Орост болсон үйл явдал манайхыг ч чамгүй донсолгоод авлаа. Амралтын өдрүүд таарсан учир Оросын явдлын талаар олон нийтийн сүлжээгээр шуугицгаалаа. Мөнхийн хөрш учир нийтээрээ л анхаарах шиг болов. Энэ зүйн хэрэг биз ээ. Ер нь юу болоод өнгөрөв өө.
Хамгийн гол нь Оросын ерөнхийлөгч Путины дотнын найзуудын нэг, “Вагнер” хөлсний цэргийн компанийн босс, “Путины тогооч” хочит Прижогин ийм алхам хийсэн нь дэлхийг дэлдийлгэсэн юм.
Ер нь бол Прижогин Оросоос Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш л Шойгуг “Чадваргүй, зэвсэг техник, тоног төхөөрөмж, хангалт хийхгүй байгаагаас үүдэн их хэмжээний хохирол амсаж байна” гэж шүүмжилсээр ирсэн. Прижогин 2023 оны зургадугаар сарын 22-ны өдөр “Украины дайны гол буруутан нь Шойгу. Тэрбээр маршал цол авахын тулд Путиныг төөрөгдүүлж дайн эхлүүлсэн” гэж мэдэгдсэн. Улмаар 2023 оны зургадугаар сарын 23-ны шөнө “Вагнер” хөлсний цэргийн компанийн тэргүүн Прижогин “Оросын БХЯ-наас Украинд байрлаж буй “Вагнер”-ын анги салбарт халдлага зохион байгуулахаар төлөвлөсөн” гэх агуулга бүхий мэдэгдэл хийсэн. Ингээд “Батлан хамгаалахын сайд Шойгу, ЗХЖШ-ын дарга Герасимов нарт хариуцлага хүлээлгэнэ” гээд 25 мянган цэргийн хамт Оросын өмнөд хэсэгт нэвтэрсэн. Дараа нь “Вагнер”-ын цэргүүд Воронеж хотын гол обьектуудыг хяналтдаа авсан гэх мэдээлэл тарсан. Харин Оросын эрх баригчдын зүйгээс уг үйл явдалтай холбогдуулан яаран үйлдэл хийгээгүй. “Мэдээллийн өдөөн хатгалаг” гэсэн мэдэгдэл л хийв. Гэхдээ Холбооны аюулгүй байдлын албанаас Пригожинд “Зэвсэгт бослого зохион байгуулсан” үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Тухайн үед Оросын Суровикин, Алексеев зэрэг армийн генералууд “Вагнер”-ын цэргүүдэд хандаж бууж өгөхийг уриалсан.
2023 оны зургадугаар сарын 24-ний шөнө “Вагнер”-ын цэргүүд Ростов муж руу хөдөлсний дараа тус мужийн захирагч Голубуев оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан. Энэ үеэр Оросын сайтууд “Өмнөд цэргийн тойргийн штабыг вагнерчууд бүсэлж байна” гэж мэдээлж байв. Воронеж мужийн удирдлагууд ч “М-4 Дон” хурдны замын дагуу цэргийн цуваа явж байна” гэж оршин суугчдадаа мэдэгдээд, хурдны замаар зорчихгүй байхыг хүссэн байна.
Мөн Липецк мужийн амбан захирагч Артаманов “Бүс нутагтаа аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байна” гээд, оршин суугчдыг гэрээс гарахгүй байхыг уриалсан. Москва хотын захирагч Собянин ч терроризмын эсрэг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдэж, төв замууд, төрийн байгууллагуудыг хүчитгэсэн хамгаалалтад авсан. Улмаар Орос даяар хүчний байгууллагууд нь бэлэн байдал зарласан юм.
Удалгүй Путин мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Неонацистуудтай болоод барууны эдийн засаг, зэр зэвсэг, мэдээллийн асар том хүчинтэй тэмцэж буй хүнд хэцүү үед болж буй энэ үйлдлийг эх орноосоо урвасан, орос үндэстний, Орос улсын эсрэг гэмт хэрэг гэж үзнэ. Таслан зогсооно” гэв.
Харин “Вагнер” группээс хариуд нь “Путин буруу сонголт хийлээ. Орос улс тун удахгүй шинэ ерөнхийлөгчтэй болно” гэж мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, “Вагнер”-аас “Хуурамч байдал, Кремлийн авлигыг нураана” гэж мэдэгдсэн. Энэ нь олон нийтийн дэмжлэгийг нэлээд авчих шиг болов. Яагаад гэвэл Путины эргэн тойрныхон нөлөө бүхий том компаниудыг удирддаг зэрэгт олон нийт тааламжгүй ханддаг. Прижогин үүн дээр тоглов уу гэх дүгнэлтийг экспертүүд хийж өнжив.
Өөрөөр хэлбэл, өчигдөр шөнөдөө тулгаралт болж болзошгүй нөхцөл үүссэн юм. Ийм нөхцөлд Шойгуг хурдан чөлөөлөх талаар зөвшилцөх, эсвэл асуудлыг маш хурдан шийдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр хугацаа алдвал хүндрэх магадлалтай гэцгээсэн.
Тэгвэл шөнөдөө “гал” намджээ. Пригожин цэргээ татаад, өөрөө Беларусийг зорьжээ. Энэ шийдвэрийг Прижогин Беларусийн удирдагчтай утсаар ярьсныхаа дараа гаргасан байна. Тэд “Шойгуд хариуцлага тооцно” гэдэг тохироо хийсэн байх магадлалтай гэнэ.
Түүнчлэн Орост болсон энэ үйл явдлын талаар барууны орнууд одоогоор тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. АНУ бол “Анхааралтай ажиглаж байна” гэж мэдэгдсэн. Гэхдээ барууны хэвлэлүүд “Путин нь Прижогин, Кадыров зэрэг зэвсэглэсэн найзуудынхаа учрыг олох гэдэг нэлээд хэцүү “ажил”-тай боллоо. Гэхдээ Орост болж буй үйл явц нь Путины алдаатай холбоотой. Тэрбээр хэдхэн хүний үгийг сонсдог. Хэт хартай. Мэдрэмжээ алдсан. Тэгэхээр энэ бол түүнд өгсөн эхний том сануулга” гэж барууны хэвлэлүүд дүгнэн бичиж байна.Үүний үр дүнд Шойгу суларч үлдлээ. Мөн “Вагнер”-аас онилсон “Кремлийн авлига”-тай тэмцэхгүй бол Путины дэглэмд ч тодорхой ганхалт өгч мэднэ.
Нөгөө талаас, Прижогин олон улсад маш хүчтэй “тоглолт” хийчихлээ. Хөнгөхөн хэлэхэд, “од” боллоо.
Эцэст нь хэлэхэд, энд өрнөсөн үйл явц, түүний үр дүн, үүдсэн дүгнэлтүүд нь манай төрийн зарим институцтэй тун ижил байгаа юм. “Хэдхэн хүний үгийг сонсдог. Хэт харддаг. Мэдрэмжээ алддаг” гэдгийг хэлж буй юм. Тэгж тэгж, тэсч тэсч байгаад ингэж тэсэрдэг байна.Тэгэхээр үүнийг анхаарвал зохино. Чухамдаа Путинд ирсэн “шахалт” Монголд ийм л хамаатай юм л даа.
П.Хуяг