Categories
мэдээ спорт

“Пёнчан-2018” өвлийн олимпид оролцсон тамирчид мэдээлэл хийлээ

“Пёнчан-2018” өвлийн олимпид эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчид болон Үндэсний шигшээ багийн албанаас мэдээлэл хийв.

“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадамд манай улс гүйлтийн цанын төрөлд оролцсон. Түүнд ОУХМ Ч.Отгонцэцэг, ОУХМ Б.Ачбадрах нар ОУХМ Х. Хаш-Эрдэнэ дасгажуулагч, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа гэсэн бүрэлдэхүүнтэй явжээ.

Энэхүү олимпод эмэгтэйчүүдийн төрөлд 10 километрийн зайд уралдаж, 32:52.1 амжилтаар 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарсан. Харин эрэгтэйчүүдийн төрөлд 15 километрийн зайд оролцож, 41:40.4 амжилтаар 119 тамирчнаас 97-р байр эзэлжээ. Энэ нь “Ванкувер-2010” өвлийн XXI олимпын наадамд оролцсон ОУХМ Х.Хаш-Эрдэнийн амжилтыг нэг минутаар ахиулсан амжилт байна.

Сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхсон асуулт нь “Пёнчан-2018”-д улсын зардлаар олимп үзсэн 20 даргын асуудал байв. Үүнд “Улсаас нэг дасгалжуулагч, хоёр тамирчин, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа нарын замын зардал болох 20 сая төгрөгийг гаргасан” гэж хариулав.

Бусад албаны хүмүүсийн замын зардлыг Олон улсын олимпийн хороо, тэмцээн зохион байгуулах хороо болон Олон улсын цанын холбооноос гаргасан гэнэ.

Мөн иргэдийн дунд хамгийн их шүүмжлэл дагуулсан асуудал болох тамирчидын хувцас байсан. Үүнд Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн хэлэхдээ: “Тамирчидын хувцасыг Финлянд улсад захиалгаар хийлгэсэн. Урд хэсгээрээ нэг ч оёдол ороогүй. Энэ нь тамирчидын хувцас салхи нэвтрэхгүй мөн ард хэсгээрээ хөлс шингээдэг материалтай. Үүгээр зогсохгүй тэмцээн маань ихэнхидээ орой болдог учир ардаа гэрэл цацруулагчтай. Иймд энэхүү хувцасыг одоохондоо монголд үйлдвэрлэх боломжгүй” гэв.

Хэвлэлийн хуралд Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн, “Пёнчан-2018”-ын цанын төрөлд оролцсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг, Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Ш.Баясгалан, Б.Анар нар оролцлоо.

Г. МӨНХЦАЦРАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *