлэл нь илүү бодитой байж, сошиалын хөөсрөл сонгуулийн үр дүнд нөлөөлөх эрсдэл багасах юм даа…?

-Боловсролтой хүмүүсийн тухайд ямар хэвлэлийг унших вэ, ямар эх сурвалжаас мэдээллээ авах вэ гэдгээ ялгачихдаг. Олон нийтийн хувьд сенсаци сонин байна л даа. Ийм нөхцөлд улстөрчдөд үлдэж байгаа ганц арга нь эмоци дээр тоглох. Хүний сэтгэлийн хөдөлгөөн дээр тоглож чаддаг хүмүүс нь популистууд. Асуудалд нухацтай ханддаг улстөрчдийн тухайд сэтгэлийн хөдөлгөөн дээр тоглох нь зөв гэдгийг олоод харчихдаг. Олж харчихаад амжилт олохын тулд популизм хийгээд явахаараа нөгөөдүүлээс ялгарах юмгүй болж, намаг руу гулсаад орчихож байна. Ингээд харахаар жаахан нухацтай, хэрсүү улстөрч байя гэвэл популизмаас хол явахаас өөр арга байхгүй.

-Популизм хийхгүй болохоор санал авахгүй. Хүссэн ч эс хүссэн ч популизмдахаас аргагүй юм байна. Ингээд бодохоор гунигтай юм аа?

-Сүүлийн гучин жил тасралтгүй ярьж яваа зүйлээ ахиад л хэлье. Сэтгүүлчид бол нийгмийг чирч, урагшлуулж явах зүтгүүр нь байх ёстой. Гэхдээ сэтгүүлчид ч бас хүмүүс. Амьдрах ёстой. Амьдрахын тулд дажгүй орлоготой аж төрөх учиртай. Блокчейн, хиймэл оюун ухаан, технологийн платформ, цахим машин гээд өнөөгийн хөгжилд амин хэрэгтэй зүйлийн тухай бичихэд хэн ч уншихгүй. Бүр тодруулж хэлбэл сэтгүүлчид ийм юм бичээд ганц ч төгрөг олж чадахгүй. Гэтэл шуугиан сенсац дэгдээдэг сэтгүүлчид эсрэгээрээ. Их мөнгө олж чаддаг. Сүүлдээ бүр сүлжээ үүсгээд цагдаагаас элдэв зорилтот мэдээлэл авч цацаад улам их мөнгө олж байх жишээний. Зүй нь сэтгүүлч хүнд ёс зүй, нийгмийн өмнө хүлээж байгаа хариуцлага гэж байх ёстой. Туйлбартай, ёс зүйтэй сэтгүүлчид гэвэл би цөөхөн хүнийг нэрлэнэ. Ер нь ямар ч хэвлэл МАН-ын хаалтын гэрээгээр амьдарч байна даа, өнөөдөр.

-Таны анзаарсан энэ эмзэглэл хэр удаан хугацаанд үргэлжлэх бол?

-Аливаа асуудал алга эргүүлэхийн дайтай хурдан шийдэгдэхгүй. Чимх, чимхээр урагшилсаар яваад үр дүнд хүрэх байх. Тэгэхээр бодитой, хэрэгтэй мэдээллийг аль чадахаараа түгээгээд л явах хэрэгтэй. Ер нь бидний үе сэтгэл амар байх заяагүй улс юм шиг. Бидэнд ногдож буй хувь заяа, үе маань л тийм юм даа.

-Ганц нам олон жилээр төр барих хэрээр хэвлэлийн эрх чөлөө хумигдах, цаашлаад засаглалын хэлбэр диктатур руу орох эрсдэлтэй гэх мэт болгоомжлол дуулддаг. Танд ийм болгоомжлол төрдөг үү?

-Сонгодог дарангуйллын тогтолцоо ховор болчихсон. 99.99 хувийн санал аваад ялдаг явдал үеэ өнгөрөөсөн. Эрх баригчид эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд 99 хувийн санал хэрэггүй, 51 хувийн дэмжлэг байхад л болчихно гэдгээ олоод харчихлаа л даа. Тэгэхээр ардчилсан сонгууль болдгоороо болж, эрх баригчид ялдгаараа ялаад явах боломж бий гэсэн үг. Сонгууль болоогүй байхад сонгуульд ялах зүйлсээ аль хэдийнэ хийчихсэнд л хамаг учир байгаа юм. Жишээ нь МАН хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хийдэг хаалтын гэрээгээ хэдэн жилийн өмнөөс эхлүүлсэн. Ардчиллын төлөө гэсэн бизнес эрхлэгчдийг хэдэн жилийн өмнөөс намнаж эхэлсэн. АН доторх нэр нөлөөтэй хүмүүсийн нэр хүндийг аль хэдийнэ шавартай хутгачихсан. Дүрсээ ингэж хувиргасан шинэ төрлийн диктатур нэгэнт бий болчихлоо л доо.

