Categories
мэдээ улс-төр цаг-үе

Парламентын танхимын 18 хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлж байна

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, нийгэмд тэгш оролцоотой байхыг уриалдаг энэхүү тэмдэглэлт өдөрт зориулан монгол эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд ажиллаж буй тухай статистик мэдээллийг хүргэж байна.

Манай улсын нийт хүн амын 50.7 хувь нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг харвал 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 37.2% нь аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байна.

Монгол Улс 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумтай. Түүхэндээ анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүн томилогдсон нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа байв.

Тэгвэл есөн дүүргээс ганц эмэгтэй нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа юм. Тэрбээр 2016 оноос хойш эл албан тушаалыг хашиж яваа нэгэн.

Улсын хэмжээнд 330 сумын 36 нь эмэгтэй Засаг даргаар удирдуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнийг эх олонлогтой нь харьцуулахад ердөө 10 хувийг л эзэлж байгаа юм.

Баянхонгор, Дархан-Уул, Орхон аймгийн сумдад эмэгтэй Засаг дарга байдаггүй юм байна.

Төрийн эрх барих дээд байгууллагад сүүлийн 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 63 эмэгтэй УИХ-д ард түмний төлөөлөл болж ажилласан байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон 13 гишүүнээс Б.Баярсайхан, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нар нь сэтгүүлч мэргэжилтэй юм.

Өнөөдрийн байдлаар парламентын танхимын гишүүдийн 18 хувийг эмэгтэй гишүүн бүрдүүлж байгаа нь сайшаалтай.

Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийг Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр танилцуулдаг. Тэгвэл эдгээр аж ахуйн нэгжийн 24 нь эмэгтэй удирдлагатай аж.

Энэ удаагийн Засгийн газар өнөөдрийн байдлаар 16 яам, 49 агентлагтай.

Жендэрийн Үндэсний Хорооны мэдээлж буйгаар гурван эмэгтэй сайд, хоёр эмэгтэй дэд сайд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *