Францад коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд халдвар авсан хүний тоо 25 мянга гаруйгаар нэмэгдэж, нийт халдварын тохиолдол 3 сая 700 гаруй мянгад хүрээд байгаа аж.
Үүний зэрэгцээ нас баралт хоногт 261-ээр нэмэгдэж 85 мянга 500-гаас даваад байна. Хоногт хийж буй коронавирусийн нийт шинжилгээний 7 орчим хувь нь эерэг гарч байгааг эрх баригчид анхааруулж байна. Тус улсын 20 гаруй мужид хорио цээрийн дэглэмийг чангатгасан байгаа ч халдвар ихээр тарж буй хот суурингуудыг бүхэлд нь хааж хөл хорио тогтоож магадгүй байгаа юм.
Тухайлбал Парис хотын эрх баригчид 3 долоо хоногийн хугацаатайгаар хөл хорио тогтоохыг санал болгожээ. Францын Ерөнхий сайдын мэдээлснээр тус улсад коронавирусийн шинэ хувилбар тэр дундаа Их Британид анх илэрсэн хувилбар хоногт батлагдаж буй тохиолдлуудын тал хувьд нь илэрч байгаа нь нөхцөл байдал цаашид ч хүндэрч болзошгүй гэж болгоомжлоход хүргэж байгаа юм байна.
Харин энэ хооронд Их Британид хоногт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо харьцангуй буурч байгаатай холбоотойгоор тус улсын эрх баригчид коронавирусийн аюулын түвшин хамгийн дээд 5 дугаар түвшнээс 4 болгож бууруулсан байна. Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдий тоо байнга буурч байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн системийн ачаалал ч багасч байгаа юм.
Гэхдээ аюулын 4 дүгээр түвшин нь халдвар тархах эрсдэл одоо ч өндөр буй гэсэн үг болохыг сануулж байна. Үүнтэй зэрэгцэн зарим улс оронд танхимын сургалт эхэлж байна. Кипрт л гэхэд ирэх даваа гарагаас ахлах ангийнхны танхимын сургалт эхлэхээр болжээ. Мөн музей, усан сан, бэлтгэлийн төвүүдээ нээхээр болжээ.
Гэвч дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагт халдварын батлагдсан тохиолдол 441 мянга гаруйгаар, харин нас баралт 10 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.