Манай нарны аймгийн ганц од буюу нарыг судлах Parker Solar Probe станц анх удаагаа нарны титэм гэгддэг давхарга руу ороод хэт халалтаас болж холбоо тасарсан билээ. НАСА-гийн Шинжлэх ухааны албаны дарга Никола Фокс ВВС-д өгсөн ярилцлагадаа “Хүмүүс нарыг олон зууны турш судалж ирсэн ч дэргэд нь очихоос нааш түүний орчны мандлын талаар тодорхой ойлголттой болж чадахгүй байсан. Иймээс бид Parker Solar Probe станцыг 2018 онд нар руу илгээсэн. Parker нарны титэм рүү орсон цагт л бид түүний орчин, мандлын талаар үнэн зөв мэдлэгтэй болно” гэж хэлжээ.
НАСА-гийн Parker Solar Probe станц нарны хажуугаар нийт 21 удаа өнгөрч байгаа бөгөөд хажуугаар нь өнгөрөх бүртээ улам бүр наранд ойртож, энэ жилийн Христийн мэндэлсний баярын өдрийн өмнө наранд ойртох дээд амжилт тогтоож байгаа юм. Энэ нь нарны гадаргуугаас 6.2 сая км зай учир бидэнд тийм ч ойрхон зай биш юм шиг санагдаж болох ч НАСА-гийн Никола Фокс үүнийг “Бид нарнаас 149 сая километрийн зайд оршдог. Хэрэв нар, дэлхий хоёрыг нэг метрийн зайд байрлуулбал манай станц нарнаас дөрвөн сантиметр зайд байна гэсэн үг.
Судалгааны станц энэ үед цельсийн 1400 хэмийн халуун температур болон өөрийн электрон төхөөрөмжүүдийг гэмтээж болох цацрагийг тэсвэрлэх ёстой. Энэ нь 11.5 см зузаантай нүүрстөрөгчийн нийлмэл бамбайгаар хамгаалагдсан манай станц бүрэн сүйрлээс зайлсхийхийн тулд нар руу өндөр хурдтайгаар ойртож мэдээллээ авсны дараа түүнээс маш хурдан холдох ёстой ажээ. Үнэндээ Parker Solar Probe станц хүний гараар бүтсэн бүх зүйлээс илүү хурдтай явж байгаа. Түүний хурд нь цагт 692 мянган км байх бөгөөд энэ нь Лондонгоос Нью-Йорк руу 30 секунд хүрэхгүй хугацаанд очиж чадна гэсэн үг юм. Уг станц наранд ойртох үед үүсэх асар их таталцлын хүчний нөлөөгөөр ийм их хурд гаргаж байгаа юм” гэж хэлжээ.
Сансрын хөлөг манай ганц од болох нарны гаднах агаар мандал буюу титэмийг дайран өнгөрөхөд олон нууц бидэнд тайлагдах болно гэж эрдэмтэд найдаж байна. Уэльсийн Оддын лабораторийн одон орон судлаач Женнифер Миллард “Нарны титэм маш халуун, яагаад гэдгийг бид одоогоор мэдэхгүй. Нарны гадаргуугийн температур 6000 орчим хэм байдаг. Гэвч нар хиртэх үед харагддаг гаднах агаар мандал болох титэм нь хэдэн сая градус хүртэл халдаг. Энэ нь нарнаас маш хол зайд байгаа зүйл юм. Тэгвэл яаж ийм их халуун болж байна вэ гэдэг бол том асуудал. Parker Solar Probe-ийн эрхэм зорилго нь нарны салхи, титэмээс цацагддаг цэнэгт бөөмсийн байнгын урсгалын талаар илүү ихийг мэдэхэд туслах зорилготой юм. Эдгээр бөөмс дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэхэд манай тэнгэрт туйлын гэрэл үзэгддэг. Гэвч сансрын цаг агаар гэж нэрлэгддэг энэхүү зүйл дэлхийн цахилгаан сүлжээ, электроник, харилцаа холбооны системийг эвдэж, асуудал үүсгэдэг. Иймээс нар, түүний идэвхжил, сансрын цаг агаар, нарны салхи зэргийг ойлгох нь дэлхий дээрх бидний өдөр тутмын амьдралд маш чухал зүйл юм” гэж хэлжээ. Ийнхүү Христийн мэндэлсний баяр болж байхад зөвхөн НАСА-гийн эрдэмтэд л холбоо барихаа больсон станцдаа санаа зовж, сандарсан байдалтай үлдсэн билээ. Никола Фокс сэтгүүлчдэд сандарч байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч энэхүү зоримог даалгавар амжилттай биелэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гээд “Бид мэдээж сансрын станцынхаа хувь заяанд санаа зовж байна. Гэхдээ бид сансрын энэ бүх харгис хэрцгий, хатуу ширүүн нөхцөлийг тэсвэрлүүлэх гэж түүнийг зохион бүтээсэн. Энэ бол маш хүчтэй тоног төхөөрөмж. Манай станц хэвийн байна гэдгээ илтгэж, дэлхий рүү амьдрал бэлгэдсэн ногоон зүрх бүхий SMS илгээсний дараа авсан мэдээллээ дамжуулах болно” гэж хэлсэн билээ. Тэгвэл Parker Solar Probe станц бараг гурав хоног холбоогүй байсны дараа дэлхийд ногоон зүрхний зураг бүхий мессэж илгээж, НАСА өөрийн албан ёсны мэдээллийн хуудсанд “Нарыг ойрын зайнаас судлах энэхүү судалгаа нь бодисыг яг хэдэн сая градус хүртэл халдгийг илүү сайн ойлгох, нарны салхины үйл ажиллагаа буюу нарнаас ялгарах бөөмсийн тасралтгүй урсгал хэрхэн явагдаж буйг судлан гаргахад туслах хэмжилт хийх боломжийг бидэнд олголоо. Иймээс та бүхэн удахгүй өндөр энергитэй бөөмс хэрхэн, яаж гэрэлтэй ойролцоо хурдтай болдог учрыг мэдэж аваарай” гэж бичжээ.
НАСА-гийн нарыг тойрон нисэх үедээ дээд хурд авч, 700.000 км/ц буюу 194 км/с хурдалдаг Parker Solar Probe төхөөрөмжийн нийт өртөг нь 1.5 тэрбум доллар юм. Энэхүү санц 2018 оны наймдугаар сарын 12-нд АНУ-ын Канаверал хошуунаас нар руу хөөрсөн билээ. Харин НАСА-гийн энэ станц нарыг анх удаа тойрох үеэр хийсэн хэмжилтүүд бүхий анхны шинжлэх ухааны мэдээллийг 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд дэлхий рүү илгээж байсан аж.
Орчуулсан
Г.АМАРСАНАА