E-barimt системд тулгуурлан цар тахлаас урьдчилан сэргийлэх qr.119.mn нэгдсэн платформыг гаргаад байна. Тэгвэл уг системд ААН-үүд хэрхэн бүртгүүлж, иргэд хэрхэн QR уншуулах талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг мэдээлэл өглөө.
Тэрээр “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цар тахал гарсантай холбоотойгоор иргэдийг мэдээллээр түргэн хангах, төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зорилгоор qr.119.mn гэх шинэ платформыг гаргалаа. Энэхүү платформоор дамжуулан ААН-үүд QR код үүсгэн ажлынхаа үүдэнд нааснаар E-baraimt апп-аар дамжуулан QR кодыг уншуулан COVID-19-ийн талаарх мэдээллийг авах боломжтой. Шинэ систем рүү үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгсөн газруудын хүмүүс хандана гэсэн тооцоололтой байгаа. Сервер тоног төхөөрөмжийн хувьд өнгөрсөн долоодугаар сард шинэчлэлт хийчихсэн. Ер нь шинэчлэлтийг байнга хийж явдаг. Энэ систем гарснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд системийн алдаа зүгширсэн, мөн дэд бүтцээ ашиглаад явж байна. Цар тахалтай холбоотойгоор Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын технологийн багууд өдөр шөнөгүй ажиллана” гэв.
ААН-үүд QR авахдаа:
qr.119.mn хаяг руу нэвтэрч орно.
-Байгууллагын нэр, утас зэрэг шаардлагатай мэдээллийг оруулж, QR код үүсгэх товчийг дарж, кодоо авна.
-Гарч ирсэн QR кодыг байгууллагынхаа үүдэнд наана.
QR код иргэд хэрхэн уншуулах вэ?
-E-Barimt апп-руу ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана./Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, E-barimt апп-аа шинэчлэхийг анхаарна уу/
-COVID-19 рүү орвол QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААН-ийн QR кодыг уншуулна.
-Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл утсанд тань очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх юм.
Хувь хүний мэдээллийг хэн харах вэ?
-Хувь хүний мэдээллийг шаардахгүй тул түргэн шуурхай нэвтрүүлэх боломжтой.