-Томсгосон тойргоор олонд танигдсан улстөрчид гарч ирэх магадлал өндөр. Шуудхан хэлэхэд популистууд УИХ-д олноороо орж ирэх байх, тийм үү?

-Тэгж таарна.Бид мэтийн уран цэцэн үггүй, хэрэлдэж чадахгүй хүмүүст ялах магадлал бага. Коазын теором гэж байдаг юм. Зарчимдаа үнэнч хүмүүс өөрсдийнхөө дүрмээр л тоглодог. Худал хэлэхгүй, хулгай хийхгүй, хүн гүтгэхгүй, доромжлохгүй. Тэр дүрмээрээ л тоглоно гэсэн үг. Хулгайч нөхдийн хувьд аль аль дүрмээр нь тоглож чаддаг. Сайныг ч, саарыг нь ч хийнэ. Хэнийх нь тоглох талбай илүү байна вэ гэсэн асуулт тавиад харахаар хулгайчийнх нь илүү байгаа биз.Үүнийг өнгөрсөн зууны эхэнд Коас гэдэг хүн олж хараад теоромыг нь гаргачихсан. Эдийн засгийн томьёолол л доо. Гэхдээ улс төр рүү буулгаад харвал үр дүн нь ижил.

-Хувь хүн нь танигдаагүй ч намынхаа нэр нөлөөгөөр гараад ирэх хэсэг ч бий. Тэгэхээр нам нь чадалтай, хөрөнгөтэй бол гэсэн хэмжүүр гарч ирж таарах нь ээ, энэ сонгуулиар?

-Тэгнэ. Намуудын тухайд юу хийсэн бүтээсэн гэхээс илүү хэн нь илүү хөрөнгөтэй вэ гэсэн хэмжүүр үйлчилнэ. Сонгуулийг будлиантуулах арга эрх баригчдад илүү бий. Олон жил төрийн эрх барьсан улс төрийн хүчин сонгуулийн зардлаа хэд дахин илүү хэмжээгээр босгочихсон яваа нь ойлгомжтой. Тэр их мөнгөний эсрэг зогсож гарч ирэх нь бусад намуудад амар биш. Маш хэцүү.

-Та нэр дэвших үү, эсвэл жагсаалт хавьцаа яригдаж байна уу?

-Надад тийм бодол алга. Миний нэр энд тэнд дуулдаад л байна лээ. Гэхдээ надаас асуусан, надтай ярьж зөвлөсөн хүн байхгүй.

-Дахиад эдийн засгийн асуудал руу оръё. Цахилгаан станц барина гээд гучин жил болчихлоо. Дахиад хэдэн жил болохыг таашгүй. Том төслүүдээ хөдөлгөхийн тулд тусдаа хууль гаргах ёстой юу, ер нь яах ёстой юм бол оо?

-Би танаас нэг юм асууя. Хөрөнгө оруулалтын хууль гээд шуугиад байна. Яг энэ асуудал дээр ҮАБЗ-аас ямар нэг зөвлөмж, шийдвэр гаргасан уу.

-Ямар ч зөвлөмж, шийдвэр гаргаагүй.

-Ерөнхий сайд нь хүртэл энэ асуудал дээр дуугарахгүй байна. Тэгэхээр юу ярих билээ.

 

3 replies on “Р.Амаржаргал: Саарал ордонд төр оршихоо болиод удаж байна DNN.mn”

Уул нь энэ Амаржаргал Засгийн газарт үгүй дээ л Сангийн сайдаар ажиллаж байх хүн юм байгаа юм! Өшөө дээшээ ЗГ-ын тэргүүн болгох юм бол ёстой нүдээ олсон томилгоо болох юм байгаан! Даан ч болдоггүй хорвоо юмаа!!! Зарчимтай, мэдлэгтэй, боловсролтой ёстой тэгшхэн кандидат даа.

Энэ өгөр толгойт чинь,
“Ард түмэн гэж гуйлгачин хүн сүрэг, би тэдэнтэй харьцаж доошоо ордоггүй” гэж алдарт тодорхойлолтоо хэлсэн луйварчин шүү!!! Анхаар анхаар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *